Categories
мэдээ цаг-үе

Б.Оюунбат: “Хосоороо” дуу маань анхнаасаа л бид хоёрт зориулагдсан

Гэр бүлийн хос дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Оюунбат, Р.Бадралмаа нартай ярилцлаа.


-Та хоёрын урлагтай холбогдсон түүхээс яриагаа эхэлье?

Б.О: “Өдрийн сонин”-ы бүх уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би Төв аймгийн Зуунмод хотод төрж өссөн. Арван жилээ төгсөөд, СУИС-ийг дүүргээд одоог хүртэл чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. Бид хоёр хоёулаа л бага наснаасаа урлагийн уралдаан тэмцээнүүдэд оролцсон байдаг. Миний хувьд багаасаа ээжийгээ дагаж урлагийн замд хөл тавьсан. Миний ээж МУГЖ Ш.Цэцэгээ “Төв аймгийн театр”-т насаараа дуулсан, дал гаран настай буурай бий.

Р.Б: Миний хувьд Говь-Алтай аймгийн Бигэр сумд төрж өссөн. Тэндээ зургадугаар анги хүртлээ суралцаад Эрдэнэт хотын тавдугаар арван жилийг төгсөөд, СУИC-д элсэн суралцсан. Би цэцэрлэгт байхаасаа л дуулж эхэлсэн. Сумаасаа аймагт, аймгаасаа хотод хүүхэд насны бүх урлагийн тэмцээнүүдэд аавынхаа баянхуур хөгжимтэй дуулж оролцдог байлаа. Сонирхуулахад, МУГЖ С.Ганзориг ах бид хоёр ойрын хамаатнууд юм. Нөхөр бид хоёр аль аль талаасаа урлагийн удамтай. Ер нь бол манай аав, ээж их сайхан хоолойтой хүмүүс. Нутаг усандаа найр наадамд ахалж дуулдаг байсан. Үр хүүхдээ урлагийн замд хөтөлж оруулсан, урлагт элэгтэй хүмүүс байдаг даа.

-Багадаа ямар уран бүтээлчийг хүндэлж, сонсдог байсан бэ?

Б.О: Би багаасаа л Төв аймгийн театраас гарсан олон сайхан уран бүтээлчдийг хүндэлж, дуурайж дуулдаг байлаа. Өсвөр насандаа МУГЖ Ц.Түвшинтөгс, П.Ганбат нарын дуучдыг сонсож, ийм дуучин болох юмсан гэж хүсч мөрөөдөж явсан. Одоо энэ зорилгодоо хүрч, мэргэжлээ эзэмшээд, гэр бүлийн хүнтэйгээ хослон дуулж байна. Мөн бид хоёр худууд болох МУГЖ, Зууны манлай хос дуучин С.Вандан ах, Д.Дуламсүрэн эгч нараасаа үлгэр дуурайл авч, өгсөн заавар зөвлөгөөг нь уран бүтээлдээ хэрэгжүүлж явдаг.

Р.Б: Бага байхдаа Ц.Үенч, Л.Чулуунчимэг, Г.Эрдэнэбат Ц.Түвшинтөгс гавьяатуудыг хүндэлж, дууг нь даган дуулж өссөн.

-Хоёулаа СУИС-д суралцаж байжээ. Хэн багшийн шавь бэ. Багш нарынхаа талаар яриач?

Б.О: Би СУИС-д сурах таван жилийн хугацаанд МУАЖ, дэд профессор, дуурийн дуучин Д.Жамьянжав багштайгаа багш шавь бололцож дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Миний багш бол олон сайхан дуурийн дуучдыг төрүүлсэн, алдартай сайхан уран бүтээлч хүн байсан. Би багшийнхаа отгон шавь нь.

Р.Б: Би СУИС-ийг МУАЖ, Буриад улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа гэдэг мундаг хүний удирдлаган дор суралцаж төгссөн. Энэ хүнээс маш олон зүйлийг сурч, мэдэж төгссөний үр дүнд өдий зэрэгтэй уран бүтээлээ хийсээр явна. Багшдаа маш их хайртай шүү. Эрүүл энх сайн сайхныг танай сониноор дамжуулан хүсье.

-Та хоёр анх хэрхэн танилцаж байв даа?

Б.О: Бид хоёр анх Эрдэнэтэд болсон тэмцээнд бие биенээ олж харсан. Нэг сургуулийн оюутнууд байсан болохоор энд тэнд хамт дуулж, хуурдаж явж байгаад танилцаж, найзалж үерхээд гэр бүл болсон.

-Амьдралаа эхэлж байсан үеэ дурсахад?

Б.О: Бид хоёр бүх юмыг тэгээс эхэлсэн. Оюутан байхаасаа үерхэж, Баянхошуунд хашаа аваад, таван ханатай гэрт хурим найраа хийгээд амьдралаа эхлүүлж байсан. Хүсэл мөрөөдөл маань нэг болохоор бид хоёр түүнийхээ төлөө уран бүтээлээ хийгээд, өөрсдийн уйгагүй хөдөлмөрийн ачаар өдий зэрэгт хүрч, тодорхой хэмжээнд олны танил уран бүтээлчид болсон байна. Бид хоёр ижий аавуудаа шаналгаад, юм гуйх дургүй. Амьдралыг өөрсдөө л босгох хэрэгтэй гэж боддог. Тэр нь ч амттай.

Р.Б: Хүн өөрөө зөв санаа бодолтой амьдрах юм бол амьдрал жил ирэх тусам л өнгө орж, өөдөө дэвждэг.

-Анхны хамтарсан уран бүтээлээ хэзээ гаргаж байсан бол?

Б.О: Бид хоёр тус тусдаа уран бүтээл хийж байгаад хамтарч хийсэн хамгийн анхны уран бүтээл минь 2004 онд бүтээгдсэн “Хуримын дуу” байсан. Хөгжмийн зохиолч МУСТА Р.Билэгт ах бид хоёрт санал тавьснаар энэ сайхан дуугаараа хамгийн анхны уран бүтээлээ нэрийдсэн. Тийм болохоор одоог хүртэл бид хоёрын уран бүтээл ийм сайхан явдаг байх.

Р.Б: Энэ жил бид хоёр урлагт хамт хөл тавьж, анхны уран бүтээлээ гаргасны арван таван жилийн ой болж байна.Үүнтэй холбогдуулж 2019 оны хавар “Амьдрал жаргалтай” гурав дахь бие даасан тоглолтоо Улаанбаатар хотод хийсэн.

-15 жил багагүй хугацаа шүү. Анхны тоглолтоо хэзээ хийж байсан бэ. Ингэхэд нууц биш бол тоглолтоороо олсон мөнгөө юунд зарцуулсан бол?

Б.О: Хамгийн анхны тоглолт гэдэг бол мартагдашгүй сайхан зүйл байдаг. Бид 2013 оны есдүгээр сарын 27-ны өдөр “Зүрхний наран” тоглолтоо хийж байсан. Тэр тоглолт маань охин бид гурвын амьдралд олон сайхан эерэг зүйлүүдийг авчирсан. Анхны тоглолтын орлогоороо байрны урьдчилгаа олж, байранд орсон доо.

-Гэр бүлийн уран бүтээлч найзууд бий юу?

Б.О: Уран бүтээлч гэр бүлийн найзууд олон байгаа. МУСТА Д.Намсрайноров, А.Хосбаяр бид гурав нэг нутгийнх. Бид гурав СУИС-д таван жилийн хугацаанд нөхөрлөсөн. Түүнээс хойш одоог хүртэл гэр бүлийн найзууд болоод уран бүтээлээ хийцгээж байна.

-Хүмүүст хамгийн их хүрсэн уран бүтээлүүдээсээ танилцуулаач?

Б.О: “Хуримын дуу”, “Чи бидэн хоёр”, “Зүрхний наран”, “Хоёулаа”, “Хосоороо” гэх мэт олон уран бүтээл байгаа. “Зүрхний наран” дуу бол олон сайхан хосуудын гэрэл гэгээтэй амьдралыг харуулсан дуу. 2016 оны шилдэг дуугаар шалгарсан “Хосоороо” дуу маань маш олон хүнд хүрсэн сайхан уран бүтээл болсон.

Р.Б: Бид хоёр энэ сайхан дуунуудыг зохиож өгсөн хөгжмийн зохиолч, яруу найрагч нартаа баярлалаа.

-2016 онд шилдэг дуугаар шалгарсан “Хосоороо” дуу хэрхэн бүтсэн бэ?

Б.О:Энэ дуу маань анхнаасаа л бид хоёр зориулагдсан. Тэр үед хайр, морь хоёрыг хослуулсан сэдэвтэй дуу огт байгаагүй болохоор бид хоёрт ийм сэдэвтэй дуу хийх санаа төрж, яруу найрагч Д.Батсуурь ахад санал тавьсан юм. Ийнхүү шүлэг нь ирэхэд бид хоёрт таалагдаад УГЗ Т.Найданжав ахад өгч аялгуу хийлгүүлсэн. Бид хоёр понаграммаа хийлгээд л, хоолойгоо бичүүлэх үед студэд орж ирж сонссон дуучин бүр “Ямар гоё дуу вэ” гэж байсан. Энэ дуу маань өөрөө гараад л, хурдны морь шиг давхисан дуу байгаа юм. Түүнээс хойш УГЗ Т.Найданжав ахынхаа олон сайхан дууг дуулсан байна.

-“Хосоороо” дууны клипний зохиомжийн талаар сонирхуулаач?

Б.О: “Хосоороо” дуу маань дөнгөж гараад хүмүүст их хүрч эхэлсэн. Улмаар клипний зураг авалтыг Төв аймгийн Алтанбулаг суманд хийсэн. Дууг клип их гоё чимдэг. Клипнийхээ ерөнхий санааг бид хоёр сонирхолтой байдлаар хийе гээд бодчихсон байсан. Гол дүрд тоглуулахаар МУСТА жүжигчин Б.Даваажав буюу Байлаа ахтай очиж уулзаад хүсэлт тавихад уриалгахан хүлээж аваад, клипэнд маань тоглож өгсөн. Мөн нутгийн бөх Монгол Улсын харцага Ө.Даваабаатар найз маань тоглосон. Бид хоёрын хөдөлгөөнөөс гадна клипний сүүлийн хэсэгт Байлаа ах морио унаад “…хазаар дарах хүлэг минь хосоороо” гээд явдаг хэсэг нь хүмүүст их хүрсэн. Хүмүүст таалагдсанд бид их баяртай байдаг шүү.

-Гэр бүлийн уран бүтээлч байхын давуу болон сул тал нь юу вэ?

Р.Б: Аливаа зүйл хоёр талтай. Гэр бүлийн дуучин байхын давуу тал нь мэдээж их. Учир нь хоёулаа нэг зүйл зорьж байгаа учраас амар байдаг. Хөдөө явсан ч хамтдаа, бие биедээ түшиг тулгуур болоод явдаг. Эмэгтэй хүн хөдөө олон хоногоор гэрээс хол явахаар хэцүү шүү дээ. Хань маань надад их түшиг болдог. Зарим хүмүүс та хоёр тайзан дээр ч хамтдаа, тайзнаас буугаад ч хамтдаа, ер нь байнга л хамтдаа байх юм, яасан бие биенээсээ уйддаггүй юм бэ гээд хүмүүс цаашлуулдаг. Удаан хамт амьдраад ирэхээр улам л илүү бие биедээ дасаж ээнэгшдэг юм байна.

Б.О: Сул тал нь гэр бүлд зарцуулах цаг зав муу байдаг учир хоцрогдоод байдаг талтай.

-Ам бүл хэдүүлээ вэ?

Б.О: Нэг хөөрхөн охинтой, одоогоор ам бүл гурвуулаа байна. Охин маань энэ жил “Монгени” цогцолбор сургуулийн тавдугаар ангид орно.

-Охиноо урлагийн хүн болгоно гэж боддог уу?

Б.О:Хүүхдээ юунд сонирхолтой байна, түүгээр нь л явуулна. Гэхдээ миний охин авьяастай, урлагийн мэдрэмжтэй. Сургуульдаа драмийн дугуйланд явдаг. Бадралмаа бид хоёр маш олон жил уйгагүй уран бүтээл хийж гарч ирсэн болохоор, урлагийн амьдрал ямар хэцүү болохыг мэднэ. Гэхдээ миний охин үнэхээр өөрөө дуртай, сонирхолтой бол явуулахаас өөр аргагүй.

-Хамтарч дуулахын хажуугаар өөр ямар чиглэлээр ажиллаж байв. Цаашдаа өөр чиглэлээр ажиллах бодол байгаа юу?

Б.О: Бид хоёр уран бүтээл хийхийн хажуугаар өөр өөрсдийн мэргэжлээрээ ажиллаж байсан. ҮДБЭЧ болон Төв аймгийн “Монгол туургатан” театрт ажиллаж байсан. Театрт ажиллах хугацаандаа би Үндэсний дуурь болох “Учиртай гурван толгой”-н Юндэнгийн дүрд дуулсан. Бадралмаа маань Хоролмаагийн дүрд дуулсан. Мөн ардын дууны олон тоглолтод орж байлаа. Ирээдүйд бид хоёр ардын дуугаар тоглолт хийх бодолтой байгаа.

Р.Б: Ерөнхийдөө л нийтийн дуугаа л дуулна даа. Яагаад гэхээр монголчууд нийтийн дуучдыг сонсож, нийтийн дууг дуулах сонирхолтой байна. Би бол нийтийн дууг ардын дууны үргэлжлэл гэж боддог. Сонсогч байгаа үед дуучид нь уран бүтээлээ хийсээр л байна. Шинээр олон уран бүтээлч гарч ирж байгаа ч цагийн эрхээр уран бүтээлээрээ шалгараад л үлдэнэ.

-Хурим найрын сар эхэлжээ. Урилга их үү, хүмүүс ихэвчлэн ямар дуу дуулуулдаг вэ?

Б.О: Намрын улирал бол хурим найрын үе байдаг. Бид хоёр гэр бүлийн дуучид гэдэг үүднээс олон хурим найранд уригдан дуулж байна. Ойрын өдрүүдэд маш завгүй хосуудыгаа баярлуулаад л явж байна даа.

Р.Б: Бид хоёрт маш олон дуу байдаг. Урьсан хүмүүстэйгээ ярилцаж байгаад л ямар дуу дуулахаа шийддэг. Хүмүүс ихэвчлэн “Миний ээж”, “Хань минь”, “Санаанд илхэн хань”, “Хоёулаа”, “Наран хань”, “Хайр минь хүлэг минь”, “Хосоороо”, “Хуримын дуу”, “Зүрхний наран” гэх мэт дуунуудыг дуулуулдаг.

-Та хоёрт уран бүтээлдээ баримталдаг зарчим байдаг уу?

Б.О: Бид хоёр одоогийн байдлаар албан ёсны гурван цомогтой. Яаравчлан олон дуу гаргаж, тоглолт хийдэггүй. Бид хоёрын уран бүтээлдээ баримталдаг нэг зүйл нь салж сарнисан утгатай дуунууд дуулах дургүй, дандаа болж, бүтэж байгаа хайрын тухай дуунуудыг дуулдаг. Цомгууддаа ч гэсэн “Хоёулаа”, “Хосоороо”,“Жаргалтай” гэх мэт аль болох гэгээлэг сайхан нэр өгөхийг боддог. Сүүлийн үед морины тухай олон сайхан дуу дуулж байна.

-Ойрын үед хийхээр төлөвлөсөн ажил юу байгаа бол?

Б.О: Анхны уран бүтээлээ гаргасны 15 жилийн ойдоо зориулсан “Амьдрал жаргалтай” хэмээх тоглолтоо хийсэн талаар өмнө нь дурдсан. Харин энэ намар эх орноо тойрон аялан тоглолт хийх бодолтой байгаа.

Н.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *