Categories
мэдээ нийгэм

Б.Маргад-Эрдэнэ: “Петрочайна дачин тамсаг” ХХК үндэсний компаниудад ажил олговол зүүн хязгаарт бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ

“Петрочайна дачин тамсаг” ХХК Засгийн газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үндэсний компаниудтай хамтарч ажиллах ёстой. Гэтэл тэд дотоодын компаниудын оролцоог янз бүрийн аргаар хааж байдаг. Өөрөөр хэлбэл Монголд үйл ажиллагаа явуулж буй мөртлөө Хятадын компаниудад давуу эрх олгон гүйцэтгэх ажлаа хийлгэж буйд үндэсний компаниуд төдийгүй иргэд ч бухимдаж байна. Компаниуд бодит байдал хэрхэн ажилладаг талаар “Гео петро инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Маргад-Эрдэнээс тодрууллаа.


-Танай компани ямар үйл ажиллагаа эрхэлдэг талаараа ярихгүй юу. Дорнодод үйл ажиллагаа явуулж чадаж байна уу?

-Манай компани газрын тосны үйл ажиллагаанд өрмийн зүүмп байгуулах нөхөн сэргээлт хийдэг юм. Өрмийн зүүмп гэдэг маань 27*10*3 хэмжээтэй өрмийн шингэн шаврын сан байгуулж газарт нэвчихээс нь хамгаалдаг. Өөрөөр хэлбэл газрын тосыг газарт нэвчихээс нь сэргийлж хамгаалалтын хальс дэвсээд технологийн дагуу ухаж бэлтгэдэг. Үүнийхээ дагуу гарсан шингэнийг эргүүлээд нөхөн сэргээх үйл ажиллагаа хийдэг юм. Нэгэнт бид ийм үйл ажиллагаа эрхэлж байгаа юм чинь “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн явуулж буй мэргэжлийн үйлчилгээний ажлууд руу орох хүсэлтэй байна. Яахав өнгөрсөн жилээс ийм ажлыг ганц нэг монгол компани гүйцэтгэж байгаа. Гэхдээ хангалттай хэмжээнд биш.

-Дорнодод үйл ажиллагаа явуулж буй компаниуд өчнөөн хөрөнгө зарцуулж техник тоног төхөөрөмжөө бэлдсэн ч гэлээ үйлчилгээ хийж чадахгүй байна гэх гомдол их гардаг болсон. Танайх ажил гүйцэтгэж чадаж байна уу?

-Газрын тосны цооногийг халуун усаар угаадаг үйлчилгээ гэж бий. Цооногоор тосоо олборлох үед хананд нь наалданги үүснэ. Ингэснээр тосны гарц багасна гэсэн үг. Үүнийг нь халуун уур, усаар цэвэрлэдэг тоног төхөөрөмж байдаг. Одоо бол гурваас дөрвөн төхөөрөмж дамжуулан хийж байгаа. Харин манайх цоо шинээр тэрбум гаруй төгрөгийн үнэтэй, дөрвөөс таван техникийн гүйцэтгэх ажлыг өөртөө агуулсан тоног төхөөрөмж оруулж ирж байна. Харин одоо ажил олдох эсэх нь эргэлзээтэй байгаа.

-Яагаад тэр вэ. Анх удаа ийм тоног төхөөрөмж оруулж ирж байгаа гээ биз дээ?

-Одоо энэ ажлыг 100 хувь Хятадын компани гүйцэтгэж байгаа. Манайх ажлыг нь хувааж хийе, үндэсний компанийнхаа оролцоог нэмэгдүүлье гэсэн хүсэлтэй байгаа. Харин биднийг ажлуулах эсэх шийд өнөөдрийг хүртэл алга. Уг нь бол дотоодын аль нэг компаниар дээрх ажлын талыг ч болтугай гүйцэтгүүлбэл бид чинь ядаж л боловсон хүчний асуудлаа дотоодоосоо шийднэ. Өнөөдөр энэ чиглэлээр их, дээд сургууль төгссөн хүмүүс ажилгүй явж байгаа. Сайндаа л тэд аль нэг газрын шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байна. Ингэж боловсон хүчнээ дэмжихгүй байж болохгүй. Хэрэв манай тоног төхөөрөмж ажиллаад эхэлбэл энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудад ядаж л дадлага хийх ажлын байр бий болно гэсэн үг.

-Тэнд ажиллахын тулд ямар гарц хайж байна вэ?

-Уг нь бол Газрын тосны газар, холбогдох газрууд болох Монголын өрөмдлөгийн холбоо, ШУТИС, Дорнод их сургууль маань дэмжээд “Петрочайна дачин тамсаг” ХХК-д хандаж хүсэлт өгөөсэй гэж бодож байгаа. Тэгвэл үндэсний компаниудад ажиллах боломж гарч ирж байна. Бидний зүгээс тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бас амар биш. Гэхдээ нэгэнт хийсэн болохоор одоо багахан дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Хэрэв дотоодын компани ажилтай, орлоготой байвал тухайн бүс нутагтаа маш их хэмжээний бүтээн байгуулалт хийгээд явдаг. Жишээ нь, бидэнд ажил олговол нийгмийн хариуцлагын хүрээнд сургууль, цэцэрлэг бариад өгч болно. Гэтэл Хятад компаниуд “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн хамаг өнгөтэй, өөдтэй ажлуудыг хийгээд олсон мөнгөө аваад гарчихаж байна. Өнөөдөр зүүн хязгаар хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь энэ. Хэрэв үндэсний компаниуд ажилтай байвал ядаж л гэрээ байгуулаад, тэрнийхээ дагуу бүтээн байгуулалт хийгээд явах боломжтой.

А.ДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *