Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхчимэг: “Дэлхийн мисс”-т оролцож байсан Монголын миссүүдийн амжилтыг ахиулахын төлөө хичээнэ

“Miss Mongolia-2018” тэмцээний ялагч болж, ирэх арваннэгдүгээр сард Япон улсад болох “МISS INTERNATION­AL-2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон загвар өмсөгч Б.Мөнхчимэгтэй ярилцлаа.


-“Miss Mongolia-2018” тэмцээний Тэргүүн мисс болсонд тань баяр хүргэе?

-Баярлалаа.

-Тайзан дээр титмээ гардаж авах тэр агшинд төрсөн мэдрэмжээ хуваалцвал?

-Үгээр хэлж, үзгээр бичимгүй мэдрэмж байсан. Мөнхчимэг гээд дуудах тэр мөчид огшоод, уйлах гээд байсан. Мэдээж тайзан дээр уйлаад, будгаа муухай болгохгүйг хичээсэн л дээ. Одоо бодоход үнэхээр гайхалтай, эргэн бодох тусам сэтгэл хөдөлж байна.

-“Miss Mongolia”-д орох шийдвэрийг анх яаж гаргаж байв?

-Би өнгөрсөн жилийн гуравдугаар сараас эхлээд “Андра” академид харьяалагдаж эхэлсэн. Өөрийгөө загвар өмсөгч тал руу хөгжүүлье гэсэн бодолтойгоор орж ирээд загвар, гоо зүйн сургалтдаа хамрагдсан. Мисс, топ модель Х.Бадамгэрэл багш маань намайг маш их дэмжсэн. Загвар өмсөөд зургаан сар болсны дараагаар мисс Ц.Аззаяа эгч надад миссийн чиглэлээр хүчээ сорихыг зөвлөсөн л дөө. Тэр үеэс л би энэ тэмцээнд бэлдэж эхэлсэн гэж хэлж болно. Х.Бадамгэрэл багштайгаа ярилцаж байгаад өөртөө байгаа боломжийг ашиглахыг илүү чухалчилсан.

-Нэг жилийн хугацаанд бэлдэж байгаад оржээ?

-Тийм ээ. Ц.Аззаяа эгчийнхээ зөвлөсний дагуу өнгөрсөн жил “Miss World Mongolia 2017”-д оролцоод гуравдугаар байрын шагнал хүртсэн л дээ. Тэрнээс хойш улам эрчимтэйгээр хичээсэн минь үр дүнд хүрлээ.

-Та хаана төрсөн бэ?

-Би Улаанбаатар хотод төрсөн. Ээж, аав хоёр маань Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын хүмүүс. Тийм болохоор би Дундговийнх гэж өөрийгөө танилцуулах дуртай. Дуу хуурын өлгий болохоороо ч тэр үү, манай сумаас урлаг соёлын хүмүүс их байдаг. Би багадаа зуны амралтаараа ээж, аавтайгаа эмээ, өвөө дээрээ хөдөө очоод л амардаг байсан болохоор их сайхан нандин дурсамжууд минь тэндээс хөвөрдөг.

-Загварын салбарт анх хэзээ хөл тавьсан юм?

-Намайг бага байхад манайд хуйлаатай цагаан даавуу байдаг байлаа. Тэр даавуугаар өөртөө хувцас хийгээд өмсөнө. Дараа нь өрөөнийхөө нэг булангаас нөгөө булан хүртэл алхаад л өөрийгөө загвар өмсөгч гэж төсөөлөөд ганцаараа гэртээ тоглодог байсан юм. Би хоёр ахтай. Ах нар маань гадаа тоглоод л явчихдаг. Би айлын ганц охин байсан болохоор зарим талаар ганцаарддаг байсан гэж хэлж болно. Гэртээ тэгж тоглодог байсныг эцэг, эх минь харчихаад загвар, гоо зүй тал руугаа явуулж үзье гэж бодоод намайг Монголын Хүүхдийн ордны загварын дугуйланд оруулсан. Тэр үед би дөрөвдүгээр ангийн сурагч байлаа.

Гэхдээ хэсэг хугацааны дараа гэр бүлийнхэн маань “Жаахан суурьтай байхад л болно” гэж үзээд дугуйлангаас гаргасан. Тэрнээс хойш намайг загварын тал дээр бараг дэмждэггүй байлаа. Ингээд би 2017 оноос эцэг, эх хоёрыгоо нэлээн ятгасан шүү. “Энэ миний сонирхол, ээж ээ аав аа” гээд их гуйсан. Тэгээд л “Андра” академид орсон нь тэр.

-Загварынхны хувьд олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно гэдэг нэг том мөрөөдөл нь байдаг шүү. Харин та мөрөөдөлдөө нэг алхам ойртлоо?

-Нэр төрийн хэрэг ч гэлээ, тэрийгээ дагаад асар том хариуцлага надад ногдож байгаа. Үүнийгээ би зүгээр нэг нэр төрийн хэрэг, өөрийгөө Монголын мисс болчихлоо гэж бодохоос илүү цаашид хийх зүйлстээ улам анхаарлаа хандуулж, өөрийгөө бүр ч их дайчлах чухал үе ирээд байна гэж бодож байна. Үе үеийн миссүүдээсээ маш их сургамж, зөвлөгөөнүүдийг ч мөн авч байгаа. Тэр бүгдийг өөртөө тусгаад улам их амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт гаргаад, өмнөх миссүүдийнхээ амжилтыг ахиулахын төлөө хичээх болно.

-“Дэлхийн мисс”-ийн бэлтгэлээ эхлүүлчихсэн байх?

-Тэгэлгүй яахав. “Miss International” тэмцээний “Beauty with the purpose” буюу “Зорилготой гоо сайхан” гэсэн шалгуурт хамгийн их оноо авах ёстой. Энэ шалгуур дээр сайн байх юм бол олон боломж гарч ирдэг. Тиймээс тэр шалгууртаа анхаарч, бэлдэхийг зорьж байгаа. “Зорилготой гоо сайхан” шалгуур нь нийгэм рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулах, нийгэмд тулгамдаж байгаа асуудалд төсөл боловсруулдаг. Дараа нь тус төслөө үр дүнтэй хэрэгжүүлээд олон нийтэд хэрэгтэй, өргөн хүрээг хамарсан байх ёстой байдаг.

-Загвар өмсөгч, миссүүдийн бас нэг том шалгуур бол боловсрол, хэлний мэдлэг шүү?

-Африкийн нэрт улстөрч Нелсон Мандела “Боловсрол гэдэг бол маш том зэвсэг. Энэ зэвсгээр та дэлхийг ч өөрчлөх боломжтой” гэж хэлсэн байдаг. Тийм учраас чанартай боловсрол гэдэг бол хамгийн чухал. Билл Гэйтс эсвэл Стив Жобс нар шиг сургуулиасаа гарсан мөртлөө тэрбумтан болсон гайхалтай хүмүүсийн жишээ олон. Олон хүний дунд нэг хүн тийм байж болно. Гэхдээ бүх хүн боловсролтой байвал боловсрол гэдэг зүйл хүний урдаа барих нэрийн хуудас гэж боддог. Тийм учраас боловсролгүй мисс байгаад яах юм бэ. Хүмүүст зөвөөр үлгэр дуурайлал үзүүлэхийн тулд боловсролтой байж наад зах нь хүний өмнө биеэ авч явж сурна. Харилцааны соёлыг ч мөн боловсролоор олж авдаг гэж боддог.

Д.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *