Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Очирбат: Дуудлагын жолоочид жолоо шилжүүлэхдээ даатгал болон согтуурсан эсэхийг заавал шалгах хэрэгтэй DNN.mn

Дуудлагын жолоочийн үйлчилгээ эрхэлдэг иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын тээврийн хэрэгслийг жолоодох тохиолдол түгээмэл болжээ. Улмаар цагдаад баригдах нь бий. Энэ тохиолдолд торгууль болон тээврийн хэрэгсэл журмын хашаанд хоносон мөнгийг дуудлагын жолооч захиалсан этгээд төлж их хэмжээний хохирол амсах тохиолдол хэд хэд гарчээ. Дээрх журмын хашааны төлбөрийг дуудлагын жолооч төлөх үү, тээврийн хэрэгслийг эзэмшигч төлөх үү гэх асуудал маргаан дагуулдаг байна. Энэ асуудлын хүрээнд Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбатаас тодруулга авлаа.

-Дуудлагын жолооч согтуурсан үедээ бусдын тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцох, цагдаад баригдах асуудал гарах болжээ. Энэ тохиолдолд учирсан торгуулийг хэн нь төлөх вэ. Тээврийн хэрэгслийн эзэмшигч үү. Согтуугаар жолоо барьсан дуудлагын жолооч уу. Эрх зүйн зохицуулалт нь ямар байдаг юм бэ?

– Дуудлагын жолооч гэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Нэг талдаа такси үйлчилгээ гэж ойлгож болно. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч өөрөө зөвшөөрөөд машинаа бариулаад хүргүүлж байна.

Тэгэхээр жолоогоо шилжүүлж таарна. Энэ талаас нь харахад жолоогоо шилжүүлж байгаа үйлдэл. Жолоогоо шилжүүлэхдээ хувь хүн өөрөө эрхийн үнэмлэхтэй эсэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаад жолоогоо шилжүүлэх ёстой. Согтууруулах ундаа хэрэглэсэн дуудлагын жолоочид жолоо шилжүүлснээрээ эзэмшигч давхар хариуцлага хүлээнэ.

Ингээд харахад нэгдүгээрт согтуу хүнд жолоо шилжүүлсэн асуудал, хоёрдугаарт дуудлагын жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байгаа бол одоогийн зохицуулалтаар жолоодох эрхээ хасуулаад давхар 400 мянган төгрөгөөр торгуулна.

-Түр саатуулах байрны зардлын асуудал энд хөндөгдөж таарна. Хэн нь төлөх вэ?

-Цагдаагийн албаны тухай хууль болоод хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журамд заасны дагуу тээврийн хэрэгслийг түр саатуулах үндэслэл байгаа учраас тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зохицуулалттай.

Эрхийн үнэмлэхгүй юм уу согтуурсан этгээдэд жолоо шилжүүлсэн бол тухайн автомашины эзэмшигч өөрөө хариуцлага хүлээх ёстой.

-Дуудлагын жолооч бусдын тээврийн хэрэгслийг унаж яваад осол гаргавал хохирлыг хэн барагдуулах вэ?

-Энэ тохиолдолд дуудлагын жолооч жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан эсэх асуудал яригдана.

Дуудлагын жолооч жолоочийн хариуцлагын даатгалтай бол асуудлаараа даатгалаар шийдэх боломжтой. Ингэхлээр дуудлагын жолоочид жолоо шилжүүлэхдээ нэгдүгээрт тухайн этгээд жолооч мөн эсэх, согтуурсан эсэх, жолоочийн хариуцлагын даатгалтай эсэхийг шалгаж байх нь учирч болох эрсдэлээс сэргийлнэ.

Буух эзэн буцах хаяггүй дуудлагын жолоочоос зайлсхийх хэрэгтэй. Үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж рүү хандах нь эрсдэл багатай. Зүгээр дугаараа тавьсан хувь иргэн рүү хандахад ямар ч нөхцөл байдал үүсч болно” гэв.

Бусдад жолоо шилжүүлэхдээ тухайн этгээдийг жолооч мөн эсэх, жолоочийн албан журмын даатгалтай эсэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг заавал шалгаж байх ёстой гэнэ. Түүнчлэн баталгаатай газраас жолооч дуудах нь учирч болох эрсдэлээс сэргийлэх юм байна. Баталгаагүй, хэн нь мэдэгдэхгүй нэгэнд итгэж жолоогоо шилжүүлэх нь осол аваар хийх эрсдэл дагуулдаг аж. Бусдын тээврийн хэрэгслийг унаж яваад осол хийгээд хаяад зугтсан тохиолдол ч хэд хэд бүртгэгджээ. Энэ тохиолдолд буух эзэн, буцах хаяггүй тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрөө хохирол барагдуулахаасөөр аргагүйд хүрдэг байна.

One reply on “Б.Очирбат: Дуудлагын жолоочид жолоо шилжүүлэхдээ даатгал болон согтуурсан эсэхийг заавал шалгах хэрэгтэй DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *