БНСУ-д энэ сарын 23-26-ны өдрүүдэд Олимпийн таеквондогийн өсвөрийн ДАШТ болж өнгөрлөө. Тус тэмцээний бага насны ангилалд буюу -47 кг-ын жинд Б.Намуун хүрэл медаль хүртсэн билээ. Түүний гаргасан амжилт нь Монголын таеквондогийн түүхэнд бичигдэж байгаа бөгөөд анх удаа ДАШТ-ээс медаль хүртэж буй тохиолдол болоод байгаа юм. Ингээд Болдбаатарын Намуунтай ярилцлаа.
-Өөрийн тань жинд хичнээн тамирчин оролцсон бэ?
-Хоёр дахь удаагаа зохиогдож буй өсвөрийн ДАШТ-д 75 орны 750 гаруй тамирчин оролцсон гэсэн мэдээлэл байсан. Миний жинд 27 тамирчин өрсөлдсөн.
-Хичнээн тулаан хийж медалийн болзол хангасан бэ?
-Би гурав хожиж хүрэл медалийн болзол хангасан. Эхний тулаандаа Энэтхэг улсын тамирчинтай таарч 32:1 онооны харьцаатайгаар илт давуу байдлаар хожсон. Дараагийн тулаандаа Английн тамирчинг 10:8 харьцаатайгаар мөн буулгаж авсан. Ингээд хүрэл медалийн төлөө Америкийн тамирчинтай тулалдаж 15:7 харьцаатайгаар ялалт байгуулсан.
-Мөнгөн медалийн төлөө мөн хүч үзсэн боловч ялагдсан шүү дээ. Бичлэгээс харахад өрсөлдөгч тань чац өндөртэй харагдсан. Тулааны үед өндөр, нам маш чухал биз?
-Тийм ээ. Надаас өндөр. Би мөнгөн медалийн төлөө Францын тамирчинтай тулалдаж 20:12 харьцаатай хожигдсон. Надаас өндөр л дөө. Гэхдээ надад хожих боломж бүрэн байсан.
-Өндөр тань хэд вэ?
-170см.
-Тэгээд яагаад боломжоо бүрэн ашиглаж чадсангүй вэ?
-Анх удаа дэлхийн аваргын тулаанд оролцож байгаа учраас нэлээд сандарсан. Гэхдээ мөнгөн медаль хүртэл явна гэдэг анх удаагаа оролцож буй миний хувьд том амжилт шүү дээ. Тиймээс энэ хүртэл явсан юм чинь дахиад ч ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан маань бага зэрэг нөлөөлсөн байх. Өөртөө итгэлтэй үед өрсөлдөгчөө басах, өөр юманд сатаарах зэргээс болж цохилт алдах тал бий. Би хоёр удаа толгойндоо цохиулж оноо алдсан.
-Хэдэн оноо алдсан бол?
-Зургаан оноо алдчихсан. Толгойнд ямар ч байдлаар цохилт хийсэн нэг цохилт бүр гурван оноо байдаг. Миний хувьд эхний үеийн тулаанд зургаан оноо алдсан. Их оноо алдчихаар тоглолтын явцад нөхөж гүйцэх хүнд байсан. Уг нь миний толгойны цохилтуудын оноог өгсөн бол би нэг онооны илүүтэйгээр хожих боломж байсан.
-Яагаад оноог нь өгөөгүй гэж?
-Би Францын тамирчны толгойд гурван удаа онооны цохилт хийсэн. Харамсалтай нь миний цохилтод оноо өгөөгүй. Хэрвээ оноо өгсөн бол ялах боломж байсан.Энэ ялагдал надад асар том туршлага, сургамж болсон. Би ялагдсан тамирчинтайгаа дахин тулалдаж заавал буулгаж авах болно. Мөн миний амжилт зөвхөн үүгээр зогсохгүй. Намайг азийн аварга, ДАШТ, олимп хүлээж байгаа. Би энэ амжилтдаа ханахгүй. Олимпийн аварга болно. Би улам их хичээх болно.
-Энэ удаагийн өрсөлдөгчид хэр нэр хүндтэй тамирчид байсан бэ?
-Америк, Англи, Франц гээд бүгд л Европын аварга, цуврал тэмцээнүүдэд дандаа эхний гуравт ордог туршлагатай тамирчид гэсэн. Европын тамирчид нуруу өндөртэй санагдсан. Нуруу өндөртэй тамирчдын хөлний цохилт хүчтэй жийлттэй ирж байсан. Хамгаалахад бэрх. Гэхдээ би ямар ч тулаанд өрсөлдөгчөөсөө айдаггүй, дайрч тулалддаг.
-Тэмцээний үеэр ямар багш дасгалжуулсан бэ. Тулалдах үедээ шүүгчийнхээ хэлж буйг сонсч хэрэгжүүлж чаддаг уу?
-Тэмцээний дасгалжуулагчаар Солонгосын Хон Инёон багш ажилласан. Ринг дээр гарах үед багшийнхаа хэлж байгаа үгийг маш сайн сонсдог. Мэдээж дасгалжуулагчаа сонсч, мэдэрч байж тулаандаа тусгаж алдаа оноогоо тэнцвэржүүлдэг. Мөн энэ завшааныг ашиглаад Ү.Ган-Эрдэнэ, Эрдэнэбаатар багш нартаа баярласнаа илэрхийлье. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, илүү их амжилт гаргах болно.
-Тулааны арга барилаасаа хуваалцахгүй юу?
-Тулаан минут 30 секундээр гурван үе үргэлжилдэг. Эхний үед тамирчдын аль аль нь анаж отсон шинжтэй тоглоно. Дараагийн үеүдэд өрсөлдөгчийнхөө сул талыг ашиглаж тоглолт гаргадаг.
-Хүрэл медаль хүртэж Монголын таеквондогийн түүхэнд тэмдэглэгдлээ гэж багш тань хэзээ хэлсэн бэ?
-Тулааны дараа хэлсэн. Таеквондогийн спорт Монголд хөгжөөд 24 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд дэлхийн аваргаас медаль хүртсэн удаагүй юм билээ. Би түүхэн амжилт гаргасандаа баяртай байна. Яг хүрэл медалийн болзол хангах өмчид үнэхээр их баярласан. Өөрийн эрхгүй нулимс унагасан. Анх удаа ийм том тэмцээнд орсон болохоор хэсгийн тулаандаа их хичээж тулалдсан. Харин хүрэл медаль авчихаад амьсгаа авах сэхээтэй болсон шүү.
-Өмнө нь хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан гэсэн. Яагаад сонирхол өөрчлөгдчихөв өө?
-Би богино зайн гүйлт болон уртын харайлтаар хичээллэдэг байсан. “Алтан гран при” тэмцээнд оролцож 100 метрийн гүйлт, уртын харайлтаар алтан медаль хүртэж байлаа. Дүүргийн аваргаар гурван ч удаа тодорсон ш дээ. Миний аав С.Болдбаатар хөнгөн атлетикийн спортын мастер тамирчин. Тиймээс аавыгаа дагаж нэг хэсэг хөнгөн атлетикаар хичээллэсэн дээ.
-Тэгээд яагаад таеквондог сонгов?
-Юуны өмнө ээждээ баярлалаа. Намайг ямар л тэмцээн уралдаанд орно надтай байнга л хамт байж, ар талыг минь сайн зохион байгуулдаг. Миний хувьд 2013 оноос таеквондогоор хичээллэж эхэлсэн. Манай ээж Г.Туяа намайг анх таеквондогийн клубт дагуулж очсон. Тухайн үед 48 цаг эхнэрээ зодож хөнөөсөн аймшигтай хэрэг Монголд гарсан байсан. Хүн болгон л энэ хэргийн талаар мэдэж байгаа байх. Тэгсэн ээж тэр мэдээг үзээд “Нийгэм эрээнтэй бараантай зүйлээр хослон байдаг. Охин хүн ядаж өөрийгөө хамгаалах анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй. Ядаж л гудамжинд цүнхээ булаалгачихгүй ганц цохичих чадалтай бай” гээд таеквондогийн спортыг санал болгосон. Ээж бид хоёр хаана ямар клуб байдгийг мэдэхгүй 1950 лавлахаас лавлаж байгаад “Элит” төвийн “Олимп” таеквондогийн клубт очсон. Эхэндээ биеэ хамгаалах зорилготой л хичээллэж эхэлсэн. Хоёр сар хичээллээд ганц нэг тэмцээнд ороод байр эзлээд ирсэн чинь гоё санагдаад ер нь мундаг тамирчин болно гэж эргэлт буцалтгүй шийдсэн. Тэгээд ч дэлхийн таеквондог бодвол олимпийн таеквондогийн төрөл хамгаалалт хэрэгсэлтэй, олимпод оролцдогоороо онцлогтой. Тулааны 80 хувийг хөл, 20 хувийг гарын цохилт эзэлдэг. Тиймээс гэмтэж бэртэх тохиолдол ч бага гардаг.
-Танай аав, ээжийн талд олон нэртэй тамирчид байдаг гэсэн?
-Тийм ээ. Манай өвөө Самдан Монгол Улсын начин. Гавьяат тамирчин, дугуйчин Ж.Өлзий-Орших ах, Ж.Өлзийбаатар ах, Ж. Өлзийсолонго эгч нар манай ээжийн дүү нар. Би айлын бага. Манай ах бас жүдогоор хичээллэдэг байсан. Ж.Өлзий-Орших ах намайг дугуйчин болгох гэж мөн ч их ятгасан даа.
-Өнгөрсөн хугацаанд таеквондогоор ямар амжилт үзүүлсэн бэ?
-2014, 2015 оны улсын аварга, 2014 онд Солонгост болсон олон улсын нээлттэй тэмцээнээс алт, Тайванд болсон Азийн бага насны аваргаас хүрэл медаль хүртэж “Шилдэг эмэгтэй тамирчин” цом авсан.
-Тулалдахаас өөр ямар сонирхолтой вэ?
-Дуулах, бүжиглэх сонирхолтой. Гэхдээ шүлэг уран унших хамгаас илүү дуртай.
-Ямар шүлэг уншдаг юм бэ?
-Эхийн тухай л бол ямар ч хамаагүй. Яруу найрагч, зохиолч Б.Лхагвасүрэнгийн эхийн тухай олон сайхан шүлгийг унших дуртай. Би сургуулийнхаа урлагийн үзлэгт байнга оролцдог. Дүүргийн урлагийн үзлэгт уран уншлагын төрөлд хүрэл медаль хүртсэн байгаа.
-“ТВ9” телевизийн “Гоёо гоёо” хүүхдийн нэвтрүүлгийг хөтөлдөг байсан байх аа?
-Тийм. Таван жилийн өмнө бага ангийн сурагч байхдаа хөтөлдөг байсан. Гэхдээ би телевизээс илүү спортод сонирхолтой юм байгаа юм.
-Одоо хэддүгээр анги вэ?
-Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч.
-Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байна вэ?
-Энэ сарын 5,6 нд клубын нэрэмжит тэмцээн болно. Мөн Хүүхдийн спортын V их наадамд оролцоно доо.