Багш Б.Мягмардорж эчнээ ангийн оюутнуудад симулятор дээр экскаватораар хэрхэн ажиллахыг зааж байгаа нь
Техник технологийн дээд сургуулийн Технологийн тэнхимийн Хүнд машин, механизмын багш Б.Мягмардоржтой ярилцлаа.
-Та энэ сургуульд хэзээнээс багшилж эхлэв?
-Өнгөрсөн жилийн гуравдугаар сараас багшилж эхэлсэн.
-Та хичнээн төрлийн хичээл заадаг вэ?
-Инженерийн ангид барилгын машин, тоног төхөөрөмжийн хичээл, мөн материалын эсэргүүцэл гэдэг хичээл заадаг. Хүнд машин, механизмын операторын болон нэг жилийн сургалттай ангиудад симулятор дээр экскаватор жолоодох хичээл заадаг. Дотоод шаталт хөдөлгүүрийн түлшний төхөөрөмж шалгах, ажлын зураг унших, газар шорооны ажлын өмнө судлах зэрэг 12 хичээл ордог.
Инженерийн анги маань онол үзчихээд семинар дээрээ түүнийгээ бататгадаг. Жишээ нь онол дээрээ ерөнхий зүйлээ үзчихээд дараа нь семинар дээрээ экскаваторын нэг цагт ажиллах бүтээл нь ямар байх вэ. Нэг ээлжинд ажиллах бүтээл нь ямар байх вэ гээд тооцоогоо үзчихдэг. Хүнд машин, механизмын ангид онол орно, онолын дагуу дадлага хичээл орно. Жишээ нь экскаваторын хичээлийг онолоор үзчихээд дараа нь симулятор дээр ажилладаг. Симулятор гэдэг нь сургалт, туршилтын ажилд зориулагдсан бодит орчны дуураймал загварчлал юм.
-Эдгээр мэргэжлээр суралцаж байгаа, сурагч, оюутнууд төгсөөд ямар мэргэжилтэй болдог юм бэ?
-Хүнд машин механизмын ангийн суралцагчид оператор, барилгын машин, тоног төхөөрөмж үзэж байгаа оюутнууд маань барилгын инженер, автозамын инженерээр төгсдөг. Материалын эсэргүүцлийн хичээл үзэж байгаа ангиудын суралцагчид барилга, авто, сантехникийн инженер болдог.
-Монголд мэргэжилтэй ажилтан дутагдаж байсан ч сүүлийн үед энэ чиглэлээр суралцагчдын тоо нэмэгдээд байгаа нь сайшаалтай?
-Мэргэжлийн боловсролтой ангиуд их болсон. Оператор, автомашины засварчин, барилгын мужаан, автозам, гүүрийн техникчийн ангиуд элсэлтээ аваад хичээл орж байгаа. Ер нь ийм чиглэлээр суралцахад төгсөөд ажлын байр хайгаад байх шаардлагагүй, ажил дээр гараад харьцангуй өндөр цалин, хангамжтай байдаг гэдгийг ойлгосон болохоор хүмүүс эдгээр мэргэжлүүдийг сонгодог юм шиг байна лээ. Төр засгаас ч энэ тал дээр анхаарал хандуулж мэргэжилтэй ажилтан, инженерүүдийг олон тоогоор бэлтгэж байгаа нь эргээд улс орны хөгжлийг хурдасгах том хүчин зүйл болов уу. Би хувьдаа инженерүүдийг бэлтгэхэд гар бие оролцож байгаадаа баяртай байдаг. Хэдий би туршлага багатай, шинэ багш ч гэлээ олон зүйлийг хийх том хүсэл мөрөөдөлтэй залуу хүн шүү дээ.
-Танай сургуулийн төгсөгчид төгсөөгүй байхдаа л ажлын байртай болчихдог. Төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байраар хангагддаг вэ?
-95 хувь нь ажлын байртай болдог. Ерөнхийдөө 80 хувь нь ажилтай золгодог гэдэг судалгаа бий л дээ.
-Та аль аймгийнх вэ?
-Би Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн. Арван жилийн сургуулиа Шинэ Идэр суманд төгсөөд ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд 2010 онд ороод 2014 онд төгссөн. Ингээд 2016 онд магистраа дүүргэсэн юм. ШУТИС-ийн багш доктор Я.Рэнчинванжил надад Техник, технологийн дээд сургуульд багшийн орон тоон дээр багш шалгаруулж авч байгаа юм байна. Чи багш болж чадна, очоод анкет бөглөөрэй гэж санал болгосон л доо. Би уул уурхайн компанид ч юм уу, инженерээр ажиллая гэж бодож явсан юм. Гэтэл багшийнхаа зөвлөгөөг дагаад анкет бөглөсөн. Тэгээд ярилцлагад орсон чинь тэнцчихсэн. Эхлээд багш болно гэж бодоогүй байсан болохоор жаахан түгшиж байсан ч яг хичээлээ заагаад эхэлсэн чинь надад хэцүү зүйл төдийлөн мэдрэгдээгүй.
-Анх багшлахад ямар мэдрэмж төрж байв?
-Би багш болно гэж ерөөсөө бодож байгаагүй. Нэг л өдөр болчихсон хүн шүү дээ (инээв). Манайхан дунд багшийн мэргэжилтэй хүн гэвэл авга ах маань л байна. Физикийн багш мэргэжилтэй хүн. Өнгөрсөн хавар эчнээ ангид анхны хичээлээ зааж байлаа. Эчнээ ангийнхан чинь өдрийн ангийг бодвол ялгаатай. Бакалаврын боловсролтой, ажилтай хүмүүс голдуу байдаг. Тэгэхээр тэдэнд багшлахад надад маш их мэдлэгээс гадна хичээлдээ нягт нямбай бэлтгэх шаардлага тулгардаг.
-Манай сонины “Багш” буланд олон жилийн туршлагатай, түмэнд танигдсан багш нар голдуу уригддаг л даа. Гэтэл энэ удаад шинэ залуу багш оролцож байна. Залуу багш нарт ямар хүндрэл тулгардаг вэ?
-Би хэдийгээр шинэ залуу багш ч гэлээ оюутнууд маань намайг залуу гэлгүй бусад багштайгаа адилхан хүндэтгэдэг. Ер нь манай сургуульд миний үеийн залуу багш нар олон шүү. Эчнээ ангийнхан надаас хамаагүй ах л даа. Гэхдээ хичээл заахад насны ялгаа гарахгүй. Багш гэдэг бол олны хүндэтгэл хүлээсэн маш сайхан мэргэжил болохоор надаар ном заалгаж байгаа бүх хүн миний шавь.
Манай сургуулийн зүгээс залуу багш нартаа анхаарал хандуулж хичээллэх нөхцөл, ая таатай орчинг бүрдүүлж өгдөг. Хичээл заахад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж бэлэн, дадлагын хувцас хэрэгслээр ч хангаж өгдөг.
Хүн ер нь хийж байгаа ажилдаа үнэнч, сэтгэлээсээ хандаж чадвал ямар ч мэргэжилтэй, ямар ч ажилтай байсан амжилт гаргаж чаддаг гэж боддог. ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Үйлдвэржилтийн механикжуулалтын тэнхимийн багш нартаа баярлаж явдаг юм. Намайг өдий зэрэгтэй ажиллаж, багш хэмээн хүндлүүлж сайхан хамт олонтой яваа минь тэдэнтэй холбоотой. Мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал манай сургуулийн эрдэмтэн багш нар зааж зөвлөдөг болохоор надад хэцүү зүйл гардаггүй. Тийм болохоор сургуулийнхаа хамт олонд талархаж явдгаа илэрхийлье. Мөн Хөвсгөл аймгийн Жаргалан суманд суугаа аав, ээждээ ирж буй Цагаан сарын баярын мэндийг дэвшүүлье. Хүү нь багш хэмээх сайхан алдартай мэргэжлээр ажиллаж улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулсан мундаг инженер, техникийн сайн ажилчин бэлтгэхийн төлөө хичээж ажиллаж явна.