Categories
гадаад мэдээ

Б.Обама Кубад айлчиллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өчигдөр Кубын нийслэл Хавана хотноо хүрэлцэн очлоо. Түүний онгоц ням гаригийн орой Хавана хотын нисэх онгоцны буудалд газардсан юм. Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч 88 жилийн дараа тус аралд айлчиллаа. Хамгийн сүүлд 1928 онд Калвин Кулиж Америкийн төрийн тэргүүн байхдаа Кубад очсон түүхтэй.

Кубын удирдагч Р.Кастро АНУ-ын төрийн тэргүүнд зориулан хүндэтгэлийн зоог барьж, хоёр улсын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийснийхээ дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэх юм. Түүнээс гадна Б.Обама тус арал дээр байх хугацаандаа улс төрийн хэргээр буруутгагдсан Кубын иргэдтэй уулзахаар төлөвлөсөн тухай Цагаан ордноос мэдээлэв.

Энэ айлчлал нь Америк-Кубын харилцаанд маш том өөрчлөлт гаргана хэмээн ажиглагчид үзэж байгаа. Гэхдээ хоёр улсын харилцаа хэвийн болсон гэж хэлэхэд арай эрт байгааг ажиглагчид онцолсоор байна. АНУ нь одоогоос 54 жилийн өмнө Кубын эсрэг хориг тавьсан. Энэ нь цуцлагдаагүй бөгөөд Конгрессоор хэлэлцүүлж санал хураасны эцэст шийдвэр гаргах юм.

2014 оны арванхоёрдугаар сараас эхлэн хоёр улсын харилцаанд нааштай өөрчлөлт гарсан билээ. АНУ, Кубын төрийн тэргүүнүүд харилцаагаа сэргээх талаар ярилцаж эхэлсэн. Харин өнгөрсөн лхагва гаригт Б.Обама Куба руу захидал илгээсэн бөгөөд түүнийг нь шуудангийн онгоцоор Хаванад хүргэжээ. Ийнхүү хоёр улсын хоорондох шуудан харилцаа ч сэргэсэн юм.

Ю.ДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *