-“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР АРБИТРЫН ШҮҮХ ДЭЭР ЯЛАХ МАГАДЛАЛ БАЙСАН БОЛОВЧ ҮҮНИЙГЭЭ ОГТ АШИГЛАСАНГҮЙ–
“Жаст” ХХК гадны “Стандарт” банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрээс баталгаа гаргуулж авсан тухай яригдаж байгаа. Ямартай ч Лондонгийн Арбитрын шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийг төлөх ёстой гэсэн шийдвэрийг гаргачихсан. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нар энэ гэрээнд гарын үсэг зурсан эсэх өнөөдрийг болтол яригдаад тогтоогдоогүй байгаа. Энэ хэрэг чухамдаа юу болсон талаар “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалтай ярилцсан юм.
-Лондонгийн Арбитрын шүүхээс яг ямар шийдвэр гарсан бэ. “Жаст” ХХК- ийн авсан зээлийн өрөнд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь шилжих эрсдэлд орлоо гэцгээж байна?
-Лондонгийн Арбитраас 2016 оны есдүгээр сарын 20-ны өдөр 132455, 132445 гэсэн дугаартай хоёр шийдвэр гарсан байдаг. “Жаст” ХХК “Стандарт” банкнаас авсан зээлээ төлөөгүй учир “Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа гаргагчаар оролцсон гэж үзээд 36 сая ам.доллар, мөн 14.7 сая ам.долларыг тус тус төлөх шийдвэр гарсан. Нийт 51 сая ам.доллар төлөх шийдвэр гарсан нь үнэн. “Жаст” ХХК “Стандарт” банкнаас нийтдээ 170 гаруй сая ам.долларын зээлийг дөрвөн үе шаттайгаар авсан байдаг. Тодруулбал, 2009 онд 36 сая ам.доллар, 2010 онд 75 сая ам.доллар, 2010 онд 27 сая ам.доллар, 2011 онд 34 сая ам.долларыг тус тус авсан. “Жаст” ХХК зээлээ төлж явсаар үлдэгдэл 71 сая ам.долларын өрийг төлж чадахаа байгаад 2013 онд “Стандарт” банк “Эрдэнэт” үйлдвэртэй ирж уулзсанаар анх асуудал дэгдсэн. “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаагүй гэдгээ ч хэлсэн. Би хамгийн анх чухам юу болсон талаар ярья. 2009 оны зургадугаар сард “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзоригтой ирж уулзсан юм. Ч.Ганзориг захирал намайг дуудаад Батхүүгийн гэрээг үзээд болох, болохгүйг нь хянаадах гэсэн. Би өрөөндөө ороод уншиж үзлээ. Уншсан чинь “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргана гэсэн утга бүхий өгүүлбэр явж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн баталгаагаар зээл авч болохгүй, надад болон Ганзориг захиралд ийм шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй гэдгийг түүнд хэлсэн.
-Тэгэхээр та “Эрдэнэт” үйлдвэр “Жаст” ХХК-д баталгаа гаргасан эсэх асуудлыг эхнээс нь хамгийн сайн мэдэх хүний нэг болж байна уу?
-Тийм ээ. Ш.Батхүүгийн барьж ирсэн гэрээн дээр гарын үсэг зурахгүй гээд “хөөгөөд” явуулсан. Гэтэл хэсэг хугацааны дараа эргээд ирж уулзсан. Тэгэхдээ баталгаа гаргана гэдэг өгүүлбэрийг хасчихлаа. Одоо энэ гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч хэмээн дахин нэг гэрээ барьж ирсэн. Энэ гэрээний агуулгыг тайлбарлая л даа. “Жаст” ХХК “Эрдэнэт” үйлдвэрээс зэсийн баяжмал худалдан авдаг байсан. Зэсийн баяжмал худалдан авах гэрээнийхээ эрхийг “Стандарт” банкинд шилжүүлэх болж. Ер нь зэсийн баяжмалыг “Эрдэнэт” үйлдвэр 95 хувийн урьдчилгаа авч ачуулдаг болохоор “Эрдэнэт” үйлдвэрт ямар нэгэн эрсдэлгүй бас “Эрдэнэт”-ээс гарч буй баяжмалыг хэн ямар компани авах эрх нь нээлттэй байдаг. Гэрээг уншиж үзээд нэг заалт нэмж оруулахгүй бол наад гэрээн дээр чинь гарын үсэг зурахгүй гээд 18 дугаар заалтыг оруулах шаардлагыг тавьсан. 18 дугаар заалт нь “Эрдэнэт” үйлдвэр “Жаст” ХХК-ийн өмнөөс санхүүгийн ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй шүү гэсэн утга бүхий заалт. Зэсийн баяжмалын эрхийг шилжүүлэхтэй холбоотой гэрээнд бидний тавьсан шаардлагын дагуу дээрх заалтыг нэмж оруулаад гарын үсэг зурсан.
-Эрх шилжүүлэхэд “Эрдэнэт” үйлдвэр заавал гарын үсэг зурах шаардлага байсан уу?
-“Эрдэнэт” үйлдвэр гэрээн дээр гарын үсэг зурахгүй байсан бол “Эрдэнэт” үйлдвэрээс гарч буй зэсийн баяжмалын гэрээ ачигдахгүй болно. Манайх мэдээж баяжмалаа гаргахыг эрмэлзэнэ. “Жаст” ХХК-д баталгаа гаргаж өгөхгүй, бас “Эрдэнэт” үйлдвэр тэдний өмнөөс үүрэг хариуцлага хүлээхгүй гэдэг заалттай гэрээн дээр гарын үсэг зураад явуулсан нь үнэн. Ингэхдээ нэг хувийг нь бид авч үлдсэн. Тэгээд өгсөн хувиуд дээр “Стандарт” банкаараа зуруулаад ир гээд явуулсан. Тэгсэн Ш.Батхүү буцаж ирээгүй. 2009 онд болсон энэ гэрээний төслөөс хойш 2013 он хүртэл эргэж энэ талаар нэг ч яригдаагүй, бид ч гэрээ хийгдээгүй гэж ойлгож ирсэн. Гэтэл үнэн хэрэгтээ Ш.Батхүү гэгч нөхөр гарын үсэгтэй хамгийн арын хуудсыг салгаж аваад, одоогийн яригдаад байгаа баталгаа гаргана гэсэн утга бүхий заалттай 40 хуудастай гэрээн дээр ашиглачихсан байсан нь хожим ил болсон. Би баталгаа гаргахгүй гэсэн утгатай гэрээнийхээ хуудас бүхэн дээр гарын үсгээ зурсан байсан. Нөгөө нөхөр 40 хуудастай хуурамчаар үйлдсэн гэрээн дээрээ хуудас болгон дээр миний гарын үсгийг дуурайлгаад зурчихсан. Энэ хуурамч гэрээгээрээ анхны зээл болох 36 сая ам.долларын зээлийг авсан. “Жаст” ХХК компанийнхаа д а н с р у у э н э м ө н г и й г оруулсан. Бусад зээл буюу 75, 27, 34 сая ам.долларын зээлээ авахдаа Ч.Ганзориг захирлын гарын үсэг болон “Эрдэнэт” үйлдвэрийн тамгыг хуурамчаар хийж гаргасан. Үүнийг Лондонд шинжээч тогтоосон. Дуурайлгаж зурсан гарын үсэг хуурамч гэдгийг Английн хараат бус шинжээч Жайлес тогтоосон байгаа. Тодруулбал, 2014 оны долдугаар сарын 3-ны өдрийн дүгнэлт, 2014 оны арванэгдүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлт, 2016 оны гуравдугаар сарын 11-ний дүгнэлтээр хуурамч гэдэг нь тогтоогдсон. Манай Монголын шүүх шинжилгээний б а й г у у л л а г ы н д ү г н э л т бас бий. Тамга “Эрдэнэт” үйлдвэрийнхтэй тохирохгүй хуурамч гэдэг нь Монголд бас Лондонд тогтоогдсон. Бүр Лондонгийн Арбитрын шүүх энэ хэргийг хэлэлцэхдээ гарын үсэг хуурамч учир хүчингүй гэж үзсэн шүүхийн баримт нь бий. /Би чамд баримт болгож Арбитрын шүүхээс гарын үсэг хуурамч байна гэж үзсэн дүгнэлтийг өгье/ Шинжилгээний дүгнэлтүүд бүгд баримтаараа байна.
-Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын гарын үсэг хуурамч эсэх яриа бас байдаг. Энэ хэрэгт ТӨХ ямар байдлаар оролцоотой байсан юм бэ?
-“Жаст”-ын Ш.Батхүүг дахин, дахин зээл авах үед “Стандарт” банкнаас Монголын ТӨХ-ны албан бичгийг авчирч баталгаа болгохыг хүссэн шиг байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг шийдвэр гаргах эрх бүхий хүн мөн үү эсэх гэх мэт асуудал дээр баталгаа хүссэн шиг байгаа юм. Ингэнгүүт Ш.Батхүү ТӨХ- ны дарга Д.Сугарын өөр албан газар руу явуулсан албан бичгийг олж аваад албан бичгийнх нь дунд өөр текст нааж өнгөт каноноор хувилж гаргасан байгаа юм. Өнгөт каноноор хувилж гаргасан гэдэг шинжээчийн дүгнэлт гарчихсан. Тухайлбал , 2010 онд авсан 75 сая ам.долларын зээл гарын үсэг нь хуурамч, тамга нь “Эрдэнэт” үйлдвэрийнхтэй тохирохгүй байна гэдгийг Монголын шүүх шинжилгээний байгууллага тогтоосон. Хэрэв Монголдоо итгэхгүй байгаа бол Английн хараат бус шинжээч Жайлес гарын үсэг хуурамч, дуурайлган зурсан, тамга хуурамч гэдгийг мөн тогтоосон. Арбитр үүнтэй санал нийлсэн. 75, 27, 34 сая ам.долларын зээлийн гэрээ бүгд гарын үсэг, тамга хуурамч гэдгийг тогтоосон дүгнэлт гарсан. Мөн анх авсан 36 сая ам.долларын зээл дээр шинжээч нар бас дүгнэлт гаргасан байгаа.
– Тэгээд Арбитрын шүүх яагаад “Эрдэнэт” үйлдвэрийн баталгааг хүчин төгөлдөр гэж үзсэн юм бол?
-Анх байгуулсан 36 сая ам.долларын зээлийн гэрээг Английн хараат бус шинжээч 40 хуудастай гэрээний эхний 39 хуудсан дахь гарын үсэг бүгд хуурамч, харин 40 дэх хуудасны гарын үсэг жинхэнэ байна гэж тогтоосон. Энэ нь өмнө нь хэлсэн шиг хамгийн арын хуудсан дээрх гарын үсгийг өөр гэрээн дээр нааж гаргасныг баталж байгаа юм. Үүгээр хуудас солигдсон гэдэг нь тогтоогдож байгаа биз. Арбитрын шүүх болохоор 40 хуудас бүгд жинхэнэ байна гэж үзсэн. Энэ 40 хуудас гэрээ Монголд байхгүй, ганц байгаа эх хувь нь Арбитрын шүүх дээр байгаа. Энэ гэрээг Монголд авчирч шинжлэх ёстой. Авчрах ганц арга нь Арбитрын олон улсын конвенцийн дагуу Арбитрын шийдвэрийг эх хувиар нь Монгол хүлээж авах эрх зүйн бүрэн боломжтой. “Эрдэнэт” үйлдвэр ямар нэг төлбөр төлөх болвол заавал энэ конвенц болон Арбитрын тухай хуулийн дагуу төлөх ёстой. Анхнаасаа энэ хэрэг дээр гарын үсэг зурсан, зураагүй нь тогтоогдоогүй б а й х а д М о н г о л У л с ы н эрүүгийн хуулиар шалгагдах ёстой байсан. Ингэж Монгол Улсын иргэн гэмт хэрэг хийсэн үү, үгүй юу гэдгийг Англид шийдчихэж болохгүй. Тэгэхээр үүнийг нь Монгол Улс үг дуугүй хүлээн зөвшөөрч болохгүй. Хэрвээ энэ асуудал эрүүгийн шинж чанартай байсан бол Арбитрын шүүхээр шийдэгдэхгүй, Монгол Улс татгалзаж болно гэсэн заалт бас бий. Ийм эрх нь байсан. Одоо “Стандарт” банкнаас Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг Монгол Улсын шүүхэд гаргах ёстой. Хүсэлтдээ Арбитрийн шийдвэрийн эх хувь, бас Арбитр сонгосон гэрээний эх хувь буюу 36 сая ам.долларын баталгааны гэрээний эх хувь, 27 сая ам.долларын баталгааны гэрээний эх хувийг хавсаргаж ирүүлэх ёстой. Ингээд гэрээний эх хувь ирснээр энэ гэрээ хуурамч эсэх нь тогтоогдож, манай улс Арбитрийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрхтэй болно. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс “Стандарт” банкны үнийн дүнг багасгах хэлцэл хийх ч юм уу өдөр өдрөөр торгууль нь ногдож байна гэж шалтаглан яаран төлбөр хийх гээд байгаа нь илтэд харагдаж байна. “Эрдэнэт” үйлдвэр яг үнэндээ Арбитр дээр ялах магадлал байсан боловч үүнийгээ огт ашигласангүй. Энэ боломжийг алдсаар л байгаа.
-“Эрдэнэт” үйлдвэр яагаад гадны банкинд мөнгө төлөх сонирхолтой байна гэж. “Жаст”-ын өмнөөс “Эрдэнэт” үйлдвэр, манай улсын Засгийн газар хохирол амсах болчихоод байна шүү дээ?
-Английн Дээд шүүхээс 2017 оны дөрөвдүгээр сард Арбитрын шийдвэрийг давж заалдаж болно гэдэг зөвшөөрлийг “Эрдэнэт” үйлдвэрт өгсөн. Ингэхдээ 51 сая ам.доллар байршуул гэсэн. Ийм зөвшөөрөл өгөх тохиолдол практикт тун ховор л доо. Би Арбитрын хэрэг дээр өмнө нь ажиллаж байсан хуульчийн хувьд хэлье. Арбитрын шийдвэр үндэслэлгүй гарсан байж болох тохиолдолд ийм зөвшөөрлийг өгдөг. Тэгээд байхад “Эрдэнэт” үйлдвэр давж заалдаагүй. Одоо хүү нь нэмэгдээд байна гэж ард түмнийг айлгаж байгаад хурдхан шиг төлөх гээд байгаа сонирхол илтэд ажиглагдаж байна. Монголын ард түмэн энэ гэрээ нь жинхэнэ үү, үгүй юу гэдгийг эхэлж зайлшгүй мэдэх хэрэгтэй. Монголын шүүх энэ гэрээг жинхэнэ эсэхийг үзэх боломж байхад үүнийг ашиглахгүй хурдхан шиг Арбитрын шийдвэрийг биелүүлчих гээд байгаа нь тодорхой ашиг сонирхолтой байгааг илтгэнэ. Хэрвээ тэр гэрээ ирчих юм бол манайх мөнгө төлөхгүй байх бүрэн боломж байна. Хэрвээ яаран төлчих юм бол тэр хуурамч гэрээ хэзээ ч Монгол Улсад ирэхгүй. “Жаст”-ын гэрээний баталгааны үнэн бодит байдал хэзээ ч тогтоогдохгүй.
-Арбитрын шүүх бодит бус шийдвэр гаргасан гэдэг нь эргэлзээтэй л юм. Арбитрын шүүхийг хамгийн үнэн бодитой шийдвэр гаргадаг гэсэн ойлголт бидэнд байдаг биз дээ?
-Манай монголчууд Арбитрийн шийдвэр дандаа үнэн байдаг гэсэн ойлголттой байдаг. Английн “Стандарт” банкны хэргийг Английн Арбитрын шүүх хэлэлцсэн. Ингэхдээ Арбитрын шинжээч нь хуурамч гарын үсэгтэй байна гэдгийг тогтоосон, дүгнэлт гаргасан нь шүүхийн хавтас дотор бий. Жишээлбэл, 27 сая ам.долларын зээлийг Арбитрын шийдвэрийн 52 дугаар хуудсан дээр 169, 170 дугаар заалт буюу гарын үсэг нь хуурамч байна гэж үзсэн. Тэгсэн мөртлөө жинхэнэ гэрээг “Эрдэнэт” нуугаад гаргаж өгөхгүй байна. Төлөх ёстой гэж үзсэн. Одоо Арбитрын шийдвэр “Эрдэнэт” үйлдвэр дээр ирсэн байгаа. Үүнийг нууцлах зүйлгүй ил гаргамаар байгаа юм. Өмнө нь би “Эрдэнэтэд ажиллаж байхдаа Лондонгийн Арбитрын хоёр ч хэрэг дээр ялж байсан боловч нэг хэрэг дээр нь нөгөө тал давж заалдаад “Эрдэнэт” ялагдаж төлбөр төлөх болж байсан тохиолдол бий.
-Арбитрын шүүх “Стандарт” банкны талд бат зогсч, Монгол Улсын Засгийн газрыг хохироох ямар үндэслэл, эрх ашиг байгаа юм бол?
-Миний бодол шүү. Арбитр хүнд нөхцөлтэй тулгарсан. Нэг талд нь “Стандарт” банк байна. Банкны цаана хадгаламж эзэмшигчид байгаа. “Стандарт” банк Монгол руу хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч. Арбитр дээр хөрөнгө оруулагчийг хамгаална гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой баахан хуурамч бичиг баримт байгаа тул “Эрдэнэт” үйлдвэрийг энэ хэргээс салгачихаар Ш.Батхүү гэгч хүн дээр төлбөр буух болно. Ш.Батхүү зээл авахдаа хөрөнгөтэй байсан уу байсан. Түүний “Хадгаламж” банкийг Монголын төр хураагаад авчихсан. Арбитр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцтай гэж тооцож. “ Эрдэнэт” үйлдвэртэйгээ Ш.Батхүү нь дотроо учраа олог гэсэн байдлаар хандаж байна. Ер нь бодоход “Стандарт” банк 172 сая ам.долларын зээлийг Ш.Батхүүд өгөхдөө “Эрдэнэт” үйлдвэрт ирж Ч.Ганзориг захирлаас “Танайх баталгаа гаргаж өгч байгаа юу” гэж нэг ч удаа асуугаагүй. Тэрийгээ шүүх дээр хүлээн зөвшөөрсөн байдаг. “Стандарт” банкны төлөөлөгч Брадлей үүнийгээ х ү л э э н з ө в ш ө ө р с ө н . “Стандарт” банкны зээл хариуцаж олгоход хуулийн зөвлөхөөр ажилласан Махони “Эрдэнэт” дээр бас нэг ч ирж уулзаж байгаагүй.
– Арбитраас 51 сая ам.доллар төлөх шийдвэрийг гаргасан гэж байна. Бидэнд олдсон мэдээллээр 109 сая гаруй ам.доллар төлнө гэж яригдаад байгаа. Хүү бодогдож байгаа хэрэг үү. Одоо энэ мөнгийг төлөхгүй байх гарц бий юу?
-Хичнээн сая ам.доллар төлөхийг “Эрдэнэт” үйлдвэр хариулах байх. Одоо “Эрдэнэт” үйлдвэрээс энэ төлбөрийг хурдан төлөх байдал руу хэрхэвч оруулж болохгүй. Арбитрын конвенцийн дагуу явуулах ёстой. Арбитрын конвенцийн дагуу явуулах юм бол гэрээ Монголд эх хувиараа ирнэ. Монголын шүүх дээр тэр гэрээ ирнэ. Монголд тэр гэрээг шинжилнэ. Тэр гэрээ ирснээр бүх зүйлийн учиг тайлагдаж манай улс төлбөр төлөх ёсгүй болно. Манай улс төлбөр төлөхгүй байх боломж одоо бол байгаа. Энэ эрхийг чухамдаа “Эрдэнэт” үйлдвэр хүсч байна уу, үгүй юу. “Эрдэнэт” үйлдвэр эсвэл Засгийн газар олон улсын конвенцийн дагуу шийдэгдэхийг хүссэн хүсэлт гаргахад л болох гээд байна. Эх хувиа авч шинжилж үзсэний дараагаар төлбөр төлөх буюу шийдвэр гүйцэтгэлийг явуулна гэж хэлэх эрх зүйн үндэс бидэнд бий.
-Саяхан УИХ-ын таван гишүүн хэвлэлийн хурал хийхдээ “Жаст”-ын авсан зээл “Эрдэнэт” үйлдвэрийн д а н с а а р о р с о н т у х а й мэдээлсэн?
-“Эрдэнэт” үйлдвэрийн дансаар нэг ч төгрөг ороогүй.
-УИХ-ын гишүүд хариуцлагагүй үг хэлэхгүй байлгүй дээ. Баримт нь удахгүй гарч ирчих ч юм бил үү?
– Гишүүдийн тэгж ярихыг хэвлэлээс сонссон. Энэ мэдээлэл болор үндэслэлгүй.
-Та өнгөрсөн хугацаанд Ш.Батхүүтэй уулзсан уу. Энэ хэргийн тухай юу гэж ярьдаг вэ?
-Энэ хүн олон хүнд гай болж байна л даа. Ш.Батхүү гэмт хэргээ өөрөө хүлээсэн. 2013 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 1/335 тоот албан бичгээрээ “Би эдгээр хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн. Мөн тамгыг хуурамчаар үйлдсэн” гэдгээ “Эрдэнэт” үйлдвэр рүү явуулсан байдаг.
-Энэ бичиг Арбитрын шүүх рүү очсон уу?
– “Эрдэнэт” үйлдвэр явуулах ёстой. Арбитр дээр мэдүүлгээ өгөхдөө хуурамч бичиг баримт ашигласан гэдгээ ч мэдүүлсэн байдаг. Арбитр дээр Ш.Батхүү бодит байдлыг ярьсан байна лээ. Шүүхээс Батхүү ингэж ярьж байна үнэн үү гэж надаас асууж байсан.
-Тэгэхээр Ш.Батхүү гэдэг хүнд “Стандарт” банк ч тэр “Эрдэнэт” үйлдвэр, Арбитрийн шүүх ч тэр бүгд зальдуулчихсан болж таарч байна уу. Та бүхэн өнгөрсөн хугацаанд яагаад үнэнийг дэлгээгүй дуугүй явсан юм бэ?
-Би болсон бүх зүйлийг бодитоор нь ярьж байна. Монголын хууль, цагдаагийн байгууллага хуурамч гэрээ байна гэдгийг тогтоочихсон. Арбитрын шинжээч нарын дүгнэлт ч бас хуурамч гарын үсэг гэдгийг тогтоосон. Тийм болохоор Арбитрын шүүх үнэнийг тогтооно. Тэр шийдвэрийг хүлээж дуугүй явсан тал бий. Бас илтэд худлаа байхад манайх давж заалдаад ялчихна гэж бодож байсан. Бид гарын үсэг зураагүй гэдэгтээ итгэлтэй байгаа учраас үнэнд итгэж байсан. Арбитраас биднээс асуусан. Баталгаа гаргана гэсэн бичгийн ард яагаад та хоёрын гарын үсэг байгаа юм бэ гэдгийг асуусан. Бид баталгаа гаргахгүй гэсэн бичигтэй өөр гэрээн дээр гарын үсэг зурсныг хамгийн арын хуудсыг нь ашиглажээ гэдгийг хэлсэн. Тэгэнгүүт Арбитрын шүүх баталгаа гаргахгүй гэсэн тэр гэрээ чинь хаана байна вэ гэж асуусан. Тэр гэрээний эх хувийг би 2013 оны долдугаар сарын эхээр “Эрдэнэт” үйлдвэрт өгсөн. Гэрээг “Эрдэнэт” үйлдвэрийнхэн Монголын цагдаагийн байгууллагад өгсөн шиг байгаа юм . “Эрдэнэт”-ийг хамгаалах хамгийн гол баримт энэ. Гэтэл Арбитраас тэрхүү гэрээг нэхээд байхад “Эрдэнэт” үйлдвэр санаатайгаар тэр гэрээг явуулаагүй. Манайх хамгийн гол хамгаалах нотлох баримтаа өгөхгүй байхад Арбитр хэний талд шийдэх вэ. Ойлгомжтой биз дээ. Арбитрын шийдвэр дээр ч энэ талаар бүр үг үсгээрээ байж байгаа. “Санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэж зурсан гэрээний төслийг эх хувиар нь ирүүлээгүй тул бид “Стандарт” банкнаас эх хувиар нь гаргаж өгсөн гэрээг үндэслэж шийдлээ” гэж үг үсгээрээ байгаа.
-Манай улсын хууль хүчний байгууллагаас та бүхнийг одоо шалгаж байгаа юу?
– Би бүр Арбитрын шийдвэрийг үзээд өөрөө шалгуулахаар очсон. Одоо түүний дагуу шалгалт явагдаж байгаа. Одоо Монголын хууль хяналтын байгууллага үнэн зөвийг тогтоохын тулд Англид байгаа гэрээний эх хувь хэрэгтэй байгаа.
-Та “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригтой одоо ч хүртэл холбоотой байдаг биз дээ. Тэр хүн одоо юу хийж байна вэ. Энэ хэрэг дээр тэр ямар байр суурьтай байдаг бол?
-Хилс хэрэгт холбогдож хэлмэгдсэн. Гарын үсэг зураагүй мөртлөө зурсан мэтээр ойлгогдож яваа хүмүүст ямар олиг байхав дээ.