Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн 2а ангийн багш Б.Нарантуяатай ярилцлаа.
-Та хэдэн жил багшилж байна. Бага ангийн багшийн онцлог нь юу вэ?
-Би 1994 оноос хойш 26 дахь жилдээ боловсролын салбарт ажиллаж байна. Анх багш болсноосоо хойш бага ангийн багшаараа л дагнаад явж байгаа. Бага насны хүүхэд өөрөө их онцлогтой. Сурагч болох эхлэлийг бага ангиас нь л тавина. Суурь сайтай хүүхэд дунд, ахлах ангид ороод ч сайн суралцсаар байдаг. Тиймээс бага ангийн хүүхдийн суурийг зөв сайн тавих ёстойгоороо илүү онцлогтой байдаг л даа.
-Таныг анх багш болох үеийн хүүхдүүд одоо үеийн хүүхдүүдийн сэтгэл зүй хэр өөрчлөгдсөн бэ?
-Өөр шүү. Маш өөр болсон. Тэр үед хүүхдүүд сургуульд найман настай ордог байсан. Тиймээс илүү биеэ даагаад сурчихсан, зургаан настнуудыг бодвол хичээл хийх чадвар өндөр байдаг. Одоо зургаан настай орж байгаа болохоор арай балчир. Бие даалгаад хийлгэнэ гэж байхгүй. Заавал дагуулж, анхаарлыг нь төвлөрүүлж байж хийлгэнэ. Түүнээс найм, зургаан насны зөрүү маш их харагддаг.
-Тэгэхээр эцэг эх, багш, хүүхдийн харилцаа ямар байх ёстой вэ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ яаж чиглүүлж сургах вэ?
-Намайг анх багш болж байх үеийн эцэг эхчүүд одоогийн үеийнхнээс илүү төлөвшил сайтай, хүүхдүүдээ байнга асууж сурдаг байж. Гэрийн даалгаврыг нь байнга өөрсдөө хийлгэдэг, харилцаа холбоо сайтай байсан. Одооны зургаан настай хүүхдүүдийн эцэг эхчүүд залуухан шүү дээ. Ихэвчлэн хориос гучин насны залуус байна. Эдгээр залуу хүмүүс хүүхдүүддээ хандах хандлага бас арай өөр л дөө.
-Эцэг эхчүүд хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хэрхэн хийлгэж сургах вэ?
-Гэрийн даалгаврыг хийлгэхэд хамгийн түрүүнд сууж сургах хэрэгтэй. Сууж сурсан хүүхэд биеэ даагаад өөрөө хичээлээ хийчихдэг. Тэгэхээр хамгийн эхэнд хүүхдээ зөв суулгах дадлыг олгох хэрэгтэй. Хүүхэд 3-4 дугаар ангид ороод ирэхээрээ нэгэнт дадал, арга барилаа эзэмшчихсэн байдаг. Хамгийн гол нь тогтвортой суулгаж, анхаарлыг нь төвлөрүүлж байж хичээлээ хийх ёстой. Түүнээс хүүхэд дангаараа биеэ дааж сурна гэж байдаггүй. Эцэг эхчүүд байнгын холбоотой хамтран ажиллах хэрэгтэй. Багшаас байнга зөвлөгөө авч байх нь зүйтэй. Түүнээс эцэг эх бүгдийг сайн хийх ёстой, мэддэг байх ёстой гэдэг зүйл байхгүй шүү дээ. Эцэг эхчүүдэд ч мэдэхгүй зүйл зөндөө гардаг. Тиймээс байнга холбоотой ажиллаж байж хүүхдийн сурах чадвар сайжирна. Багштай хамтран ажиллаж байж л хүүхдийнхээ даалгаврыг хийлгэнэ.
-Хүүхэд гэдэг эх орны ирээдүй. Хүүхдүүд сайн сурч, зөв хүн болж төлөвшиж байж Монгол Улс хөгжинө, сайжирна гэдгийг хүүхдүүдэд ухамсарлуулдаг уу. Ирээдүйн эх орны иргэдээ хэрхэн бэлтгэдэг вэ?
-Шууд эх орны ирээдүй гэхээр бага насны хүүхэд хүлээж авч ойлгох чадвар нь өөр л дөө. Тэгэхээр хүнлэг хүнийг эхлээд бэлтгэж байж эх оронч сэтгэлгээ дараа нь сууна. Тиймээс эхлээд хүнтэй мэндэлж сурах, хүндэлж сурах дадлыг олгох хэрэгтэй. Өөрөөсөө ахмад настныг хүндлээд сурчихсан бол дараагийн цэвэр байх, хогоо хаяхгүй байх, хог хаясан байвал аваад хогийн саванд хийх гэдэг дадлыг суулгах хэрэгтэй. Ингэж шат дараатай явж байж бага насны хүүхдэд эх оронч үзлийг суулгах ёстой болохоос юу ч мэдээгүй хүлээж аваагүй байгаа тархинд шууд л чи эх орны ирээдүй гээд байж болохгүй л дээ. Нэгдүгээр ангиас бид орчинтойгоо хэрхэн харьцах, бусадтай хэрхэн харилцах талаарх мэдлэгийг олгохыг зорьдог.
-Нэгдүгээр ангийн хүүхэд уншиж бичиж сураад төгсдөг. Хоёрдугаар ангид орж ирэхдээ мартах, хичээлээ хийгээгүй орж ирэх тохиолдол гарах уу?
-Зөндөө байна. Уншиж чадахгүй болоод ирэх ч хүүхэд байна. Тэр болгоныг эхнээс нь дахин сэргээж, санах ойлголтыг өгнө. Манай ангийн хэсэг хүүхдүүд үсгээ мартаад л ирж. Тэдэнтэй дахиад л тулж ажиллана даа.
-Бага ангийн багшид хамгийн их тулгардаг бэрхшээл юу вэ?
-Нэг анги хамгийн багадаа тавин хүүхэдтэй. Өдөр бүр тавин хүүхдэд тулж ажиллах хүндрэлтэй. Хичээлийн цагаар өөр зүйл зориулах цаг зав ер гардаггүй. Нэг хүүхэдтэй байнга тулж ажиллаж чадахгүй учраас бусдаасаа хоцорсон хүүхдүүдийг өдөрт хичээлийн цагаас нэг цагийн өмнө ирүүлж бусад хүүхдүүдийнх нь түвшинд зэрэгцүүлж аваачихын тулд ажилладаг. Тавин хүүхэдтэй ганцаараа ажиллана гэдэг хүнд л дээ. Сургалтын ажиллагаанаас гадна бид гуравдугаар цагийн завсарлагаанаараа үдийн цай уудаг. Багш нар өөрсдөө сурагчдадаа хоолоо аягалж өгдөг. Тэгэхээр сургалтын цагаас их явдаг. Түүнд л гэхэд туслах багш үнэхээр хэрэгтэй байдаг. Тиймээс би хувьдаа бага ангийн багш нарт туслах багш хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа. Тэгвэл бидэнд сургалтын цаг гаргахад, чадвараа нэмэгдүүлэхэд арай илүү өгөөжтэй байж чадна.
-Олон жил бага ангийн багшаар ажилласан болохоор хөгжилтэй зүйл их тохиолдох байх даа. Дурсамжаасаа хуваалцаач?
-Байлгүй яахав, зөндөө бий. Хүүхэд гэдэг их хөөрхөн, гэнэн цайлган ертөнц байдаг. Байгаа орчныхоо зүйлийг юу ч бодолгүй ярьчихдаг. Гэнэн итгэмтгий. Ангид болсон зүйлээ гэртээ очоод ярьчихна. Гэртээ болсон зүйлээ ангидаа ирээд ярина. Ангиа андуурч орж ирээд бүтэн өдөржин суусны дараа өөр анги гэдгээ мэднэ. Нэгдүгээр ангийн хүүхдүүд анх орж ирээд өдөржин уйлна. Аргадахаар хүүхэд улам уйлдаг. Ном цүнхээ солино, мартана гээд олон зүйл болдог л доо. Одоо ангид маань шавийн минь хүүхэд сурч байна. Эхнээсээ А үсэг заалгаж байсан шавь нар минь “Багш аа танд л хүүхдээ өгнө” гээд хүүхдээ дагуулаад ирдэг. Харьяаллынх болохоор тэгээд авч л байгаа юм л даа.