Categories
мэдээ цаг-үе

​​Б.Пүрэвдорж: Багшийн хөгжлийн тухай хууль багш нарын эсрэг хууль болох гэж байна

(Өдрийн сонины 2017.07.07 баасан гаригийн дугааараас авч нийтлэв)

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн сонгууль жинхэнэ утгаараа хар бараан мэдээлэл дунд сүлжилдэв. Янз бүрийн амлалт өглөө. Эдийн засаг хүндэрлээ барилаа гээд байсан, юу болов…

-УИХ өнгөрөгч дөрөвдүгээр сард 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Долоон төрлийн татвар нэмэхгүй бол болохгүй. Тэтгэврийн насыг нэмж, хүүхдийн мөнгийг хасч 40 хувьд нь олгох ёстой гэсэн. Удалгүй энэ бүхнээсээ буцаж байна. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр энэ бүхэн нь ОУВС-гийн шаардлага биш Засгийн газрын санал байжээ гэдэг нь алхам тутамд нотлогдож байна л даа. Зарим татварыг долдугаар сарын нэгэн болгож хойшлуулсан. Шатахууны онцгой албан татварыг нэмлээ гэхэд тэр өдөртөө шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдэж, үүнийг дагасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг л дээ. Приусын татварыг нэмчихээд нэг хэсэг чөлөөлсөн. Одоо нэмэгдчихсэн байх жишээтэй. Хүүхдийн мөнгийг хасахгүй л бол болохгүй гээд байсан чинь сая бүх хүүхдэд олгохоор боллоо. Эрх баригчид тэтгэврийн насыг нэмэхдээ дэлхийн жишигт нийцүүлэн нэмж байна гэсэн. Тэтгэврийг нь дэлхийн жишигт хүргээгүй байж насыг нь нэмж болохгүй гэж зөндөө хэлсэн. Иргэдийн зүгээс татвар нэмсэн, хүүхдийн мөнгө танасан гээд бухимдлаа илэрхийлэхээр “Чамаас гуйж сонгогдоогүй” гээд зарим нэг гишүүд нь загнадаг. ОУВС-гийн зүгээс шахаагүй Засгийн газрын өөрсдийнх нь шийдвэр байжээ. Тиймээс ОУВС-тай холбоотой бүх зүйлийг дахин эргэж харах шаардлагатай болсон. Ардчилсан намынхан үүнийг шахаж ажиллана.

-Энэ сонгуулийг ерөнхийд нь дүгнэхгүй юу?

-Энэ сонгууль бүхэлдээ, ялангуяа сошиалд бие биенээ харлуулсан сонгууль боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд мөрийн хөтөлбөр огт дурдагдсангүй, үүнийг сонгогчид уншсан ч үгүй. Хэн нь илүү мөрийн хөтөлбөр дэвшүүлж бидний амьдралыг дээшлүүлэх вэ, хэн нь шударга ёсыг тогтоох вэ гэдэг хэмжүүрийг гаргаж чадсангүй. Хэтэрхий хөнгөн мэдээлэл нь сонгогчдыг татсан, тэр мэдээллээрээ иргэдийн саналыг авах гэж үзлээ. Цаашид бид нийгэм, эдийн засгийн төлөө, иргэдийн сайн сайхны төлөө зөв байр сууринд нэгдэж байж урагшилна. Хамтдаа урагшлах бодлогыг гурван нэр дэвшигч аль аль нь гаргасангүй. Тиймээс сонгуулийн сурталчилгаа өмнөх сонгуулиудаас хөнгөн болж хувирсан.

-Өмнөх санал хураалтаар Цагаан хуудас 18 мянга тоологдсон. Энэ нь төрд ялангуяа АН, МАН-д итгэх иргэдийн итгэл алдарч. Тэр утгаараа гуравдагч хүчний орон зайд дэвшсэн С.Ганбаатар өндөр санал авчих шиг болсон…

-Ард түмэн 2016 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намын хийж бүтээсэнд нь онц дүн тавьсан. Харин эвлэлдэн нэгдэх, нэгнээ хүндлэх, үйл ажиллагааг нь дэмжих тал дээрээ учир дутагдалтай байна. Хоорондоо фракцлаад улс оронд эв нэгдлийг авч ирж чадахгүй байна гээд үүнийгээ гурван үгэнд багтааж хариу өгсөн.

-Тэр гурван үг нь…

-“Засаглаж чадахгүй байна” гэдэг үг. Ганцхан өгүүлбэрээр манай намд дүн тавьсан. Ард түмэн Ардчилсан намд хайртай учраас хатуу дүн тавьсан гэсэн үг. Ард түмний хатуу сануулгыг Ардчилсан нам засч яваа. Манай нам гишүүдийн нам болж чадсан. Намын сонгуульт албан тушаалтнууд жирийн гишүүдээсээ сонгогддог болсон. Гишүүдийн нам болно гэдэг чинь ард түмний нам болж байна гэсэн үг. Намынхаа долдугаар Их хурлаараа дүрмээ шинэчлэн баталсан. Дүрэм нь хүссэн хүсээгүй биднийг гишүүдийн нам болгож байгаа юм. Намдаа сонгуульт албан тушаалтан болохын тулд заавал анхан шатны үүр дээрээ очиж гишүүдтэйгээ уулзаж сонгогддог болохыг дүрмээрээ шаардаж байгаа. Сонгуулийн нэгдүгээр санал хураалтыг харахад хэдийгээр гурван нэр дэвшигч хангалттай санал аваагүй ч Ардчилсан намыг эв нэгдэлтэй болж байна гэж ард түмэн үзсэн. Тэр утгаараа манай намаас нэр дэвшигчид хамгийн олон саналыг өгсөн юм.

-Иргэд санал хураалтад цагаан хуудас өгнө гэж байна. Уг нь дөрвөн жилд нэг удаа олдох боломж юм биш үү?

-Цагаан хуудас уншуулаарай гэж уриалж байгаа хүмүүс зөвхөн амиа боддог, тэр нам нь зөвхөн нэг хүний төлөө ажилладаг учраас ийм зүйлд уриалж байна. Цагаан хуудсыг санал тоолох машинд уншуулаарай гэж уриалж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс иргэд дөрвөн жилд нэг удаа Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгдөг боломжоо ашиглах ёстой.

-Багшийн хөгжлийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Таны зүгээс хуульд заасан заалтуудыг авсан гэдгийг мэдээлсэн. Тэр утгаараа дэмжихгүй гэж байсан. Уг хуулиар ямар харилцааг зохицуулах юм бэ?

-Багшийн хөгжлийн тухай хууль тунхагийн шинжтэй хууль гэж ойлгож болно. “Тэгж болно”, “Ингэж болно” гэсэн хоёр үзүүртэй зүү шиг хууль. Шууд хариуцлагажуулсан зүйл байхгүй. УИХ-ын дарга М.Энхболд “Ардчилсан намынхан завсарлага аваад энэ хуулийг хаврын чуулганаар багтаан баталж чадсангүй” гэдэг зүйлийг ярьж байна лээ. Үнэндээ бол хэт улс төржсөн хууль байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт УИХ-д орж ирээд хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэн. Ер нь хуулийн төслийг батлахын тулд нэг сар орчмын хугацаа зарцуулдаг. Гэтэл Багшийн хөгжлийн тухай хуулийг долоо хоногийн дотор батлах гэж зүтгэсэн. Ингэж улс төржиж болохгүй. Энэ хуулинд 18 төрлийн төсөвтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр байгаа юм. Төсвийн тухай хуулийн 3.3.4-т “Төсвийн харилцааг зөвхөн Төсвийн тухай хуулиар зохицуулна” гээд заачихсан байдаг. Нэг үгээр хэлбэл бусад хуулиар зохицуулахыг хориглосон. Тэр утгаараа уг хуулийн төсөлд суулгасан төсөвтэй холбоотой харилцаа төсөв баталтал хэрэгжих боломжгүй. Тухайлбал, багш нар хичээл заасан багш нарын заасан цагт урамшуулал олгож болно гэсэн байгаа. Энэ нь олгож ч болно, олгохгүй байсан ч болно гэсэн үг. Сангийн яамныхан төсөв хэлэлцэхдээ олгож ч болно, олгохгүй ч байсан болно гэдэг хоёрдмол утгатай байгаа тул бид хэрэгжүүлэхгүй гээд явчих юм л даа. Мөн Боловсролын тухай хуульд заасан багш нарын нийгмийн асуудлыг шийдсэн хэд хэдэн заалтыг хүчингүй болгохоор оруулж ирсэн. Энэ хүрээнд төрийн өмчийн сургууль харгалзахгүй багш нарыг таван жилд нэг удаа мэргэжил дээшлүүлнэ гэсэн заалтыг хасчихсан байх жишээтэй. Бусад аймаг, сумдын багш нартай туршлага солилцох ажил бүр байхгүй болсон. Ялангуяа орон нутгийн багш нар мэргэжил дээшлүүлэх сургалтад суух, сурах маш дуртай байдаг. Газар газрын багш нар уулзаж санал солилцох боломж гардаг юм.

-Асуудал дагуулсан өөр ямар ямар заалт байгаа юм бол?

-Тухайн мэргэжлээр сурч буй оюутан, магистрантурын оюутанд Боловсролын сангаас олгодог зээлийг хассан. Ингэж хасахдаа тухайн орон нутгийнх нь засаг захиргаанд шилжүүлсэн. Өмнө нь багшийн мэргэжлээр сурч буй оюутан бага хүүтэй зээл авч мэргэжил эзэмшдэг байсан бол энэ хуулиар төрөөс ямар ч дэмжлэггүй болно гэсэн үг. Манай тойрогт таван сум байдаг. Гэтэл сүүлийн таван жил багш мэргэжлээр орон нутгийн хөрөнгөөр ганц ч хүн сургаагүй. Орон нутгийн төсөв тухайн сумандаа дөнгөн данган хүрдэг тул түүнээс илүүчилж багш бэлтгэх боломжгүй байдаг л даа. Багш бэлтгэхээс илүү нэн чухал хийх ажлууд байдаг. Тэр мөнгөнөөс багш бэлтгэнэ гэдэг угаасаа боломжгүй. Ингэснээр төрөөс дэмжиж багш бэлтгэдэг институцийг бүрэн устгаж байна гэсэн үг. Боловсролын тухай хуулийн 43.1.7-д Ерөнхий боловсролын болон Сургуулийн өмнөх боловсролын багш болон бусад ажилтнуудад таван жилд нэг удаа зургаан сарын цалингийн тэтгэмж олгодог байсныг болиулсан. Тухайлбал, Ховд аймгийн Чандмань сумын сургуульд 75 хүн ажилладаг. Тэднээс 35 нь зургаан сарын тэтгэмж авдаг байсан бол 10 хүнийг энэ тэтгэмжээс хасахаар оруулж ирсэн нь буруу. Үүнд сургуулийн захирал, сургалтын менежер хоёр, дотуур байрны багш хоёр, албан бус боловсролын багш нэг, нийгмийн ажилтан хоёр, номын санч, эмч нар багтаж байгаа юм.

-Гишүүдэд тараагдсан хуулийг өөрчилсөн гээд байсан. Тэр нь ямар учиртай юм бэ?

-Гишүүдэд тараасан хуулийн төсөл тэр дундаа надад ирсэн хууль 17.1.4 дүгээр заалтаар дуусч байсан. Өнгөрөгч даваа гаригт би энэ хуулинд ийм ийм зүйл дутуу орсон байна гээд мэдээлэл хийсэн. Гэтэл 17.1.8 гэсэн заалт нэмээд оруулаад ирсэн. Энэ нь үнэнд гүйцэгдэж байгаа хэлбэр л дээ. Тэр утгаараа уг хуулийн төсөлд нийгмийн халамжийн тал дээр дэвшил бус ухралт гарсан.

-Энэ хууль эдийн засаг талаасаа төсөвт дарамт учруулах уу?

-Уг хуулийн хүрээнд 335 багшийн нийгмийн асуудлыг л шийднэ. Тухайлбал, 100 багшид орон нутгийн засаг захиргаа тэтгэлэг олгоно. Энэ нь Монгол Улсын хэмжээнд юм шүү. Мөн багшийн мэргэжлээр сурч буй 50 оюутан жилд тэтгэлэгт хамрагдана. Нэг жилд 55 туслах багшид цалин олгох асуудал байгаа. Сургууль, цэцэрлэгийн багш магистр, докторантурт суралцахад жилдээ 30 багшид тэтгэлэг өгнө. Аймаг бүрээс нэг хүн, есөн дүүргээс нэг нэг хүн гэсэн үг. Энэ хуулийн хүрээнд ипотекийн зээлийн асуудал хөндөгдсөн. Нэг жилийн хугацаанд 50 багш ипотекийн зээлд хамрагдана. Нэр бүхий багш хүнд өвчин туссан бол нэг удаадаа 600 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг олгож болно гэсэн байгаа. Энэ нь мөн 50 багшид хамаарна. Олгож болно гэдэг нь олгохгүй байж ч болно гэсэн үг. Асуудал шийдвэрлэх хүрээнд 335 багшид л энэ хууль үйлчилнэ. Эдгээр багшийг хэний шийдвэрээр сонгох юм. УИХ-ын гишүүн, Засаг дарга нар шийднэ. Тэдний хамаатан, тэдэнд ойр байгаа хүмүүс багтана. 50 багш жилд ипотекийн зээлд хамрагдахад хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа нийслэлд 25 квот нь үлдэнэ. Үлдсэн 25 квот нь нэг нэгээрээ 21 аймагт хуваарилагдана гэсэн үг. Энэ нь багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж буй асуудал огт биш. Тиймээс энэ хууль хэтэрхий өрөөсгөл. Сонгууль угтан гаргах гэж зүтгэсэн, Багшийн хөгжлийн тухай нэртэй багш нарийн эсрэг явсан тийм л хуулийн төсөл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *