Арьс өнгөний их эмч Б.Нарантуяатай нарны харшлын талаар ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд манайд нэлээд хуурайшилттай, хэт халуун байх боллоо. Тиймдээ ч нарны харшилтай хүмүүс олон болсон байна. Нарны харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Нарны харшилтай болсноо яаж мэдэх вэ?
-Эрс тэс уур амьсгалтай, хуурайшилттай манай орны нөхцөлд гар, нүүр, биеийнхээ арьсыг нарнаас маш сайн хамгаалах хэрэгтэй. Нар гэлтгүй, орчны бохирдол зэргээс хамгаалж, органик бүтээгдэхүүн хэрэглэж занших хэрэгтэй. Ихэвчлэн дархлаа султай хүмүүс нарны харшилд өртөх гээд байдаг. Хавар, намар, зуны улиралд нар салхины улмаас нарнаас харшилдаг. Зургадугаар сарын сүүлчээс наймдугаар сарын эхэн үе хүртэл нарны харшил тусах магадлал өндөр. Хурц наранд гарахад биеийн ил байгаа хэсэгт тууралт гарч халуу оргин загатнавал нарны харшил гэж ойлгож болно. Загатнасан үед аль болох маажихгүй байвал сайн. Тэгэхээр нарны харшилтай хүмүүс нарны хэт ягаан туяаны идэвхжил ихсэхээс өмнө өөрт тохирсон эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Хэрэв нарны харшилтай болчихсон бол хурц нартай өдөр аль болох гадуур гарахгүй байж, чийглэг агаар амьсгалан, хүйтэн шүршүүрт орох нь харшлыг сэдрээхгүй байх боломжтой байдаг юм шүү. Мөн даавуун материалтай битүү хувцас, нүдний шил, саравчтай малгай өмсөж, өөрийгөө нарнаас хамгаалах хэрэгтэй. Нарны шүхэр хүртэл тогтмол бариад сурчих хэрэгтэй.
-Нарны харшлыг хэрхэн эмчлэх вэ?
-Хүний эрүүл мэндийн онцлог, насны ялгаа зэргээс хамаараад эмчилгээ өөр, өөр байна. Тогтсон нэг эмчилгээ нэг заавар гэж бараг байхгүй.Мөн эмчилгээнээс гадна зөв хооллолт, арьс хамгаалах арга их чухал. Тиймээс юун түрүүнд мэргэжлийн арьс өнгөний эмчид хандах хэрэгтэй. Цаг алдалгүй зөв эмчилгээ хийвэл бүрэн эдгэрэх боломжтой өвчин. Нарны харшил хүний биед зовиуртай, эмчлэхэд нэлээд төвөгтэй өвчин.
-Хамгаалалт гэхээр хамгийн түрүүнд нарнаас хамгаалах тосыг тогтмол түрхэх ёстой юу. Нарнаас хамгаалах тосыг хэрхэн, яаж хэрэглэх нь зөв юм бэ?
-Нарнаас хамгаалах тос маш олон төрөл бий.Тиймээс өөрийн арьсныхаа онцлогт тохируулан сонгох ёстой. Тослог арьстай хүний түрхэж байгаа нарны тос хуурай арьстай хүнд таарахгүй. Тослог арьстай хүн усан суурьтай тос түрхэх ёстой бол хуурай арьстай хүн чийгшил, тослогийг сайн агуулсан тос түрхэж байх шаардлагатай байдаг. Нарнаас хамгаалах тос SPF буюу PA гэсэн хоёр үзүүлэлттэй. Уг хоёр үзүүлэлт тодорхой хэмжээнд өндөр түвшинд байсны үндсэн дээр хамгаалах чадвараа агуулдаг. Гэхдээ SPF нь өндөрсөх тусам химийн агууламж нь ихсэж, төдий чинээгээрээ хүний арьсанд хортой чанар үзүүлэх магадлал өндөртэй. Хамгийн тохиромжтой SPF-ийн хэмжээ нь 15 эсвэл 30-тай байх хэрэгтэй. 30-аас дээшийг хэрэглээд байвал арьс гэмтэнэ. Тиймээс хэт өндөр хамгаалалттайг шаардлагатай үед түрхэж байх ёстой.
-Нарнаас хамгаалах тосыг хэдэн цаг тутамд түрхэх нь зөв бэ?
-Нарнаас хамгаалах тосыг өглөө гэрээсээ гарахаас 20-30 минутын өмнө түрхэж арьсандаа шингээнэ.SPF 20-30-тай тосыг та өдөртөө 2-3 цаг тутамд заавал сэргээж түрхэнэ. Өдөртөө тосоо арчиж авлаа, арьсыг цэвэрлээд дахиад сэргээж түрхэнэ гэсэн үг. Нарнаас хамгаалах тос маань 2-3 цагийн дараа хамгаалах идэвхээ алдчихдаг. Нарны тосон дээрээс будалт хийх нь нүүрний арьсыг хамгаалах сайн арга шүү.
-Мөн халуун өдрүүдэд нарших гэдэг нэг асуудал байна. Наршихаас хэрхэн сэргийлэх боломжтой вэ?
-Наршихгүйн тулд үд дундын хэт халуун наранд аль болох гадаа гарахгүй байх, гарсан ч олон цаг болохгүй байвал сайн. Наршсан тохиолдолд, хэвтэх үед толгой эргэж дотор муухайрна. Мөн бөөлжиж, зарим тохиолдолд халуурдаг. Хэрэв наршсан бол хүйтэн усанд норгосон алчуураар биеэ сайтар арчиж, толгой дээрээ хүйтэн жин тавих хэрэгтэй. Мөн хүйтэн агаар үлээгчээ ажиллуулбал сайн. Гэхдээ наршсан үед хэт хүйтэн ус ууж болохгүй. Бүлээн шингэн зүйлийг ойр, ойрхон ууна. Зүрх савлаж эхэлбэл тайвшруулах үйлчилгээтэй зүрхний эм ууж, гэрээсээ гаралгүй хэвтэх хэрэгтэй. Халуурч, амьсгаадаж, дотор муухайрч, нүд эрээлжилж, бөөлжис цутгаж эхэлбэл нэн яаралтай эмчид хандаарай.
-Нярай хүүхдийг наранд түлэгдэхээс, наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
-Хөхөөр хооллодог бол өөр шингэн ус өгөх шаардлагагүй. Хүүхдийн нас бага тусам арьс нь нимгэн, эмзэг булбарай байдаг болохоор наранд амархан түлэгдэх гээд байдаг.Наранд түлэгдсэн хүүхдийн арьс улайж хавдан хөндүүрлэн өвдөнө. Хүнд тохиолдолд цэврүү үүсч, зарим тохиолдолд зовхи сэлхэрч хавагнадаг. Түлэгдсэн арьсан дээр хүйтэн усаар норгосон цэвэр алчуур тавьж болно.Хэд хоногийн дараагаас түлэгдсэн арьс гуужих үед лосьон, чийгшүүлэгч сүүн шингэн эсвэл эмульс түрхэх нь загатнааг багасгадаг. Наршсан бол хүүхэд 39 түүнээс өндөр халуурах ба хөлс гардаггүй, парацетамолд буурдаггүй онцлогтой. Арьс нэлэнхүйдээ улаан, халуун байхаас гадна толгой нь хүчтэй өвдөж бөөлжинө. Харин наршсан үед шингэн баах буюу суулгадаггүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй.