Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Засгийн газрын зүгээс оруулж ирсэн долоон төрлийн концессын асуудал Их хуралд маргаан дагуулж байна. Ядаж бүлгийнхээ гишүүдэд хүртэл танилцуулаагүй хэмээн МАН-ынхан өөрсдөө шүүмжилж байна л даа. Сөрөг хүчин харин ямар байр суурьтай байгаа вэ. МАН-ынхан концессыг маш их шүүмжилдэг байсан л даа?
-ОУвС-гийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн тодотгол батлагдсан. Энэ хүрээнд долоон төрлийн татварыг нэмж улсын төсвийг бүрдүүлэхгүй бол болохгүй гэсэн. Ингэж долоон төрлийн татвар нэмснээр орлого нь 100 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг тооцооллыг гаргасан л даа. Харамсалтай нь долоон төрлийн татвар нэмж ард түмний халаасыг хоослох шийдвэр гаргахын зэрэгцээ Засгийн газар сайд нарынхаа багцыг 400 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Дайны хажуугаар дажин гэгчээр Засгийн газар долоон төрлийн татвар нэмэхийн зэрэгцээ дордохын долоон концессыг оруулж ирлээ. Долоон төрлийн татвараас 100 тэрбум төгрөг төсөвт орох бол эсрэгээр нь долоон төрлийн концесстоо 850 тэрбум төгрөгийг зарлагадах гэж байна. ардчилсан намын гишүүд гэлтгүй ардын намын зарим гишүүдийн эсэргүүцэлтэй энэ концессууд тулгарсан.
850 тэрбум төгрөгийн өртөг бүхий эдгээр концессууд нь барих-шилжүүлэх нөхцөлтэй. МАН-ынхан “Ардчилсан намынхан концессыг замбараагүй зарласан. Энэ концессууд нь Монгол Улсын эдийн засгийг сулруулсан” гэж асар их шүүмжилдэг. Гэтэл өнөөдөр өөрсдийнх нь оруулж ирсэн долоон төрлийн концесс нь бүгдээрээ барих-шилжүүлэх нөхцөлтэй. Нэг үгээр хэлбэл, тэд улс төр хийхдээ сайхан зүйл ярьж, өөрсдөө гардаж хийхдээ ярьсныхаа яг эсрэг явдаг. Үүний нотолгоо нь дордуулахын долоон концесс л доо. Концессын ажлууд хийгдээд дууслаа гэхэд, ирэх жил 850 тэрбум төгрөгийг төллөө гэхэд нэг жилийн хугацаатай Засгийн газрын бонд 16 хувийн хүүтэй байгаа. Зөвхөн хүүнд гэхэд 150 тэрбум төгрөг төлөх жишээтэй. Жилийн дараа гэхэд нэг их наядын зардалтай долоон концесс болж хувирна. Эдийн засгийн нөхцөл байдал ийм байхад энэ их мөнгөөр хөрөнгө оруулалт хийх нь зөв үү, буруу юу гэдгээ бодох ёстой. Эдгээр долоон концесс нь Засгийн газрын гишүүд, МАН-ын томоохон албан тушаалтнуудтай холбоотой байгаа нь харамсалтай.
-Сайд нар гэхээсээ илүү ардаа улс төргүй хувийн хэвшлийн хүмүүсийн ажил байсан бол шүүмжлэл бага гарах байсан байх…
-МАК-ийн концесстой холбоотойгоор тус компанийн дэд захирал Г.Цогт гэж хүн “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн байна лээ. Тэгэхдээ Цагаан суварга руу татаж буй дэд бүтцийн асуудал ямар үр ашигтай, ямар хэрэгцээтэй талаар ярьсан байсан. Мэдээж улс оронд хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулах нь зөв. Гэхдээ хамгийн гол нь өөрийнхөө намын бүлгийн гишүүдэд хүртэл танилцуулалгүйгээр хуйвалдааны зарчмаар явуулах гэж байсан нь Засгийн газрын алдаа. Энэ Засгийн газарт ямар хүмүүс ажиллаж байгаа нь харагдаж байгаа юм. Эдийн засаг хямралтай байгаа үед концесс гэдэг тийм муу зүйл биш. Хөрөнгө оруулалт ийм хүндрэлтэй байхад төрөөс хөрөнгө оруулж чадахгүй болсон нөхцөлд концессоор ажлуудыг хийгээд явах нь зөв. Ерөнхий сайдын хэлсэнчлэн барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэйгөөр концессыг явуулах нь бүр сайн. Тэгэхгүйгээр барих-шилжүүлэх буюу ажлаа хийгээд дууссаны дараа улсын төсөв дээр дарамт ирэх байдлаар концессын төслүүдийг зарласан нь хариуцлагагүй явдал.
-Долоон төрлийн татвар нэмээд, хүүхдийн мөнгөө зорилтот бүлэгт олгоно гэж хасчихаад концессын ажлууд хийхээр оруулж ирсэн нь хүмүүсийн бухимдлыг төрүүлээд байх шиг байна?
-Баруун аймгууд руу автозам тавихаас эхлээд тэнд амьдарч буй иргэдийн амьдралд хэрэгцээтэй асуудлыг зайлшгүй шийдэх асуудал бий. Улсын төсвийн болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэн хийх ёстой. Үүний зэрэгцээ зарим хүний хувийн эрх ашигт хамааралтай концессууд байгаа. Нийт хүүхдүүдийн 60 хувьд олгож байсан хүүхдийн мөнгийг 40 хувь болгож танахад 78 мянган хүүхэд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан. Хүүхдийн мөнгөнд ойролцоогоор 17 тэрбум төгрөг зарцуулах ёстой. Гэтэл долоон хүний сонирхлын хүрээнд долоон концессыг хийхийн тулд 850 тэрбум төгрөг зарцуулна гэдэг бол ийм эдийн засагтай үед байж болшгүй асуудал.
-Тавдугаар сарын 1-нээс эхлээд өнөө долоон төрлийн нэмэгдсэн татварын зарим нь хэрэгжээд эхэлнэ. Иргэдийн амьдралд хэр дарамт болох бол?
-Иргэдийн амьдралд шууд нөлөөлж байгаа. Маш олон хүн приус машин авахаар төлөвлөсөн байсан. Манай оронд орж ирж байгаа приусууд ядах нь ээ өндөр насжилттай байдаг. 10 жилээс дээш насжилттай приусууд 5.8 сая төгрөгөөр татвар нь нэмэгдэж байх жишээтэй. Монголын олон хүн бизнесээ, амьдралаа төлөвлөөд машин авах гэж байсан гэдэгт итгэлтэй байна. Тэр олон хүний хүсэл эрмэлзлийг татвараар нухчин дарж байх жишээтэй. Ингэж болох юм уу. Мөн архи, тамхины онцгой албан татварыг нэмэхээр болсон. Архи, тамхи хүний биед хортой нь хортой. Гэхдээ үүнийг нийт ард түмний хэдэн хувь нь хэрэглэж байгаа вэ гэдгийг бодох ёстой. Хэрэглэж байгаа хүмүүсийн халааснаас л тэр татвар гарна. Түүнээс биш импортоор оруулж ирж байгаа хүмүүс хэзээ ч “Би татварыг нь төлчихье. Ард түмэндээ татваргүйгээр өгчихье гэж бодохгүй. Тийм болохоор эцсийн хэрэглэгчдэдээ татвар нь дарамт болж очих юм. Эцсийн хэрэглэгч нь хэн байх вэ гэхээр ард түмэн. Долоон төрлийн татвар нэмнэ гэдэг чинь ард түмний нуруун дээр тэр хэмжээний дарамт үүрүүлж байна гэсэн үг. Харамсалтай нь үүгээрээ 100 тэрбум төгрөг л олно. Гэсэн хэдий ч сайд нарын багцад 400 тэрбум, концесст 850 тэрбум төгрөг зарцуулах гээд сууж байгаа ийм л улс.
Ардын намынхан өнгөрсөн Их хурлын сонгуулиар гарч ирэхдээ нэг ч төрлийн татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй гэж амлаж явсан хүмүүс. Бид сонгуулийн амлалтад хуурталгүй сонголтоо хийдэг болох ёстой гэдэг нь илүү харагдах боллоо. Өөрсдийн дур зоргоор, өөрсдийн зардлаа ард түмнээр төлүүлдэг байж болохгүй. Тэд төрд итгэх итгэлийг ингэж алдуулж байгаагаа мэдэж байгаа байлгүй дээ.
-Тэтгэврийн нас нэмэгдсэн асуудал эсэргүүцэлтэй тулгарчихлаа. Засгийн газрын хийсэн болгон хэл ам дагуулах янзтай байна шүү?
-Тэтгэврийн нас нэмэх асуудлыг иргэд маш их эсэргүүцэж байна. Монгол Улсын дундаж наслалт 69 байдаг. Гэтэл 65 настайдаа тэтгэвэрт гарчихаад хэдэн жил тэтгэвэр авах юм бэ. Тэр хүн 40 гаруй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлчихөөд дөрвөн жил хүрэхгүй хэрэглэнэ гэхээр тэр хүмүүс дэндүү хайран байгаа биз дээ. Тиймээс ард түмэн дэмжихгүй байгаа юм. Сангийн сайд олон улсын жишиг юм яриад байсан. Бидний амьдрал, цалин хөлсийг олон улсын жишигт хүргэчихээд энэ тухай ярих ёстой л доо. Өөрсдөдөө хэрэгтэй зүйлсээ олон улсын жишиг гэж шийдчихээд шийдэхгүй зүйлсээ таг хаядаг төр засаг байж болохгүй. Тиймээс АН байна уу, МАН байна уу хамаагүй төр нь төр шиг байх хэрэгтэй. Сонгуульд амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө тууштай байх ёстой.
-Чуулганаар сая Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэхийг дэмжсэн. Хөрөнгө оруулалтын банкны тухайд янз бүрийн тайлбар гарч байна. Гэхдээ эдийн засаг ингэж хямарсан үед манай оронд хөрөнгө оруулах банк олдох юм болов уу?
-Хоёр талтай л даа. Монголын банкууд хэтэрхий хүүний араас хөөцөлддөг. Өөрөөр хэлбэл, өндөр хүүтэй зээл эдийн засгийг боомилдог. Мөн бизнес хөгжихөд банкны хүү өндөр байгаа нь хойш чангаадаг юм. Монголын банкууд дотоод зах зээлээ хадгалахын тулд хүү, уян хатан бодлого дээрээ эерэг нөхцөл байдлыг үргэлж бий болгох хэрэгтэй. Банкууд өдрөөс өдөрт хүүгээ нэмэх талаар боддогоос биш зээлийн төрөлжилт, санхүүгийн олон талт механизмуудыг ашиглах талаар боддоггүй. Тэр утгаараа бизнесийнхэн өндөр хүүтэй зээл авч байхаар бага хүүтэй гадны банк оруулж ирэх сонирхолтой байгаа. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг манай банкуудад ч асуудал бий. Тиймээс Монголын банкууд зээл олгох, бизнесийг санхүүжүүлэх тал дээрээ өөрчлөлт гаргахгүй бол бизнесмэнүүд өөрсдөөс чинь татгалзаж байна гэдгийг ойлгох ёстой. Монголд 10 гаруй банк байна. Бизнесийн 60 гаруй мянган компани бий. Бизнесийнхэн хямд эх үүсвэртэй зээл хүсч байгаа бол банкууд тэр зам руу орохоос өөр аргагүй. Тиймээс банкууд бодлогоо зөв болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын банкийг дэмжихгүй байх бас нэг шалтгаан байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд банк болсон болоогүй хөгжлийн замаараа явсан. Хоёр шатлалтай банкны систем ямар нэгэн байдлаар байр сууриа бэхжүүлсэн. Гадны хөрөнгө оруулалттай банкийг дэмжиж байгаа нэг шалтгаан нь 100 тэрбум төгрөгөөс дээш зээл олгох юм. Жижиг аж ахуйн нэгжүүд 100 тэрбум төгрөгийн зээл авах боломжгүй. Тиймээс эдгээр зээл томоохон аж ахуйн нэгж, уул уурхайн компаниуд руу л явна гэсэн үг.
Монголд үйл ажиллагаа явуулах сонирхолтой гадны банкууд бий. Тэр дундаа БНХАУ-ын төрийн банк орж ирэхэд Монголд хөрөнгө оруулж буй өөрийн орны компаниудад зээл олгох явц түлхүү явах байх. Энэ нь манай улсад хэрэгтэй юу, үгүй юү гэдэг асуудлыг хуулийн хэлэлцүүлгийн явцад ярих ёстой.