Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаас огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр Улсын их хурлын гишүүн Б.Пүрэвдорж ингэж хэллээ. Тэрбээр үг хэлэх үеэрээ зарим сайд, гишүүнийг нэрлэн, хэрүүл дэгдээж амжсан.
-Ер нь төлбөр төлөөгүй, 60 тэрбумаа бүрдүүлэлцээгүй сайд огцорлоо л доо. Сонгууль дөхөж байгаа, Ардын намд мөнгө хэрэгтэй. Ж.Батсуурь сайдыг МУИС-ийн 20 хэдэн сая доллар, Энэтхэгийн арван хэдэн сая доллар, Хятадын 40-50 сая доллараар барилга барьж байгаа компаниудын шалгаруулалтаас мөнгө олоод ир гэсэн байх л даа. Ядарсан өвгөн чадахгүй л дээ. Та нар шиг биш. Авилгал авч сураагүй. Дорноговьд Ж.Батсуурийн хэрэг байхгүй байж магадгүй. Б.Дэлгэрсайхан гишүүн “Би бүгдийг нь мөнгөөр худалдаж аваад өгнө” гэж ярьсан байж магадгүй. Тийм учраас огцруулж байгаа юм уу. Ер нь хариуцлагагүй ажилласан албан тушаалтандаа хариуцлага тооцож чадахгүй байна.
Ж.Мөнхбатын өрөөний хажуугаар би явдаг. Дандаа албан тушаал зарах асуудал тэнд яригддаг. Харин сүүлийн үед байхгүй болчихож. Ороод гарсан хүмүүс нь “Тэдэн төгрөг нэхэж байна, болохгүй байна” л гэж ярьдаг. Дээр нь Ж.Мөнхбат чи, энд хүнд хариуцлага тооцох асуудал ярьж суух ёсгүй. Чи нэг сайдынхаа нүүр рүү цохиж, оёдол тавиулчихаад, өөртөө хариуцлага тооцох тухай ярь л даа. Ийм ёс зүйгүй нөхдөөр Засгийн газраа бүрдүүлчихсэн шүү дээ. Дээр нь концессийн гэрээгээр дамжуулж, мөнгө төгрөг олох гэж оролддог нөхдөдөө хариуцлага тооц л доо. Би сарын өмнө хоёр хүний алтан амь үрэгдэхэд сайдад нь хариуцлага тооцох тухай албан бичиг өгөхөд та нар хариуцлага тооцоогүй шүү дээ. Та нарын хариуцлага тооцож байгаа хэлбэр чинь болохгүй байна. Хамгийн ядарсанаас нь барьж идэж байна. Мөнгө төлөөгүй хүнээ огцруулж байна. Мөнгө төлсөн хүндээ хариуцлага тооцохгүй байна. Ийм байдлаа боль л доо. Хамгийн хямдхан зээл хаана байна, Ардын намынхан очоод шавчихсан байсан шүү дээ. Тэдэндээ хариуцлага тооц л доо. Та нарын хариуцлага байгаа онохгүй байна. Хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ хамгийн ядарсан руугаа дайрдаг арга чинь ард түмэнд таалагдахгүй. Үүгээр сонгуулийн оноо авна гэж тооцвол эндүүрэл гэлээ.
Түүний хэлсэн үгэнд ЗГХЭГ-ын дарга, Ж.Мөнхбат сайд ихэд эгдүүцэж, царайгаа чинэрүүлж байгаад хариуг нь ширүүхэн өглөө. Тэрбээр “Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга байхдаа хэдэн төгрөг олж, хэнээр хаацайлуулсныг чинь монголчууд мэднэ. Энэ асуудлыг чинь шалгуулна. УИХ-ын чуулганы танхимд дунд хуруугаа гозойлголоо. Таны ямар дунд хуруутай болохыг чинь үзнэ хэмээн заналхийлсэн юм.
Б.ЭГШИГЛЭН