Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: М.Цэдэндорж ахын оршуулга дээр ээж минь “Хүү минь ээждээ бүү гомдоорой” гэж хэлсэн зүрх зүсэм үгэнд цас хүртэл хайлсан болов уу

Яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, орчуулагч Мишигийн Цэдэндорж бол Монголын уран зохиолын нэрт төлөөлөл, гайхалтай сод авьяастан байлаа. Түүний дүү Б.Пүрэвдорж олон роман тууж бичсэн манай эмэгтэй зохиолчдын нэг. Б.Пүрэвдоржтой авьяас төгөлдөр ахынх нь талаар хөөрөлдлөө.

Нэг зүйл их сонин са­нагд­­­лаа. Та­ныг Балжин­нямын Пүрэвдорж гэдэг. Гэтэл та­ны ах Ми­шигийн Цэдэндорж. Энэ талаар яриагаа эхэлье.

-Цэдэндорж ах бол миний ууган ах. Гэхдээ ах маань Говь-Алтайд төрсөн. Гал дээрээ төрсөн хүүхэд гэж монголчууд ярьдаг шүү дээ. Ээж маань нөхөрт гараагүй байхдаа гэртээ гаргасан хүүхэд гэсэн үг л дээ.

Нарийн яривал миний ах чинь эрлийз хүн. 2007 онд “Билгүүн хөх салхи” романыг Зохиолчдын эвлэлийн 70 жилийн ойгоор ахдаа зориулж гаргасан. 1932 онд төрөөд 1982 оны хоёрдугаар сарын хоёронд зуурдаар нас барсанюм шүү дээ. Амьдрал нь тэр чигээрээ эмгэнэл. Үхэл нь ч тэр. 1932 онд Говь-Алтай аймгийн нэг суманд, хөдөө эрлийз хүүхэд төрөх ямар байхав. Тэр нь ахад бол нөлөөлөөгүй. Харин манай ээжид тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Тэгээд ээж ахыг таван настай байхад нь Улиастай руу явж, бидний аавтай танилцаад Завханы хүн болчихгүй юу. Тэгээд ах маань таван настайдаа эмээ дээр үлдэж, ээжийн дүү Мишиг ах дээр өссөн юм. Нагац ах Мишиг маань ахыг өсгөж хүн болгосон. Хамгийн гоё нь өөр дээрээ аваад л овоглосон. Пагма эмээ маань жаал цуг байж байгаад нас барсан. Манай Мишиг ах гэрлээгүй шүү дээ. Цэдэндорж ахыг хүн болгож өгсөх гээд. Ах долдугаар анги төгсөөд Багшийн сургуульд явж дараа нь зохиолч болоод Улаанбаатар Говь-Алтайн хооронд ирж очдог сурвалжлагч болсон байгаа юм. Тэгээд Мишиг ах Дуламсүрэн гэж нэг охин өргөж авсан. Миний үеийн нэг эмэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл Цэдэндорж ахын дүү гэж явдаг. Мишигийн Дуламсүрэн гэдэг овогтой. Түүнээс Цэдэндорж ах маань манай хамгийн том ах. Бид эхээсээ бол дөрвүүлээ. Ахын дараа ах, эгч хоёр бий. Би отгон нь. Ахдаа зориулж бичсэн роман дээр ахын бүх амьдралыг уран сайхны аргаар гаргасан. Зүгээр намтарчилсан түүх баримт бас биш юм.

Амьдрал нь бас л их адармаатай байсан гэж сонсч байлаа…

-Тийм ээ. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, хоёр дахь нь бас бүтэлгүйтэж эхнэр нь нас барсан. Өөрийнх нь хурц шүлгүүд нь нам төрийн үзэл сурталд тохирохгүй шахаж хавчигдаж явсан. Ах маань гүн сэтгэлгээтэй, шүлэг яруу найрагтаа тухайн нийгмийн болохгүй бүтэхгүйг далд утгаар шүүмжилдэг байсан. Гэхдээ л болно болно, болохгүй юм гэж хаана байхав гэдэг ч юм уу, “Гэрээслэл” гэдэг шүлгээсээ болоод донгодуулах, арга хэмжээ авахуулах, сонинд ажиллаж байхдаа ажлаасаа халагдах зэргээр шийтгүүлж байсан. Миний ах 50 настай өнгөрөхдөө Засгийн газрын жуух бичгээс өөр шагнал гэж юм аваагүй. Тэгэхэд ахын үе тэнгийн 1960-аад оны нөгөө аваргууд Ч.Чимид, Б.Явуухулан, С.Дашдооров, С.Эрдэнэ гуай эд нар төр улсаас ямар л шагнал авдаг юм бүгдийг нь авсан. Харин ах сайн зохиолч, яруу найрагчнэр төртэй орчуулагч, ухаантай хүн байсан гэдгээрээ үлдсэн. Харин 40 мянгатад байранд орчихсон байсан шүү. Намайг хүүхэд байхад зохиолчид их ирдэг байлаа.

Их гайхалтай орчуулагч байсан. Яаж орос хэл сурсан юм бол?

-Өөрийнх нь удамшлын авьяас билэг байсан юм шиг байна лээ. Ахыг Говь-Алтайд багшилж байхад нь хоёр орос бүсгүй мэргэжилтнээр ажиллаж байсан. Тэр хоёрын нэг нь орос хэлний Галсан багштай, нөгөө нь манай ахтай найзалжээ. Тэд дугуйгаар зугаалаад л орос хэлийг хар аяндаа л сурсан гэдэг юм. Ах энэ тухай “Орос хэлийг тэгж л хар ухаанаар сурсан” гэж ярьж байсан. Манай ах шиг орос хэлтэй хүн зохиолчиддунд байгаагүй шүү. Ч.Чимид гуай байсан. Тэгээд манай ах. Тэгээд л ах найзуудаа ирэхээр ширээ дүүрэн орос ном дэлгээд л сэтгүүлүүд үзүүлээд л бүгдийг ярьж өгч уншуулж, тайлбарлаад л Хемингуэй, Есенин, Таагүрийг орчуулаад л. Есенинд шүлгээ зориулаад л. Ахынх дүүрэн гадаад номтой байсан. Би оюутан болоод Багшийн дээд сургуулийн хэл утга зохиолын ангид орж байхад ахын номын сангаас баргийг нь уншчихсан байсан учраас гадаадын уран зохиол надад их л хялбар санагддаг байлаа.

Зан араншингийн хувьд ямар хүн байв. Зохиолч яруу найрагч уран бүтээлчидзан чанарын хувьд өвөрмөц байх нь олонтаа…

-Хачин дөлгөөхөн, сайн хүн байсан. Гуч гаруй хүний дурсамж уншиж бүгдтэй нь уулзаж ахын тухай яриулж, ном бичиж явахад ахын тухай ямар сайхан дурсамжууд хэлж байсан гээч.Би өөрөө ахыгаа 16 ,17 настайгаасаа илүү сайн мэддэг болсон. Наймаас дээш настай байсан байх. Нэг удааах маань ээжтэй уулзах гээд ирсэн.Би тэгэхэд сургууль дээрээ байж байтал ах маань ангийн хаалга нээгээд намайг дуудлаа. Нэг их гоё орос хүн л харагдсан. Надад чихэр өгөөд л “Орой очно гэж ээжид хэлээрэй. Би энд намын хороон дээр ажилтай байна” гээд явахад нь манай ангийнхан гайхаад л нэг орос ахирсэн гэлцээд л бөөн яриа өрнөсөн юм даг. Тэгээд би гэдэг хүн чинь баярлаж дэвхрээд л гүйж яваад цүнхэн дотроосоо хамаг чихрээ унагаачихсан байж билээ. Тэгээд ээждээ очиж “Ах ирсэн. Орой ирнэ гэсэн” гээд л хэлсэн санагддаг. Тэрнээс жаахан сургуульд ороогүй байхад бас ирж байсан. Дараа нь 16 нас өнгөрөөд ахтайгаа хамгийн ойр байж, нас бартал нь хамгийн хайртай дүү нь явлаа. Ах манайхаар байнга ирж, би ахынхаар байнга очдог, нэрт зохиолч, яруу найрагч Явуухулан, Дашдооров, Гайтав, Чимид гуай манайхаар ирдэг, ахынхаар очдог, намайг нөхөрт гараад оюутан болоод байхад манайд ирцгээж надаар цуйван хийлгэж идээд л баахан ярьж суудаг байв. Ахын нас барсан ньих эмгэнэлтэй шүү дээ. Нэг удаа үүнийг яриад ойлгох боломжгүй. Ахыг нас барахад ээж минь амьд байсан юм шүү дээ. Оршуулга дээр нь ээж ирээд хүүгээ үнсч “Хүү минь ээждээ бүү гомдоорой” гэж хэлсэн. Зүрх зүсэгдэм энэ үгэнд цас хүртэл хайлсан болов уу гэж би боддог. Ногоолин өнгөт боржин чулуун дээр нь “Яруу найрагчид минь ээ, Яаж энэ орчлонг аврах вэ” гэсэн найрагч ахын маань шүлгийн мөрийг яруу найрагч Б.Лхагвасүрэнсийлсэн дээ.

Хэр олон шавьтай хүн байв?

-Ахад О.Дашбалбар, Лувсандорж, Л.Мягмарсүрэнгээд олон шавьбайсан.О.Дашбалбар шавь орохдоо хурган дотор бэлэглэсэнюм. Тэр хурган дотор нь эрэгтэй хүний дээлийнх. Аав ээж нь хүүдээ “Багшдаа өгөөрэй” гэж өгсөн үү, өөрт нь хийж өгсөн үү мэдэхгүй. Эрэгтэй хүний дээлийн нэг их гоё хурган дотрыг ах дараа нь надад бэлэглэсэн.Ах надад “Миний дүү монгол дээл их өмсдөг, чамд бас их сайхан зохидог юм чинь үүнийг ав.Дашбалбар надад шавь орохдоо өгч байсан юм” гэж хэлж байсан. Тэгээд би хасаад өөртөө дээл хийлгэж байв. Одоо ч надад бий. Гурав дахь өнгөө татаад элэгдээд гуч гаруй жил болж байна шүү дээ. Ахынхаа өгсөн тэр дээлийг одоо ч хадгалж цагаан сараар өмсчихөөд л явдаг.

Хувийн амьдралынх нь талаар хүмүүс домог шиг л зүйл ярьдаг. Та дээр дурдаад өнгөрлөө. Жаахан дэлгэрүүлэхгүй юу?

-Анхны эхнэр нь Гүнжид­маа. Салаад Лхагважав эгчтэй суугаад долоохон жил амьдраад хань нь хүнд өвчнөөр нас барсан. Тэгээд тэрнээс хойш удаагүй дээ. Хоёрхон жил болоод л дөнгөж тавин насандаа л өөд болсон юм. Амьдрал нь ч, үхэл нь ч өөрийн чинь хэлсэн шиг их адармаатай, эмгэнэлтэй. Нэг удаа яриад өнгөрөхөд багадахаар. Тиймээс ч би бүтэн роман бичсэн юм шүү дээ. Зохиолч Л.Хуушаан ах миний ахтай хачин дотно, их ойр байсан. Ахын маань бүх л зовлон жаргал, бүх уран бүтээлийг нь хуваалцдаг. Ганцаардал, амьдрал, сайн сайхан болгонтой нь хамт байсан хүн. Нас барахад нь хүртэл хамгийн түрүүнд Хуушаан ах л гүйж очсон. Тийм хайртай найз нь учраас би Хуушаан ахыг хүндэлж хайрлаж явдаг юм.

М.Цэдэндорж найраг­чийг яруу найраг бичихэд нь юу нөлөөлсөн юм бол. Багш гэж хэн нэгэн хүн байсан уу?

-Ерөөсөө 15, 16 настайгаа­саа л бичиж эхэлсэн.

Ах тань таныг зохиол бичдэг байсныг мэдэх үү?

-Би дээд сургуульд байхдаа ганцнэг шүлэг бичиж байсан. Ийм том яруу найрагч ахаасаа айгаад бичсэнээ үзүүлээгүй. Гологдоно гээд айсан хэрэг. Би ч анхны номоо бичиж Монголын утга зохиол руу орж ирсэн шүү дээ. “Хоёр сэтгэл” гэж туужбичиж байсан. Ахыг нас барсны дараа л анхны ном маань хэвлэгдсэн дээ. Тэр үед ном хэвлүүлэх их хүнд хэцүү байлаа. Зохиолчдын хорооны Утга зохиолын зөвлөлөөр орно. Өнөө утга зохиолын аваргууд болох С.Эрдэнэ, Ж.Бямбаа, Д.Мягмар, С.Дашдооров, Д.Цэдэв гуай гээд л арваад хүн суучихаад,би бараг эрдмийн зэрэг хамгаалахын дайтай юм болж байж номоо хэвлүүлж байсан. Их сайхан тууж байна гээд хэвлэхээр болов. Дөрөвдүгээр бүлгийг нь Гармаа гуай хасчихсан юм. Тэгээд Цэнд багшид үзүүлж зөвлөгөө авч хурлаар орох эрх аван автлаа ахдаа хэлээгүй. Гэхдээ ах дуулсан байсан юм билээ. “Танай дүү Пүрэвдорж тууж бичээд тэр нь хэвлэгдэхээр батлагдаж. Хэллэг их сайтай” гэж ирээд магтсан байна. Ах нас барахынхаа өмнө надад хэлсэн. “Чиний тухай сонсоод ах нь их баярлалаа. Манай удмын утга зохиолын авьяас билгийн удам бол ээжийн тал шүү. Миний аавын тал биш. Чиний аавын тал биш” гэж хэлсэн. Бид хоёрын өвөг эцэг буюу ээжийн аав Чимид гэж мундаг заргач хүн Говь-Алтайд ойр тойрныхоо хүмүүсийн заргын өргөдлийг бичиж өгдөг, тэр нь цаашаа амжилт олдог байсан юм билээ. Одоогоор бол хуульч өмгөөлөгч маягийн юм уу даа. Тийм бичиг соёлтой хүн байсан. Манай ээж их цэцэн цэлмэг хүн байв. Зүгээр ярихдаа цэцэн цэлмэг үг хэлж хүний инээд хүргээд байдаг. Ахын тэр үг одоо ч санаанд тодхон байна.Гэвч ах маань номыг минь уншиж амжилгүй нас барсан. Би тэгээдоршуулга дээр нь “Ахынхаа хийж гүйцээгүй бүхнийг хийж гүйцээнэ. Монголын утга зохиолд Мишигийн Цэдэндорж, Балжиннямын Пүрэвдорж гэсэн утга зохиолын мөрийг таслахгүй” гэж хэлсэн юм. Орчуулагч Ж.Бадраа гуай “Миний хүү ямар сайхан үг хэлдэг юм бэ. Яг үүндээ хүрээрэй” гэж хэлж байсан. Тэрнээс хойш ахыгаа бодсоных ч юм уу, бичих цаг нь болсон ч юм уу уран зохиол бичих ажилдаашууд орчихсон. “Хүний дайтай явахсан” туужийн номоо 1988 ондгаргаад Үйлдвэрчний төв зөвлөлөөс зарласантом хэлбэрийн хүүрнэл зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлж байлаа.

Олон томчуудын роман бүтээлийг ялж тэргүүн байр эзэлсэндээурам аваад шүлгийн хоёр түүвэр гаргасан. Зохиолч хүнд нэг их сонин юм байдаг. Бичиж байх үедээ л ерөнхий санаагаа олоод шууд урсаад байдаг. Дараа нь дахиж санана гэж үгүй. Хэзээ хойно эргээд уншихад би ингээд хэлчихсэн юм уу гэж өөрөө гайхдаг. Би ээждээ их баярладаг юм. Монголын утга зохиолд хоёр сайхан хүүхэд төрүүлжээ. Хөдөөний бичиг үсэг мэдэхгүй хүн шүү дээ.

Цэдэндорж ахын үхлийг жам ёсных биш, хүний оролцоотой гэж боддог

Авьяас төгөлдөр яруу найрагч Мишигийн Цэдэндорж агсны амьдрал, уран бүтээл, үхлийн талаар ам дамжин яригдсаар өдийг хүрсэн ч тоймтой мэдээлэл нэлээд алсарсан. Тиймээс түүний дүү зохиолч Б.Пүрэвдоржтой уулзаж ярилцсанаа өчигдрийн дугаартаа хүргэсэн билээ. Ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.

Цэдэндорж агсан аавыгаа ямар хүн байсныг амьд сэрүүндээ мэдсэн үү?

-Үгүй ээ, мэдээгүй шүү дээ. Ээж маань огт хэлээгүй. Ах маань намайг “Ээжээс асуугаад өг” гэж яван явтлаа гуйсан. “Чи одоо том болчихсон юм чинь ээж хэлэх байх. Миний дүү ээжээс асуугаадах” гээд. Ээж ердөө хэлж өгөөгүй. Эцэст нь ээж минь энэ бүх нууцаа өөртөө үлдээгээд л өнгөрсөн дөө. Гэвч ахын маань аавын тухай олон таамаг Говь-Алтайнхан ярьдаг юм. Сүүлд нь “Тэр биш байжээ, тийм хүн байж” гэж ирээд л хэлж, таамаг дэвшүүлдэг хүмүүс байж л байдаг. Өнөөдрийг хүртэл бид хэн гэдгийг нь мэдэж чадаагүй л дээ. Гэхдээ ах маань яалт ч үгүй эрлийз хүн. Араншин, хоол ундаа идэж байгаа нь биеэ авч яваа соёл,хүнтэй харьцаж байгаа нь, юмыг мэдрэх цар хүрээ нь ямар өөр гээч. Ахаасаа хойш би нэг их өнчирсөн ш дээ. Би одоо сэхээтний хүрээлэлд амьдардаг. Манай нөхөр техникийн их сургуулийн профессор эрдэмтэн доктор хүн. Миний хүрээлэл гэхэд багшийн их сургуулийнолон багш, танил найз нар, Хөгжим бүжгийн коллежид насаараа багшиллаа.Олон зохиолчдын дунд ажиллалаа. Тэгсэн мөртлөө миний ахын зиндааны хүнтэй таарч байсангүй. Миний ахын ухаан надад үргэлж үгүйлэгддэг. Тэгмэгц нь уншиж эхэлдэг. Ном л уншдаг. Ном бол миний дотнын нөхөр. Хааяа Цэнд багштайгаа очиж зохиолын талаар ярилцдаг. Ах маань нийгмээсээ хамаагүй эрт сэтгэчихсэн хүн байж.

Цэдэндорж агсны үр хүүхэд гэж бий юу?

-Байсаан. Анхны эхнэрээс нь төрсөн Доржмаа охин ньөнөөдөр амьд байсан бол 57 настай байх байсан. Бурхан болчихсон. Доржмаагийн гурван хүүхэд байдаг. Ахын зээ нар гэсэн үг. Нэг нь Бельгид, нөгөө хоёр нь Улаанбаатарт бий. Надтай холбоотой. Гүнжээ эгчээс нэлээд хэдэн хүүхэд гарсан ч зарим нь манай ахынх мөн, биш гэсэн асуудал байдаг. Харин тэр том охин Доржмаа бол ахын хүүхэд мөн. Дараа нь Чингис гэж хүү байсан нь бас нас барчихсан. Хамгийн сүүлд Гүнжээ эгчээс нэлээд хэдэн хүүхэд гарсны дараа Алтайбаатар гэж хүү төрсөн. Тэрхүүхдийг өөр айлд өргүүлчихсэн. Овог өөр. Гэхдээ тэр Алтайбаатар гэдэг нэрийг ах өгсөн болохоор би мөн байх гэж боддог. Яагаад гэвэл ах маань Алтайбаатар гэж их ярьдаг байхгүй юу. Тэрийг нь бодоод мөн байж магад гэж би боддог. Лхагважав эгчээс Дунгалмаа гэж охин гарсныг нь би өөрийн хүүхдүүдтэй хамт өсгөж байсан. Тэрнийг маань Лхагважавэгчийн төрсөн дүү нь Болгар руу найман настайд нь авч явсан. Би өгөхгүй гээд, гэтэл тэдгуйсаар байгаад авч явсан юм. Дунгалмаа маань Болгарт очиж аравдугаар анги төгсөөд машины ослоор нас барчихсан байна лээ. Хэзээ хойно надад хэл дуулгасан. Бэр эгчийн дүүнадаас гуйж авч яваад дараа нь өөд болчихсон болохоор санаа нь зовдог бололтой надад хэлэлгүй удсанюм билээ. Бэр эгчийн дүү“Монголд ерөөсөө очихгүй Пүрэвдоржийн царайг яаж харах юм” гэж хүнд ярьсан гэсэн. Тэгээд ч тэр үү одоо болтол Монголд ирээгүй. Манай дүү нас бараад хориод жил болж байна. 1975 оны хүүхэд байсан.

Та нар ээжээсээ хэдүүлээ юм бэ?

– Дөрвүүлээ. Хамгийн том нь Цэдэндорж ах. Тэгээд бас ах эгч хоёр, бага нь би. Миний нэг эгч бий. Бага ангийн багш хийж байгаад одоо тэтгэвэрт суусан. Зохиолчид хэлдэг юм. “Цэдэндорж азтай юм. Өөрийнх нь тухай, бүхэл амьдралаар нь роман бичээд мөнхөлсөн уран бүтээлч дүүтэй” гэж ярьдаг. Үүнд би их баярлаж явдаг. Бас энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Ахтай маань дотно сайхан нөхөрлөж, уран бүтээл, сэтгэл санаагаа хуваалцаж явсан олон сайхан хүмүүс, зохиолч нар бий. Энд бүгдийнх нь нэрийг дурдаж багтахгүй учраас нэр дурдагдаагүй хүмүүс ойлгох байх гэж найдаж байна. Ах маань Л.Түдэв, Хуушаан хоёртоосогтуу харагдаж болохгүй гэдэг байсан. Л.Түдэв гуайтай бүр арван жилийн сургуульд байхаасаа их дотно. Нас барсных нь дараа Л.Түдэв гуай “М.Цэдэндорж нь бурхны гүн ухааны ёсоор бол лонгуу биеэрээ буцаад чойгуу биеэ үлдээжээ. Лонгуу бие буюу буцах бие мөнх биш болохоор эрт орой хэзээ нэгэн цагт явж л таарна. Харин чойгуу буюу номын бие нь хүмүүст үлдээд буян хийсээр бүрэлгүү буюу хувилгаан бие болон хувирдаг гэж бурхны гүн ухаанд сургадаг болой. Тэр л ёсоор М.Цэдэндорж энэ бие нь буцавч чойгуу бие нь номноо шингэн үлджээ. Цэдэндорж бол өнөө үеэр зогсохгүй ирээдүй хойч үеийнхний мэлмийд сүндэрлэх эрдэнийн уул” гэж дурсамж бичсэн шүү дээ. Ахыг 48-тай байхад эхнэр нь нас барсан. Тэгээд ах ганцаараа болохоор хүмүүс их очиж архи уугаад болдоггүй ээ. Тэгэхээр нь би гэртээ авчирсан юм. Манайх гуравдугаар хороололд хоёр өрөө байртай байсан. Хойд унтлаганыхаа өрөөнд ахыг байлгаад л бид том өрөөндөө байсан. Ахыг гадагш гаргахгүй гэж. Ах маань миний үгэнд ороод манай жижиг өрөөнд хоригдоод байгаам шүү дээ. “Та архи ууж болохгүй, хүүхэн эргүүлж болохгүй, энд уран бүтээлээ хийгээд л байж бай” гээд би гэртээ хорьчихсон хэрэг. Манай хэд бүгдээрээ ажилдаа яваад өгчихнө. Ах маань орой цэцэрлэгээс манай бага охин өөрийн охин Дунгалмаа хоёрыг авдаг байхгүй юу. Тэгсэн чинь Мандал багшийн хүүхдүүдийг нэг орос хүн л аваад байх юм гэж манай байрныхан ярьж байсан байгаа юм. Мандал гэж миний ханийн нэр л дээ. Тэгсэн нэг удаа ах алга болчихов оо. Гэтэл манайд Лувсандорж гэж шавь нь ирсэн юм. Одоо талийгаач болчихсон л доо. Тэр Лувсандорж шавь нь ахыг дагуулж яваад архи уугаад орой хүргэж ирлээ. Би чинь учиргүй загнаад л. Архи гэдгийг үздэггүй байлаа шүү дээ. Ахыг манайд байхад яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Лувсандорж, Одончимэд гуай энэ хэд хааяа ирдэг байсан. Ах гурван сар шахам манайд байсан. “Ах нь архи уухгүй, авгай эргүүлэхгүй, номын сандаа очъё, энэ хэдэн ном чинь ерөөсөө болохгүй юм. Юу ч хийж болохгүй юм” гээд надад залбирахаа алдаж гуйгаад байсан. Тэгээд гэрт нь хүргээд өгсөн юм. Гэтэл тун удалгүй тэр хэдэн хүн гэрт нь архи авч очин,ахмаань нас барчихсан. Манайхаас явснаасхойш таван сар орчим болоод л өнгөрсөн. Одоо бодож байх нь ээ тэр сайхан залуу эр хүнийг хүнтэй уулзуулахгүй шоронд оруулчихсан юм шиг гурван сар байлгаж л байдаг гэж өөрийгөө буруутгаж боддог. Ах их зөөлөн хүн байсан. Баргийн хүн ингэх үү. Би ч гэсэн намайг тийм удаан хориод байвал гараад л давхичихна шүү дээ. Би өөрөө дөч гараад төдий насанд хүрээд ирэхээр л “Яана, муу ахыгаа арай ч дээ, гарч орно л биз дээ. Эхнэр хүүхэн эргүүлнэ л биз дээ, тэр насанд чинь гэрлээд хүүхэд гаргаад өчнөөн ном бичээд суух л нас байсан байна шүү дээ” гэж бодож байхав дээ.

Найрагчийн үхлийнталаар их л сонин зүйл ярьдаг. Үнэн худал нь мэдэгдэхгүй олон зүйл сонсч байсан болохоор ойр дотно байсан дүү нь та л тодорхой зүйл хэлэх байх…

-Асар их эмгэнэл. Чи тэрийг сонинд тавих юм уу, тэгвэл би ярьж болж байна.

Сониндоо тавих гэж л асууж байгаа юм шүү дээ.

-Гэрт нь хэд хэдэн хүн архидсан байгаа юм. Тэр нь 1982 оны нохой жил. Хуушаан зохиолч барайчихсан орж ирээд энэ мэдээг надад дуулгасан. Шинийн гуравны өдөр байсан юм. Ахтай маань санал солилцож хааяахан уулздаг орчуулагч Цэрэн, өөрийн дотнын найз Олонбаяртайгаа, мөн Д.Жамьян, хурандаа Батсүрэн, хурандаа Үнэнбат гэж хоёр цэргийн даргатай олон жил орон шоронгоор явсан Маанийн Цэрэндорж гэдэг хүмүүс гэрт нь хоёршил коньяк авч очсон байдаг. Яагаад тэнд очсон нь өнөөдөр ч оньсого. Янз бүрийн эрээвэр хураавар мэргэжлийн хүмүүс, миний өмнө огт сонсч мэдэхгүй тийм хүмүүс яагаад тэр цагт ахынд архи авч очив. Тэр бүрий олддоггүй коньяк хаанаас гараад ирсэн юм. Өдөржин шөнөжин уусан ч ухаан алдталаа согтдоггүй найрагч яагаад орондоо түрүүлгээ харж бурхан болсон юм. Хамгийн гайхмаар нь Жамьянгаас бусад нь өнөөдрийг хүртэл биднээс уучлал гуйгаагүй. Усанд хаясан чулуу шиг алга болцгоосон. Оршуулгын комисс байгуулагдаж гэр бүлээс нь дүү нь болох намайг, мөн зохиолч Наваансүрэнг оруулсан юм. Нөгөө хамт байсан хүмүүс гурав хоног баривчлагдаж, долоо найм хоног байцаагдаад л гарсан байдаг. Харин шүүх эмнэлгийн дүгнэлт архи хэтрүүлэн ууснаас зүрхний шигдээс болсон гэж гарсан байсан. Үдийн хоёр цагийн орчим орцны шатан дээр айлын хүнтэй таараад цоо эрүүл, золгоод явж байсан хүн шүү дээ. Ах маань хоёр цагийн дотор гүнзгий согтох хүн биш. Тэгээд ч хоёр шил коньяк тийм олон хүн уухад яасан гэж согтохов. Магадгүй ах тэдний архидалт, гэрт нь дураар ирээд элдэв муу юм ярьсанд уурсан хөөсөн байх. Тэд магадгүй өөр зорилготой ирсэн байх. Бүтэн 14 хоног оршуулгыг хойшлуулж, шүүх эмнэлгийн моргт ахын шарил байгаад л байсан. Ах маань түрүүлгээ харж унтдаггүй хүн байсан. Дандаа хажуу тийш харж хэвтдэг хүн байсан.

Найрагчийн үхэл гадны нөлөөтэй гэж үзэх юм бол ямар шалтгаанаар түүнийг хөнөөсөн байж болох вэ?

-Гадны нөлөөтэй, тэр нь үзэл суртлын л асуудал байсан.

Тухайлбал, ямар нэг нууц мэдэж байсан юм уу, эсвэл түүнд дайсагнадаг хүмүүс байв уу?

-1982 он шүү дээ. Ах маань их тайван, хэр барагтай хүнтэй муудаад байдаггүй хүн. Яахав ганц хоёр зохиолч нар уран бүтээл хувь хүнийх нь хувьд таагүй зүйл хийсэн гэж ярих хүмүүс байдаг юм. Харин үхэлд нь улс төрийн болон, үзэл суртлын зүйл нөлөөлсөн, захиалгатай байсангэж боддог. Жишээ нь ахХристийн судрыг түрүүчээс нь орчуулж байсан юм билээ. Тэрийгдараа нь талбай дээр хүмүүс нууцаар тараасан энэ тэр гээд ярьдаг юм. 1970-аад оны сүүл, наяад оны эхэн шүү дээ. Үзэл суртал ямар байлаа. Тийм зүйл орчуулах хориотой байсан үе.Ах нэг удаа хэлж байсан юм. Тэрний орчуулгын мөнгийг Англиас Швейцарийн ч билүү банк руу шилжүүлсэн байгаа.Шимаа ахтай чинь ярьж байгаад Европоор дүүгээ дагуулаад нэг зугаалнаа гэж нас барахаасаа хэдэн сарын өмнө хэлж байсан юм. Тэр үед Чехээс Монголд сууж байсан элчингийн хүн л дээ, Шима гэж. Ахтай их найз. Харин ахын нас бардаг өдөр буюу шинийн гурванд ахтайгаа золгоогүй очиж золгоно доо гэж бодож байсан юм. Учир нь би төрөөд нялх биетэй байсан болохоор очиж амжаагүй байлаа. Гэтэл орой 18 цаг өнгөрөөд тэр аймшигтай мэдээ ирсэн. Тэр жил ахын тавин насны ой болж, ахын гэрт нас барахаас нь яг хорь хоногийн өмнө хэдэн зохиолч, уран бүтээлчид, Хуушаан ах бид хэд “Тавин насны өндөрлөг дээрээс” шүлгийг нь сонссон юм. “Өнөөдөр би тавь хүрлээ, Өнгөт орчлонд тавин жил наран мандахыг харлаа. Тавьтайдаа цэцэг эрвээхэй оддыг хараад Тавтай хүүхэд шиг баярлаж байна. Алдаа онооны тавин жил Ард минь хоцорлоо. Аргамаг хүлэг минь давхи давхи…” гээд л уншиж билээ. Тэр орой ахынхаас гарахад ах минь намайг үнсээд, би бас ахыгаа үнсээд гарсан. Тэр өдөр ахдаа үнсүүлж, ахыгаа үнсээд гарсандаа одоо ч баярладаг юм. Хамгийн сүүлийн шүлэг нь тэр.Ахын үхэлтэй холбоотой, өөр олон зүйл бий. Тэрэнтэй холбоотой мөрдлөг энэ тэр эхэлчихсэн байсан. Одоо ч би жам ёсны үхэл биш, хүний оролцоотой үхэл гэж боддог. Ахын үхлээс ес хоногийн өмнө Б.Явуухулан найрагч өөд болсон байсан. Ахын нас барсантай холбоотой нарийн юм их бий. Энэ талаар тэгж байгаад бичих санаа бий. Олон зохиолч зуурдаар нас барсан байдаг, их сонин шүү.

Ахыг тань өөд болдог өдөряах гэж тэр хүмүүс очсон юм бол. Яг тэр үед ямар үйл явдал болсон юм бэ?

-Тэр өдөр түүнтэй сүүлийн үед үерхэж багахан хугацаанд хамт байсан бүсгүй нь утсаар ярихад хөлчүү хүмүүс гэрийн утсыг нь аваад “Цэдэндорж байхгүй. Өөр утсан дээр байгаа” гэж тоглоом тохуу хийгээд байхаар нь санаа зовж ажлаа эртхэн амжуулаад яаран очиход нь гэрийн хаалга нь онгорхой. Зочны өрөөнд нь хэдэн согтуу эр сууж байсан гэдэг. Унтаж байгаа гэхээр нь ухасхийн өрөөнд нь ороход ах маань орныхоо урдуур гараа унжуулчихсан түрүүлгээ хараад хэвтэж байхаар нь очоод эргүүлэх гэтэл бие нь хөрчихсөн байж. Айдаст автсан бүсгүй “Та нар хүн алчихсан байна шүү дээ” гээд хашгирч гараад азаар тэр байранд амьдардаг эмч таараад гучин минутын өмнө амьсгал хураасан байна гэж хэлсэн юм билээ. Энэ тухай хамгийн түрүүнд Хуушаан ахад дуулгасан юм билээ. Ах маань “Улаан тоост хорвоогийн жам, Усчин хүн усандаа үхнэ Урьдын лай биш өнөөгийн хүслэн Урхинд загас орсон ороогүй Уран зохиолын далайд би эцэслэнэ” гэж бичиж байв.

Ах тань, мөн та бичгийн авьяастай. Танайханд, үр хүүхдүүдэд нь тийм авьяастай хүмүүс бий юу?

-Бөх хүний хүүхдүүд бөх болох нь их юм. Бас дуучид байна. Авьяас нь их удамших юм.Харин утга зохиолынхудамших нь ховор. Миний хүүхдээс зохиолч, яруу найрагчид болоосойгэж боддог ч тэгсэнгүй. Гэхдээсэтгүүлч, орчуулагч хүүхэд байна. Дашрамд хэлэхэд Говь-Алтайнхан маань жил бүр ахын нэрэмжит яруу найргийн уралдаан зохион байгуулдаг. Мөн нийслэлийн 50 дугаар сургууль ахын нэрэмжит. Олон жил тасралтгүй нэрэмжит уралдаан тэмцээн зохион байгуулж байдагт нь их баярладаг юм. Сүүлийн хэдэн жил яруу найргийн тэмцээн уралдаанд ахынхаа нэрэмжит шагналыг би хувиасаа өгдөг болсон.

Та сүүлийн үед ямар уран бүээлүүд туурвиж байна?

-Дандаа роман туурвиж байгаа юм. Буриад, Өвөрмонголд хэвлэгдэн гарч ирсэн. Буриадууд эх хэлээ мартаж магадгүй гээд гайгүй сайн зохиолуудыг эх хэл дээрээ залуучуудад уншуулах том төсөл явагдаж байгаа юм байна. Буриадын “Байгаль” сэтгүүл дээр цувралаар гарч байсан номыг маань хэвлээч гэж олон сургууль санал хэлж Буриадын Соёлын яам нь хөрөнгийг нь гаргаж хэвлэлээ. “Даяанчийн хяслан” роман Өвөрмонголд хэвлэгдсэн. Хамгийн сүүлд Цэдэнбал даргын тухай “Зүрхэнд бадамласан гал” гэж роман бичлээ. Энэ роман маань Өвөрмонголд одоо хэвлэгдэхгэж байна. Буриадууд бас орчуулаад гаргах гэж байна. Одоо бичиж байгаа ном маань наян хувьтай явж байна. Ахыгаа өнгөрсний дараа “Билгүүн хөх салхи” гэж амьдралынх талаар уран сайхны аргаар бичсэн ном хэвлэсэн. Мөн бүтээлийг нь эмхэтгэж “Бурхан буудайн хөх салхи” номыг нь хэвлүүлж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *