Сэтгүүл зүйн шилдгийн шилдэг бүтээлийг шалгаруулдаг “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслол хэдхэн хоногийн өмнө ес дэх удаагаа боллоо. Энэхүү шагнал гардуулах ёслолыг “Балдорж” сангаас жил бүрийн намар зохион байгуулдаг уламжлалтай. Ингээд “Балдорж” сангийн тэргүүн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшигтэй ярилцлаа.
-Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг шалгаруулдаг “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслол ес дэх удаагаа болж шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолын онцлог нь юу байв. Хичнээн сэтгүүлчид шалгаруулалтад материалаа ирүүлсэн бол?
-Энэ удаагийн “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслолд 250 гаруй сэтгүүлч материалаа ирүүлсэн. “БАЛДОРЖ” шагналыг гардуулдах ёслолд тухайн үеийн Ерөнхийлөгч хүрэлцэн ирдэг сайхан уламжлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бий болгосон. Харин энэхүү уламжлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үргэлжлүүлсэн нь их сайхан хэрэг байлаа. Аавыг минь болоод “Балдорж сан”, сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчдийг хүндэтгэж ирж байгаа үе, үеийн төрийн тэргүүнүүддээ би туйлаас их баярладаг. Гэхдээ энэ зөвхөн манай сан болон аавын минь ач гавьяа биш юм.
Үүнд бүх сэтгүүлчдийн хувь нэмэр бий. Сэтгүүлчийн ажил бол маш хэцүү, хүнд хөдөлмөр байдаг. Жүжигчин хүн мэргэжилдээ хайртай учраас ямар ч дүр байсан түүнийг бүтээж, хүнд бэрхийг туулж чаддаг. Түүнтэй адил сэтгүүлч хүн өөрийн үүргээ ухамсарласан басхүү мэргэжилдээ хайртай учраас л сайн муу хэлэгдэж, хатуу бэрхийг туулсан ч энэ салбартаа зүтгэсээр л байдаг. Тэгэхээр жилдээ нэг удаа бүхий л сэтгүүлчдийг хүндэлж Монгол Улсын үе үеийн төрийн тэргүүнүүд цугладаг гэж би ойлгодог юм. Ямартай ч бид энэ жилээс Канадын Элчин сайдын яамтай хамтран шагнал гардуулдаг болсноороо онцлог байлаа. Энэ маань цаашид ч гэсэн үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.
-“Балдорж” сангаас сэтгүүлчдийн бүтээлд ямар шалгуур тавьдаг бол?
-Хүмүүс “БАЛДОРЖ” шагналыг Монголын “Пулитцер” гэдэг. Тиймдээ ч бид сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулдаг олон улсын байгууллагуудын жишигт нийцүүлэхийн тулд судалгаа хийсэн л дээ. Харин тэдгээр байгууллагууд ямар шалгуур тавьдаг тухайгаа огт зарладаггүй юм билээ. Бидний хувьд ч гэсэн яг ийм бодлогоор ажилладаг. Харин бид хэн нэгэн хүн, аливаа нэг редакцийн талд орохгүй, мөн нийгэмд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг шүүгчээр сонгодог. Шүүгчдийн хувьд үнэлэлт дүгнэлт өгч, бас хоорондоо зөвлөлдсөний үндсэн дээр дүнгээ гаргадаг.
Харин ямар шалгуураар шүүлтээ хийдэг эсэх нь шүүгчдийн нууц байдаг. Түүнчлэн манай “Балдорж” сангаас сэтгүүлчдийн материалд ямар нэгэн сэдвийг онцолж үздэггүй. Яахав аав маань байгаль орчноор бичдэг байсан учраас хүмүүс энэ талын сэдвийг илүү анзаарч байна уу гэж хараад байх шиг санагддаг. Энэ бол өрөөсгөл ойлголт гэдгийг хэлэх байна.
Ямартай ч “Балдорж сан” энэ хугацаанд 600 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна. Харин энэхүү шагналын ихэнх хувийг Улаанбаатар хотын банкны хамт олон гаргадаг. Үүгээр ч зогсохгүй энэхүү банкны хамт олон маань шилдгээр шалгарсан сэтгүүлч бүрийг гадаадад амрах эрхийг олгодог байгаа. Энэ мэтчилэн дэмжиж ажилладаг бизнесийн байгууллагууд бий.
Мөн “Балдорж” сангаас тэр сэтгүүлчийн, энэ материалыг авъя гэдэггүй. Сэтгүүлчид маань өөрсдөө сонгож явуулдаг. Тэгэхээр сэтгүүлчдийн минь хувь нэмэр маш их гэдгийг онцлох байна. Түүнчлэн энэ удаагийн “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслолыг хэд, хэдэн телевиз шууд дамжуулсан. Мөн “Өдрийн сонин” болоод бусад хэвлэлүүд маань маш сайхнаар мэдээлж, түгээж өгсөн. Энэ бол манай хэвлэл, мэдээллийн байгууллагуудын энэ үйл ажиллагаанд оруулж байгаа дэмжлэг гэж би ойлгож байгаа.
-Та энэ жилээс “Балдорж” сангийн тэргүүнээр ажиллаж эхэлсэн. Цаашид сангийнхаа хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа бол?
-Өмнө нь миний ээж сангийн тэргүүнээр ажиллаж байсан. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд ээж минь маш сайн ажилласан учраас “Балдорж сан” улам өргөжиж, бүтээлээ ирүүлэх сэтгүүлчдийн тоо ч нэмэгдсээр ирсэн байна. Тэгэхээр миний хувьд энэ сайхан ажлыг улам амжилттай үргэлжлүүлэх үүрэг хүлээж байна гэж ойлгож байгаа. Гэхдээ энэхүү сангийн тэргүүн болсон ч гэсэн сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг шалгаруулдаг “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны шүүлтэд оролцохгүй. Миний хувьд “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгчийн албыг хашдаг учраас ашиг сонирхлын зөрчилдөөн гарах вий гэдэг үүднээс энэхүү шүүлтэд оролцохгүй гэж шийдсэн л дээ. Харин шагнал гардуулах ёслолыг зохион байгуулах үйл ажиллагаанд нь л түлхүү анхаарч ажиллах юм. Ер нь зохион байгуулалтын ажил дээрээ илүү анхаарч ажиллах ёстой юм байна гэж бодож байгаа.
-“Балдорж” сангийнхаа тухай танилцуулаач?
-Аав маань 2007 онд өөд болсон л доо. Харин 2008 оны хоёрдугаар сараас эхлэн “Балдорж” сан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Гэхдээ 2009 оноос эхлэн сэтгүүлчдийн шилдэг бүтээлийг шалгаруулж байхаар болсон. Манай сангийн гол зорилго нь Монгол нутгийн хөрсөнд соёолон буй чөлөөт хэвлэлийн нахиаг арчлан хамгаалах, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх ариун үйлсийг тууштай дэмжихэд оршдог. Мөн “Балдорж” сан хоёр томоохон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тодруулбал, сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг шалгаруулдаг “БАЛДОРЖ” ёслолын ажиллагаа болон арванхоёрдугаар сард зохион байгуулагддаг онол практикийн шүүмж хурал. Шилдэг бүтээл шалгаруулах ёслолын үйл ажиллагаа нь сэтгүүлчдийг урамшуулах зорилготой. Харин энэхүү үйл ажиллагаанд хичнээн мундаг сэтгүүлчийн сайн материал боловч дахин ажиллах анализ хийх зүйлс их байдаг. Тэр утгаараа онол практикийн хурлаараа сэтгүүлчдийн материалуудад анализ хийж, дахин сайжруулахын тулд ярилцаж, мэтгэлцдэг.
-Та мөн “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгчийн албыг хашдаг шүү дээ. Сониныг залж чиглүүлэх энэхүү чухал үүргийг гүйцэтгэнэ гэдэг амаргүй болов уу?
-Би аавыгаа бурхан болсноос хойш ажил хийж эхэлсэн юм. Орчуулагч, зурагчин бас өөр байгууллагуудад ч ажиллаж байлаа. Дараа нь Английн “University of Exeter”-т бизнесийн удирдлага, олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн юм. Харин 2014 оноос “Өнөөдөр” сониныхоо вэбсайтын ерөнхий эрхлэгчээр ажиллах болсон. Улмаар эгч Б.Нандинтүшиг маань жирэмсний амралтаа авсан учир сонины ажил руугаа илүү анхаараад байна. Ерөнхийдөө уламжлалт хэвлэл, орчин үеийн сэтгүүл зүй хоёрыг зөв холбох зорилготой явж байгаа.
Сонин хэвлэл бол хэзээ ч устаж үгүй болохгүй. Харин ч хүмүүс сонин хэвлэлд илүү итгэдэг. Сонин дээр гарсан зүйлийг хүмүүс бие, биендээ хэлж, ярьдаг. Сонины сэтгүүлчдийн гаргаж ирсэн өнцөг, нийтлэл нь телевизийн нэвтрүүлэг, вебсайтын сэдэв болдог. Олон улсад ч мэдээллийн анхдагч эх үүсвэр бол сонин гэж үздэг. Тэгэхээр сонины салбар уналтад орох юм бол бусад мэдээллийн хэрэгсэлд ч хүндээр тусна. Тэгэхээр вебсайт, сонин хэвлэл хоёр бол өрсөлдөх гэхээсээ илүү бие биенийгээ дэмжиж ажиллах ёстой гэж ойлгодог.
Тийм ч боломж бий гэдгийг биетээр нь харуулахын төлөө ажиллаж байна. Гэхдээ хэр амжилттай яваагаа хэлж мэдэхгүй юм. Ер нь хэвлэл мэдээллийг хариуцаад ажиллана гэдэг амаргүй даваа л даа. Миний хувьд залуу, туршлагагүй байгаа учир бага зэрэг алдах үе байна. Саяхан болсон “БАЛДОРЖ” шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр ч гэсэн бага зэрэг туршлагагүйтсэн. Гэхдээ надад хамгийн сайн баг байдаг. Энэ баг аавыг минь бурхан болсноос хойшхи энэ арван жилийн хугацаанд бидний бүхий л зүйлд тус дэм болж, аливааг хөнгөвчилж өгч байгаад маш их баярлаж явдаг.