Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мөнгөнтулга: Яаж ажиллахыг нь заахын оронд ажилчдынхаа цалинг танах, орон тоогоо цөөлөх нь буруу шийдэл DNN.mn

Сэтгүүлч, “NSF” олон улсын байгууллагын Азийн бүс хариуцсан олон улсын хоол хүнсний аюулгүй байдлын аудитер Б.Мөнгөнтулгатай ярилцлаа.


-Таныг 70 гаруй жилийн түүхтэй олон улсын байгууллагын анхны бөгөөд цорын ганц монгол ажилтан гэж сонссон. Танай байгууллага болоод таны ажлын тухай тодруулмаар байна?

-Манай байгууллага 70 гаруй жилийн өмнө АНУ-д Сансар судлалын агентлагтай нийлж байгуулагдсан “NSF” International. Хүний эрүүл, аюулгүй байдалтай холбоотой олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийдэг. Манай байгууллагаар баталгаажсан хүнсний бүтээгдэхүүнийг олон улсын брэндүүд авч хэрэглэдэг.

Олон оронд үйлчилгээ явуулдаг байгууллагууд тухайн оронд үйлчилгээ хэрхэн явагдаж, стандартыг мөрдөж байгаа эсэхийг мэдэх боломжгүй. Түүнийгээ мэдэхийн тулд хөндлөнгийн байгууллагыг хөлсөлж гэнэтийн шалгалт хийлгэдэг. Тус байгууллагын монгол дахь аудитерээр тав дахь жилдээ ажиллаж байна. Монголд “KFC”, “Burger King”, “Little sheep”, “Godiva” гэх мэт байгууллагуудад гэнэтийн шалгалт хийдэг.

Хоол үйлдвэрлэлийн салбарт 13 жил ажиллаж байна. АНУ болон Европын орнуудад рестораны ерөнхий менежер, ахлахаар ажиллах эрхтэй, ОУ-ын гэрчилгээтэй. Үндсэн ажлаас гадна үйлчилгээний газруудад зөвлөх үйлчилгээ, сургалт ордог. Хамгийн сүүлд хийсэн ажил гэвэл Монголд дөрвөн салбартай ресторанд санхүүгийн, үйл ажиллагааны, хүний нөөцийн аудит хийсэн. Шалгалт хийсний дараа дүгнэлт гаргаж, зөвлөгөө өгдөг. Тухайн газар зөвшөөрвөл үргэлжлүүлж шаардлагатай ажлуудыг хийж чиглүүлж өгдөг. Хүмүүсийг нь сургаж өгөөд сар яаж ажиллаж байгааг нь хянадаг. 2017 онд CU-д гурван сар зөвлөгөө өгч ажилласан. Олон улсын брэндүүд сургалт авч холбоотой ажилладаг.

-Таны үндсэн мэргэжил сэтгүүлч гэсэн үү?

-2006 онд Радио телевизийн дээд сургуульд элсэж гурван жил сураад АНУ-руу тэтгэлгээр сургуульд явсан. Өмнөд Калифорнийн их сургуульд орсон. Тэнд тэтгэлэгтэй байсан ч сургалтын төлбөр маш өндөр. Аав, ээж маань багш, манайх дундаж айл. Төлбөрийн хувьд асуудалтай байсан учраас визээ хадгалаад англи хэл суръя, мөнгө хураая гэж шийдсэн. АНУ-д таван жил орчим болохдоо хэл сурч, ажил хийж сурсан, санхүүгийн хувьд боломжтой хэмжээний болоод ирсэн. Ирснийхээ дараа РТДС-даа суралцаж төгсөөд Хүнсний технологийн коллежид хүнсний технологич, эрүүл ахуйч мэргэжлээр сурсан. Сүүлд 2019 онд Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийг бизнесийн удирдлагаар мастер хамгаалсан. Сурсан нь гэвэл ийм л байна даа (инээв).

-Мэргэжлээрээ ажиллахгүй яагаад энэ салбар руу орсон юм бэ?

-АНУ-д байхдаа голдуу ресторанд ажилласан. Тэндхийн рестораны зөөгч, үйлчилгээний ажилчид Монгол шиг тогтмол цалингүй. Гарын мөнгө буюу та хүнд яаж үйлчилнэ тэр хүн танд хэр талархаж буйгаар цалинждаг. Гурваас дөрвөн төрлийн ресторанд ажилласан. Хамгийн сүүлд ажиллаж байсан газраа зөөгчөөс ерөнхий менежер хүртэл ажилласан. Сүүлдээ үйлчилгээний байгууллагад ажиллах үнэхээр дуртай болсон.

-Ажиллах арга барилаа олсон болохоор ажилдаа дуртай болсон уу?

-Америк яваад хоёр жил хагасын дараа аав маань өөд болсон. “Явах замынхаа талд нь ирчихлээ” гэж аавтайгаа утсаар ярьснаас хоёр хоногийн дараа аав өнгөрчихсөн байсан. Ирж аавыгаа нутаглуулаад ээжтэйгээ сар хамт амьдраад АНУ руу буцсан. Тэнд надад хамгийн их хань болж байсан зүйл бол миний ажил. Тийм хүнд сэтгэл зүйтэй үедээ хүнтэй инээгээд харилцана гэдэг маш хэцүү. Удалгүй нэг өглөө ажил дээрээ иртэл буурал толгойтой аавтай маш адилхан хүн 100 гр архи захиалж уусан, дахиад 100 граммыг ч захиалсан. Зүгээр хүн яасан ч өглөө эрт ингэж архи уухгүй гэж бодоод тэр хүнд шинэ талх, өглөөний цай бэлтгэж очоод жаахан юм ярьтал “Чи ямар сайхан сэтгэлтэй охин бэ. Эхнэрээ нутаглуулаад хоёр долоо хонож байна. Өглөө хүнтэй юм ярихгүй байх надад маш хэцүү байдаг. Чамтай ярилцах сайхан байна” гэж хэлсэн. Тэр үед надад ресторанд үйлчлүүлж байгаа хүмүүстэй өөрийнхөө аав, ээж, ах дүү шиг харилцах юм бол надад ч тэр үйлчлүүлэгчид ч гоё байх юм байна гэдгийг ойлгосон. Тэрнээс хойш орж ирсэн хүн бүртэй маш гоё харилцсан. Ингэснээр ажил урагшлахад, сэтгэл зүйд ч амархан болсон. Ажилдаа дуртай болохоор ажил маш амжилттай явж Монгол руу явах гээд үйлчлүүлэгчдийн үдэлтийн үдэшлэг хийхэд 250 гаруй үйлчлүүлэгч ирсэн.

-Монголд ирээд мэргэжлээрээ ажилласан уу?

-Мэргэжлээрээ ажиллах гээд одоогоор томоохон хэд хэдэн телевизэд очсон. Гэтэл нэгт, хүлээж авсан хандлага нь их сонин. Хамгийн түгээмэл нь “Дипломгүй байж ажил хийх гэж байгаа юм уу”. Хоёрт, цалин үнэхээр бага. Тэр үед “Bluefin” ресторан нээгдэж байсан. Тэдний менежер телевизийн цалингаас хоёр дахин өндөр цалин, уян хатан цагийн хуваарь санал болгосон. Хичээлийнхээ хажуугаар ээлж хариуцсан менежерээр ажилласан. АНУ-д үйлчилгээний салбарт нэлээд сайн бэлтгэгдээд ирэхэд үйлчилгээний салбарт үйлчилгээ гэж бараг байгаагүй. Ээлжээ хариуцаад хоёр долоо хоног ажилласны дараа манай захирал “Чиний хариуцдаг ээлжинд ажил сайн яваад нөгөө ээлжин дээр үйлчилгээ унаад байна. Чи манай үйл ажиллагаа хариуцсан менежер болох уу” гэсэн. Тэгээд цалингаа нэмүүлээд үйл ажиллагаа хариуцсан менежер болсон.

Зөөгч гэдэг бол зүгээр захиалга аваад явдаг хүн биш. Үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэх, юу зарж байгаагаа мэдэж байх ёстой гэх мэт агуулгатай сургалтын материал боловсруулаад ажилчиддаа сургалт орсон. Монгол хүүхдүүдийг бэлтгэж ажиллуулах бага зэрэг хэцүү байсан. Гэхдээ 3-4 сарын дараагаас ажлын үр дүн гарч эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй үйлчилгээний байгууллагад ажилласан. 2015 онд “Макс групп”, “Max center”-ийн анхны ерөнхий менежерээр орсон. Манай компани гурван захирлаас өөр ажилтангүй, дөрөв дэх ажилтан нь болсон. Тэр үед “Burger King”-г Монголд оруулж ирэх гэж байсан. Багаа бүрдүүлж Бээжинд хоёр сар сургалтад суугаад “Burger King”-ийн эхний таван салбарыг нээсэн.

-Одоо ажилладаг байгууллагатайгаа хэрхэн холбогдсон бэ?

-“Burger King” нээгдэж байх үед Цэцэг төвийн салбар хариуцсан менежер байсан. Одоо миний ажиллаж байгаа “NSF” “Burger King”-тэй хөндлөнгийн шалгалт хийх гэрээтэй. “NSF”-ээс мэргэжилтэн ирж шалгадаг байлаа, нэг ёсондоо би ажлаа шалгуулдаг.

Хоёр жил орчмын дараа “NSF”-н Азийн бүс хариуцсан Солонгос дахь захирлаас “Монголд байдаг шалгалт хийдэг ажилтантай болмоор байна, чи ажлын анкетаа явуулаач” гэсэн ажлын саналын мэйл ирсэн. Тэгээд анкетаа явуулж, онлайнаар ярилцлагад ороод сарын дараагаас “NSF”-н ажилтан болсон. Цар тахлаас өмнө Япон, Малайз, Солонгос, Сингапур гээд Азийн англи хэлтэй орнуудад шалгалт хийдэг байсан. Одоогоор Монголдоо ажиллаж байна.

-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын сүлжээ ресторан, түргэн хоолны газрууд стандартаа ямар түвшинд баримталж ажилладаг вэ?

-Ер нь бол сайн. Тэр тусмаа хүнсний аюулгүй байдал тал дээр стандартыг маш сайн мөрддөг. Брэндийн стандарт буюу үйлчилгээний хурд, бүтээгдэхүүний харагдах байдал, хүргэлт, хурд гэх мэт хүн идээд хордохооргүй, гэхдээ үзэмж талын алдаанууд гаргадаг.

-Хүнсний эрүүл ахуй стандарт яг юугаар хэмжигддэг юм бэ?

-Хүнсийг аюулгүй байлгахын тулд нэгт, хүнстэй харьцаж байгаа ажилтны хувийн ариун цэвэр. Хоёрт, хүнстэй харьцаж байгаа гадаргуу буюу гал тогооны орчин. Гуравт, бүтээгдэхүүнийг агуулахаас хүлээж авах, хадгалах, боловсруулах, бэлтгэх, үйлчлүүлэгчид хүргэх үйл явцад баримтлах ёстой цаг хугацааны болон температурын хяналт чухал.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Одоохондоо Монголд байгаа учраас цөөн салбартай ажиллаж байна. Жилд гурван удаа шалгадаг. Хэрвээ шалгалтад хангалтгүй үнэлгээ авбал тодорхой хугацааны дараа дахин шалгана. 40 хүрэхээсээ өмнө дөрвөн хэл сурах зорилготой шинэ хэл сурч байгаа. Өглөө хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд хэлний хичээлдээ яваад хуваарьтай байвал нэг шалгалт хийгээд орой хүүгээ цэцэрлэгээс нь аваад гэртээ ирдэг. Миний хувьд хүүгээ гэртээ байх үед нь ажил хийхгүй, өөр ямар нэг зүйлд сатаарахгүй утсаа ч оролдохгүй анхаарлаа 100 хувь хүүхдэдээ зориулахыг хичээдэг. Гэр рүүгээ ажлаа авч ордоггүй.

-Монголчуудын хоолонд хандах хандлага, мэдлэг, үйлчилгээний соёл ямар байна вэ?

-Тухайн хүний сард олох орлогын хэмжээнээс идэх хоол хүнс ялгаатай байна. Зөв, буруу гэж хэлж болохгүй. Жишээлбэл, зарим хүмүүсийн баяраар иддэг хоол зарим хүний энгийн хэрэглээ байна. Харин үйлчилгээний ялгаатай байдал харагддаг. Үйлчилгээ гэдэг эмзэг, маш сайн явагдах ёстой. Үйлчлүүлэгчдээ анхааруулж, сэтгэл ханамжтай байлгахын тулд ажилчдаа анхаарах ёстой. Зөөгч, тогооч гээд ажилчдаа яагаад тэр хүнд сайхан хандах ёстойг зааж өгөх хэрэгтэй. Яаж ажиллахыг нь зааж өгөхийн оронд ажилчдынхаа цалинг танах, орон тоогоо цөөлөх нь буруу шийдэл.

-Танд мэдлэг, туршлагадаа тулгуурлан өөрийн гэсэн үйлчилгээний байгууллагтай болох төлөвлөгөө бий юү?

-Он гараад үйлчилгээ үргэлж ийм сайхан байх, үйлчилгээний салбарт хангалттай цалинтай ажиллах боломжтойг харуулсан өөрийн үйлчилгээний байгууллагаа нээхээр төлөвлөж байна. Монголд найман хүний ажил хийчихээд таван хүний цалин авах тохиолдол олон учраас ажилчид ажлын байрандаа сэтгэл ханамжгүй байна. Ажлаа сайн хийлгэхийн тулд шударга байх ёстой. Нэг хүний ажлыг нэг л хүн сэтгэл ханамжтай хийж хангалттай үнэлүүлж болдог. Үүнийг компаниуд зардал гэж хардаг. Бүтэн хоёр жил ажиллахдаа нэг минутын хоцролтгүй, эргэлзээгүй сэтгэл ханамжтай ажиллаж болдог. Ажиллуулж байгаа хүмүүстээ яагаад чин сэтгэлээсээ хийх ёстойг ойлгуулах нь чухал.

А.ГАНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *