Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пүрэвбадрал: Хог хаягдал эко системд хэрхэн нөлөөлж буйг судалж биологийн шинэ бактери нээж хөгжүүлэхийг мөрөөддөг

Саяхан олон улсын математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн олимпиад болж өнгөрсөн билээ. Дээрх олимпиадад манай сурагчид хичээл бүрт медаль хүртэж өндөр амжилт үзүүлсэн. Шинжлэх ухааны хичээлүүдээр дэлхийд өндөр амжилт гаргаж буй эдгээр сурагчдаа бид цувралаар танилцуулж байгаа юм. Энэ удаа Португаль улсын нийслэл Лиссабон хотноо болсон Олон улсын биологийн 32 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртсэн Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Пүрэвбадралтай ярилцлаа.


-Юуны өмнө олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн оролцож амжилт гаргасанд баяр хүргэе. Хамгийн сүүлд биологийн олимпиадаас медаль хүртсэн байсан. Оролцсон олимпиадынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Баярлалаа. Хамгийн сүүлд Олон улсын биологийн 32 дугаар олимпиадад оролцож хүрэл медаль хүртсэн. Үүний өмнө олон улсын хот хоорондын олимпиадын химийн төрөлд оролцож хүрэл медаль авсан.

-Ер нь өнгөрсөн хугацаанд олон олимпиадад оролцож байв уу. Ихэнхдээ химийн олимпиадад оролцдог байсан юм билээ?

-Миний олимпиадын гараа долдугаар ангиас эхэлсэн. Энэ хооронд үзүүлэх амжилт өсч буураад л явж байна. Долдугаар анги төгсөх үеэр олимпиадад орох сонирхол төрсөн. Ингээд есдүгээр ангидаа анх химийн улсын олимпиадад орсон. Түүнээс хойш олимпиадад тодорхой хэмжээгээр оролцож амжилтаа ахиулахыг хүсч байвч ковидын халдвар гараад хамаг үйл ажиллагаа хаагдаад ганцхан би ч гэлтгүй дэлхий нийт л хэцүү байдалтай байлаа. Ямартаа ч энэ жил заавал аль нэг олимпиадад орно доо гэж бодсон. Биологийн олимпиадад шалгараад орсон. Ихэвчлэн химийн олимпиадад ордог байсан. Энэ жилээс биологийн олимпиадад орсон. Биологийн хичээлд яагаад ч юм илүү дуртай болоод байгаагаа би өөрөө анзаарсан.

-Сонирхол татах ямар нэг зүйл болж дээ. Тийм үү?

-Би шинжлэх ухааны хичээлд илүү дуртай. Математикийн хичээлдээ маш их дуртай. Математикийн тоо бодож хариу олох явц их сонирхолтой байдаг. Физикийн хичээлдээ бүрэн дуртай биш. Физикээс дуртай хэсэг нь атом молекулын талаарх хичээл. Ер нь хими биологийг салгаад байдаггүй, жигд дуртай. Түүнээс гадна би монгол хэл бичгийн хичээл, ялангуяа бичгийн хичээлүүдэд илүү дуртай.

-Сая өөрийн тань орсон олон улсын олимпиад ранкаараа хэр дээгүүрт бичигддэг олимпиад бэ?

-Биологийн хичээлийн хувьд энэ жил 70 орны 200 сурагч өрсөлдсөн. Хэрэв цар тахал гайгүй байсан бол 70 орны 400 гаруй хүүхэд оролцох боломжтой байсан. Олон улсын шинжлэх ухааны тэргүүлэх 17 олимпиадын эхний зургаад багтдаг асар өргөн хүрээний олимпиад юм. Математик, физик, хими, биологи, хэл шинжлэл, мэдээлэл зүй гэсэн зургаан үндсэн олимпиадын нэгт багтдаг.

-Биологийн олимпиадад манай улсаас хичнээн хүүхэд оролцсон бэ. Ер нь бусад хичээлүүдийн хувьд ч гэсэн нэг улсаас хичнээн хүүхэд орох боломжтой вэ?

-Олон улсын математикийн олимпиадад нийтдээ зургаан хүүхэд авдаг. Физикт тав, хими дөрөв, биологи дөрөв гээд тухайн улсыг төлөөлж 4-6 хүүхэд оролцдог. Тэгээд багаараа оролцоно.

-Бусад багийнхан нь хэр амжилт үзүүлсэн бэ?

-Манай математикийн багийнхан энэ жил маш сайн оролцсон. Хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Физикийнхэн голдуу хүрэл медаль, тусгай байр хүртсэн бол химийнхэн хоёр мөнгө, нэг хүрэл, нэг тусгай байрт орсон. Харин биологийнхны хувьд хамгийн анхны гурван медалийг авчирсан. Биологийн олимпиад манай хувьд харьцангуй залуу гэж хэлж болно. Хүүхдүүд дөнгөж сонирхож эхэлж байна. Биологийн хичээлээр надтай нийлээд нийтдээ долоон медаль цуглуулсан байна. Гурван медалийг бид энэ жил авч чадсан. Хоёр дахь мөнгөн медалийг “Орчлон” сургуулийн сурагч охин авсан байгаа.

-Олон улсын олимпиадад амжилт гаргахын тулд өөрийгөө хэрхэн дайчилдаг вэ. Үеийнхэндээ болон сурагч дүү нартаа туршлагаасаа хуваалцаач?

-Багш, эцэг эхчүүд, хүүхдэд гэж гурав хувааж санаа хэлмээр байна. Сурагчдад хандаж хэлэхэд, хэрвээ та нар олон улсын олимпиадад оръё гэж бодож байгаа бол багаасаа өөрийнхөө зүг чигийг зөв олоорой. Мэдээж дунд нь сандрах зүйл бишгүй л гарна. Тэр болгонд сандрах хэрэггүй. Миний бэлтгэлийн хувьд гэвэл багаасаа химийн хичээлд сонирхолтой байсан учраас химийн тухай ойлголтоо нэмэгдүүлэхийн тулд өдөрт нэг цаг уншиж, хэдэн бодлого боддог байсан. Долдугаар ангиасаа эхлээд бага багаар мэдлэг хуримтлагдсаар байгаад есдүгээр анги хүрэхэд маш сайн сайжирсан. Харин олимпиадад орохын тулд өдөрт 8 цаг дор хаяж 5 цаг яс сууж бэлддэг. Эцэг, эхчүүдийн хувьд хандаж хэлэхэд, хүүхдүүддээ багаас нь маш сайн дэмжиж байгаарай. Хичнээн мөнгө төгрөг, эд зүйлсээр хангалттай байлгаж чадахгүй ч гэсэн сэтгэлийн дэмжлэгийг үргэлж өгч байгаарай. Энэ маш чухал. Хүүхдэдээ нэг биологийн ном авч өгч чадахгүй байж болно. Хамгийн гол сэтгэл санааны дэмжлэг тухайн хүүхэд амжилт үзүүлэхэд их нөлөөлдөг санагдсан. Өнөөдөр миний гаргаж байгаа амжилт манай гэр бүлийн намайг маш сайн дэмждэгтэй л холбоотой.

-Багш нарын хувьд сурагчдаа амжилтад хүргэхэд юуг анхаарах чухал санагдав?

-Багш нар бол хамгийн чухал хүмүүс. Тухайн хүүхэд амжилт гаргахад багш авьяасыг онож нээж, зөв чиглүүлж өгдөг. Тухайн хүүхэд

амжилт гаргах уу, бусдын л адил урсгалаараа явах уу гэдгийг багш л маш зөв тодорхойлж гаргаж өгөх ёстой санагддаг.

-Энэ жил төгсөх анги. Мэргэжилээ сонгоод зорилгоо аль хэдийнэ тодорхойлчихсон уу?

-Би биологийн шинжлэх ухаан ялангуяа нийлэг биологийн чиглэлээр мэргэжил сонгоно гэж бодож байгаа. Яагаад энэ чиглэлийг сонгосон гэхээр тайлбарлахад их ээдрээтэй л дээ. Би “Био хакер” нэртэй кино үзэж байсан. Тэр кинонд шинэ нээлт хийж биологийн нэг зүйл гаргаж авч байгаа гардаг. Тэр киног үзээд би өөрийгөө шинэ зүйл турших, нээх сонирхолтой юм байна гэдгээ мэдсэн. Өмнө нь бусад хүүхдүүдтэй л адил химийн хичээлд сонирхолтой, эмч

болно гэсэн зорилготой байсан. Одоо харахад Монголд эмч хангалттай байна. Харин өөрийнхөө сонирхолыг дагаад шинэ зүйл туршиж, мэдье гэсэн зорилготой байгаа.

-Ирээдүйд эх орондоо юу хийж бүтээе гэж боддог вэ?

-Сайн, чадвартай хүүхдүүд Монголоор дүүрэн бий. Би яагаад тэр дундаас энэ жил биологийн олимпиадад оролцчихов оо гэж бодохоор бусад хүүхдүүд гарч ирж чадахгүй байна. Надаас сайн хүүхдүүд маш их бий. Тэгвэл яагаад тэр хүүхдүүд олноороо олимпиадад оролцож чадахгүй байна. Энэ бол Монгол Улсын боловсролын тогтолцоотой холбоотой. Сайн багш нар олон байх хэрэгтэй. Сайн хүүхдүүдийг илүү олноор гаргаж ирэхийн тулд сайн багш нар хүрэлцээтэй байх хэрэгтэй.

Сайн боловсролын тогтолцоотой байх хэрэгтэй. Боловсрол сайн байх юм бол улс орон дагаад хөгжинө шүү дээ. Би сургуулиа төгсөөд ямар нэгэн салбарт ажилд орно. Хэдийгээр боловсролын салбарт ороогүй байсан ч Монгол Улсынхаа боловсролын салбарт өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Ингэхдээ ном орчуулах, хүүхдүүдэд хичээл заах зэрэг ямар нэг байдлаар тус нэмрээ оруулаад явна. Боловсролоос гадна миний өөр нэг зорилго бий.

-Уншигчдад сонирхуулж болох уу?

-Ундны ус болон хог хаягдлын талаарх сэдэв их анхаарал татдаг. Манайхан хогоо зүгээр л газар ухаад булчихдаг шүү дээ. Тэр их хог хаягдал манай орны эко системд хэрхэн нөлөөлж байгааг судлаад манай улсын уур амьсгалд зохицсон биологийн шинэ бактери ч юмуу нээж хөгжүүлж гаргаж авахыг хүсдэг. Үүнийгээ байгаль орчинд ээлтэй байдлаар ашиглах юм.

8 replies on “Б.Пүрэвбадрал: Хог хаягдал эко системд хэрхэн нөлөөлж буйг судалж биологийн шинэ бактери нээж хөгжүүлэхийг мөрөөддөг”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *