Урчуудын эвлэлийн хорооны “Арт галерей”-д зураач Б.Отгонтүвдэн “Монголын түүхийн хөлгөн судар” үзэсгэлэнгээ гаргасан юм. Санкт-Петербург хотын Репиний нэрэмжит уран зураг, график, архитектур, баримлын академийг шилдэг дипломтой дүүргээд дэлхийд нэртэй тус сургуульд урилгаар багшилж буй зураачтай ярилцсаныг сонирхуулъя.
-Та хэдэн онд Репиний нэрэмжит академийг төгссөн бэ?
-2004 онд Воронеж хотын Улсын урлагийн академид дөрвөн жил сураад Санкт-Петербургийн Репиний нэрэмжит академийг 2012 онд төгссөн.
-Төгсөөд шууд л багшаар ажилласан уу?
-Миний сурч байсан урлангаас нэг оюутанг шалгаруулж, шилдэг дипломтой төгсгөдөг. Хуучнаар бол алтан медальтай төгссөн гэсэн үг. Түүнд нь шалгарсан. Дипломын хамгаалалт дээр сургуульдаа үлдээж ажиллуулмаар байна гэсэн саналыг манай захирал гаргасан. Диплом хамгаалалт дээр Оросын Урчуудын эвлэлийн хорооны гишүүнээр элсүүлсэн.
-Оросын Урчуудын эвлэлийн хороо гадаадын иргэдийг элсүүлдэг гэсэн үг үү?
-Маш цөөхөн гадаадын иргэн байдаг. Миний үнэмлэх дээр биччихсэн байгаа. Би зургаа дахь гадаадын иргэн, гишүүн нь юм байна лээ. Гэхдээ энэ бол Санкт-Петербург хотод шүү дээ. Москвад бол өөр.
-Таны багшийг хэн гэдэг вэ?
-Би дөрвөн үндсэн багштай байсан. Тэднээс гол багш нь Оросын Ардын зураач В.С.Персиков гэдэг хүн. Персиковын нэрэмжит урлан гэж ч бий. Хоёр дахь багш маань мөн Оросын Ардын зураач Н.Репин. Монголоор бол хоёулаа төрийн соёрхолт, ардын зураач. Манай сургуулийн зураачийн ангийнхан урлангийн системээр суралцдаг.
-Таны төгссөн сургууль бол Орост төдийгүй дэлхийд нэртэй. Түүнийг дүүргэсэн Монгол зураач залууд багшлах санал тавина гэдэг нь таны ямар хэмжээний уран бүтээлч болохыг илтгэж байна. Багаасаа л зураач болохоор шийдсэн үү?
-Би багаасаа л зурдаг байсан. Бага байхдаа лам болно гээд л нэг, хоёр дугаар ангидаа бурхан зурдаг болно гээд л. Наймдугаар ангиа төгсөөд Үйлдвэрлэл урлалын дунд сургуульд ороод төгссөнийхөө дараа нь Дүрслэх урлагийн дээд сургуулийн чимэг оюутан болоод 2004 онд Орос руу сургуульд явсан юм.
– Та академидаа дөрөв дэх жилдээ багшилж байгаа гэсэн. Шавь нартай биз дээ?
-Би туслах багшаар ажилладаг. Манай сургуулийн багш нар 80,90 нас гарчихсан хүмүүс байдаг. Залуу гэгддэг багш нар нь 50-иад настай. Би бол нэлээд залууд нь ордог, тиймээс ч туслах багш гэж явдаг. 2015 онд Монголын залууг стажер буюу бэлтгэл ангид суралцуулахаар авчирсан. Бэлтгэл ангид ороход бас амаргүй л дээ, шалгуур нэлээд өндөр. Ирэх аравдугаар сард Монголоос бас нэгэн оюутныг бэлтгэл ангид суралцуулахаар болсон. Тэд маань үндсэн ангид орохын тулд нэлээд хүнд шалгалт өгнө.
-Таныг Монголд нэлээд хэдэн удаа үзэсгэлэн гаргасан гэж сонссон?
-Тийм ээ, “Монголын түүхийн хөлгөн судар” нь миний эх орондоо гаргаж буй тав дахь үзэсгэлэн. Жил бүр үзэсгэлэнгээ гаргадаг. Харин өнгөрсөн жил өнжсөн. Дөлгөөн гээд миний үзэсгэлэнгийн менежментийг хийдэг залуу бий. Орост эдийн засагч мэргэжлээр төгссөн. Түүний санаачилгаар эх түүхээ зургаар харуулсан төсөл хийе гэсэн санал дэвшүүлсэн. Оросын томоохон музей, галерейг үзэхэд зургийг нь хараад тус улсын түүх бараг уншигддаг. Үүнээс санаа аваад 30 зургаас бүрдсэн XIII зууны Монголтой холбоотой музей байгуулъя гэж бодсон. Тиймээс энэ үзэсгэлэн маань цаашдаа хоёр жил үргэлжлэх төсөл юм. “Монголын түүхийн хөлгөн судар”-ын өмнө “Цагаан шөнө”, “Түвэргээн чимээ” гэсэн үзэсгэлэн гаргасан. 2012 онд Улаанбаатар, Москва, Шанхай гурван хотод үзэсгэлэнгээ зэрэг гаргаж байлаа.
-Би таны “Монголын түүхэн хөлгөн судар” үзэсгэлэнг үзлээ. Таны бүтээлүүд нэлээд хүнд тал руугаа, сонгодог хэлбэртэй юм байна. Энд тавигдсан бүтээлүүдэд бараан өнгө давамгайлсан гэдгийг онцолмоор санагдлаа. Тэр дундаас “Эцгийн захиас” гэдэг бүтээл их таалагдлаа. Энэ зураг хэрхэн бүтсэн бэ?
-Энэ төслийг хэрэгжүүлж эхлэхийн өмнө зүүн аймгуудаар түүх судлаачидтай цуг тойрон аялал хийсэн. Дорнодын Халх гол ороод ирэхэд дөрвөн зургийн санаа төрж Орост очсон хойноо зургаа эхлүүлсэн. Зурах тусмаа дараа дараагийн санаа төрж байлаа. Энд тавигдсан Тэмүүжин, Бөртэ хоёрын хүүхэд байхдаа шагай тоглож байгаа зургийн эскизийг гэхэд хэд хэдэн хувилбар гаргасан. Зургандаа түүхийн аль болох энгийн байдлыг, ахуйг нь харуулахыг хичээсэн. Тэгээд ч энэ жил ASEM, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ой тохиож байгаа. Үүнд зориулж энэ үзэсгэлэнгээ гаргасан. Түүхэн сэдэвт зургууд нь том хэмжээтэй байж масс нь харагддаг. Хүндийн хувьд гэвэл жижиг зураг ч хүнд байдаг шүү дээ. Эдгээр бүтээлүүд маань арилжааны бус зориулалттай, музейд зориулагдсан бүтээл учир хүнд санагдсан байх. Өмнө нь хэсэг хугацаанд саатаад ажиглах юм бол аяндаа агуулга нь мэдрэгдэнэ.
–“Жамухын өчил” зургийн зохиомж нь их содон санагдлаа…
-Эхлээд Жамухыг ганцааранг нь зурж байгалиар арын фоныг хийсэн. Тэгээд яваандаа ард нь Тэмүүжинг зогсч байгаагаар дүрсэлсэн.
-Орос бол уран зургийн салбарт маш том байр суурь эзэлдэг, олон алдартай зураачтай. Өнөө үед уран зургийн салбарын хөгжил ямар байна гэж боддог вэ?
-Уран зургийн уламжлалыг хадгалж яваа дэлхийд цорын ганц академи нь манайх. Мөн Оросын эзэн хааны нэрэмжит байсан, 250 гаруй жилийн түүхтэй том сургууль, бааз сууриа ч алдаагүй. Оросын уран зургийн хөгжлийн түвшний талаар ярих юм бол дэлхийд нэлээд дээгүүр ордог хэвээрээ. Сүүлийн үед Европ, АНУ, Ази тэр дундаа Хятадаас маш олон оюутан ирж сурдаг болсон. Яагаад гэхээр сонгодог уран зураг хэзээ ч уналтад орохгүй. Орчин үеийн зургийг зурж болно, гэхдээ түүний суурь нь сонгодог зураг. Импрессионистууд гэгддэг Ван Гог, Пикассо нарын реалист зургуудыг харахад үнэхээр өөр байдаг. Жишээ нь, манайд гэхэд зураач До.Болд ах байна. Монголын уран зурагт асар ихийг хийсэн. Түүний бүтээлүүдийг аваад үзэхэд оюутан үедээ зурсан реалист зургууд нь үнэхээр чадварлаг. Монголын орчин үеийн уран зургийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс эхлээд сонгодог зургаа ойлгож байж дараа нь өөр юм руу орвол илүү амттай бүтээл төрдөг. Маш олон орноос манай академид ирж суралцдаг нь үүнтэй холбоотой.
-Уран бүтээлч хүний хувьд таны хэтийн төлөвлөгөө юу вэ?
-Маш их зорилго байна. Түүхэн сэдвээр монгол ахуйтай зураг зурна гэж боддог. Бид чинь Монголынхоо тухай зурж байж л дэлхийд танигдана. Тэдний хийдэг зүйлийг хийгээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Манай Монголын сэдэв бол шавхагдашгүй.