Categories
мэдээ цаг-үе

Б.Немцов: Монголчууд уудам нутаг шигээ уужуу сэтгэлтэй ард түмэн байдаг байхдаа гэж санагдсан

Оросын сөрөг хүчний удирдагч Борис Немцов Москвад буудуулж алагдсан мэдээлэл дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Б.Немцовтой одоогоос 17 жилийн өмнө Оросын Засгийн газрын Тэргүүн шадар сайд байхад нь Москвад албан өрөөнд нь уулзсан урлаг судлаач сэтгүүлч Дэ.Мягмарсүрэнгийн хийсэн ярилцлагыг хүргэж байна. Дэ.Мягмарсүрэн тухайн үед “Засгийн газрын мэдээ” сонины Москва дахь сурвалжлагчаар ажиллаж байсан юм.

1998 оны нэгдүгээр сар. Оросын өвөл ид болж байсан цаг. Оросын Засгийн газрын Тэргүүн шадар сайдБ.Немцовтой уулзаж ярилцлага авах хүсэлтээ тавиад удаагүй байтал тун нааштай хариу авлаа. Түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга А.Е.Першин гуай сайхан зантай уриалгахан хүн аж. Түүнтэй холбоо барих бүр тэргүүн шадар сайд үнэхээр ажил ихтэй завгүй байгааг учирлаж, гэхдээ Итали руу явахаас өмнө нь хоёрдугаар сарын эхний арав хоногт заавал уулзуулна гэж амлаж билээ. Тэгтэл нэгэн өдөр утас маань хангинаж, таныг Борис Ефимовичтой уулзуулах боллоо гэлээ. Б.Немцов бол Оросын засаг төрийн өндөрлөгт богинохон хугацаанд оюуны тэнхээ, санаачилга, зохион байгуулах чадвараараа цойлон гарч, Оросын олон нийтийн хүндэтгэл хүлээж чадсан төрийн их ирээдүйтэй залуу зүтгэлтний нэг. Тэрбээр 38-хан настайдаа Оросын Засгийн газрын хамгийн залуухан шадар сайд болсон юм. Бас ОХУ-ын анхны хамгийн залуу губернатор болж байлаа. Б.Немцов 1981 онд Горький хотын Улсын их сургуулийн радио физикийн эрдэм шинжилгээний ажилтнааражиллажээ. 1985 онд физик математикийн дэд эрдэмтэн болсон байна. Түүний нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа нь байгаль орчинг хамгаалах хөдөлгөөнд оролцсоноор эхэлж, улмаар Ардын депутатаар сонгогдож явав. 1991 оны наймдугаар сарын хэрэг явдлын үеэр Цагаан ордонг хамгаалагчдын нэг байлаа. Энэ үеэс Борис Ельциний анхааралд өртөж, хожим Ерөнхийлөгчийн сонгуулийн үед Б.Ельциний итгэмжлэгдсэн хүн болсон байна. Доод Новгород мужийн захирагч байхдаа Григорий Явлинскийг урьж, тодорхой мужид капитализм байгуулах өвөрмөц туршилт хийсэн нь ялангуяа нийгмийн хүрээний зарим асуудлыг шийдэхэд бодитой үр дүнд хүрсэн байна. Тухайлбал улсын үйлдвэрүүд үр ашгаа дээшлүүлж, цалин хөлсөө нэмэгдүүлснээр орон сууц болон нийгмийн хүрээнийбусад зүйлд зориулах зардлаас бүрэн чөлөөлөгдсөн нь зах зээлийн нөхцөлд үр өгөөжтэй үйл явдал болсон байна. Доод Новгород мужид ажилгүйдэл байхгүй болсон бөгөөд хүн ардын амьдралын түвшин мэдэгдэхүйц дээшилсэн юм билээ. Б.Немцов өөрийн үзэл бодолтой, шударга зоримог залуу. Мужийн захирагч байхдаа Оросын Засгийн газрыг нэр зааж, Үндсэн хуулийн шүүхэд гомдол гаргаж явсан билээ. Ерөнхий сайд В.Черномырдин, тухайн үеийн шадар сайд Е.Гайдар нарыг тодорхой дурдаж тэдний явуулж байсан шинэтгэлийг хурцаар шүүмжилдэг байв. Ялангуяа Чечений дайныг эрсэсэргүүцдэг байлаа. Тэрбээр уг дайныг эсэргүүцэж сая хүний гарын үсэг цуглуулж байсан. Түүний бие даасан энэ байр суурь Б.Ельциний дургүйг хүргээгүй юм. Харин ч Москвад ажиллахыг Кремлийн зүгээс нэг бус удаа урьж байлаа. Тухайлахад Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллахыг түүнд санал болгож байсан. Гэвч тэрбээр татгалзжээ. Харин Оросын Засгийн газрын тэргүүн шадар сайдаар ажиллана уу гэсэн сүүлчийн саналыг арга буюу хүлээн авсан байна.Оросын засаг төрийн өндөр албанд оронгуутаа залуу хүний омголон халуун сэтгэлээр төрийн үйл ажиллагаагаа тэрбээр тун дайчин идэвхтэй эхэлсэн юм. Орон сууц, ахуйн үйлчилгээний шинэтгэл хийх үзэл санаагаа тунхаглан зарлаж, Примор тэнгисийн хавийн нутагт удаан үргэлжилсэн эрчим хүч­ний хямралыг нааштай шийд­вэрлэж чадсан юм. Япон, Хятадад айлчлан эдийн засгийн үр ашигтай хэлэлцээрүүдийг амжилттай байгуулж том хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулсан юм. Оросын хувь нийлүүлсэн “Газпром” нийгэмлэгийн хүчирхэг дийлдэшгүй удирдагч гэгдэх Р.Вяхиревтэй үг хэлээ ололцож, улсад өгөх өр төлбөрийг нь хүртэл түүнээс салгаж чадсан аж. Б.Немцовын авч хэрэгжүүлсэн эрчимтэй зоримог, шийдмэг алхам, арга хэмжээнүүд түүний нэр хүндийг олны дунд зүй ёсоор улам бэхжүүлж, гэхдээ үүнд нь бас атаархаж жөтөөрхсөн тодорхой эсэргүүцэгч хүчнүүд ч байлаа.Тэд түүний нэр төрийг гутаах сөрөг үйл ажиллагааг идэвхтэй явуулж байв. Б.Немцовоос өө сэв эрж хайсан өгүүллүүд хэвлэлд нийтлэгдэх болж, улмаар ном ч гарлаа. Б.Немцовыг эсэргүүцэгч сөрөг хүчний магнайд Оросын Либерал ардчилсан намын тэргүүн В.Жириновский явна. 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эхний таван хүний эгнээнд орж чадаагүйдээ В.Жириновский улам шаралхаж, олон нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүний хоёрдугаарт яваа Б.Немцовт тэрбээр уураа маш их гаргаж байжээ. Борис Ефимовичийн нэр хүндийг гутаасан хэвлэлийн бага хурал хийлгэх, үг яриа гаргах нь энүүхэнд. Ер нь бодитой тодорхой ажил хийж яваа хүн сайн муу үг дуулж яггүй тэмцэл бэрхшээлтэй тулгарах нь жам юм даа. Ямар ч атугай Оросын засаг төрийн өндөр албанд очоод дөнгөж жил гаруйхан болж буй энэ нэрд гарсан залуу удирдагчтай өөртэй нь биечлэн уулзаж санаа бодлыг нь сонсож авсан нь үнэхээр том аз завшаан юм.

Оросын Засийн газрын цагаан ордныг зорьж очиход шадар сайдын ажлын алба­ныхан элэгсэгээр хүлээж авсан. Өрөөнд нь ортол цэлий­сэн том өрөөний голд том алаг нүдтэй сүрлэг ханхайсан эр инээмсэглэн зогсож, гадаадын сурвалжлагч бүсгүй гэрэл зургаа түүний хамт авахуулж байлаа. Яах учраа олохгүй зогстол Та ор ор. Наашаагаа ойрт л доо гэж тун уриалгахан хэлэх нь түүний эгэл энгүүн, гүндүүгүй сайхан орос эрийн занг илтгэнэ. Сурвалжлагч бүсгүй гэрэл зургаа авч дуусмагц нь би тэргүүн шадар сайдад ойртож: “Тантай уулзаж байгаадаа баяртай байна” гэхэд “Надад ч мөн адил таатай байна” гэж тэрбээр урдаас маань хариулав. Ингээд урт том ширээний ард сууцгаалаа.

-Борис Ефимович оо. Та манай Монголын талаар ямар төсөөлөлтэй явдаг вэ?

-Би саяхан Монгол улсын дээгүүр нисч Хятад руу зорьж явлаа л даа. Энэхэн зуур онгоцныхоо цонхоор монгол нутгийг тун анхааралтай харлаа. Цэлмэг сайхан агаартай байв. Монголчууд уудам нутаг шигээ уужуу сэтгэлтэй, эрх чөлөөнд тэмүүлсэн ард түмэн байдаг байхдаа гэж санагдсан. Монголчууд эрчимтэй хөгжиж буй соёл иргэншлээс алс зайд аж төрдөг авч, шинэ юмыг амархан тусгаж авдаг эрх чөлөөг эрхэмлэсэн хүмүүс байдаг болов уу гэж бодсон. Ийм өргөн уудам тал нутаг, тэнгэр өөд цойлсон уулстай нутгийн хүмүүсийн ухамсар сэтгэлгээ нь хүртэл эрх чөлөөг хүсэмжлэх хязгааргүй тэмүүлэлтэй байх нь аргагүй юм уу даа гэж надад бодогдсон. Энэ чанар нь монголчуудын хүсэл зоригийг нь олон талаар тодорхойлдог байх. Түүний дотор Монголын өнөөгийн улс төрийн амьдралыг ч тодорхойлж байгаа болов уу. Тухайлахад, Орос оронд дөнгөж арайхийж хэрэгжиж эхэлж байгаа эрх чөлөө, ардчиллын олон үзэл санаа, харин Монгол оронд манайхаас илүү түргэн биеллээ олчихсон байдаг. Энэ нь тодорхой өөрийнх нь ухамсар сэтгэлгээнээс шалтгаалж байгаа хэрэг л дээ. Монголын тухай миний төсөөлөл гэвэл ийм л байна. Үүнтэй холбогдуулан хэлэхэд Монголын шуудангийн маркууд тун гоё үзэмжтэй байдагсан. Сурагч байх үед манай ангийн хүүхдүүд монгол шуудангийн маркуудыг солилцдог байлаа. Би ч гэсэн марк солилцохоор шийдсэн. Ингээд захидал авдаг байсан л даа.

-Чухам үнэнийг хэлэхэд, сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа таагүйхэн цаг үеийг үзэж байна уу даа гэж зарим үед бодогдох юм.

-Энэ нь шилжилтийн үеийн түр зуурын үзэгдэл байх л даа. Сүүлийн хоёр жил гэхэд Орос, Монголын хоорондын бараа солилцоо хоёр дахин багассан байх жишээтэй. Гол нь Орос оронд нийлүүлдэг Монголын экспортын бараа хорогдсон. Энэ нь Оросын талаас ноогдуулдаг гаалийн өндөр татвартай холбоотой гэж манайхан үздэг юм байна лээ.

-Чухам ямар бараанд байх нь вэ?

-Орос оронд нийлүүлдэг Монголын уламжлалт бараа, бүтээгдэхүүн л дээ. Тухайлахад, мах, арьс, шир, хивс гээд олон бүтээгдэхүүн байгаа…

-Ингэхлээр гаалийн татварыг бууруулах талаар эргэж харах бололцоо бий болов уу?

-Дэлхийн худалдааны энэ байгууллагад элсэхэд аливаа татвар түрээсийг бууруулах шаардлага гардаг. Ингэхлээр уг байгууллагад элсэж ормогц гаалийн татвар ноогдуулалтын хэмжээ буурах болно.

-Дэлхий дээр орос барааны чанар чансааг ойлгодог, үнэлдэг ард түмэн гэвэл манай монголчууд л байх. Гэтэл сүүлийн жилд ер нь Оросын бизнесменүүд Монголын зах зээлд тун бага анхаарал тавьж байгаа юм шиг санагддаг?

-Ер нь танай зүгээс манай бизнесменүүдийг татах реклам байхгүйтэй л холбоотой байж болох шүү. Монголын зах зээлийг сонирхох хүмүүс бий л дээ. Үүнийг бодох хэрэгтэй. Танайхан рекламдахдаа муу ажиллаж байгаа байх. Нөгөө талаас Орос улс асар уудам нутагтай Холбооны улс. Иймд хил хавийн муж нутгийхантай хэлхээ холбоог бэхжүүлж, хамтран ажиллах нь хэтдээ ирээдүйтэй болов уу.Тухайлахад, Эрхүү, Читийн муж зэрэгтэй… Энд худалдааг өргөн зохион байгуулж ажиллах нь хялбар юм. Ийм чиглэл, дэг журамд оруулахад бүс нутгийн удирдлагыг хандуулах нь зүй зохистой юм.

-Та тун богино хугацаанд Оросын төр засгийн өндөр­лөгт гарсан хүн. Энэ нь таны хувьд санаандгүй үйл явдал байсан уу ?

-Миний хувьд энэ санам­саргүй, гэнэтийн хэрэг явдал болсон гэж хэлмээргүй юм уу даа. Яагаад гэвэл би урьд нь мужийн захирагчийн алба хашиж байсан.

-Ер нь та албан тушаалд хэрхэн ханддаг вэ?

-Эрх мэдлийн өндөрлөг өөд бүх хүчээ хэрэглэн тэмүүлдэг аюултай хүмүүс байдаг. Ний нуугүй хэлэхэд би хэзээ ч эрх тушаалын оргилд хүрэхийг эрмэлзэж яваагүй. Ер нь эрх мэдэл, өндөр албан тушаал гэдэг чинь эмэгтэй хүнтэй адил зүйл санагддаг. Хэрвээ эмэгтэй хүнд таалагдахыг хүсвэл хүчээ харуулаад байх хэрэггүй байдаг. Бид хүүхнүүдийг хайрлах тусам тэдэнд таалагддаггүй гэж А.С.Пушкин хэлсэн шүү дээ. Үүний нэгэн адил эрх мэдэлд дуртай болох тусам түүнтэй нийцэхээ больдог. Ийм учраас эрх тушаалд хорхойтох нь заавал ялагдалд хүргэж таарна.

-Сүүлийн үед өөрийн чинь талаар хэвлэлд ихэд бичих болж, нэр төрийг чинь гутаах гэсэн оролдлого их гарч байна. Иймэрхүү маягийн өгүүлэл, ном зохиолд та эмзэглэдэг үү?

-Иймэрхүү төрлийн хэв­лэлийн нийтлэлд би аажуу тайван ханддаг. Намайг муу­чилсан элдвийн зүйл гарахад ямар ч байсан би өдөр хоногийг үр ашиггүй өнгөрөөгөөгүй юм байна даа гэж боддог. Иймд тун тайван, уужуухан ханддаг. Иймэрхүү зүйлсийг ойшоож уншдаг ч үгүй. Надад хийж бүтээх өөр ажил их бий.

– В.Жириновский таныг их үзэн ядах юм аа даа.

-Үнэн шүү. Ер нь л Владимир Вольфович мэтийнулс төрийн зүтгэлтнүүд эх оронд маань олигтой ашиг тус хүргэхгүй л дээ гэж үздэг. Энэ хүн миний эсрэг сөрөг хүчний талынх. Намайг шүүмжилж болно. Гэхдээ сэтгэлийн их хөдөлгөөнөө тэрбээр тун хачирхалтай хэлбэрээр илэрхийлдэг зантай.

-Өөрийнхөө гэр бүлийн тухай товч танилцуулна уу?

-Ам бүл маань цөөхүүлээ дээ. Эхнэр Раиса, охин Жанна. Гурвуулаа хамт аж төрдөг. Эхнэр маань номын санчийн мэргэжилтэй. Одоогоор гэрийн эзэгтэй болсон.

-Та жилийн өмнө Оросын засаг төрийн өндөр алба хашиж эхэлсэн. Энэ ганц жилийн хугацаанд юу хийж амжив. Юу амжсангүй вэ?

-Цэвэр эдийн засгийн хүрээнд нэлээд зүйлийг амжиж хийж чадсан. Тухайлахад, төсвийн мөнгийгзүй зохистой хуваарилах нээлттэй дүрэм журам тогтоосон, бүрэн эрхт банкуудаас татгалзсан, газрын тосны салбарыг дэг журамтай болгосон, эрчим хүчийг зөөвөрлөх төмөр замын тарифыг бууруулсан, Оросын түшмэдүүдээр татварынхаа мэдүүлгийг нь бөглүүлж чадсан. Одоо Оросын цэргий­нхэнд зориулсан сууцыг барьж байгуулах хөтөлбөрийг хийж амжлаа. Хэрэгжүүлж амжаагүй зүйлийн хувьд гэвэл, харамсалтай нь нийгмийн хангамжийн талаас хүмүүсийг дэмжих хууль тогтоомжийг өөрчилж чадсангүй, бүх түшмэлийг эх орны үйлдвэрийн “Волга” машинд нь суулгаж чадаагүй дээ.

-Өнгөрсөн онд болсон А.Пугачёвын төрсөн өдрийн баярт зориулсан концерт дээр таныг Алла Борисовнад баяр хүргэж байхыг би харсан. Та шүтэн бишрэгч нь үү?

-Тийм ээ. Алла Борисовна надтай үерхэж нөхөрлөдөг.

-Удахгүй манай үндэсний баяр “Цагаан сар” болно. Өөрөөр хэлбэл шинэ оноо угтаж, бар жилтэй золгох юм. Манай энэ баярыг тохиолдуулж, монгол түмэнд юуг ерөөж хүсмээр байна?

-Много денег и много любви.

Бар жилд эд мөнгө ихээр хурааж, биесээ хайрлан халамжлах сэтгэлээр дүүрэн явахыг бэлгэшээсэн, ОХУ-ын Засгийн газрын тэргүүний шадар сайд Б.Немцовын өлзийтэй энэ ерөөл бат орших болтугай хэмээн дотроо залби­раад ярилцлагынхаа төгсгөлд Борис Ефимович оо! Дурсгал болгож тантай гэрэл зургаа татуулах уу гэхэд маань том биетэй сүрлэг энэ залуу ширээнийхээ цаанаас босч ирээд хажууд минь зогссон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *