Бадрууганы Наранзун. Энэ эрхэм өдгөө “Шунхлай” группийн удирдлагын багт ажилладаг. Дэд ерөнхийлөгч бөгөөд олон нийттэй харилцах газрын захирал хэмээх албан тушаалтай. Ая зохиогч хэмээх даруухан тодотголтой явдаг тэрбээр “Single Ladies-2″ киноны “Зогсохгүй” хэмээх дууны үг, аяыг хийснийг бодоход ажлаасаа хааяа ч болов хөндийрч, дуу хууртаа цаг зав гаргаж яваа бололтой. “Зогсохгүй” дууг “Sweetymotion” хамтлаг дуулсныг манай уншигчид санаж байгаа буй за. Түүнтэй ярилцлаа.
-Та урлаг судлаач мэргэжилтэй хүн. Энэ мэргэжлээрээ ажиллах боломж гарсан уу?
-Урлаг судлаачаар удаан ажиллаагүй. Баруун Монголын хөгжмийн зэмсгийн тухай жаахан сонирхож байгаад, улс орон зах зээлд шилжихэд шинжлэх ухаанд хөрөнгө мөнгө тавигдахгүй болоод замхарсан. Өнөөдөр Монголд хамгийн унасан салбар шинжлэх ухаан болчихоод байна. Урлаг гэдгийг хүмүүс тоглолт, зугаа цэнгэл, хөгжөөн баясгах талаас нь хардаг. Урлаг өөрөө шинжлэх ухааны том салбар хэсэг шүү дээ. Тухайн үндэстний өнгө төрх, түүх уламжлал соёлыг тээдэг зүйл. Урлагийг хөгжмийн зэмсэг, дэг жаяг, арга барилаар нь хөөгөөд үзвэл тухайн үндэстний түүх, соёл уламжлалыг агуулдаг учраас судлах учиртай. Манай өвөө Ж.Бадраа 1980-аад онд Улсын циркт Монголын бүх ард түмний урлагийн наадам гэдгийг зохион байгуулснаас хойш язгуур урлаг сонирхох хүрээ өргөн болсон л доо. 1993 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн дэргэд манай өвөө Жамцын Бадраа, Солийн Цоодол, Төмөрбаатар гээд манай факультетийн захирал нар Ардын урлаг судлалын танхим байгуулсан. Энэ маань урлаг судлалыг үргэлжлүүлэх суурийг тавьсан юм. Үүгээр дамжсан, энэ чиглэлээр ажиллаж байгаа боловсон хүчнүүд байна л даа.
-Зах зээлд хөл тавьж байхад урлаг соёлд анхаарах хэцүү байсан болов уу. Харин одоо эргээд соёл урлаг, үндэс язгуур руугаа эргэж харж, анхаардаг цаг ирсэн шиг байна. Танд урлаг судлаачаар ажиллах бодол төрдөг үү?
-Ер нь язгуур урлагаа судлах шаардлага байгаа л даа. Ялангуяа ЮНЕСКО гэдэг байгууллагад соёлын биет болон биет бус өвийг бүртгүүлэх марафон сүүлийн арван жилд хүчтэй явлаа. Тухайн урлагийг ямар нэг үндэстэнд хамааруулах гэдэг буруу юм. Урлаг гэдэг улс орны хил хязгаарт баригддаг зүйл биш. Тэгтэл ЮНЕСКО нь Хятадын соёл гээд Хятад руу оруулаад Монголын соёл гээд Монголд хамаатуулаад байдаг. Тэр битгий хэл Хятад, Вьетнамын хил дээр үүнээс болж бараг л дайн болохоо дөхсөн шүү дээ. Тэнд байсан соёлын биет өв болсон сүм түүхээрээ бол Вьетнамынх гэдэг ч Хятадын газар нутаг дээр байдаг. Тэгэхээр ингэж хөөцөлдсөнөөр Монголын уртын дуу гэхээр Өмнөд Монголд бас уртын дуу байдаг. Өмнөд Монголын уртын дуу гэхээр Хятадын соёл болчихдог. Хөөмий гээд нэг хэсэг шуугиулсан. Хятад манай хөөмийг авах гээд байгаа юм шиг улстөржүүлээд сүүлдээ улс хоорондын дипломат харилцаанд нөлөөлөхүйц хэмжээнд хүрч, зохицуулах ажлыг хийж явлаа. Урлаг соёлоо сайтар судалснаар иймэрхүү асуудал гарч ирэхэд баримт нотолгоотой болно. Сүүлийн үед монгол гэр, монгол наадам бүгдийг нь бүртгүүллээ. ЮНЕСКО-д бүртгүүлснээр соёлын өвөө хамгаалчихдаг юм биш. Соёлын өвөө өөрсдөө эзэмшиж судалж, хөгжүүлэн авч үлдэх нь чухал болохоос биш аль нэг байгууллагад бүртгүүлснээр алдчихаж байгаа ч юм биш, авчихаж байгаа ч юм биш.
-Санамсаргүй юм гэж байдаггүй. Өвөө тань таныг урлаг судлаачийн замд хөтөлжээ. Өөрөө болохоор орчин үеийн урлагтай холбоотой хүн. Ийм өгөгдөлтэй хүнд магадгүй хийх ажил, гүйцэтгэх үүрэг өнөөдрийн нийгэмд байгаа нь лав. Тийм мэдрэмж танд төрдөг үү. Монголын урлаг дэлхийд шинэ сонсогдож байна гэж урлагийнхан ярьдаг?
-Аливаа нэг урлагийн төрлийг сонирхож сурах эрмэлзэл хүн болгонд л бий. Морин хуур тоглоод сурчихъя, ардын дуу дуулчихъя гэдэг. Шинжлэх ухаан талаас нь хариуцлага сонирхлыг л би яриад байгаа юм. Түүнээс биш өгөгдөл ч юм уу хэний хүүхэд байх нь падгүй.
-Урлаг судлаач болох нь таны мөрөөдөл биш үү, ямар чиглэлийг түлхүү сонирхож байв?
-Би нийгмийн ухаан, нийгмийн харилцааны чиглэлд илүү сонирхолтой. Нийгмийн харилцаа чухал зүйл. Аливаа нийгмийн үндсэн суурь гурван ойлголт бий. Хууль эрх зүй, эдийн засаг, харилцаа гэж. Харилцаан дотор соёл, бүх юм багтана. Нийгмийн харилцаанаас цаашдаа нийгмийн явах зүг чиг хандлага тогтдог. Амьдралын хэв маяг ч харилцаанаас бий болдог. Судлаач байна гэдэг маш их золиос шаарддаг. Өөрийгөө, гэр бүлээ аваад явах хэмжээний үр өгөөж өгдөггүй. Ховдод нэг туульчийг судалъя гэхэд нэг өдөр очиж уулзчихаад ирэх асуудал биш. Хэдэн сараар ажиллах хэрэгтэй болно. Би бол Ховдын Булганд гурван сар амьдарсан.
-Тэгээд энэ ажил таны сонирхлыг татсан уу?
-Татсан л даа. Судлахын тулд өөрөө бараг торгууд хүн шиг болж, дотор нь орж байж ойлгох ёстой юм билээ. Хүнээс хэдэн юм асууж бичээд ирэх биш. Өөрөө энэ сэдвээрээ өвчлөх хэрэгтэй.
-Та бараг л нийслэл хүү маягтай очсон байх?
-Ер нь бараг тэгсэн л дээ. Би орос сургууль төгссөн. Хөдөө орон нутгаар урт хугацаагаар явж үзээгүй. Хотын орчинд төрж өссөн болохоороо морь малаас хөндий. Хилийн наана торгууд айлд байсан.
-Нутгийн аялгыг ойлгоход хэцүү байсан уу?
-Сүүлдээ ойлгодог болж байгаа юм чинь. Судалгааны ажилд цаг, мөнгө хэрэгтэй. Анхнаасаа соёл урлаг судлалыг төрөлжүүлж санхүүжүүлэхгүй бол өнөөдөр төр засгаас урлагийн ажилтны цалин, барилгын халаалтад байгаа мөнгөө зарцуулаад илүү гарахгүй байна. Уг нь төрийн үүрэг бол соёлын өвөө хадгалж хамгаалах, сурталчлахад илүү мөнгө хаях ёстой. Урлаг өөрөө бие даагаад явчих боломжтой. Жишээлбэл Д.Болд, С.Жавхланг хар. Дуулдаг хүн хурим найрт дуулаад хэдэн төгрөгтэй гарч байхад судлаач яах юм бэ. Ямар судалгаанаасаа уншиж өгөх юм уу.
-Таны судалж байсан товшуур хөгжим одоо өвлөгдөж үлдсэн үү гэдэг сонин байна?
-Хөгжих хэрэгтэй л дээ. Язгуур урлагаа гүйцэд судалж, мөн чанарыг нь ойлгоогүй байхдаа хэлбэрийг нь өөрчлөөд, язгуур урлагийн холимог хамтлаг этник гэж ярьдаг юмнууд их гарч ирж байна. Тэрийг язгуур гэж андуурах вий гэдэгт би санаа зовдог.
Дундад Азийн бөмбөр энэ тэр гээд сайн судлаагүй хөгжмийн зэмсгүүдийг авчирч хольсноор ирээдүйд язгуураа мартах, будилуулах юм үүсэх вий.
-Та дэлхийд сонсогдохоор аялгуу бичье гэж үзсэн үү?
-Би хэзээ ч мундаг хит дуу хийе, дэлхийд танигдъя гэж бодоогүй. Өөрийгөө төгс илэрхийлж чадсан хүний бүтээл түгдэг. Түүнээс биш дэлхийд алдартай болно гэж урлаг руу анхнаасаа хөл тавьдаггүй байх. Оросын Виктор Цой гээд дуучин халуун усны газар галч хийж байгаад зүгээр л өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх гэж дуулснаар Орос даяар алдартай том од болтлоо явсан.
Өнөөдөр урлагийн салбар асар их стандартчлагдаж байна. Онолын хувьд, дуугаралтын хувьд ийм тийм байх ёстой гэнэ. Маш их мөнгө хаяж байж дэлхийн зах зээл рүү гардаг. Хуучин бол авьяасаараа гарчихдаг байсан бол одоо өөр. Ерээд оны бидний танил “Энигма” гэдэг хамтлаг гэхэд л судлаач нар төсөл хийгээд түүндээ этник олон үндэстний язгуур урлагийг хольж хийсэн төсөл нь амжилттай явсаар, алдартай болсон. Одоо бол зах зээлд гарах эрхийг өчнөөн сая доллараар худалдаж авч, түгээлт хийж байж тэр зах зээл рүү орохоос биш цэвэр авьяасаараа гарахад хэцүү. “Ганнам стайл”-ыг Солонгосын Засгийн газраас санхүүжүүлээд, хөрөнгө оруулагчид бий болгоод, Америкийн зах зээл рүү гаргахаар You Tube-д мөнгө төлж байж бий болсон. Түүнээс биш тиймэрхүү хэмжээний дуу зохиосон уран бүтээлч дэлхийд зөндөө бий.
-Урлагт ч бас их гүрнүүдийн бодлого явж байна гэсэн үг үү?
-Ер нь бол урлаг эдийн засгийг сурталчлах бас нэг хэрэгсэл болчихоод байгаа юм. Солонгосын эдийн засгийг сурталчлахын тулд дуу хөгжим, хувцас загвараа хөгжүүлээд, одод нь солонгос машинаа унана, хоол ундаа иднэ, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас хунараа сурталчилна. Өөрсдийгөө сурталчлах компаниудын сонирхол нь урлагаа бас хөгжүүлж байгаа юм.
Манайд үйлдвэрлэл байхгүй учраас зөвхөн Монголынхоо аялал жуулчлал, уламжлалаа сурталчлах хэрэгцээ байна шүү дээ. Дотооддоо өчнөөн хамтлаг дуучид үзээд байдаг ч зах зээл жижигхэн учраас хөгжихгүй байгаа юм. Гол шалтгаан нь зах зээл байхгүй. Урлаг хөгжихийн тулд эдийн засгийн хөшүүрэгтэй байх учиртай. Эдийн засгийн хөшүүргийг үйлдвэрлэгч нар өгөх ёстой юм.
-Та БСШУЯ-ны Соёлын газрын дарга байхдаа Соёлын яам байх хэрэгтэй гэж удаа дараа санал гаргасан. Соёлын яам гэдэг өнгөрсөн түүхээс харвал заримдаа байж болдог, байхгүй ч байж болдог юм шиг явж ирлээ. Үнэхээр соёлын бодлогын хэрэгцээ байгаа юу?
-Соёл гэдэг бол үндэстэн уламжлал болон язгуур шинж чанараа хадгалах, тухайн үндэстэн өөрийгөө сурталчлах, өөрийн өнгө төрх, амин чанарыг хадгалах, монгол хүний өөрийн гэсэн онцлогийг хадгалж явахад чухал үүрэгтэй. Монгол хүний хөгжил, зан төлөвийг ч тодорхойлдог зүйл. Соёлын бодлого гэдэг угаасаа байсан, цаашдаа ч байх ёстой юм. Соёлын бодлого гэдгийг тухайн цаг үетэй нь уялдуулж хөгжүүлэх, чиглэлийг тодорхойлж судалж байх учиртай институт Соёлын яам болохоос биш цалин тавьдаг, концерт шоу санхүүжүүлдэг газар уг нь биш юм. Аливаа улс орнуудын Соёлын яам өөр өөрийн нөхцөлөөсөө шалтгаалаад, янз янзын бодлого хэрэгжүүлж байгаа юм. Бид болохоор Солонгос тэгдэг юм байна гээд хуулах гэдэг. Оросынх хүчтэй, Хятад бол маш их мөнгө хаяж байна гэдэг. Улсын үндсэн чиглэл, зорилго бүх юм уялдаж байгаа юм. Монгол Улсын хөгжилд соёлын ямар чиглэл уялдаж байгаа юм бэ гэдэг чухал. Нэг талдаа эдийн засгийн нөхцөл хөшүүрэг, төрийн тогтвортой бус байдлаас болоод хөрөнгө оруулалт цагтаа орохгүй байгаагаас хүмүүс соёлын бодлого хэрэгтэй юм уу үгүй юу гэж эргэлзэхэд хүрсэн юм. Соёл руугаа хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай. Соёлоо мөхөөчихвөл монгол хүн монголоороо үлдэхэд хэцүү.
-Таныг алдарт Батаарыг таних ажлын хэсэгт орж явахдаа үлэг гүрвэлийн наймаачин Эрик Прокопи гэж нөхрийн зургийг дарж, түүгээр нь дамжуулж манай мөрдөгчид энэ этгээдийг Монголын нутагт ирснийг баталсан гэсэн. Та яаж тэгж мөрдөгч шиг ажилласан юм бэ?
-Тухайн үед би Соёлын газрын дарга байлаа. Уг нь шинжлэх ухааны салбарынхны хөөцөлдөх ажил ч хамааралтай хүмүүс нь эзгүй байж таараад намайг тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны сайд энэ ажилд томилоод, ажлын хэсэгт оруулчихсан юм. Палеонтологич Х.Цогтбаатар, П.Цагаан гуай бид хэд Америкт очиж, Батаарыг Монголоос гаралтай гэдгийг таних ёстой байсан. Түрийвчээ хулгайд алдчихвал “Энэ миний түрийвч мөн” гээд таних ёстой. Тийм ажлаар явсан байхгүй юу. Батаарыг дуудлага худалдаанд оруулах гээд тухайн үедээ сенсаац болж байсан үе. Баримтжуулж, зургийг нь авч, мэргэжлийн хүн бүх шинж тэмдгээр нь тодорхойлж тайлан бичих ёстой. Нью Жерсид нэг буудалд буусан. Миний нойр солигдчихоод унтаж чадахгүй өглөө кофе уугаад буудлын үүдний хэсэгт утсаараа оролдоод сууж байв. Тэгсэн чинь урд нэг америк нөхөр утсаар яриад байна. Сонссон чинь бидний тухай яриад байна шүү. “Монголоос хэдэн нөхөд нөгөөдөхийг чинь шинжлэх гээд ирчихсэн байна” гээд шоолоод, доромжилсон маягаар яриад инээгээд байсан. “Энэ чинь юун нөхөр билээ, манай ажлын хэсэгт ороогүй л хүн байна даа” гээд утсаараа оролдож суунгаа зургийг нь авчихгүй юу. Хэл ус гадарладаг, хэрэгт дуртай маань хэрэг болсон. Тэгсэн чинь явж явж нөгөөдөх маань олдохгүй байсан Эрик Прокопи гэдэг нөхөр байж таарав. Монголчууд ирсэн гэдэг мэдээлэл аваад тандах маягтайгаар иржээ. Сүүлд америкчууд “Хамгийн азгүй хүн Эрик Прокопи юм” гэж тодорхойлсон. Нэгдүгээрт, Америкийн өчнөөн зочид буудал байхад заавал монголчуудын буусанд буугаад, Монголын Соёлын газрын даргын хажууд олон юм ярьж байж азгүйтсэн” гэж шоолсон юм. Дараагийн азгүйтэл нь яг нэгжлэг хийхээр гэрт нь очиход шуудангаар нь дараагийн худалдаж авсан яс нь ирж таараад час өдөр гээч нь л болсон доо. Зургийг нь авчраад тагнуулынханд өгсөн. Америкийн сониныхон бас тэр зургийг надаас гуйж авсан л даа. Тийм л явдал болсон юм.
-Ингэхэд та өвөө, эмээгийндээ өссөн гэдэг. Өвөөгийн хувьд хүүхэд хүмүүжүүлэх өвөрмөц арга барил байсан болов уу?
-Манай өвөө бичгийн хүн учраас намайг ухаан ороход л бичгийн машины ард сууж байдаг. Урлаг, соёлынхон судлаачид ирчихсэн гэрт нь яриа өрнүүлнэ. Томчуудын байгаа байдлыг хүүхэд хуулж сурдаг. Хуулах материал нь манай өвөө эмээ болсон учраас биеэ авч явах, хэлж байгаа үг яриа биднийг төлөвшүүлж байж. Өвөө, эмээ дээрээ өссөн хүүхдүүд хэрсүү, хөгшин бодолтой гэдэг. Эмээ бидэнтэй тоглох, үлгэр ярих цагийг илүү гаргадаг, дэлгүүр хоршоогоор дагуулж явдаг байлаа. Сүүлд их сургуульд ороход Ардын урлагийн танхимд өвөө ардын язгуур урлаг, урлаг судлалын хичээл зааж байлаа. Түүнээс биш багадаа өвөөг ажиллахад аль болох саад болохгүйг хичээдэг.
Харин өвөө жаахан халчихаад зочид явсны дараа үргэлжлүүлээд юм ярих гэхээр би л баригдана. Хажуудаа суулгаад эмээг их магтдаг. Ямар гайхамшигтай хүн болох тухай, бид бүгдээрээ өдий зэрэгтэй яваа нь эмээгийн чинь ач гэж ярина. Намайг алга болохоор эмээгээ сайн харж хамгаалах ёстой гэнэ. Намайг байхгүй болохоор гэхээр нь би уйлдаг. Сүүлдээ том болоод, өвөөг дуудахаар зугтчихдаг. Манай ахын охин Цэцэнцолмон сүүлд сайн урлаг судлаач болсон. Цэцээ маань миний оронд уйлчихсан сууж байдаг сан. Тэр бүхэн нь гэр бүлийн үнэ цэнийг бидэнд ойлгуулсан байх аа.