“Веритас партнерс” хуулийн фирмийн өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа.
– Уих-ын гишүүн зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхдаа буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай заалтыг үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн Цэцээс хүчингүй болголоо…
– УИХ-ын тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад гишүүнийг зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд л Улсын ерөнхий прокурорын саналаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэж заасан байдаг. Цэцийн гишүүд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын тухай дээрх заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн хүчингүй болголоо.
Энэхүү заалт хүчингүй болсноор судлаачид, хуульчдын дунд хоёр асуудал дээр маргаан үүсээд байгаа юм. Зарим судлаач, хуульчдын хувьд дээрх заалтыг хүчингүй болчихоор ямар ч тохиолдолд УИХ-ын гишүүдийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжгүй болчиж байгаа юм бишүү гэх саналтай байна л даа. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокуророос оруулах ганцхан боломж байсан. Тэр нь УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхдаа буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд л байсан юм. Тиймээс байсан ганц боломжийг нь алга болгочихлоо гэх тайлбарыг ирүүлээд байна.
Прокурорын байгууллагын хууль, Шүүхийн тухай хуулиуд дээр прокурор, шүүх ямар хууль хэрэглэх ёстой талаар заачихсан. Тухайлбал, Прокурорын байгууллагын тухай хуулин дээр Үндсэн хууль, ердийн хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн олон улсын гэрээг хэрэглэх боломжтой гэж заасан байдаг. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг нь түтгэлзүүлэн шийдвэрлэнэ гэж заасан. Тэгэхээр УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх талаар хэн санал оруулахыг заасан зүйл байхгүй ч Прокурорын байгууллага Үндсэн хуулийг хэрэглэх эрхтэй гээд хуулинд нь заачихсан байгаа хэрэг. Тиймээс саналаа оруулах боломжтой гэж бид харж байна.
-Тэгэхээр Уих-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хаанаас оруулах ёстой бас эрхтэй талаар тодорхой болгох шаардлагатай гэсэн үг үү?
-Мэргэжлийн хүмүүсийн дунд ч гэсэн маргаан, төөрөгдөл үүсээд байгаа учраас бүрэн тодорхой болгох хэрэгтэй гэж харж байна. Иймд УИХ-ын тухай хуультай холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах шаардлагатай. Бид ч өмнө энэ заалтыг хүчингүй болгочихлоо гээд асуудал бүрэн шийдэгдэж байгаа юм биш гэж хэлсэн. Асуудлыг бүрэн шийдэх эхний том алхмаа хийж чадсан. Мэдээж эхний алхам хийгдэхгүйгээр хоёр алхмаа хийнэ гэж байхгүй. Тэгэхээр бид цаашид иргэд, хуулийг хэрэглэж байгаа шүүхийн байгууллагуудын дунд эргэлзээ төрүүлэхгүйн тулд ойлгомжтой, тодорхой болгох хэрэгтэй юм.
Иймийн тулд УИХ-ын гишүүн заавал нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд бус гэмт хэрэгт холбогдсон л бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокуророос их хуралд нээлттэй оруулдаг байна шүү гэж л заагаад өгчих хэрэгтэй юм.
-Цэцийн шийдвэртэй холбоотойгоор ард түмний өмнө хариуцлага хүлээх ёстой хэрнээ чуулган таслаад байдаг б.Наранхүү, с.Жавхлан тэргүүтэй гишүүдийг эгүүлэн татах боломж бүрдлээ гэж ойлгож болох уу?
-Ерөнхийдөө УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хоёр үндэслэл байдаг. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 29.3-т заасны дагуу УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсоныг шүүхээр тогтоосон тохиолдолд эгүүлэн татна. Хоёрт, Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын гишүүнийг үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гарах юм бол мөн эгүүлэн татаж болдог.
Үндсэн Хуульд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн байдаг. Тиймдээ УИХ-ын гишүүд ард түмний эрх ашгийг хамгаалж, тэдний үзэл бодлыг дэмжиж, дуу хоолой нь болох үүрэгтэй юм. Иймд дээрх гишүүд энэ үүргээ биелүүлэхгүй бол Үндсэн хуулиа зөрчиж байгаа хэрэг. Саяхан хэсэг хуульчид УИХ-ын гишүүн Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд хандсан байсан. Энэ тохиолдолд УИХ-ын тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.6.5 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” үндэслэлээр чөлөөлөгдөхийг хуульчлан заасан байдаг. Гэхдээ парламентын гишүүд чуулган таслах эрхтэй байдаг. Тухайн асуудал дээр эсрэг байр суурьтай байна шүү гэдгээ илэрхийлэх нэг хэлбэр гэж ойлгодог. Гэсэн ч таслах эрхтэй гээд үргэлж таслаад бай гэсэн үг биш л дээ.
Харин цэцийн шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд гэм буруутай эсэхийг бүрэн дүүрэн шалгах боломж бүрдэж байгаа юм. Мэдээж бүрэн дүүрэн шалгаж байж хэрэг илрүүлэх магадлал өснө шүү дээ. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол дээр хэлсэнчлэн эргүүлэн татах боломжтой.
-Уих-ын гишүүдийн гэм буруутайг тогтоохын тулд хэрэг илрүүлэх ямар ажиллагаанууд хийх боломж бүрдсэн бэ?
-Эрүүгийн хэрэг хянан шийдүүлэх тухай хуулиар тухайн хэргийг илрүүлэхийн тулд чамгүй их ажиллагаануудыг хийж болдог. Харин цэцийн шийдвэрээр хүчингүй болгосон заалтыг хэрэгжиж байх үед тэдгээр ажиллагаануудаас албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглодог байсан. Энэ тохиолдолд мэдээж гэм буруутайг тогтоох магадлал буурна шүү дээ.
Гэхдээ гэрчээр дуудах, эрүүгийн хэргийг шүүх рүү шилжүүлэх, биологийн дээжийн шинжилгээ илрүүлэх зэрэг нь нээлттэй байсныг дурдах нь зүйтэй байх. Биологийн дээж илрүүлэх буюу бидний сайн мэдэхээр ДНК, эсийн шинжилгээнүүд юм. Энэ заалт нь өмнө нь байсан төдийгүй гишүүний халдашгүй байдал ч хамаарахгүй. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байж хийгдэх ажиллагаа биш юм. Тэр ч утгаараа бид цэцийн хуралдаан болохоос ч өмнө Д.Гантулга гишүүнтэй холбоотойгоор прокурорт хүсэлт бичсэн. Д.Гантулга гишүүнд биологийн шинжилгээ хийж өгөөчээ гэсэн хүсэлт бичсэн гэсэн үг. Прокурорын зүгээс биологийн шинжилгээ хий гэх үүрэг даалгаврыг мөрдөгчид өгсөн. Одоогоор тэрхүү үйл ажиллагааг мөрдөгч хийгээгүй байна. Бид хуулийн хугацаанд нь хүлээж байгаа. Хэрэв ажиллагаа хийгдэхгүй бол дахин шаардлагаа тавих болно.