Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мэдрээ: Арилжааны банкны цэвэр ашиг нэг хувьд ч хүрдэггүй


Монголын банкны холбооны ерөнхийлөгч, Худалдаа, хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Та Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр өнгөрсөн оны есдүгээр сард сонгогдсон. Тиймээс арилжааны банкны салбарт ямар бодлого чиглэл барьж ажиллаж байгаа талаар яриагаа эхэлье.

-Бодлогын хувьд хоёр зүйлийг хэрэгжүүлэхийг зорьж байна. Нэгдүгээрт, зээлийн хүүг бууруулах юм. Үүн дотор 5-6 хэсгээс бүрдсэн ажил бий. Хууль эрх зүйн орчинг сайжруулснаар эхний алхам хэрэгжинэ. Мөн банкууд АТМ, пос терминал машин ч юм уу, энэ бүхнийг дундаа ашигласнаар зардал хэмнэх боломжтой. Түүнчлэн, төр засагтаа макро эдийн засгийн түвшинд зээлийн хүүг бууруулах боломжтой санал санаачилгуудыг тавьж шийдвэрлүүлэхийг зорьж байна. Тухайлбал, нефтийн үйлдвэр барилаа гэхэд бид гадаадаас шатахуун авахаа болино. Энэ нь валютын ханшид тогтвортой нөлөө үзүүлнэ. Энэ мэтээр бодлогын шинжтэй томоохон ажлуудыг зайлшгүй хэрэгжүүлж, үр дүнд хүрэх шаардлагатай. Дараагийн нэг зүйл нь Монголбанкинд санал тавьж, Төв банкны мөнгөний бодлого дотор өөрчлөлт оруулах замаар зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажиллах болно.

Хоёр дахь зүйл нь, банкууд давхардсан зардал их гаргаж байна. Энэ чиглэлээр хамтарч ажиллана гэж бодож байна. Үндсэн хоёр гол бодлого чиглэл ийм байна. Мэдээж өдөр тутмын асуудлууд бий. Коронавирусийн халдварын тархалтын үед банкууд хэрхэн ажиллах уу гэх зэргээр цаг үеийн шинжтэй олон асуудалд анхаараад тодорхой арга хэмжээ аваад явж байна.

-Банкны салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. 2019 оны жилийн эцсийн дүн мэдээгээр чанаргүй зээлийн хэмжээ 10 орчим хувьтай байсан. Энэ бол тааруу үзүүлэлт. Тэгвэл он гарснаас хойш гурван сарын хугацаа өнгөрлөө. Коронавирусийн халдвар тархсанаар төлөвлөж байгаагүй эрсдэлүүд үүслээ шүү дээ?

-Нийт салбараар нь аваад үзвэл Монголбанкны тайлан баланс дээр бүгд байгаа. Бүх банк онд мэнд орсон. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдал сайн тал руугаа явахгүй байгаа нь үнэн. Иргэд, аж ахуйн нэгжүүд маань хүндрэлд орж байна. Банк ч гэсэн аж ахуйн нэгж, компани шүү дээ. Тэгэхээр манай харилцагч нар хэцүүдээд ирэхээр банк ч гэсэн дагаад хүндрэлд орох нь ойлгомжтой. Манай засаг, төрөөс зохих дэмжлэг үзүүлэх юм бол бид хамтын хүчээр энэ хүндрэлийг даван туулж чадна. Гэхдээ богино хугацаанд шуурхай, дорвитой арга хэмжээ авсан тохиолдолд хүндрэлийг хохирол багатай даван туулах боломжтой.

-Манай санхүүгийн зах зээлийн 95-аас дээш хувийг банкны салбар эзэлдэг. Тиймээс арилжааны банкуудын үйл ажиллагаа хүндэрч эхэлбэл эдийн засагт бүхэлдээ эрсдэл үүснэ. Уг эрсдэлийг хэрхэн харж байна вэ?

-Зээлийн эргэн төлөлтөөс эхлээд аж ахуйн нэгж, иргэд хүндрэлтэй болж байна. Эргэн төлөлт саарах, төлөхгүй болоод ирэхээр банк бас хүндрэлд орно. Нэг зүйл байгаа шүү дээ. Бид хуулиараа иргэдийнхээ хадгаламжийн хүүг заавал төлөх үүрэгтэй. Нэг талд зээлийн эргэн төлөлт муудаж, нөгөө талд хуулийн дагуу хадгаламжийн хүүг заавал төлөх үүргээ гүйцэтгэх шаардлагатай тулгарснаар банк улам л хүнд байдалд орно. Тэгэхээр маш товчхон дүгнэвэл банкны салбарт нөхцөл байдал сөрөг тал руугаа хэлбийж байна хэмээн ойлгоход болно.

-Бизнесийн зээлээс гадна хэрэглээний зээлийн чанарт эрсдэл үүсч болзошгүй байна.Тэгэх юм бол бизнесийн зээлийн эрсдэл дээр нэмэгдээд хэрэглээний зээл их хэмжээгээр чанаргүй зээлийн ангилал руу орж магадгүй. Яагаад гэвэл коронавирусийн халдварын улмаас ажлын байрыг хамгийн их шингээдэг худалдааны салбар, мөн бусад онцлогтой салбарууд зогссоноор иргэдийн орлого хумигдаж, автомашин, цалин зэрэг бүх төрлийн хэрэглээний зээлээ төлж чадахгүйд хүрч магадгүй?

-Чи өөрөө тодорхойлчихлоо. Хандлага тийм зүг рүү л явж байна.

-Бусад орны туршлагыг харж байхад төрөөс эдийн засгийг дэмжих чиглэлд бүр нэгдүгээр сараас анхаарал хандуулаад эхэлсэн. Хөнгөлөлттэй зээлийн багц гаргаж арилжааны банкуудаар дамжуулан хорио цээрээс үүдэлтэйгээр үйл ажиллагаа нь доголдож, хүндрэлд өртсөн аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж байна. Та энэ бүх мэдээлэлтэй ойр байгаа байх?

-Нэг жишээ хэлье. Эдийн засагт хямралтай, эсрэгээр тогтвортой өсөлтийн үе ч байдаг. Хүн төрөлхтөнд тохиолдсон эдийн засгийн том хямралууд бий. Тэрний нэг нь 1929-1933 онд АНУ-д гарсан их хямрал юм. Тухайн үед бүх оронд Төв банк гэж байгаагүй. Цөөн оронд байсан. Яахаа мэдэхгүйгээс болоод маш олон аж ахуйн нэгж, хувь хүн, банк хямралд өртөж, асар ихээр хохирсон байдаг. Ингээд хүн төрөлхтний хөгжлийн аясаар Төв банкууд байгуулагдаад мөнгөний бодлогоо хэрэгжүүлдэг болж,жижиг хямралуудыг даван туулах арга замаа олж эхэлсэн. Сүүлд 2008-2010 онд АНУ-аас эхлэлтэй их хямрал Европ, дэлхий дахиныг нөмөрсөн. Орон сууцны моргейжийн зээлээс үүдэлтэй хямрал. Уг хямралаар улс орнуудын Засгийн газар, Төв банкууд нэг л зүйлийг ойлгосон.Энэ нь амьдрал дээр хэрэгжээд, туршигдаад баталгаатай, нотолгоотой болчихсон зүйл. Юу гэвэл ийм эдийн засгийн хямрал тохиолдсон үед Төв банк, Засгийн газар нь ч тэр арилжааны банкуудаа мөнгөжүүлж, санхүүжүүлдэг. Бага хүүтэй, боломжийн хугацаатай мөнгөөр арилжааны банкуудаа мөнгөжүүлэхэд банкууд мэргэжлийн институцийн хувьд аж ахуйн нэгж, иргэдэд зээлийн дахин санхүүжилт хийх, зээлийн бүтцийн өөрчлөлт хийх, шинээр зээл олгох гэх мэт арга хэмжээ авч эдийн засгийн хүндрэлээс гардаг. Энэ бол хямрал тохиолдоход заавал авах мэдээжийн арга хэмжээ болчихсон.

Өнөөдөр ийм арга хэмжээнүүдийг дэлхий даяараа авч байна шүү дээ. Хятадын Төв банк эхлээд 43 тэрбум ам.долларыг 9 банкиндаа өглөө. Дараа нь 72 тэрбум ам.долларыг банкуудаараа дамжуулан зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нартаа өгсөн. АНУ-ын ерөнхийлөгч Трамп төрөөс 1 триллион ам.долларын санхүүжилтийг арилжааны банкуудаараа дамжуулж, бизнес эрхлэгч нартаа өгөхөөр болж байна.

Германы Канцлер Ангела Меркель хязгааргүй зээлийг хямралын үед тодорхой хугацаанд олгоно гээд зарлачихлаа. Солонгос, Японы Засгийн газар, Төв банкууд тус бүр 5.6 болон 5.7 тэрбум ам.долларыг арилжааны банкуудаараа дамжуулж бизнес эрхлэгч нартаа олгоно гэж мэдэгдсэн. Энэ мэт олон орон арилжааны банкуудаа мөнгөжүүлж байгаад бизнес эрхлэгч, иргэдээ дэмжиж байна. Яагаад гэвэл үйлдвэрлэл үйлчилгээ, бизнес эрхэлж байгаа дэмжлэг шаардлагатай гол зорилтот хүмүүс чинь арилжааны банкны харилцагч нар байдаг.

-Сангийн сайдын мэдэгдсэнээр төсвийн зардлыг нэмэх замаар эдийн засгаа дэмжинэ гэсэн. Агуулгын хувьд зөв боловч төсвийн хөрөнгө оруулалт ихэвчлэн барилгын салбар руу чиглэдэг.Тиймээс дэмжлэг шаардлагатай бүх салбарт шударга хуваарилагдаж чадах уу гэсэн эргэлзээ байна.Нөгөө талаас төсвийн хөрөнгө оруулалт дагасан хэл ам хамгийн их байдаг. Наад зах нь төсвийн хөрөнгө оруулалттай тендерт ялахын тулд авлига өгч, авалцдаг гэх хардлага түгээмэл. Төрийн дэмжлэгийг бизнес эрхлэгчдэд өгөөжтэй байдлаар хэрхэн хүргэх боломжтой вэ?

-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим(МҮХАҮТ)-аас 2020 оны төсөвт тэвчиж болох зардал гэж гаргасан байна. Түүн дээр 220 тэрбум төгрөгийг сумын клуб, соёлын төв, сумын Засаг даргын Тамгын газрын офиссын байр барих, засвар үйлчилгээ хийхэд зориулахаа зогсоож, энэ мөнгөө арилжааны банкуудаар дамжуулж жинхэнэ бизнес эрхэлж, баялаг бүтээж байгаа татвар төлөгч нарт өгөөч ээ гэсэн. Мөн хөшөө, хаалга зэрэг тэвчиж болох зардал байна. Энэ бүх зардлууд нийлбэл нэг их наяд төгрөг давах нь гэсэн тоо гаргасан байна лээ. Энэ мөнгийг бас арилжааны банкуудаар дамжуулж бизнес эрхлэгчдэд хүргээч гэсэн судалгаа гаргасан. Үүнийг баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон холбоод судалгаа шинжилгээ хийж гаргаад Засгийн газар, УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан.Үүнийг зөв санал гэж бодож байна.

-Төв банк бодлогын хүүг нэг пункт, арилжааны банкуудын заавал байх нөөцийн хэмжээг 2 орчим хувиар бууруулсан. Бизнес эрхлэгчдэд эерэг нөлөөлөл нь хэзээ тусах вэ?

-Эерэг нөлөөллийг өнөөдөр хүлээгээд хэрэггүй. Хуулиар хүлээсэн үүргийн дагуу арилжааны банкууд хадгаламж эзэмшигч нарынхаа хүүг зохих гэрээний хугацаанд төлөх үүрэгтэй. Энэ хугацаа дууссаны дараагаар дээрх бодлогын нөлөөллүүд орж ирнэ. Тэгэхээр маш удаан, алгуур нөлөөлнө гэсэн үг. Яг энэ коронавирусийн халдварын тархалттай хүнд үед нөлөөллийг нь хүлээгээд хэрэггүй.

Нөгөө талаас АНУ–ын Төв банк 1.5 хувьтай байсан бодлогын хүүг тэг болгож байна. Англи 0.5 хувийн бодлогын хүүгээ 0.25 болгож бууруулсан. Харин манайх 11 байсан бодлогын хүүг 10 болголоо. Дорвитой нөлөө үзүүлэхгүй.

-Засгийн газар,Төв банкнаас зээлийг гурван сараар хойшлуулах шийдвэр гаргалаа. Тухайлбал, таван жилийн хугацаатай зээл авсан бол таван жил гурван сар болж хойшлох юм байна.Тиймээс аль аль талаас нь санхүүгийн нөөц боломж шаардахгүйгээр хэрэгжүүлэх боломжтой юм болов уу гэж ойлгосон.Уг шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ,арилжааны банкууд хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Монголын банкны холбоо албажсан шийдвэрийг албан ёсоор аваагүй байна. Тиймээс тодорхой хариулт өгч чадахгүй.

-Засгийн газар,Төв банк коронавирусийн тархалтаас үүдэлтэй хориг арга хэмжээнд өртсөн бизнес, эдийн засгийг дэмжихэд хэтэрхий удаан, үр нөлөө багатай ажиллаж байгааг бүх эдийн засагч шүүмжилж байна. Гэхдээ нөгөө талд Засгийн газар, Төв банкны шийдвэрийг хүлээхгүйгээр арилжааны банкууд өөрсдийн нөөц боломжид тулгуурлаж бизнес эрхлэгч, харилцагч нараа дэмжиж болдоггүй юм уу гэх асуулт байна.Нийгмийн энэ хүлээлт танд мэдрэгдэж байгаа байх?

-Бидний санхүүгийн эх үүсвэр чинь харилцагч, хадгаламж эзэмшигч нарын өндөр өртөг зардалтай эх үүсвэр байдаг. Бид мөнгө хэвлэдэггүй, нийлүүлдэггүй. Эдийн засгийн, мөнгөний, татварын бодлого хэрэгжүүлдэггүй. Бид ресторантай адилхан үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Ресторан хүмүүст хоол ундаар үйлчилдэг бол бид Төв банкнаас тусгай зөвшөөрөл авсны дагуу банкны үйлчилгээ буюу иргэд харилцагч нар, аж ахуйн нэгжүүдийн гадаад дотоод төлбөр тооцоог хийх, валютын арилжаа хийх, хадгаламж, зээлийн гэх мэтчилэн үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Тиймээс бодлого тодорхойлох төр засаг шиг дорвитой арга хэмжээ авах боломжгүй.

Ер нь Монголын банкны холбоо байнга хуралдаж байгаа. Монголбанкны удирдлагуудтай өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ноос эхлээд гурван ч удаа уулзаж нөхцөл байдлаа ярьсан. УИХ-ын даргатай 2-3удаа холбогдож, нөхцөл байдлыг танилцуулсан. Засгийн газрын хуралдаанд миний бие оролцож арилжааны банкуудаас хийж байгаа ажлыг нэгд нэгэнгүй танилцууллаа. МҮХАҮТ-тай 3-4 удаа уулзлаа. Үүний дараагаар бид зохих албан тоотуудыг явуулсан. Эдийн засгийн байнгын хороонд ийм заавар журам гаргаж, хуульд өөрчлөлт оруулж өгөөч гэж хүргүүлсэн. Арилжааны банкууд тухай бүрт өөрсдийнхөө харилцагч нартайгаа уулзаж, нөхцөл байдлыг нь судалж байна. Боломжтой хэмжээгээр зээлийн хугацааг нь хойшлуулж, сунгаж байна. Хүү, торгууль, алдангиас чөлөөлж байна. Бид үүнийгээ сүрхий зарлаад явахгүй байгаа. Бидний хийх ёстой ажил. Манай харилцагч хүнд байдалд орвол арилжааны банкууд ч дагаад хүнд байдалд орох болно гэдгийг ойлгож, мэдэж байгаа. Тийм ч учраас өөрсдийнхөө түвшинд зохих арга хэмжээгээ дор бүрнээ аваад явж байна. Гэхдээ “Хаан” банкны харилцагчид хөдөө орон нутагт амьдардаг малчин, тариаланч түлхүү байдаг бол “Худалдаа, хөгжлийн банк”-ны харилцагч нар ихэвчлэн нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд байх жишээтэй. Харилцагч нарын сегментүүд өөр өөр байдаг. Энэ онцлогт тохирсон арга хэмжээнүүд авч байна.

-Хүү, торгууль, алдангиас чөлөөлж байгаа гэлээ. Үүнийг тодотгохгүй юу?

-Банкны холбооны удирдах зөвлөлөөр хэлэлцээд шийдсэн асуудал юм. Энэ нөхцөлд арилжааны банкууд хүү, торгууль, алданги нэмэгдүүлж болохгүй гэж шийдсэн.

-Таныг Засгийн газрын хуралдаанд сууж байх үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх арилжааны банкуудыг зээлээ хойшлуулах тал дээр анхаараач гэж хэлж байсан?

-Биднийг байнга хуралдаж, холбогдох шатны байгууллагуудтай байнга уулзаж байгаа гэсэн мэдээллийг Ерөнхий сайд аваагүй байсан байх. Би тэр мэдээллээ өгсөн, танилцуулсан. Өөрсдийн боломжийн хэмжээнд зохих арга хэмжээ авч яваа гэдгээ хэлсэн.

-Арилжааны банкны ашгийн тооцооллыг тоймлоод хэлэх боломжтой юу. Саяхан нэг эдийн засагч арилжааны банкууд 8-15 хувийн ашигтай ажилладаг гэснийг сонссон.Хэрэв ийм ашигтай ажилладаг юм бол бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд илүү өгөөжтэй зүйл хийж болохгүй юу?

-Тэр бол банкны гардаг зардлыг тооцоогүй, ямар ч судалгаагүй хүний үг байна лээ. Би энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлах гэж хичээе. Таны хүүхдийн хадгаламжийг жилийн 14 хувийн хүүтэй татлаа гэж бодъё. Зээлээ сарын 1.5 хувийн хүүтэй өглөө. Үүнийг 12 сараар үржүүлбэл 18.0 хувь болж байна. Одоо үүнээс хадгаламжийн 14 хувиа хаслаа. Ингээд 4.0 хувь гарч байна. Энэ бол хадгаламж, зээлийн хүү хоёрын зөрүү юм. Эндээс бүх зардлаа хасна. Үүнд,төрөл бүрийн үйлчилгээний шимтгэлүүд, татвар, үйл ажиллагааны зардал гээд маш олон төрлийн зардал багтана. Энэ бүхнийг хасахаар цаана нь цэвэр ашиг гэж нэг орчим, нэг хувьд ч хүрдэггүй.

-Тэгэхээр Та арилжааны банкууд өөрсдийн нөөц боломжид тулгуурлаж, харилцагч нарынхаа зээл төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх зэрэгт санхүүгийн чадамжгүй гэж хэлж байна уу?

-Тийм.Үнэн нь тэр.

-ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд банкны салбарт тодорхой шинэчлэлүүд хийгдэж байгаа гэсэн ерөнхий мэдээлэл бий.Уг хөтөлбөрийн талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зорилго юу вэ гэдгээс эхэлж харъя. ОУВС бол дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулагдахдаа дэлхийд эдийн засгийн хямрал байна, энэ хямралыг улс орнууд богино хугацаанд даван туулахад нь санхүүжилт олгоё гэсэн зорилготой байгуулагдсан.

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк хоёр бол ядуу болон хөгжиж байгаа орнуудад урт хугацаанд боломжийн хэмжээтэй, бага хүүтэй зээл олгож, тухайн орныг эдийн засгийн хувьд аж үйлдвэржүүлэх, хөл дээр нь зогсоох талын дэмжлэг үзүүлдэг олон улсын санхүүгийн байгууллага юм. ОУВС манай жижиг сажиг асуудалд дэндүү их орж байна. Банкны заавар журам нь тийм байх ёстой гэх мэтээр ордог. Өөрөөр хэлбэл, тухайн орны хөгжлийн онцлог, уур амьсгал, нөхцөл, соёлын байдлыг ойлгохгүй байгаагаас ихэнх орныг буруу зам руу явуулдаг. Тэртэй тэргүй Швейцарь улсад банкны мэргэжлийн байгууллага болох “Базелийн хороо” гэж бий. Энэхүү хорооноос өгсөн чиглэл, заавар, журмыг улс орны Төв банкууд нь өөрийнхөө нөхцөлд буулгаад,Төв банкнаас баталсан заавар журмыг арилжааны банкууд нь үйл ажиллагаандаа мөрдөөд явдаг. Мэргэжлийн байгууллагын хувьд Базелийн хорооны заавар журам амьдралд илүү ойрхон байдаг. Манайд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хатуугийн хатуу нөхцөлөөр явж байна. Тэгэхээр зэрэг энэ тал дээр засгийг төлөөлж байгаа Сангийн яам, Монголбанк хоёр ОУВС-д өөрийн орныхоо эдийн засгийн хөгжлийн онцлог, нийгэм соёлын онцлог байдлыг ойлгуулж, тусгаж, зөвшилцөлд хүрсэн бодлого хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна.

-Валютын ханш буурах хүлээлтийн тухайд юу хэлэх вэ. Дэлхийн зах зээл дээр нефтийн ханш унаснаар манай улсын хойд хөршөөс авах шатахууны үнэ хямдарч, ам.долларын урсгал багасах болов уу гэсэн хүлээлт их байна.Та нөхцөл байдлыг илүү бодитой тодорхойлж чадах хүн шүү дээ?

-Монгол Улс аж үйлдвэрийн бодлогоо тодорхойлж, үүнийгээ хэрэгжүүлээгүй цагт мөнхийн нэг долларын эсрэг төгрөгийн ханшийн асуудал гарч ирнэ. Нефтийн үнээс хамаарч ханш өсч буурах нь түр зуурын л асуудал. Шатахуунаа 100 хувь дотоодод үйлдвэрлэж байж,валютын урсгалын нэг суваг зогсоно. Зэс, төмөр, цайр болон бусад хүдрээ боловсруулж, нэмүү өртөг шингээж байж гадагшаа урсах валют зогсоно. Энэ суурь ухагдахууныг л ойлгочих. Түүнээс өнөөдөр нефьтийн үнэ багаслаа гээд валютын ханшид түр хугацаанд нөлөөлнө. Энэ бүхэн оросуудтай яаж гэрээ хийхээс хамаарна. Дараа нь нефтийн ханш өсөхөд эргээд өндөр үнэтэй бензинээ авна шүү дээ. Эргээд валютын нөөцөө урсгадаг болно.

1830-аад оноос эхлээд Европ тэр аяараа аж үйлдвэржсэн. 1880 онд худалдааны зориулалтаар Европ 350 мянган км төмөр замтай байсан. Тэгвэл өнөөдөр манайх хэчнээн км төмөр замтай билээ. Бид нүүрсээ автомашинаар зөөж байна. Хэдэн зуун автомашин, жолоочийн хөдөлмөрийг нэг вагон элбэгхэн хөнгөвчилнө. Тэгэхээр бид аж үйлдвэрийн хувьсгал хийх ёстой. Харамсалтай нь аж үйлдвэрийн яам ч алга. Яам гарч байж бодлогоо тодорхойлж, ажлаа зангидаж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна биз дээ.

-Монгол Улс аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх чиглэлд эртнээс анхаарсан. Сайншандын аж үйлдвэрийн парк гэж олон жил ярьсан. Зэс, ган хайлах үйлдвэр л гэхэд олон Засгийн газрын гар дамжсан ч биелэлээ олсон нь үгүй.Яагаад хэрэгжихгүй байна вэ?

-Яагаад хэрэгжүүлдэггүй юм, хэн саад болоод байна вэ, ямар нөлөө байдаг юм гэх зэргээр асуултууд гарна. Дандаа улстөржсөн асуудлууд юм. Хэн нэг нь хориг тавиад, нөлөөлөөд байна. Хэн болохыг бүгд мэдэж байгаа. Ер нь бид өөр өөрсдийн толгойгоор улс орноо хөгжүүлэх болно. Гадны ямар ч мундаг хүн ирээд биднийг хөгжүүлж чадахгүй.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *