Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газрын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хэлтсийн мэргэжилтэн Б.Одбаяртай ярилцлаа.
-Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах үндэсний хороо хэзээ байгуулагдсан юм бэ. Судалгаагаа хэзээнээс эхлэв?
-2021 оны наймдугаар сарын 18-нд ерөнхий сайдаар ахлуулсан таван үндэсний хороо байгуулагдсаны нэг нь Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах үндэсний хороо юм. Зам тээврийн яамны төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан Б.Одсүрэн дарга хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоод, энэ хэлтсийг байгуулж наймдугаар сараас эхлэн судалгааны ажлаа хийгээд явж байна.
-Судалгаагаа хийж дууссан уу. Үр дүн нь яаж гарав?
-Улаанбаатар хот моноцентр буюу нэг төв дээр суурилсан хот. Ихэнх хотын түгжрэл хаашаа чиглэж байна гэхээр Их тойруу, Их тойруугаасаа нарийвчилж ярих юм бол бизнес дүүрэг Бага тойруу руугаа бүх хөдөлгөөн чиглэж байна. Өглөө, оройд оргил цагийн ачааллаар Бага тойруу руу хотын тал талаас ажил руугаа төвлөрөөд, буцаад ажлаасаа тарахаар гадагшаа чиглэсэн түгжрэл үүсдэг. Түгжрэлийн хоёр оргил цагийн ачаалал байгаа. Өглөө 07:30-10:00 цагт, орой 16:00-20:00 цаг хүртэл. Судалгаагаар нийтийн тээвэр хэрэглэгч 20 хувь, хувийн машинаараа зорчигч 80 хувь гэсэн үнэлгээ гарсан.
-Судалгааны дараа ямар төлөвлөгөө гарав?
-Олон төвт хотын загвар руу шилжье. Үүний тулд нэгдүгээрт нийтийн тээврийн үйлчилгээ сайн байх ёстой. Хоёрдугаарт, дэд төвүүд байгуулж, дэд бүтцийг нь шийдээд хотын төвд их төвлөрсөн томоохон худалдааны төвүүдийг нүүлгэж шинэ суурьшлын бүсүүдийг үүсгэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Энэ бүх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэдий хугацаа зарцуулах вэ?
-Яг дуустал нь хэрэгжүүлнэ гэвэл дор хаяж гучин жил шаардлагатай. Зүгээр хөнгөн галт тэрэг маягаар хэрэгжүүлье гэхэд л арван жил шаардлагатай. Тиймээс богино хугацаанд хотын түгжрэлийг бууруулъя гэвэл нийтийн тээврээ сайжруулах, тултал нь хөгжүүлж, үйлчилгээг нь сайжруулаад иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх идэвхийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Нийтийн тээвэрт иргэдийг татахын тулд гол коридор замаа сайжруулах ёстой. Энэ гол коридор нь одоо бол Энх тайвны өргөн чөлөө л болчихоод байна. Шинэ суурьшлын бүс Яармаг руу ихэсч байна. Гэхдээ ерөнхий гол хөдөлгөөн баруунаас зүүн, урдаас хойшоо бүх хөдөлгөөн Энхтайваны өргөн чөлөөгөөр явдаг. Ганц Энхтайваны өргөн чөлөөгөөр явсаар Баянхошуу, Орбит, Толгойтоос эхлүүлсэн ачаалал Содон хорооллын замаас уруудаж орж ирээд Драгон төвийн ойролцоогоос эхлээд нам гацдаг. Тиймээс гол коридор замуудаа нэмье. Их тойруугаас Толгойт, Шархад хүртэл, 32-ын тойрог, Хороолол, Тасганы овоо гэсэн коридор замтай болъё. Урд талын Нарны зам бас гол коридор болох ёстой байсан ч X хороололд очоод Энх тайвны өргөн чөлөөтэй нийлчихэж байгаа. Нөгөө талаас явсаар байгаад Нарантуул худалдааны төвөөс эхлээд түгжирдэг. Цаашлаад явах юм бол Улиастайгаас түгжирдэг. Энэ бүхнийг салгаад гурван гол коридор замтай болгоод нийтийн тээвэртээ давуу эрхийг өгөөд маршрут, цагийн хуваарийнх нь дагуу явдаг болох юм бол иргэд нийтийн тээврээр зорчих нь ихэснэ. Дээрээс нь зорчилтын тоо ч нэмэгдэнэ.
-Яармагийн эцсээс Дөрөвдүгээр цахилгаан станц руу гүүр тавина гэж байсан. Энэхүү ажил хэзээ эхлэх вэ?
-2022 оны төсөвт суулгана гэж төлөвлөсөн. Эцсийн байдлаар батлагдаагүй. Ер нь бол 2022 оноос эхлэх болов уу л гэж бодож байна.
-Ирэх жилийн төлөвлөгөөнд эдгээр ажлуудын алийг нь хийх вэ?
-Зам барилгын ажилд гүүр хийхэд суурийг нь цутгана, шонгоо суулгана. Түүнийгээ бетоноор цутгана. Бетоны бэхжилтийн хугацаа дор хаяж 14 хоног. Нэг гүүрэнд доод тал нь 6-8 шон суулгана. Ингээд гүүрийн бэхжилтийн хугацаа өөрөө 28 хоногийг авч байдаг. Тэгэхээр гүүрийн барилгын ажил өөрөө асар их цаг авдаг. Тиймээс бид аль болох гүүрэн байгууламжийн ажлуудаа түрүүлж эхлүүлэх шаардлагатай. Гүүрэн байгууламж барихад дор хаяж хоёр жил зарцуулна. Дараа жилүүдээс нь замын ажлуудтайгаа нийлүүлээд шахаж болно. Яагаад гэвэл бетоны бэхжилт гэдэг технологийн шаардлагын дагуу явагдах ёстой. Түүнийгээ 2022 ондоо хийгээд 2023 онд замынхаа ажлуудтайгаа зэрэгцүүлээд дуусгачихаж болохоор байгаа.
-Зам барилгын ажилд хамгийн их тулгардаг асуудал юу вэ?
-Газар чөлөөлөлт. Хотын хувьд нягтаршил асар их байгаа. Хүн амын 50 хувь нь газар нутгийнхаа 0.3-хан хувьд амьдардаг. Нягтаршил ихтэй байх тусам газар чөлөөлөлтийн асуудал хэцүү болдог. Тэгэхээр газар чөлөөлөлтийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй. Газар чөлөөлөлтөд шаардлагатай хөрөнгийг 2022 оны төсөвт суулгаад явж байгаа.
-Ирэх онд замын түгжрэлийг бууруулахын тулд хэдэн төгрөгийн төсөв шаардлагатай вэ?
-Тавдугаар сард Засгийн газарт танилцуулсан. Түгжрэлийг бууруулахад 9 их наяд төгрөгийн төсөв шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Түүнээс 420 тэрбум төгрөг гэдэг хаанаа ч хүрэхгүй. Үндэсний хорооны төлөвлөгөө зөөлөн, хатуу бодлогыг хамтад нь хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ. Үүнд холбогдох хууль, дүрэм, журмыг бүгдийг нь шинэчлэх ажлууд орж байгаа. Энэ бүх ажлууд зэрэгцэж явж байж л үр дүнд хүрнэ үү гэхээс ганц зам бариад бүх зүйлийг шийднэ гэж байхгүй. Ямар учраас зам бариад байна гэхээр гол коридор зам болох ёстой байсан зам нь голоороо тасарчихсан. Тиймээс боломжит ганц зам болох Энхтайваны өргөн чөлөө рүү нийлээд байгаа. Тэнд тасарчихсан замуудаа гол коридортойгоо нийлүүлнэ гэж л зам барилгын ажлыг төсөвт суулгаж байгаа. Түүнтэй давхцаад зөөлөн бодлогын аргаар хэрэгжүүлэх цахим гэрчилгээг нэвтрүүлэх, дүрмийн хэрэгжилтийг хангуулах, зогсоол бий болгох, автомашины төлбөрийн системийг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай. Жишээ нь, бидний судалгаагаар хөдөө орон нутгаас 4-5-аараа машинтайгаа орж ирээд ээлжилж бүтэн өдөржин таксинд явж халтуур хийгээд буцаад гараад явдаг. Гэтэл орон нутгийн дугаартай машинаас бид татвар авдаггүй. Товчоон дээр л 500 төгрөг авдаг. Тэгээд л боллоо. Гэтэл зам ашигласны төлбөр 20, 30, 40 мянга гээд моторынхоо хэмжээнээс хамаардаг. Зарим машин бүтэн өдөржингөө явдаг. Өдөртөө 30, 40, 50, 60 км явж байна. Гэтэл зарим хэсэг нь бараг машинаа унадаггүй. Ийм байтал бүгд адилхан хэмжээний татвар төлдөг. Ингэж бүгд адилхан татвар төлнө гэдэг өөрөө их шударга бус. Олон улсын жишгээр харах юм бол Америк, Япон, Шейвцарь зэрэг улсууд бензин авсан бутархай мөнгө нь авто замын сан руугаа орж байдаг. Тэр нь эргээд зам засахад зарцуулагддаг. Бид үүнийг засч, их явдаг бол их мөнгө төл, бага явдаг нь бага мөнгөө төл гэдэг зөөлөн бодлогын аргыг нэвтрүүлэхээр зорьж байна.
-Байгаа замуудаа өргөтгөх боломж хэр байна. Нэг их олон эгнээ замтай юм шиг нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр зорчуулна гэх юм?
-Өргөтгөх гэдэг нь өөрөө ямар зам байгаагаас хамаарна. Үнэхээр гол зам бол гурван эгнээтэй байсан ч болно. Туслах байлаа гэхэд заавал өргөн зам байх шаардлагагүй. Хэр их ачаалал авч байна. Хэдэн машин зорчиж байна гэдгээс хамаараад өргөн байх юм уу, нарийн байх юм уу гэдгийг тооцоолж гаргах хэрэгтэй. Гол замыг артерын зам гэж нэрлэдэг. Замыг үндсэн шинж чанараар нь артерын, хуримтлуулагч, хороолол доторх зам гэж ангилдаг. Артерын зам дээр хурд чухал. Орц, гарц багатай байх ёстой. Коллектор зам бол орц, гарц их, хурд саармаг байдлаар зохицуулж өгөх ёстой. Хороолол доторх замд 20 км цагийн хурдтай орц, гарц маш нээлттэй байх ёстой. Одоо гараж хайс, хашлагыг нураана гээд байгаа чинь хороолол доторх замуудыг хаачихсан байдаг. Түүнээсээ болоод хотхон болгон төв зам руугаа орц, гарцаа нээгээд ирдэг. Ингэхээр авто замын шинж чанар гэдэг юм чинь эсрэгээрээ болчихоод байна. Бид нар Энхтайваны өргөн чөлөө дээр судалгаа хийхэд 12 км зам дээр 120 орц гарц байна. 100 м тутамд нэг орц гарц байна гэдэг нь өөрөө хүссэн хүсээгүй түгжрэл үүсэх нь ойлгомжтой. Мөн зам дагуу зогсоолууд байна. Ялангуяа төв зам дагуу автомашины зогсоолууд. Энэ бол байж болохгүй асуудал. Уулзварын дахин инженерчлэлийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Түүнийг хүмүүс ойлгохдоо зам өргөн байх юм бол түгжрэл үүсэхгүй гэж ойлгоод байдаг. Уулзвар дээр нэгхэн жишээ татахад Гадаад хэргийн яамны уулзвар найман эгнээ. Гэтэл цааш чигээрээ гараад Шангрилагийн уулзвар дээр очиход хоёрхон эгнээ болчихдог. Дөрвөн эгнээ чихэж яваад хоёрхон эгнээ болчихоор үл ойлголцох цэг гэж бий. Үл ойлголцлын цэг олон болоод ирэхэд уулзвар дээр машинууд нэг нэгнийхээ араас орох гээд удаад уулзвараа таглаж зогсоод чагтлагдчихдаг. Ийм байдал уулзвар дээр үүсээд байгаа болохоор аль болох компактны байх ёстой. Хоёр эгнээ явж байвал хоёр эгнээ хүлээж авна. Илүү юм байх ёсгүй.
-Явган хүний гарцууд түгжрэлд нөлөөлдөг үү?
-Уулзварууд өргөн байх тусмаа явган хүний туулах цаг уртасна. Хүн секундэд хэд алхах вэ, хүүхэд, хөгшин хүн хэд алхах вэ гэдэг тооцооллыг бодоод үзэх юм бол зам 30, 40 м өргөн байх тусам туулах хугацаа уртасна. Энэ хэрээр хүлээлтийн горим ихэснэ. Тэгээд баруун, зүүн талдаа шилжүүлэх дохиогоо өгөхөөр бас хугацаа нь нэмэгдэнэ. Үндсэн явж байгаа чиглэлийн хугацаа улам нэмэгддэг. Ийм учраас уулзвар аль болох шахуу байршилтай хурдан нэвтэрч гардаг байх юм бол явган хүн ч хурдан гараад явна. Автомашин ч уулзвараар хурдан нэвтэрнэ.
-Явган хүний гүүрэн гацуудыг нэмье гээд байгаа. Энэ нь түгжрэлд нөлөөлөх үү?
-Гүүрэн гарцуудыг нэмж болно. Түүн дээр эрэлт, зорчилтын судалгаа хийгээд хэдий хэмжээний явган хүн зорчиж байна гэдгээсээ хамаарч гүүрэн байгууламж болгох уу, нүхэн гарц болгох уу, явган хүний гарц байх уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Үүнд зарим нэгэн нөхцөл байдал үүсээд байгаа. Монголчууд замаа хийхдээ дизайн ихтэй барьдаг. Налайхын зам бол хамгийн тод жишээ. Хурдны зам шиг гурван эгнээтэй. Ямар ч орц, гарц байхгүй. Орц, гарц байхгүй гэрлэн дохиогүй бол тэр хүн мэдээж хурдтай явна. Хичнээн хурдны хязгаараа бариад явсан ч 60-80 км цаг хурдтай явна. Энэ тохиолдолд явган хүний гарцыг нэг түвшинд хийнэ гэдэг нь өөрөө аюулгүй байдал талаасаа маш эрсдэлтэй. Ийм нөхцөлүүдээс хамаараад үнэхээр нэгдүгээр зэрэглэлийн зам бол гүүр юмуу нүхэн гарц хийхээ шийдэх хэрэгтэй.
-Яармагийн зам дээр жишээ аваад үзье л дээ. Тэнд өглөө оройдоо наашаа цаашаа битүү, ачааллаа дийлдэггүй. Уулаа нүхлээд шууд Төв аймаг руу явдаг болох, уулын замаа үргэлжлүүлэх гээд олон л жил ярилаа…
-Яармагийн замын түгжрэл яг хаанаас эхлээд байна гэдгийг урагш нь гүйлгээд харах юм бол хуучин комбинатын цагаан хаалганаас эхэлдэг. Зургаан эгнээ зам байгаа. Талдаа гурав гурав. Яармагийн гүүр ч гурав гурван эгнээ байдаг. Гэтэл Нарны гүүрний уулзвар дээр зөвхөн нэг эгнээ нь зүүн эргэх горимоор явагдана. Түүний яг хажууд нь шахуу автобусны буудал. Автобусны буудал дээр нийтийн тээврүүд нь таглаад зогсчихдог, ингээд машинуудаа оруулдаггүй. Ийм байдал үүсэхээр ялгаа байхгүй тэр гурван эгнээний нэг нь л ажиллаж байгаа юм. Хоёр эгнээ биш, ганцхан эгнээгээр явсаар байгаад бүх түгжрэл тэндээс эхэлж байна. Тэгэхээр үүнийг засахын тулд Нарны гүүрний уулзваруудад дахин инженерчлэл хийх шаардлагатай. Түүн дээр зүүн эргэх халаас нэмж өгөөд, хоёр эгнээ бүтэн урагшаа явдаг байх хэрэгтэй. Бид нэг уулзвар нэмээд болно гэж боддог. Нэг уулзвар нэмэгдлээ, нэвтрүүлэх чадвар сайжирлаа. Дараагийн уулзвар дээр ирээд 100 м явахад л дахиад нөгөө түгжрэл үүснэ. Энэ мэт олон асуудлыг шийдэх хэрэгтэй байна.