Categories
мэдээ цаг-үе

Б.Номин-Эрдэнэ: Байгаль, лус, монгол хүнийг зөөлрүүлэх, аргадах үүднээс “Этник момент” тоглолтоо хийж байгаа

“Шуранхай” хамтлагийн дуучин, Улсын филармонийн гоцлол дуучин Б.Номин-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр гуравдугаар сарын эхээр “Этник момент” тоглолтоо хийх гэнэ.

-“Этник момент” гэхээр өвөрмөц сонсогдож байна шүү. Энэ тоглолтоороо хүмүүст юу хэлэхийг хүссэн бэ?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы мянга мянган уншигчдадаа гал бичин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан амьдрахыг хүсье. Эдийн засгийн хямрал, нийгмийн стресс гээд хүнийг бухимдуулахад хүргэдэг олон нөхцөл шалтгаан байгаа ч хүмүүс амгалан бол нийгэм тайван байх болно гэж боддог. Нийгмийн амгалан аялгуунд хөг нэмэхээр бүүвэйн дуу буюу “Этник момент” тоглолтоо өргөн дэвшүүлж байна. “Этник момент” тоглолтынхоо үеэр монгол хүний язгуур, уламжлалт ахуй, зүрх сэтгэлд ойр хөг аялгуу, сэтгэл хөдлөлийг бүх л эрхтнээрээ дамжуулан дуугаргаж дуулж үзүүлэх гэж байна. Этник гэдэг маань язгуур, анхдагч гэсэн утгатай. Хүний төрөлх араншин, ертөнцийг үзэх үзлийг шингээсэн ойлголт. Хүний хамгийн анхны, хэнээс ч хуулаагүй, бурхнаас заяасан этник агшин бол богино хэмжээний уулга алдалт, дуу авиа учраас “Этник момент” гэж тоглолтоо нэрлэсэн. Байгаль, лус, монгол хүнийг тайвшруулах, зөөлрүүлэх, аргадах үүднээс энэ тоглолтоо хийж байгаа.

-Янз янзын эрхтнүүдийн оролцоотойгоор дуу авиа гаргана гэсэн үү?

-Манайхан дуулахыг л дуучин гэж ойлгож байна. Дуулахад хамар, дух, нүүрний бүх хөндий яснууд цуурайтаж дуугардаг. Энэ болгонд дотоод эрхтнүүд доргиж, мэдэрч, тархины цусан хангамж нэмэгдэж байдаг. Дуучны хөдөлмөрийг маш хүнд гэж ярьдаг. Дуулахад жирийн үеийнхээс илүү хүч, сэтгэл хөдлөл гардаг. Дээр нь маш их анхаарал төвлөрдөг. Ямар сайндаа дуулж байгаад хоолойнх нь судас хагарсан тохиолдол байдаг. Ёстой уурхайн гүнд найман цаг ажилласантай тэнцэхүйц хүч, энерги зарцуулж байдаг урлаг.

-Ийм тоглолт үзүүлэхээр зориход юу сэдэл болсон бэ?

-2008 оны “Шуранхай”-н тоглолтын дараахан Сони Би Эм Жи-гийн продюсер Абдул гэдэг хүн Монголд ирээд, дэлхийд гараагүй сонин авиа хөгжим хайж, бичиж явсан юм билээ. Гэхдээ би энэ тухай сүүлд мэдсэн л дээ. Тэр хүн “Энигма”-гийн А.Нэргүйтэй уулзахаар Монголд ирсэн гэсэн. Надад хэлэхдээ “Түүнтэй тохиролцож чадаагүй” гэж ярьсан. Харин би “Бүгдийг чадна” гэж хэлсэн юм. “Та ямар үедээ гоё дуулж чадах вэ” гэхээр нь “Халуун буцалсан ус уугаад, сайн унтаад бүгдийг нь чадна” л гэсэн. Тэгээд тэр хоолойг бичүүлсэн. Надад хэлэхдээ “Монголд том брэндийн дэлгүүр нээгдэх гэж байгаа, тэрний өнгө төрхийг тодорхойлсон хөгжмийн бичлэг хийх юм” гэж хэлж, зөвшөөрөл авсан юм. Дараа нь англи хэл дээрх гэрээгээ орчуулж уншсан чинь “Энэ бичлэгийг юунд ч ашиглаж болно” гэсэн утгатай заалт байсан. Гэсэн ч тэр тохиолдол надад урам өгсөн. “Монголын их хатдын нууц товчоо” номын зохиолч Жек Уэтерфорд гуай бидний тоглолтын дараа “Шуранхай үнэхээр гайхалтай” гэж магтаж байсан. Тэр хүн ч бидэнд сонирхолтой санал тавьсан. Тэр бүхний дараа “Дэлхийд гарах маш их боломж байна” гэж мэдэрсэн. Гэхдээ би одоохондоо хамгийн гоё кодоо тайлсангүй. Ярилцлагынхаа төгсгөлд энэ тухай ярья…

-Бүүвэйн дуу гэснээс Б.Номин-Эрдэнэ ээж болсон. Бүүвэйн дууг уран бүтээл гэдэг үүднээс бус ээж хүний сэтгэл зүрхээр мэдэрчээ?

-Ээж болсон ч өдөр тутам дасгал уншиж, хоолойн бэлтгэл хийдэг байлаа. Уртын дуу дуулна гэдэг лус баярлуулна гэсэн үг. Сайхан дуулбал нэг талаар бүүвэйн дуу. Гэсэн ч ээж болоод бүүвэйн дуу дуулах өөр мэдрэмж.Үүнийгээ олон хүнтэй хуваалцах юмсан гэж хорхойсч байлаа. Биднийг хөдөө айлд очиход хуучны учир мэддэг хүмүүс “Ээ бурхан минь, Төрийн түмэн эх, Дуртмал сайхан авшигтай дуунууд” гэдэг. Зул өргөөд, арц уугиулж, хүндэтгэлтэй хүлээж авна. Уртын дуу сонсдог хүмүүс их байна. Уртын дуу сонсдоггүй нь энэ талаар огт мэдээлэлгүй үлдээд байна. Гэтэл биднийг Германд очоод дуулахаар байгаль эхийн дуу шиг гайхаж хүлээж авдаг. Этник шинж нь хүмүүст илүү мэдрэгддэг юм билээ. Хамгийн сүүлд Америкт дуулж байхдаа “Үнэхээр лус савдаг байдаг юм байна. Ганцхан монголчуудад төдийгүй гадныханд ч хувь хүний язгуур шинжийг нь санагдуулдаг юм байна” гэж бодогдсон.

-Хэзээнээс уртын дууг сонирхож эхлэв?

-Би Баянхонгор аймгийн “Номуундалай” цогцолбор сургуульд сурдаг байсан. Багадаа хүүхдийн “Тэмүүжин” театрт хичээллэдэг. Дугуйлан дээрээ байх их дуртай байсан. Эхлээд жүжигчин болно гэж боддог байснаа Жульеттад тоглохоор нуруутай, хөөрхөн биш л юм чинь гэж бодсон. Дөрөвдүгээр ангидаа Японд Хүүхдийн урлагийн наадамд оролцохоор гадагшаа явснаасаа хойш “Би гадаад л явдаг хүн болох ёстой. Юу хийдэг хүн болох вэ“ гэж бодсоор байгаад уртын дуу дуулна гэж шийдсэн. Манай Ганчимэг багш бас маш дэмжсэн. “Танай ээж чинь хүүхэд байхдаа дуулдаг байсан юм чинь чи дуулж чадна” гээд долоо хоногийн дотор нэг уртын дуу сураад, тэрийгээ аймаар буруу дуулсан ч азаар шалгаруулалтад тэнцсэн. Дөрөвдүгээр курсын оюутан дуулдаг том дууг хотод ирж шалгуулахдаа сонгочихсон байсан. Д.Хорлоо гээд манай Баянхонгорын хүн, бас манай бэр эгч алдартай дуучин байдаг. Д.Хорлоо эгчээр заалгаад дуулсан. Азаар тэр үед сонголтоо зөв хийгээд, бүх юм болсон.

-Уртын дуу дуулж байх үед хүний дотоод сэтгэлд юу болж байдаг бол?

-Би аймгийн төвд өссөн, бөх үздэггүй, уртын дуу сонсч өсөөгүй болохоор уртын дуу дуулах гэсэн нэг л болдоггүй. Гэтэл Дундговийн хүүхдүүдэд цаанаасаа манер нь байдаг. Би яаж сэтгэлдээ уул, морь харж дуулах вэ гэж хичээдэг байлаа. Дуулаад байхаар өөрөө суудаг юм билээ. Уртын дууны судалгаа хийгээд авиа зүй дээрээ ажиллаад би ингэж дуугарах ёстой юм байна гэж хичээллэсэн. “Тэмүүжин”-д драмын дугуйланд сурч байсан болохоор суурь нь байсан л даа. Эхэндээ бол сэтгэлгүй, техникээр зодож дуулдаг байсан. Арвандолоон настайдаа анхныхаа CD-г гаргаж байлаа. Уртын дууг ямар ч хүн дуулж болох юм байна гэдэг мэдрэмжийг өгөхийн тулд одоо нэг CD гаргаад, төгсөхдөө бас CD гаргая гэж төлөвлөсөн юм. Анхны “Хөх толботны аялгуу”гэсэн нэртэй CD-гээ “Анир” студид бичүүлсэн. Нууцгүй хэлэхэд сургууль төгсөх үедээ л уртын дууны сайхныг мэдэрч, аялгуунд нь дурлаж эхэлсэн. Дуулах маш гоё. Дуулах, усанд сэлэх үед адилхан тайвширдаг. Дасгал уншаад, дуулчихаар өдөржингөө ямар ч юм бүтээгээгүй байсан ч сэтгэл хангалуун болчихно.

-Япон, солонгосууд стрессээ тайлах гээд караокед дуулаад байдаг нь учиртай байх нь?

-Нэг ёсны амьсгалын фитнесс юм даа.

-“Шуранхай”-н охидыг хүмүүс мэддэг. Бодоход Д.Үүрийнтуяа, Г.Эрдэнэчимэг хоёр өндөр охид. Клипний зураг авалтын үеэр хаанаа яаж зогсох вэ гээд тооцоолох уу?

-Бодолгүй яах вэ. Би аймаар шартай. Тийм гоё хоёр согоо шиг охинтой их л өрсөлддөг байжээ. Хүнээс дутах дургүй. Дуулахдаа хүртэл урагшаа алхах ёстой, их инээх ёстой, илүү хичээллэх ёстой гэх мэтээр зүгээр байгаа хүмүүсийг өддөг байж.

-Гэхдээ л чи илүү адтай харагддаг шүү дээ?

-Тэр үеийн миний сэтгэлгээгээр өндөр, хөөрхөн л байх хамгийн чухал санагддаг байж.

-Жижигхэн охидод маш олон давуу тал байдаг гэдгийг тэгсхийгээд ойлгосон биз дээ?

-Миний нөхөр л энэ тухай мэдрүүлсэн. Хань маань надад их юм ойлгуулж, ухааруулсан даа. “Өндөр хүүхнүүд эвгүй байдаг байхгүй” юу гэдэг. Тэгээд л өндөр намдаа ч биш юм байна, ухааны асуудал юм байна. Хүнийг хайрлах, хүнтэй харилцах гэдэг өөр асуудал юм байна гээд маш олон зүйлийг ойлгосон.

-“Шуранхай”-н бусад гишүүд урлагийн хүмүүстэй гэр бүл зохиосон. Б.Номин-Эрдэнийн хувьд ямар сонголт хийв?

-Нөхөр маань мэдээлэл, технологийн инженер. Тайван дөлгөөн, гэр бүлсэг хүн. Тиймдээ ч уран бүтээлдээ эргэж орох боломж өгч байна. Бид хоёр нэгээс дөрөвдүгээр анги хүртлээ нэг ангид сурч байсан. Даан ч тэр үедээ энэ миний нөхөр, эхнэр гэж харж байгаагүй. Манай нөхөр хамгийн ард суудаг өндөр, би хамгийн урд суудаг намхан байсан. Тийм залуу байгаа.

-Ингэхэд Номин яагаад филармонийг сонгочихов?

-Филармонийг сонгохоос өмнө ч зүгээр суугаагүй. Би нийт есөн CD гаргасан байна. Улсын филармони сайхан, амьд хөгжимтэй дуулах боломжтой. Бараг долоо хоног бүр шинэ дуу сурна.

-Уртын дуу сонсдоггүй хэсэгт хүрэх гэж хичээдэг үү?

-“Этник момент” тоглолт бол ерөөсөө л энгийн хүмүүсийн анхаарлыг татах, ардын дууны яруу аялгууг орчин үеийн хүмүүст илүү ойлгомжтой байхад анхаарсан. Жишээ нь түргэн хэллэгийг яаж хөгжим болгосныг эндээс харж болно. Манай хааны мянган мөнгөн бөмбөлөгийг манай хааны мянган мөнгөн бөмбөлөг гэхгүй юм бол …гэдэг бас репперийн нэг төрөл. Сайн уртын дуучид нэг амьсгаагаар “32 цагаан лонх” уншдаг. Жигд уншина гэдэг бас л репперийн нэг хэлбэр. Хөгжим л ганцхан хэмнэлтэй биш. Хүн ч бас ритмтэй аялгуу гаргадаг.Тэр талыг бас оруулсан. Энэ тоглолтыг маань эхлээд хүмүүс сонин гэж харна. Эцэст нь “Саруул тал байвч шаврыг нь мэдээрэй, сайхан амраг байвч санааг нь таниарай” гэх мэт ардын дуунаас ухаарлыг ч олж авах болов уу.

-Уртын дуу хэдэн зуун дамжиж дуулагдаж иржээ, уртын дууг зохиож дуулах боломжтой юу?

-Уртын дууг жирийн хүн зохиодоггүй байжээ. Ертөнцийг үзэх үзэл бүх юм нь өгөгдсөн, маш том уншлагатай лам нар зохиодог байсан. Хүмүүс зохиогчийг нь мэддэг дуунууд гэхэд л Данзанравжаа “Оломгүй далай”, “Өвгөн шувуу”, “Урьхан хонгор салхи”-ийг зохиосон байдаг. Энгийн хүний ажил биш. Зургаа дахь мэдрэхүйтэй хүмүүс зохиодог гэж үнэн байх. Тийм биш байсан бол XVIII зуунаас хойш уртын дуу шинээр төрөлгүй яах вэ дээ.

-Уншлагатай, увдистай гээд яриад байх юм. Өөрөө шүтлэгтэй хүн үү?

-Уртын дууг хүн болгон дуулахгүй. Тийм учраас зөвхөн уртын дуу дуулж сурахын тулд судлах мэдрэх юм их байдаг. Шүтлэггүй хүн хүртэл энэ огт өөр, тусдаа юм байна гэж хүлээн зөвшөөрөхөд хүрдэг. Түүнээс биш нэг их шүтлэгтэй эмэгтэй биш л дээ.

-Ямар хоббитой вэ?

-Сүүлийн хэдэн жилд фитнесст их хорхойсч байгаа. Фитнесст яваад их кайф авдаг.

-Ярианы төгсгөлд нэг код тайлна гэсэн байх аа?

– Хамгийн гайхамшигтай нь Сони Би Эм Жи-гийн хөгжмийн продюсер ирж бичсэн ажил маань “Аватар” кинон дахь аватаруудын хоолойны имижийг тодорхойлох бичлэг байсан. “Аватар” кинонд миний хоолой оролцсон. Өөр хүмүүсийн нэр дээр батлагдсан байдаг юм билээ. Эхлээд энэ киног үзээд “Ямар сонин над шиг дуугардаг юм бэ” гэж бодоод байсан. Тэгээд хэд хэд үзсэн чинь миний хоолой байсан. Монгол хүмүүс боловсрол, хуулийн мэдлэггүйгээсээ болоод олон боломжийг гадагшаа алдаж байна. Үүнийг алдсан гэхээсээ илүү ямар их боломж байгааг мэдрүүлсэн гэхэд болно. Хээр салхинд гараад “Монгол хүн яарахаараа яадаг юм бэ, мал аж ахуйтайгаа яаж харьцдаг юм” гэх мэтээр асууж байсан, “Аау, хааг, чүү” гээд энэ болгоныг бичүүлж бараг хоёр, гурван цагийн бичлэг хийсэн. Түүний дараа “Ингэж хийж болох юм байна” гээд CD-нүүдээ хийсэн. Харин “Аватар”-ын тухай саяхан мэдсэн. Монгол дэлхий дээр шинэ байна. Маш содон байна. Бүхэл бүтэн өөр ертөнцийг илэрхийлэхүйц өвөрмөц сонсогдож байна.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *