Ирэх зургадугаар сарын 6-нд холбоотны цэргүүд Францын Нормандад буусны 70 жилийн ой тохионо. Дэлхийн II дайны үеэр баруун фронтыг нээж, баруун Европыг фашист Германаас чөлөөлөх тулаан болсон энэ өдрийг жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Түүхэн ойн арга хэмжээнд олон орны төр засгийн тэргүүнүүдийг урьж оролцуулдаг. Сүүлийн үед Украины асуудлаас АНУ болон барууныхан ОХУ-тай түнжин хагараад буй. Харин дээрх арга хэмжээ нь уг харилцаанд нааштай хандлагыг оруулах бололтой. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Францын Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авсан талаар хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ. Мөн тус арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама оролцохоо мэдэгдсэн ч Оросын төрийн тэргүүнтэй тусгайлан уулзахгүй гэдгээ онцолжээ. Ямартай ч Оросын хувьд Украины асуудлаас хойш барууны түншүүдтэйгээ нүүр тулах анхны уулзалт болох юм. Крымийг Орост нэгтгэх тухай санал асуулгаар нутгийн оршин суугчид ОХУ-ын бүрэлдэхүүнд орох хүсэлтэйгээ илэрхийлж байсан. Украины зүүн нутагт байдал тогтворгүй байгаа бөгөөд Оросыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байна. Мөн АНУ болон Европын холбооны зүгээс ОХУ-ын зарим хариуцлагатай ажилтныг хар жагсаалтад оруулан гадаад дахь дансыг нь хаасан юм. Түүхийг сөхвөл 1944 оны зургадугаар сарын 6-нд АНУ, Их Британи, Канадын 156 мянган цэрэг генерал Д.Эйзенхауэрийн удирдлага дор Францын баруун хойд хэсэгт орших Нормандад буусан нь түүхэндээ хамгийн олон цэргийг ийн буулгасан хэмээн тэмдэглэн үлджээ.