Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Борооны тухай дурсамж алсран холдох нь үгүй DNN.mn

Үргэлжилсэн бороотой өдрүүд хүүхэд насны минь дурсамжийг сэдрээж, тэртээх он жилүүдийг энүүхэнд авчрах мэт санагдаж, сэтгэл гэгэлзүүлэх нь соньхон. Говийн хүн болохоор ч тэр үү, бороо орно гэдэг үнэхээр сайхан жаргалтай мөч байж дээ. Ялангуяа нартай бороо хэчнээн гоё гээч. Зулай, ул хоёроос нэвт төөнөсөн говийн пүнхийсэн аагим халуун агаар цэвэршиж, сэрүү татаад цаанаа л нэг баясалтай. Хэсэгхэн зуур асгарсан бороо түр амсхийхэд багачууд бид гэрээсээ гүйн гарч “Бороо бороо ороорой, Оросын маамуу ирээрэй” гэж хоолой мэдэн дуулалдаад ус туучин гүйлддэг сэн. Халтирч унах, хувцас хунар халтартахыг тоох ч үгүй.

Харин дуу цахилгаантай бороо орохоор ээж гэрээс гаргахгүй. Тэр бүү хэл, хаалга голлож зогсохыг хориглоно. Аянга бууна гэж айж байгаа нь тэр. Тэнгэрийн дуу тасхийгээд цахилгаан цахих бүрт ээж минь “Намхайжанцаан” гэж заавал чангаар хэлж залбирдаг байлаа. Нэлсхийтэл гэрэл татуулаад цахилгаан цахих ч бас л сүртэй шүү. Учрыг нь сайн мэдэхгүй ч одоо би өөрөө тэнгэр дуугарч, цахилгаан цахихаар “Намхайжанцаан” гэж уулга алддаг ээж болсон. Хүүхдүүд маань ч багадаа бороо орох бүрт “Бороо бороо ороорой, Оросын маамуу ирээрэй” гэж дуулдаг байв. Хөдөө гэрт очихоор ижий минь нуруун дээрээ шороотой сохор номинг хараад “За ашгүй бороо орох нь” гэдэг байсан сан.

Сүүлийн өдрүүдэд нийслэлд үргэлжилсэн бороо орж, нялх багын дурсамжийг минь эргүүлэн сануулж байна. Тэр бүрийд зэрэглээнд торолзох Дорнын говио санаж, хурмасттай тохиролцдог бол говьд оруулах сан, энэ хурыг гэсэн бодолд дарагдаад л явна.

Нартай, бороотой өдөр хүнгүй газар очоод хөл нүцгэн гүймээр, хүүхэд насандаа эргэж нэг очмоор санагддагаа нуухгүй тийм л өдрүүд үргэлжилж байна даа.

Н.САРАНЧИМЭГ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *