Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Нансалмаа: Чихэвчнээс болж сонсгол муудаж буйг залуучууд анзаардаггүй DNN.mn


Гудамжаар алхахад таван залуу тутмын гурав нь чихэвч зүүн алхана. Зөрөөд өнгөрөхөд хөгжмийнх нь дуу тод сонсогдож байхыг бодоход хамгийн чанга дээр нь тохируулчихдаг бололтой. Чихэвчнээс болж сонсгол буурвал сэргэх боломжгүй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй, анзаардаггүй байна. Тиймээс олон цагаар чихэвчээр хөгжим сонсох нь ямар сөрөг үр дагавар дагуулдаг талаар Чих, хамар, хоолойн эмч Б.Нансалмаатай ярилцлаа.


-Сүүлийн үед хүүхэд, залуус чихэвч их хэрэглэж байна. Чихэвчийг олон цагаар хэрэглэх, чанга сонсох зэрэг нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Сонсгол бууралт маш олон шалтгаантай. Тэдгээр шалтгааны нэг нь чихэвчний хөгжим яах аргагүй мөн. ДЭМБ-аас гаргасан заавар ч бий. 80-аас дээш децибелтэй чимээг чанга чимээ гэж үздэг бөгөөд хүн ийм чимээнд удаан байвал дотор чихний эсүүд гэмтэж, сонсгол нь мууддаг.

Чихэвчний хөгжмийг нэг цагаас дээш хугацаагаар чанга сонсвол сонсгол бууралт үүсгэнэ. Мөн маш хүчтэй чимээний улмаас гэнэтийн дүлийрэл үүсдэг. ДЭМБ-ын заасны дагуу 60-70 децибелээр сонсож байвал 20-30 минутаас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.

Чихэвч зүүсэн залуусын юу сонсож байгаа нь бусдад сонсогддог.
Энэ нь хэдэн децибелтэй сонсож байна гэсэн үг вэ?

-110-аас дээш децибелтэй сонсож байна гэсэн үг. Тиймээс ийм хэмжээний хүчтэй дуу чимээ удаан хугацаанд сонсвол сонсголын бууралттай болж улмаар дотор чихээ гэмтээж дүлий болох эрсдэлтэй. Гэхдээ чихэвчнээс болж сонсгол нь муудах тохиолдлыг залуучууд төдийлөн анзаардаггүй. Илт юм сонсохгүй болох, нэлээн хүндэрсэн үед нь эмнэлэгт ирдэг.

-Дуу чимээнээс болж сонсгол муудсан тохиолдолд эмчилгээгээр хэвийн болгох боломжтой юу?
-Хүчтэй дуу чимээ шууд дотор чихэнд нөлөөлдөг учраас түүнд байрладаг сормослог эсүүд гэмтэж, дахин нөхөн сэргэх боломжгүй өөрчлөлтөд ордог. Дотор чих хамгаалах олон давхаргатай боловч, чихэвчийг чихний суваг руу ойрхон хийж, удаан хугацаанд чанга хөгжим сонсвол гэмтээж байна гэсэн үг. Хамгийн гол нь чихэвч их хэрэглэснээр, мөн чанга сонссоноос болсон сонсголын бууралт дахиад сэргэдэггүй.

-Байнга чихэвчээр дуу хөгжим сонссоноос үүдэн эмнэлэгт хандах тохиолдол хэр ажиглагдаж байгаа вэ?

-Ер нь сүүлийн үед сонсголын асуудалтай залуучууд маш их оношлогдож байна. Ялангуяа, утасны оператор буюу байнга утастай холбоотой ажил хийдэг, баар цэнгээний газар, уул уурхайд ажилладаг, өрөмдлөг хийдэг хүмүүст сонсгол бууралт үүсэж байгаа нь ажиглагдаж, эмнэлэгт ханддаг.

-Чихэвч сонсголд нөлөөлөхөөс гадна дамжуулдаг гэдэг. Энэ нь чихний үрэвсэл, халдварт өвчний шалтгаан болдог уу?

-Чихэвчээ хүнтэй сольж хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хүйтэн сэрүүний улиралд малгайгүй явдаг хүмүүс бий. Удаан хугацаанд малгай өмсөхгүй явснаар тархины судасны нарийсал үүсдэг. Улмаар чих шуугих, мэдрэлийн гаралтай сонсголын бууралт үүсэх эрсдэлтэй.

-Удаан хугацаанд чихэвчээр хөгжим сонсох нь мэдрэлд нөлөөлж, мэдрэлийн ядаргаанд оруулах уу. Зарим нь бүр чихэвчтэйгээ унтчихдаг тал бий?

-Чихэвчээр хөгжим сонсох нь мэдрэлийг шууд гэмтээхгүй ч дотор чих мэдрэлтэй холбоотой байдаг. Ямар нэгэн мэдээлэл дотор чихээр дамжин тархи руу очдог.

-Чихэвчийг хэрхэн зөв хэрэглэх ёстой бэ?
-Цаг үеэ дагаад технологи өндөр түвшинд хөгжиж байна. Чихэвч хэрэглэх хүмүүсийн тоо эрс өссөн. Чихэвчээр сонсож байгаа дууны хүчийг 100 нэгжээр хэмжих юм бол 50 децибелээр нэг цагийн хугацаанд хэрэглэх нь хамгийн зохистой хэрэглээ. Тиймээс тодорхой хүчээр, тодорхой заасан хугацаанд тогтмол бус сонсох хэрэгтэй.


ДЭМБ-ын судалгаагаар 85 децибел хэмжээгээр, нэг цаг чихэвч ашиглахад сонсголын эрхтэн гэмтдэгийг тогтоосон


Дууны даралт ба сонсох мэдрэмжийн хамаарлыг децибел гэх нэгжээр илэрхийлдэг ба хүмүүсийн харилцан ярианы түвшин 60 децибел байдаг бол онгоц буух үеийн чимээний түвшин 110 децибел байдаг. Харин өнөө цагт үйлдвэрлэгдэж буй хөгжим тоглуулагч, ухаалаг утас зэргийн чангаруулагчийн дээд түвшин 120 децибел байдаг байна.

Өөрөөр хэлбэл, хөгжмөө эцэст нь тавьж сонсох нь онгоц буух үеийн дуу чимээтэй тэнцэж байна гэсэн үг. ДЭМБ-ын судалгаагаар 85 децибел хэмжээгээр, нэг цаг чихэвч ашиглахад сонсголын эрхтэн гэмтдэгийг тогтоосон юм. Хүний чихийг гадна, дунд, дотор гэж хуваадаг.

Гадна, дунд чих нь дуу дамжуулах үүрэгтэй бол дотор чих дууны дамжиж ирсэн механик энергийг биологийн энерги болгож, сонсголын мэдрэлээр дамжуулах үүрэгтэй байдаг. Харин чихэвчээр сонсож буй чанга дуу чимээ таны тархинд байрлах олон давхар хамгаалалт бүхий дотор чихэн дэх сормослог эсийг гэмтээж, улмаар сонсгол бууралт, дүлийрэлд хүргэдэг аж. Өөрөөр хэлбэл, чихэвчээ хэт чанга сонсож, сонсголын мэдрэлээ гэмтээж байна гэсэн үг.

Явган зорчигч замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, утсаар ярих нь хуулиар хориотой

Чихэвчээр хөгжим сонсоод орчноос тусгаарлагдсан үедээ осолд орж амь насаа алдсан цөөнгүй жишээ бий. Тэрхүү харамсалтай хэргийг эргэн сануулбал,

  • 2012 оны есдүгээр сарын 17-ны өдөр “Тэнгис” кино театрын урд баригдаж байсан барилга дээрээс арматур унаж цэл залуу 21 настай Б амь насаа алдсан. Барилгаас ямар нэгэн зүйл нурж байгааг харсан хүмүүс бүгдээрээ холдсон ч амиа алдсан залуу чихэвчний хөгжим сонсож явснаас хүмүүсийн анхааруулж хэлснийг сонсоогүй.
  • 2017 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Толгойт өртөөний зам дээр 17-18 насны хоёр охин галт тэргэнд дайруулж газар дээрээ нас барсан хэрэг гарсан. Энэ талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхдээ амиа алдсан хоёр охин тухайн үед чихэвч зүүчихсэн явсан учраас галт тэрэгний дуут дохиог сонсолгүй төмөр замын гармаар гарч яваад дайруулсан байна хэмээн мэдээлж байв. Д.Баттогтох


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *