Categories
мэдээ цаг-үе

Б.Очирбат: Оросууд махны экспортын нөхцөлийг хөнгөвчилсөн, манайх бог малын маханд квот тогтоохоо больсон

Монголын махны худалдааны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат Орос Монголын бизнесийн форумын үеэр махны экспортын талаар дугуй ширээний уулзалтад оролцсон юм. Уулзалтын үеэр мах экспортлох хэд хэдэн хөнгөлөлт үзүүлэх болсон тухай яригджээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.


-Монголчууд эртнээс Орос руу мах гаргадаг байсан. Яагаад энэ уламжлал тасалдав?

-Монголчууд олон жилийн турш оросуудад мах нийлүүлж ирсэн түүхтэй. Саяхан болсон “Монгол Оросын хамтын ажиллагаа 2017” форумын үеэр хөдөө аж ахуйн салбарын чиглэлээр болсон дугуй ширээний уулзалтад оролцож Монголын махны экспортын өнгөрсөн, өнөө, ирээдүйн талаар илтгэл тавьсан. 1921 оны Ардын хувьсгалаас өмнө мал аж ахуйн бүтээгдэхүүний томоохон экспорт хийдэг байсан. Ардын хувьсгалаас хойш бүр үйлдвэрлэлийн хэмжээнд мал аж ахуйн бүтээгдэхүүнээ гаргадаг болсон. 1946 онд Оросын тусламжаар В.Сталины нэрэмжит мах боловсруулах комбинатыг барьсан ю м шүү дээ. Түүнээс хойш 70 жил ихээхэн хэмжээний мах экспортлосон. Гэтэл яагаад экспорт буурчихсан бэ гэхээр нэгдүгээрт, эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдсөн. Өмнө нь улс төвлөрсөн төлөвлөгөөт байдлаар мах бэлтгэж гаргадаг байсан бол өнөөдөр мал хувьд шилжсэнээр малчид өөрсдөө экспорт хийх шаардлагатай болчихсон. Хоёрдугаарт, мах бэлтгэдэг нэгдсэн сүлжээ байхгүй болсон. Малын эрүүл мэндийг шалгаад нэгдсэн туувар хийж, нэг газар төвлөрүүлж, экспортод гаргадаг байсан тогтолцоо, бүтэц алга. Мөн зах зээлийн эдийн засагт шилжихтэй холбогдоод хил гаалийн татвар өссөн. Дээр нь малыг амьдаар нь гаргахыг хориглоод, зөвхөн бэлтгэсэн мах л гаргадаг болсон. Тиймээс экспортын маханд тавигдах шаардлага маш өндөр болчихож байгаа юм. Тэгэхээр малчид, компаниуд махаа гаргах чадваргүй болсон.

-2011 онд нэлээд өссөн гэдэг мэдээ байдаг.

-Тэр үед арав гаруй мянган тонн болоод найм болсон шиг санаж байна. Түүнээс хойш тасралтгүй буурсан. Өнөөдөр хэдхэн мянган тонн л гаргах боломжтой.

-Засгийн газрууд буруу шийдвэр гаргаж байсан гэж компанийн захирлууд ярьдаг шүү дээ.

-Экспорт буурах шалтгааны нэг нь Засгийн газруудын зарим буруу шийдвэрээс үүдэлтэй гэдэг нь үнэн. Зарим тохиолдолд хааж боосон, хүндрэл үүсгэсэн шийдвэр гаргаж байсан.

-Жишээлбэл?

-ОХУ-ын Засгийн газар эхний үед Эрхүүд Монголоос мах нийлүүлэх эрхийг Москвагаас авдаг журам гаргачихсан. Энэ зөвшөөрлийг авахад маш их цаг хугацаа, хөрөнгө шаардана. Дээр нь яг ямар малын махыг ямар хэмжээгээр авахыг квотоор хязгаарласан. Нөгөө Москвагаас авах зөвшөөрлийг албан тушаалтнууд санаатай, санаандгүй гацаана. Гэтэл махны бизнес гэдэг цаг хугацаатай уралдаж хийдэг ажил. Энэ нь маш их саадтай. Оросууд саяханаас энэ том саадаа зогсоож байгаагаа зарласан. Тухайн компаниуд ямар мах, ямар хэмжээгээр авахаа өөрсдөө бизнесийн зарчмаар шийднэ.

-Бизнесийн зарчимаар гэдэг нь юу гэсэн үг вэ?

– Мах худалдан авах компани малчинтайгаа үнэ өртгөө тохироод, хэзээ, ямар хэмжээгээр авахаа өөрсдөө шийдэх боломжтой гэсэн үг.

-Гэхдээ хилийн хорио цээрийн шаардлага хэвээрээ биз дээ?

-Мэдээж тэр шаардлагыг хангана. Манай Засгийн газар бас оросуудыг дууриагаад 2012 онд махны экспортыг квоттой болгочихсон. Энэ нь бас экспортод муугаар нөлөөлс1өн.

-Манай Засгийн газар яагаад квот тогтоосон юм бол?

– Тухайн үедээ мал ингэж өснө гэж тооцоогүй. Хэмжээ, хязгааргүй гаргах байх гэж таамагласан юм шиг байгаа юм. Ер нь мал сүргийн бүтэцтэй холбоотой квот тогтоох нь зөв байх. Жишээлбэл адуу, үхэрт квот тогтоохгүй бол дан хонь, ямаа үлдээд адуу, үхэр цөөрнө.

-Яагаад квот тогтоохоор экспортод сөрөг нөлөө гардаг юм бэ?

-Яагаад гэвэл квотын хэмжээ хязгаартай. Тэгэхээр албан тушаалтнууд танил талдаа баахан квот өгчихдөг юм билээ. Мал нийлүүлэх малчид, мах бэлтгэх үйлдвэрүүддээ квот өгөхгүй ямар ч малгүй, үйлдвэргүй улсуудад квотоо өгчихнө. Нөгөө махны экспортын квот авсан улсуудад чинь үйлдвэрүүдэд “За би квоттой та нар ашгаасаа хуваалц” гэсэн юм ярьдаг. Гэтэл махны экспортын квотоо булаалгасан үйлдвэрүүд тэдэнд ашиг өгөх нь бүү хэл өөрсдөө ашиг олох эсэх нь эрсдэлтэй биз дээ. Үүнээс болж экспорт зогсдог л доо.

-Манай Засгийн газар энэ алдаагаа зассан уу?

-Өнгөрсөн жилээс хонь, ямаанд квот тогтоохоо больсон. Энэ их сайн шийдвэр. Мэдээж адуу, үхэрт тодорхой хэмжээний хязгаарлалт байлгүй яахав.

-Засгийн газрууд шаардлагатай арга хэмжээг авчихлаа. Одоо малчид мах экспортлоход ямар саад байна?

-Зөвхөн ОХУ-д мах экспортлох асуудлыг яриад байгаа юм биш л дээ. Бусад оронд ч гэсэн экспорт хийх өөрөөр хэлбэл бог малаа ахиухан гаргахад нэлээд ажил зохион байгуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд эрүүлжүүлэх шаардлагатай.

-Бог мал их хэмжээгээр авах гадаад орнууд байгаа юу?

-Байгаа. Ер нь малаа эрүүлжүүлэхгүй бол ямар ч оронд гаргах боломжгүй.

-Урт хугацаа шаардагдах уу?

-Олон улсын бэлэн туршлага байна. Хуучин мал бааз гэж байсан. Түүнтэй адилхан тодорхой хэмжээний эрүүл бүс байгуулах хэрэгтэй. Саяхан Засгийн газрын шийдвэр гарсан. Аймаг бүрт малын эрүүл бүс байгуулна. Орон нутагт тийм баазыг байгуулаад малаа авчраад нэг сар хашчихна. Сарын хугацаанд гаднаас мал оруулахгүй, дотроос гаргахгүй. Энэ хугацаанд бэлтгэлийн малыг суурилаад вакумжсан орчинд нэг сараас дээш хугацаанд байлгана. Энэ хугацаанд дотроос юу ч гаргахгүй, гаднаас юу ч оруулахгүй.

-Энэ ажлыг хэн зохион байгуулах вэ?

-Энэ ажлыг Засгийн газар, махны үйлдвэр, малчид орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэй зохион байгуулна.

-Яагаад нэг сараас дээш хаших ёстой вэ?

-Нэг сарын хугацаанд мал эрүүл эсэх нь баталгаатай тогтоогдоно. Сүүлийн үед хот суурин газрынхныг вакцинтай малын мах идэж байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Өөрөөр хэлбэл хоёр хоногийн өмнө вакцин хийлгэсэн малаа нядлаад суурин газар луу зараад байна гэсэн үг. Гэтэл вакцин хийлгэсэн малын махыг нэг сарын дараа хэрэглэх ёстой. Гэхдээ энэ баазад байгаа малын эрүүл мэндийг шалгана. Ажиглана. Тэгээд нэг ээлж нь гарахаар дараагийн ээлжийг оруулна. Энэ тохиолдолд өвчтэй, стандартад тохирохгүй гэх мэтийн хориг эрс буурна.

-Тухайн нутагт өвчин гарчихвал асуудал үүсэх үү?

-Ямар ч асуудал үүсэхгүй. Вакумжсан орчинд байгаа малд ямар ч аюул нүүрлэхгүй. Гадны орнууд ингэж малаа найдвартай эрүүлжүүлж экспортод гаргадаг.

– Малчид аймагтаа байгуулсан эрүүлжсэн бүсэд малаа аваачиж өгөхөд ямар нэгэн бэрхшээл тулгарах болов уу?

-Малчид махаа борлуулахын түүс болж байна. Махны үйлдвэрүүд мах авах сонирхол ихтэй байгаа. Сүүлийн 2 0 жил махны үйлдвэрүүд өөрсдөө орон нутгаас махаа бэлддэг болсон. Махны үйлдвэрийн брокерууд малын эмчтэй газар дээр нь очоод малаа үзээд, гэрээ хэлцлээ хийгээд, шинжлээд, ээмэгжүүлээд ачаад үйлдвэртээ авчирдаг болсон.

-Эрүүл малын бааз байгуулах ажил эхэлчихсэн үү?

-Саяхан шийдвэр нь гарсан. Энэ жилээс эхлээд байгуулж эхэлнэ.

-Бааз байгуулахад хэн юу бэлдэх хэрэгтэй вэ?

-Хашаа хороо байгуулна шүү дээ. Эхний ээлжинд орон нутгийн засаг захиргаа энэ нь малчдад чухал ач холбогдолтой гэдгийг бодож газрын асуудлыг яаралтай шийдэж өгөх хэрэгтэй. Махны үйлдвэрүүдийн хүссэн хэмжээний газрыг шийдэх хэрэгтэй. Бүх аймгуудад байгуулагдах учраас хөрөнгө, хугацаа шаардлагатай. Гэхдээ эхний ээлжинд хэдэн аймгуудад үлгэр жишээ байгуулчихвал бусад аймгууд туршлагыг ашиглаад богино хугацаанд нийт аймгуудад байгуулах боломж бүрдэнэ.

-Оросуудад махны экспортын талаарх эрэгжүүлэх ажлаа танилцуулсан уу?

-Танилцуулсан. Бидний хийж байгаа ажлыг талархалтайгаар хүлээж авсан. Цаашид дэмжиж, хамтарч ажиллах тухайгаа мэдэгдсэн. Зөвхөн оросууд ч биш. Энэ ажил чинь Хятад, Иран гээд манайхаас мах импортлох сонирхолтой бүх орнуудад ашигтай учраас гадныхны сонирхлыг татаж байгаа байхгүй юу.

-Экспорт нэмэгдэхээр үйлдвэрийн хүчин чадал хүрэлцэх үү?

-Энэ тухай дугуй ширээний уулзалт дээр яригдсан. Оросын хуучин барилгууд байна.

-Хаана?

-Нийслэлд III, IV хороолол гээд өөр олон барилгууд байгаа. Энэ барилгуудыг дулаалах зэрэг янз бүрийн асуудал дээр оросууд туслах санал тавьсан байгаа юм. Барилгачдаа хүртэл явуулна гэсэн байгаа юм. Харин би тэдэнд “ Орон сууц засаж болж байна. Их сайн. Тэгвэл бидэнд махны чиглэлийн ашигтай санал байна. Дорнод аймгийн Чойбалсан хотод байгаа махны үйлдвэр ажиллахгүй арваад жил болж байгаа. Түүнийг хамтарсан компани байгуулж хөрөнгө оруулж ашиглая” гэж оросуудад хэлсэн.

-Тэр ямар учиртай үйлдвэр вэ?

-Оросуудын барьж өгсөн том үйлдвэр. Энэ үйлдвэрийг сэргээгээд ашиглавал маш их боломж гарна.

-Хэний эзэмшилд байгаа барилга вэ?

-Банкинд зээлийн барьцаанд байгаа. Гэхдээ энэ барилгыг барьцаанаас аваад үлгэр жишээ хамтарсан үйлдвэр байгуулах боломж бий. Барилга нь байна. Технологи, дэд бүтэц, ажиллах хүчин, мал бүх зүйл нь бэлэн байна. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй байхгүй юу. Урагшаа хойшоо хааш нь ч малын мах экспортолж болно. Оросын тал энэ саналыг их сонирхож байгаа юм шиг байсан. Энэ мэтээр хамтарсан үйлвэрүүдийг олноор байгуулбал аль ч оронд экспорт хийхэд хөнгөн болно шүү дээ.

-Боловсон хүчин хэр байгаа бол?

-Энэ үйлдвэрийн ажилчид уул уурхай, барилга, мал гээд тараад явчихсан. Уг нь өндөр түвшинд мах боловсруулдаг байсан. Гэхдээ сургалт явуулаад мэргэжлийн ажилчид бэлдэхэд нэг их хугацаа орохгүй л дээ. Манайхан малын дөртэй улсууд.

-Малаа эрүүлжүүлээд, их хэмжээгээр экспорт хийгээд эхэллээ. Бэлчээрийн асуудал хүндэрч байгаа гэсэн мэдээ гараад байна.

-Оросууд мал эрүүлжүүлэхэд маш их тусалж байна. Малыг вакцинаар хангаж байна. Цаашдаа хамтарна гэдгээ мэдэгдсэн. Бэлчээрийн хувьд эхний ээлжинд эзэнтэй болгох хэрэгтэй. Эзэнтэй болгоно гэдэг нь төлбөртэй болгох тухай ярьж байгаа юм.

-Малчид үүнийг зөвшөөрөх үү?

-Малчид өөрсдөө ийм хүсэлт тавиад байгаа юм. Төр засаг малын бэлчээрийг төлбөртэй болгох ёстой гэж үздэг болсон.

-Яагаад?

-2-4 мянган малтай малчин бүхэл сумаар өвсийг идүүлнэ. 200-300 малтай малчин нь ямар ч бэлчээргүй хоцроод байдаг юм байна. Төлбөртэй болгочихвол бэлчээрээ өндөр ашигтай байлгах талаар санаа тавина. Хамгаална. Үгүйдээ гэхэд хөрсний эвдрэл, цөлжилтөд санаа тавьж эхэлнэ биз дээ.

-Та бэлчээрийг үнэлээд асуудал шийдэгдэнэ гэж итгэж байна уу?

-Шийдэгдэнэ. Гэхдээ нэг их тэнгэрт хадсан үнэ тогтоохгүй. Бага багаар боломжийн түвшинд үнэ тогтоох хэрэгтэй. Өндөр ашиг шимтэй малтай малчин билчээрийн үнээ төлчихнө. Баахан төлөг шиг малтай хүнд бол хэцүү. Тиймээс малчид малынхаа чанарт анхаарал хандуулна. Бэлчээр төлбөртэй болох нь олон талын ашигтай.

-Мал аж ахуй газар тариалантай зөрчилдөж байна гэдэг.

-Үнэхээр зөрчилдөнө. Газар тариалангийн бүсэд зөвхөн фермерийн мал аж ахуй л эрхлэх ёстой.

-Газар тариалангийн бүсэд мал аж ахуй эрхлэх болбол яах вэ?

-Газар тариалангийн бүсэд мал аж ахуй эрхлэх шаардлагагүй. Мал аж ахуй эрхлэх газар тариалангүй маш их газар Монголд бий.

-Малчдыг хөөнө гэсэн үг ү?

-Төр нялцгай байж болохгүй ирээдүйд хэрэгтэй шийдвэрийг бол хэрэгжүүлэх л хэрэгтэй.

Х.Баттөгс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *