Categories
мэдээ цаг-үе

Б.Очирбат: Энэ сардаа багтаагаад эхний ээлжинд адууны махаа экспортолно

Махны экспортын талаар Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбаттайярилцлаа.


– “COVID-19” цар тахлаас болж, дэлхий дахин эдийн засгийн хямралд ороод байна. Энэ хямрал махны экспортод хэр нөлөөлж байна вэ?

-“Ковид-19” цар тахал гарснаар махны салбар, тэр дундаа махны экспорт зогсонги байлаа. Улсын онцгой комисс, Монгол Улсын Засгийн газар болон бусад холбогдох газрууд хэлэлцэж, тавдугаар сард багтаагаад намар бэлдсэн адууны махыг эхний ээлжинд хорио цээрийн журмыг баримталж экспортлох чиглэлтэй байна. Өнгөрсөн баасан гаригт ХХААХҮЯ-наас ажлын хэсэг цуглаад махны квотыг БНХАУ болон эрх авсан бүх компаниудад хуваарилсан. Ирэх долоо хоногоос махаа ачих, хил давуулах төрөл горимыг судлаад түүнийг хэрэгжүүлэх бололцоотой компаниуд гаргаж эхлэх байх.

-Монгол Улс жилд хэчнээн тонн мах эскпортолдог юм бэ. Энэ жил хэчнээн тонныг гаргахаар төлөвлөж байна?

-Ер нь 2017 оноос хойш тасралтгүй их хэмжээгээр экспортолж эхэлсэн шүү дээ. Тэрнээс өмнө арайбага байсан. Жилд 2000-3000 тонн мах л экпортолдог байлаа. Харин одоо байдал өөрчлөгдсөн. 2018 онд гэхэд 72 гаруй мянган тонн мах, 2019 онд 50 гаруй мянган тонн мах экспортлосон байна. Энэ жил 60-70 мянган тонн мах экпортолно гэсэн төлөвлөгөөтэйбайсан. Гэтэл давагдашгүй хүчин зүйл буюу цар тахал өвчин гараад бүх зүйл хоригдлоо. Ингээд мах экспортолт бүрэн зогсчихсон байсан. Одоо л хөдөлгөөнд орох гэж байна.

-Хөлдүү махнаас өөрөөр хэрхэн ангилж гаргаж байгаа вэ?

-Ер нь ангилалтаас хамаарч махны экспорт сүүлийн жилүүдэд нэлээн нэмэгдсэн. Урьд нь зөвхөн хөлдүү мах л гаргаж байсан бол одоо олон төрлийн боловсруулалт хийж гаргаж байгаа. Яснаас нь шулаад хайрцаглах, ангилах, чанах зэрэг янз бүрийн байдлаар гаргаж байна. Уг нь өвчингүй бол Монголын мах нилээн танигдаж урд хойд хөршүүд булангийн орон гэх Иран, Кувет улсууд нэлээн авах төлөвтэйбайгаа л даа.

-Монгол махны чанар хэр вэ?

-Монгол махны чанар олон улсад гологдохгүй. Гологдох нэг шалтгаан бол малын өвчин. Тэр дундаа шүлхий. Сүүлийн гурван жил халдварт шүлхий гарсангүй. Шүлхий гоц халдварт өвчин учраас өвчтэй малын махыг дэлхий нийтээрээ ихэд хориглодог шүү дээ. 2016 оноос хойш шүлхий өвчин манайд гарсангүй. Тиймээс монгол мах дэлхийн шаардлагыг хангах болсон. Хоёрдугаарт, дээхнэ үед үйлдвэрүүдийн хүчин чадал, боловсруулах нарийн технологи нэвтрээгүйбайсан. Ер нь бол 2015 оноос өмнө бод малыг нядлаад дөрөв хөрөөдөөд л яс үстэйнь вагонд ачаад Орос руу гаргадаг байсан. Одоо бол цээжин тал, бөгсөн талын мах гэх зэргээр янз бүрээр ангилаад нэмүү өртөг бийболгоод гаргадаг болсон. Тэгэхээр манай махны үйлдвэрүүд нэлээн хөгжиж дэлхийнийтийн тавьж байгаа шаардлагад дөхөж очиж байна. Дэлхийн улс орнууд монгол махыг сүүлийн үед их сонирхож байна. Манай Монголын мах уураг, шим тэжээлийн хувьд ч тэр, олон төрлийн эмийн ургамал иддэг гэх зэрэг давуу талтай. Ганцхан шүлхийөвчнийулмаас хорио цээртэй байсан. Одоо бол энэ салбар их ирээдүйтэй, хөгжих бололцоотойболсон. Ер нь бид уул уурхайгаас илүү МАА-н салбар руу түлхүү анхаарах цаг болсон. Эргэж нөхөгдөж бий болдог баялаг шүү дээ. Энэ жил арван сая мал бэлтгэлээ гэхэд дараа жил нь хорин сая төл авна. Мал аж ахуй бол дундаршгүй баялаг. Үүнийгээ л Монгол Улсын засгийн газар, малчид, махны үйлдвэрийнхэн ойлгоод махаа экспртолбол дэлхийд үнэ цэнээ алдахгүй. Ер нь Монголчуудыг тэжээх гол эх үүсвэр нь мал аж ахуй.

-Энэ жил ямар улсуудтаймах экспортлох тохироо хийсэн бэ?

-Мах экспортлохоор Хятадтай гэрээ хийсэн. Оросын холбооны улстайбага хэмжээний адууны мах экспортлох, мөн булангийн орнууд болох Иран, Кувет зэрэг улсуудтайгэрээтэйбайна. Ер нь экпортлох тийм ч олон орон хэрэггүй шүү дээ. Бид яг үнэндээ Хятадын Бээжин хотын нэг жилийн махны хэрэгцээг ч бэлдэж чадахгүй л улс. Тэгэхээр ойрын хоёр хөрш, булангийн орнууд руу экспортолно. Мөн Япон, Солонгост багахан хэмжээгээр туршилтын журмаар гаргаж байна. Махны чанар сайжраад боловсруулалт дээшлээд мал өвчингүй байгаад байвал Хятад улс руу л экспортлоод байхад хангалттайболчихож байгаа юм л даа.

-Ер нь манайх эрчимжсэн мал аж ахуйгаа хэр хөгжүүлж байна вэ?

-Энэ бол хөндөх ёстой том асуудал шүү. Монгол мал, тэр дундаа бэлчээрийн мал аж ахуй л хамгийн сайн нь гээд байвал энэ улс оронд ашиг бага өгнө шүү дээ. Ухаандаа гадаадад бярууны гулууз амьдын жин нь 300-400 кг байдаг. Гэтэл манайд өчнөөн жил маллаж, нас бие гүйцсэн шар үхэр 300-400 кг жинтэй. Тэгэхээр эрчимжсэн мал аж ахуй, махны үйлдвэрлэлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Яахав, нүүдлийн мал аж ахуй буюу бэлчээрийн мал аж ахуйгаа монголчууд өөрсдөө хэрэглэж л байг. Харин гадагшаа экспортлохдоо махны чиглэлийн мал үйлдвэрлэх зайлшгүй хэрэгтэй болж байгаа юм л даа. Хоёр үхрийн махнаас гаргаж байгаа гулуузыг нэг үхрээс гаргадаг болохын тулд л зүтгэж ажиллах хэрэгтэйюм. Үүн дээр хамгийн гол нь материаллаг бааз болох өвс тэжээлийн асуудал чухал. Ингэснээрээ махаа жилийн дөрвөн улиралд экспортлох бололцоотой. Одоогийн байдлаар манайх намар, өвөл нядлаад л экспортолж байна. Түүнээс хойш мал тарга автал экспорт хийж чадахгүй байна шүү дээ. Ер нь махны чиглэлийн малыг тодорхой хэмжээгээр өсгөж экспортынхоо хэрэглээг хангах явдал бол манайд тулгамдсан асуудал болоод байна.

-Танай махны холбоог гадныхантай биш Ч.Улаан сайдтай тохироо хийгээд байна гэж гадуур яриад байна. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?

-Бид тэрийг сайн мэдэхгүй. Компаниуд гадныхантайөөрсдөө гэрээгээ хийнэ шүү дээ. Социализмын үед л улсууд хоорондоо гэрээ хийдэг байсан. Одоо бол дурын гадны компанитайгэрээ хийнэ. Улсын хооронд гэрээ хийхгүй болоод олон жил болж байна.

Жишээлбэл, “Мах-Импекс” гэхэд Хятадын компанитайгэрээ хийгээд тэр гэрээ нь шаардлага хангавал хоорондоо наймаагаа хийж байна. Түүнд ерөөсөө Махны холбоо, ХХААХҮ яам оролцох үндэслэл байхгүй. Зөвхөн компаниуд хоорондоо шууд гэрээгээ хийж байгаа. Дэлхий нийтийн жишиг нь ийм. Харин энэ яриа бол зах зээл ойлгодоггүй, махны наймаа мэддэггүй хүмүүсийн л яриа байх.

Махны холбооны үүрэг юу вэ гэхээр Хятадаас мах авах хүмүүс ирнэ. Махны компаниудтай бид холбож өгнө. Ингээд манай улсад энэ улсын махыг авч болох уу, үгүй юү гэдгийг шалгахаар хяналтын болон хорио цээрийн байгууллага нь ирж шалгана.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *