УИХ-ын чуулган хуралдаж байна.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга Ө.Шижир танилцуулж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өнөөдөр үдээс өмнөх хурлаар нэг асуудал хэлэлцээд завсарлах юм байна. Тиймээс шахуу ажиллах ёстой. АН-ын гишүүдийн өргөн барьсан хуулийг хэлэлцэхэд УИХ-ын дарга идэвхтэй ажилламаар байна. Хуурамч шатахуунтай холбоотой асуудлыг хэлэлцэж нэг талд нь гаргаач. Унаж яваа машин нь хуурамч шатахуунаас болж эвдрээд байх уу. Иргэдийн машины хохирол хичнээн тэрбум их наядаар гарах вэ. Хуурамч шатахууны хуулийг яаралтай хэлэлцэхийг шаардаж байна.
Хоёрт, НӨАТ-ын тухай хууль. Хөл хорионы үед тодорхой хэмжээний орлого багассан энэ үед НӨАТ-ыг таван хувь болгох. Буцаалт нь хоёр, төлөх нь гурван хувь. Болохгүй бол өндөр, тансаг хэрэглээ дээр 10 хувь хэвээр байлгах хэрэгтэй байх. Хэлэлцүүлгийн хувьд олон төрлийн хувилбарыг хэлэлцэж болно” гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнөөдрийн хэлэлцэх асуудлын тоо нь цөөн ч агуулга нь өргөн. Даргын дэргэдэх зөвлөлөөр хуулиудын асуудлыг ярилцсан. Энэ асуудлыг Байнгын хороо дээрээ ярилцах хэрэгтэй. Татварын хууль болох анхдагч хуулийг гишүүд санаачлах эрхгүй. Зөрчилтэй байна гэж үзэж байгаа учраас энэ хууль орж ирэхгүй байгаа юм” гэв.