УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Малыг хөлөөр нь экспортод гаргана гэх юм. Ардчилсан хувьсгал гарах үеэр монголчууд “Мал хөлөөр нь гаргахгүй” гэх лоозон барьж байсан гэдэг. Бид энэхүү шийдвэрт хүрснээрээ ухралт хийж байгаа юм биш үү?
-Монгол Улс өнгөрсөн 70 гаруй жилийн турш хуучин ЗХУ-ын мал аж ахуйн бааз орон байсан. Өөрөөр хэлбэл, малаа амьдаар нь гаргаж хилийн гадна байх хэд, хэдэн том үйлдвэрт боловсруулчихаад цааш нь явуулдаг байв. Үүнээс шалтгаалаад манай улсад малын түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр маш сул хөгжсөн. Тухайн үедээ амьдаар нь мал гаргахын эсрэг байсан төрийн түшээдийг хөдөө орон нутагт цөлөх, хэлмэгдүүлэх явдал олонтаа байсныг түүх гэрчилнэ. Энэ мэтчилэн мал амьдаар нь гаргадаг байсны хохирол хэмжээлшгүй их байдаг. 1990 онд мал амьдаар нь гаргахаа больсноос хойш долоон жилийн дараа махны экспорт арайхийж сэргэсэн. Гэхдээ шууд мах худалдаж аваагүй. Эхлээд эрчим хүч болон бусад урсгал өрийн төлбөрт авч эхэлсэн. Одоо бол экспорт тогтворжоод явж байгаа. Амьдаар нь мал гаргах нь улс эх орны эдийн засагт маш их хохиролтой үйл явц. Ер нь бол БНХАУ хөрш орондоо тодорхой хэмжээгээр эдийн засгийн бодлого явуулдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд арьс ширийг өндөр үнээр худалдаж авч, түүндээ багахан боловсруулалт хийгээд гаргадаг байсан. Энэ өрсөлдөөн дунд Монголын үйлдвэрүүд хүнд байдалд орж хаалгаа барьсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж олгоогүй гэсэн үг. Ийнхүү арьс ширний, үйлдвэрүүд хаагдсаны дараа урд хөршүүд маань энэхүү салбарыг ор тас хаячихаж байх жишээтэй. Үүнээс үүдэн өнөөдөр нэг ширхэг хонины нэхий 500 төгрөгөөр үнэлэгдэж байна. Худалдаж авдаг хүнгүй болчихоор энэ салбар нь уналтад орчихож байгаа юм. Энэ жишиг махны салбар дээр орж ирж байгаа. Арьс ширний ченж байсан хятадууд махны салбар руу цүнхээ бариад орж ирсэн. Өнөөдөртөө бол махыг үнэтэй авч байж болно. Тодорхой хугацааны дараа махны үйлдвэрүүд хаагдаж дампууралд хүрнэ. Энэ үед нь танай махыг тэдэн төгрөгөөр авна гэж хамгийн бага үнийг санал болгох цаг ойрын гурван жилийн дотор бий болно гэсэн үг.
-Малыг хөлөөр нь экспортод гаргах шийдвэр хэрэгжсэнээр хэн хохирох вэ?
-Мал амьдаар нь гаргасны гол хохирогч нь махны үйлдвэрүүд юм.
Махны үйлдвэрийн салбарт нийтдээ 10 мянга гаруй хүн ажилладаг. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс ажилгүй болж махны үйлдвэр хаалгаа барихад хүрнэ. Хоёрдугаарт, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах салбарын үйл ажиллагаа доголдоно. Хамгийн гол нь малаас гарах түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбарууд хүнд байдалд орно. Олон сая ямаа гараад явчихвал ноос, ноолуурын салбарын түүхийн эдийн хангамж багасна. Хятадын ямааны ноолуурын микрон нь бүдүүрч, өрсөлдөх чадвар нь жилээс жилд алдагдаж байгаа. Дэлхийд монгол ямааны ноолуур илүү үнэд хүрэх нөхцөл бий болж байна. Яг энэ үед Монголоос авсан ямаагаараа сүргийн бүтцээ сайжруулаад явчихвал манай ноолуурын өрсөлдөх чадвар муу болж багасна.
Үйлдвэрийн аргаар нядалсан тохиолдол арьс шир нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ямар ч асуудалгүй байдаг. Тэгэхээр амьдаар нь малаа гаргахаар үйлдвэрүүд нь хаагдаж таарна. Ард иргэд 100 мал нядаллаа гэхэд 10 нь үйлдвэрийн шаардлагыг хангадаг. Үлдсэн нь буруу нядалснаас болж бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагад нийцдэггүй. Тиймдээ ч арьс, ширний үйлдвэрүүдэд хүндрэл үүсч, мөн л хаагдах хэмжээнд очно. Манай өлөн гэдэс Европт гол нэрийн бүтээгдэхүүн болж байгаа. Экспортын гол бүтээгдэхүүний нэг гэж хэлж болно. Амьд мал гаргахаар болбол өлөн гэдэсний экспорт бүрэн зогсоно. Малыг хөлөөр нь экспортлох шийдвэр нь энэ мэтчилэн маш олон салбарыг хамарсан хямралд хүргэнэ. Хүнд байдалд оруулна. Энэ шийдвэрийг Засгийн газар цуцлах ёстой. 2017 оны арванхоёрдугаар сард амьд мал гаргах Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхээр Засгийн газар маш хичээж ажиллаж байна. Энэ нь маш том эрсдэл рүү Монгол орныг аваачиж байгаа гэдгийг анхаарах ёстой.
-Малаа амьдаар нь экспортолсноос болоод Халимаг, Тува малгүй болсон гэх юм билээ. Манайхыг ч бас ийм эрсдэл хүлээж байгааг үгүйсгэхгүй аргагүй. Тэр дундаа зөвхөн эм төлөг авна гэх мэтээр нас, хүйсийг нь заачихвал малын өсөлтөд сөргөөр нөлөөлж таарах байх тийм үү?
-Зарим сумдын хаваржилт, өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор экспортыг нэмэгдүүлэх нь зөв гэдэг зүйлийг ярьж байж магадгүй. Гэхдээ бид өнгөрсөн хугацаанд олон л ган, зудыг давсан. Хүнд хэцүү өвөлжилт, хаваржилтыг даваад л гарсан. Энэ хугацаанд бид малаа амьдаар нь гаргахгүйгээр тодорхой үйл ажиллагаа явуулсаар л ирсэн. 1990 оноос хойших энэ 30 жилийн хугацаанд бид ОХУ-ын амьд мал авъя гэх хүсэлтийг биелүүлэхгүй, өөрийн шийдвэртээ бат зогссоор ирсэн. Гэтэл БНХАУ-аас хүсэлт тавихад нь зөвшөөрч байгаа нь болчимгүй асуудал. Харилцан адил байх зарчмын дагуу бид ОХУ-руу амьд мал гаргаж таарна.
Бид хоёр хөрш орон руугаа амьд мал экспортлоод эхэлбэл Монголын эдийн засаг маш хүнд байдалд орно. Цаашдаа бид мал аж ахуйн эх орон гэж хэлэгдэхгүй болтлоо экспортолж дуусна. Магадгүй хоёроос гурван жилийн дотор амьд малыг үнэтэй авна байх. Харин мал цөөрөөд ирсэн цагт бид малын экспортоо хянах чадваргүй болно. Дотоодын махны хэрэгцээгээ ч хангаж чадахгүй улс болж хувирна.
-Малчид маань ч энэ асуудлын цаад утга учрыг нь тунгаах хэрэгтэй байх нь ээ?
-Нэг зүйлийг онцлоход Улаанбаатар хотод үхрийн мах 15 мянган төгрөг боллоо гээд малчдын гар дээр тийм хэмжээний өндөр дүнтэй орлого ордоггүй. Малчдаас эцсийн хэрэглэгч хүртэл долоогоос найман дамжлага дамждаг. Дамжлага бүрт өртөг нэмж байдаг. Малчдаас хэрэглэгчид хүрэх дамжлагыг багасгах замаар малчид нь өндөр орлоготой, хэрэглэгчид нь хямд үнээр махаа авдаг энэ тогтолцоог бий болгох ажлыг төр засаг хийх ёстой байна.
-Бид махаа их хэмжээгээр экспортод гаргах зорилго тээсээр өнөөг хүрсэн. Гэтэл салбарын сайд нь махны экспортод квот тогтооно хэмээн ярих юм. Энэ мэт мэдэгдэл хийх нь ямар үр дагавартай юм бэ?
-2018 онд нийтдээ 78 мянган тонн малын махыг гадаадад экспортолсон. Түүний 31 мянган тонн нь адууны мах юм. 78 мянган тонн мах экспортлохын тулд гурван сая орчим толгой малыг нядалдаг. Ч.Улаан сайдын шийдвэрийн дагуу таван сая толгой мал гараад явчихаар ирэх жилийн Улаанбаатар хот болон төв суурин газрын махны хэрэгцээ дутагдалд орж таарна. Энэ хэрээр өндөр үнэтэй мах хэрэглэх эрсдэл Монгол Улс даяар бий болж байгаа.