Өчигдөр үдээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Бээжин хотноо хүрэлцэн очлоо. Ийнхүү түүний БНХАУ-д хийж буй төрийн айлчлал эхэлжээ. Хятадад байх хугацаандаа Б.Обама Си Жиньпинтэй хоёр улсын харилцаа, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна. Мөн Бээжинд болж буй “APEC”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм.
АНУ-ын төрийн тэргүүний энэ удаагийн Хятадад хийж буй айлчлал нь долоо хоног үргэлжлэх юм. ОХУ, БНХАУ-ын харилцаа нэлээд сайн байгаа үед Америкийн Ерөнхийлөгч Хятадад айлчилж байна. Энэ нь АНУ-ын Ази тивийн улс орнуудтай хамтран ажиллахад чухал ач холбогдол өгч байгаа гэдгийн илэрхийлэл болох юм. Зарим ажиглагчдын үзэж байгаагаар Бээжин, Москва хоёр эрчим хүч, эдийн засаг, цэргийн салбарт түншлэлээ улам бүр бэхжүүлж байгаа нь АНУ-ын хувьд тийм ч таатай зүйл биш. Америкийн нэгэн судлаачийн ярьснаар Орос, Хятад хоёрын харилцаа Украины хямрал эхлэхээс өмнө сайжирч эхэлсэн аж. В.Путин, Си Жиньпин хоёр маш сайн ойлголцож байгаа. Тэгээд ч Си Жиньпин БНХАУ-ын даргаар томилогдсоныхоо дараа гадаадад хийсэн айлчлалаа Оросоос эхэлсэн юм. ОХУ Украины хямралаас болж нэлээд дарамтанд орчихоод байгаа бол Хонконгт ардчилсан сонгууль явуулахыг шаардсан цуглаан Хятадын эрх баригчдын толгойны өвчин болчихоод байгаа. Тиймээс эдгээр нь тус хоёр улсыг ямар нэгэн байдлаар нэгтгэж байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Оросын төрийн тэргүүн В.Путин нар уг арга хэмжээний хүрээнд албан бус уулзалт хийхээр болжээ. Украины хямралын улмаас баруун болон ОХУ-ын харилцаа нэлээд муудсан бөгөөд түүнийг хэвийн болгоход энэ уулзалт чухал үүрэгтэй гэдгийг ч улс төр судлаачид онцолсон юм. Дашрамд дурдахад, хэдхэн хоногийн дараа Австралид болох “Их 20”-ийн уулзалтаар Б.Обама, В.Путин нар дахин уулзана.