Categories
мэдээ цаг-үе

Б.Нямтайшир: Монголд буруу жишиг тогтож байна гэж хөрөнгө оруулагчид харна

МАК ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Нямтайширыг гадаад улсад ажиллаж байхад нь утсаар холбогдон дараахь тодруулгыг авлаа.


-УИХ-ын чуулган дээр таны хүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайдад хандан асуулт тавьж, улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танай компанийн мэдэлд байгаа Цагаан суваргын ордыг буцааж өг, удахгүй авна гэж мэдэгдсэн. Та хүүгийнхээ үйлдэлд ямар бодолтой байгаа вэ?

-Би хүүгийнхээ ярьж хэлж байгааг буруу гэж үзэхгүй байгаа. Аливаа зүйл дээр зарчмын зүйл ярьж, хэн нэгнээс хамааралгүй үзэл бодлоо илэрхийлж байгаа нь зөв. Н.Номтойбаяр компанийн эрх ашгаас улс орны эрх ашгийг дээгүүр тавьж, тийм ч үүднээс эрх мэдэлтэй хүмүүсийн болох болохгүйг зоригтой хэлж чадаж байгааг нь эцэг хүний хувьд дэмжиж байна. Тэгэхээр таны асуусан асуултад хариулахад би хүүгийнхээ үйлдэл, хэлсэн үгийг дэмжиж байгаа.

-Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсний хариуд Ерөнхий сайдын хэлсэн үг өнөөдөр танай компанид мэдрэгдэж байна уу?

-Цагаан суваргын асуудлаар өмнө нь олон ч удаа шалгасан. Ингэж ярьсных нь төлөө шахаж дарамталсан, боомилж, шантаажилсан зүйл одоогоор мэдэгдсэн юм алга аа, харин санхүүжилтийн асуудлаар ярилцаж байгаа гадны банк санхүүгийн байгуулагынхан нэмэлт асуулга, тодруулга ирүүлчихээд байгаа.

-Цагаан суваргын ордыг төрд авахаар ямар нэгэн түвэгтэй байдал үүснэ гэж харж байна уу?

-Монголын төр, засгийн аливаа нэгэн баталгаа, барьцаа, оролцоогүйгээр бид дэлхийн 61 орон хувьцааг нь эзэмшдэг Европын Сэргээн босголт, Хөгжлийн Банкнаас зээл авч энэ төслийн хэрэгжилтийг эхлүүлсэн. Өнөөдөр төслийн гүйцэтгэл нь 50 хувьтай, багагүй хөрөнгө оруулалт хийгдсэн орд. Үүнийг өгнө барина гэдгийг Н.Номтойбаяр ч мэддэг юм биш, Н.Нямтайшир ч мэддэг юм биш. Бид нар өмчлөөд авчихсан ч юм биш. Монгол Улсад хууль үйлчилж л байгаа бол одоогийн хүчин төгөлдөр бүхий л хуулийн хүрээнд бусад аж ахуйн нэгжүүдийн нэгэн адил уг ордыг МАК эзэмшиж байгаа.

Энэ төсөл бол сүүлийн 18 жилийн турш үүн дээр ажиллаж байгаа МАК компанийн болон туслан гүйцэтгэгч үндэсний олон арван аж ахуйн нэгжүүдийн мянга мянган ажиллагсад, тэдний ойр дотны хүн бүрийн оюун ухаан, хөдөлмөр зүтгэл, сэтгэл шингэсэн, монголчуудын өөрсдийнх нь хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа төсөл гэдгийг хэлье.

Итгэлцлэл бол бизнесийн гол зарчмын нэг гэж би ойлгодог. Би банк санхүүгийн байгууллага болон биднийг дэмжиж ирсэн хүмүүсийн итгэлийг хэзээ ч хөсөрдүүлж яваагүй.

Ер нь бол монголчууд гадныханд өнгөтэй өөдтэй баялаг бүхнээ барьж очих шаардлагагүй, өөрсдөө босгож бүтээж, ажиллуулж, үр шимийг хүртэж чаддаг юм байна гэсэн үндэсний бахархлыг бий болгох, ийм жишгийг тогтоож, хойч үеийнхэндээ үлгэр дуурайл болохыг л Цагаан суваргаар дамжуулж харуулахыг зорьж ирсэн. Үүнээсээ ч ухрахгүй. Ямар ч хүндрэл бэрхшээлээс шантрахгүй ээ. Энэ төслийн үр шимийн 57-60 хувийг нь төрөөр дамжуулж, ард түмэн хүртэнэ.

-Цагаан суваргын ордыг төрд авах асуудлыг Их хуралд оруулна гэж Ерөнхий сайд хэлсэн дээ?

-Төрийн өмчийг өөрийн өмч мэт захиран зарцуулдаг, ард түмний нэрийг барьсан цөөн хэдэн улстөрчдийн явцуу санаа, санаархлыг Цагаан суварга руу оруулахгүй ээ. Эрдэнэтийн ордын 49 хувь нь оросуудад байсан, Оюу толгойн 66 хувь гадныханд байна. Төр ямар менежмэнт хийдэг, засч сайжруулаад сайн болгоод явдаг уу, үгүй юү гэдгийг өмнө нь бүгд л харж байсан, одоо ч бүхний нүднээ ил байгаа шүү дээ. Төрийн мэдэлд өчнөөн үйлдвэрүүд байж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг бүрдүүлж байгаа юм бэ. Иймд өнөөгийн нөхцөлд төрийн өмчит үйлдвэрүүдийнхээ ашигт ажиллагааг дээш-лүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, менежмэнтийг нь сайжруулах гэх зэрэг олон чухал асуудалд анхаармаар санагддаг.

Монголын үе үеийн төрийн тэргүүн, сайд дарга нар Монголдоо гадны хөрөнгө оруулагчдыг татах гэж ихэд хичээл зүтгэл гаргадаг. Хэрэв үг, үйлдэл хоёр нь зөрвөл, мөн Монголын төр, засаг ийм алхам хийвэл гадны байтугай дотоодын хөрөнгө оруулагчид маань аливаа төсөлд хөрөнгө оруулалт хийх үү, тэдэнд төр, засагт итгэх итгэл, сэтгэл үлдэх үү, нөгөө чөлөөт зах зээл, шударга өрсөлдөөн, ардчилал, өмчийн олон хэлбэрээсээ татгалзах хэрэг үү, ер нь ямар нийгэм рүү орох нь вэ, дэлхий Монголыг яаж харах вэ гэсэн олон нүүдлийн дараахийг эрхбиш бодох байх аа.

О.ТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *