Categories
мэдээ нийгэм

Б.Пүрэвцэрэн: Манай сумын малчны хот руу бамбарууштай баавгай дайрч 10 үхрийг нь барилаа DNN.mn


Айлын хоттой мал руу бамбарууштай баавгай дайрч 10 тооны малд халдсан явдал Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл баг, Бодонт гэх газарт болжээ.

Одоогоор тухайн газарт сумын Засаг даргаар ахлуулсан баг ажиллаж байгаа юм байна. Дээрх явдлын талаар Баяннуур багийн байгаль хамгаалагч Б.Пүрэвцэрэнтэй ярилцлаа.


зураг

-Бугат суманд хаваржилтын нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ жил урт хавар болж байна.

Шөнөдөө хүйтэн хонож байгаа учраас ногоо гарахгүй, мал тамир муутай байна. Сэрүүн байгаатай холбоотойгоор айлууд өвөлжөөндөө л сууж байна. Ойрын хэдхэн хоногт л цаг наашилж дулаарлаа. Зарим газраар ногоо дөнгөж цухуйж байна.

-Айлын хоттой мал руу баавгай дайрчээ. Энэ явдлын талаар тодруулахгүй юу?

-Энэ явдал Бугат сумын Баянтөгөл багийн нутагт тэр газарт дөрөвдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 04:00 цагт болсон. Яг тэр үед тухайн айлын нохой хуцаад сүйд болж. Гэрийн эзний тухайд нохой гөлгөө хамгаалаад адуу малтай хөөцөлдөж байна гээд төдийлөн анзааралгүй өнгөрсөн юм билээ. Өглөө босоод харахад нь дөрвөн үхэр нь үхчихсэн, зургаан үхэр шархадсан байж.

Том шүдлэн үхрийг сэрвээнээс нь зуугаад гэрээс 60 орчим метр газар чирч аваачаад орхисон байна лээ. Биднийг тухайн айл руу очиход нэмээд шархадсан хоёр үхэр нь үхсэн байсан. Тухайн газарт сүлжээ барьдаггүй учраас өндөр уулын оройд гарч утсаар бидэнд хэл дуулгасан.

-Тийм олон тооны малд халдсан гэхлээр хэд хэдэн баавгай дайрсан байх уу. Хэргийн газрын нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-Баавгай үхрийн зооноос зуудаг амьтан. Биднийг очиход шүдлэн эр үхрийн сэрвээнээс нь хазаад арьсыг нь хуулаад хаячихсан байсан. Тухайн айл байшинтай учраас дуу чимээг нь тод сонсоогүй байна лээ.

Ойр орчмын айлуудынх нь ярьж байгаагаар бол өнгөрсөн гуравдугаар сард гурван бамбарууш дагуулсан баавгай явж байхыг харсан байна лээ. Ичээнээсээ гараад явж байсан нь тэр юм билээ. 10 орчим бод малд халдсан гэхлээр хэд хэдэн баавгай дайрсан гэж харж байгаа.

Нэг баавгай олон мал руу ноцдоггүй. Сүйтгэсэн малыг нь харахад гол төлөв бяруу байгаа юм. Эндээс үзэхэд нэг бамбаруушаа дагуулсан баавгай дайрсан гэж харж байна.

-Айлын үхэр чирсэнд ямар учир байна вэ?

-Баавгай идшээ дарж өмхийрүүлж иддэг амьтан. Ийм зорилгоор нь чирсэн гэж харж байгаа. Энэ сэг рүүгээ баавгай буцаж ирэх магадлалтай. Энэ нь тухайн бүс нутгийн иргэдэд хүндрэл учруулж байгаа юм. Ямартай ч бид хоёр хоног сахиад ирсэнгүй. Одоогоор тухайн бүсийн айлуудад нүүх зөвлөмж хүргүүлээд байна. Тухайн баавгай ирэхэд хөнөөж болохгүй учраас зугтахаас өөр ямар гарц байхгүй.

-Баавгай хоттой мал руу дайрсан өөр тохиолдол байна уу?

-Энэ хавар Хангал суманд айлын хот руу баавгай орж ирсэн байна лээ. Тухайн үед гэрийн эзэн гар чийдэн тусгаж чимээ өгснөөр баавгай явсан байгаа юм. Үүний өмнөх өдөр нь өөр нэг айлын хоттой мал шуугилдаад байхад нь гарч сум тавиад орж ирэхэд чимээгүй болсон тухай мэдээлэл байгаа. Энэ мэтчилэнгээр баавгай үзэгдээд л байна.

-Баавгай хоттой мал руу дайрч байгаа үзэгдлийг байгаль хамгаалагчийн зүгээс яаж харж байна вэ?

-Идэш хайж яваагаас үзэхэд өлссөн байна л даа. Ууландаа самар, жимс нь олдохгүй байна гэсэн үг. Зүгээс тэнэж явсан баавгай айлын хоттой мал руу дайрна гэсэн ойлголт байхгүй. Хоол олдохгүй өлсөөд л ийм үзэгдэл болж байгаа юм.

-Баавгай хоттой мал руу дайрах үзэгдэл хэд хэд бүртгэгдлээ. Ийм үед иргэд яах вэ?

-Бид Онцгой байдлын газар руу ярьж зөвлөгөө авсан.

Эрсдэлтэй бүс нутагт байгаа айлын хот руу баавгай ирвэл цахилгаан хөрөө асааж дуу чимээ өгөх зөвлөмж өгсөн. Баавгай өөрөө чимээнээс үргэдэг амьтан. Уул нь сум тавьдаг бол зүгээр. Гэхдээ хөдөөд буутай айл бараг байхаа больж. Баавгай дархан цаазтай амьтан учраас алж болохгүй. Хот руу дайрахад алж болно гэх заалт хуульд байхгүй. Эхний ээлжид зугтах, чанга чимээ гаргах зэрэг арга хэмжээ авна. Нэг бол гэрээс гарахгүй байх хэрэгтэй.

-Гэртээ нуугдсан аав, хүү хоёр баавгайд бариулсан хэрэг саяхан гарсан байх аа.

-Энэ хавийн малчид хориотой ан гээд бид идүүлэх юм уу гэх мэтчилэнгээр юм ярьж л байна. Хуулиараа дархан цаазтай амьтны алж болохгүй. Хэрвээ дархан цаазтай амьтан албал хуулийн хариуцлагад татагдана.

-Малаа баавгайд сүйтгүүлсэн малчид нөхөн олговор авах боломж бий юу?

-Тухайн айл ойн сангаас хол, ил задгай газарт нутаглаж байсан бол нөхөн төлбөр олгож болох юм билээ. Ойн санд буусан бол араатан амьтны амьдрах газарт л хамт нутагласан болж таарч байна.

Хуульд ойн сангаас 500 метр зайд нутаглах тухай заасан байдаг. Эндээс харахад тухайн айл ойн бүс нутагт байсан гэдэг утгаараа буруудаж мэдэхээр байгаа юм. Сая малаа сүйтгүүлсэн айлд баавгай ирвэл дуу чимээ гарга, бүр болохгүй бол гэртээ нуугд л гэх зөвлөгөө өгсөн. Удахгүй нүүх байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *