Categories
мэдээ цаг-үе

Б.Мандахбилэг: Хар жагсаалтаас гарахаар нарийвчилсан төлөвлөгөөний дагуу бид ажиллах болно

Европын холбооноос манай улсыг хар жагсаалтад оруулсантай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас хар жагсаалтаас гарахаар тодорхой алхмууд хийж ажиллаж эхэлсэн билээ. Энэ талаар тус яамнаас томилогдсон тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэгтэй ярилцлаа.

-Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар Та өчигдөр томилогджээ. Яг ямар ажил хариуцах вэ?

-Брюссель хотноо 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд болсон Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын хурлаас Монгол Улсыг болон өөр 16 улсыг татварын асуудлаар Европын холбоотой хамтран ажиллах шалгууруудыг хангахгүй, хамтран ажиллах эрмэлзэлгүй орнуудын “хар жагсаалтанд” оруулж, олон нийтэд зарласныг та дуулсан байх. Энэ “хар жагсаалтаас” Монгол Улсыг аль болох хурдан гаргах ажлыг би хариуцна гэсэн үг. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ ажилд том ач холбогдол өгч намайг Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар өнөөдөр томиллоо.

-Энэ “хар жагсаалтаас” Монгол Улс гарах бололцоо хэр өндөр магадлалтай вэ? Та ажлаа юунаас эхлэх үү?

-Бэрхшээлтэй ажилд ч би оптимист байдлаар ханддаг. Энэ найдлагын өөр чухал үндэслэл нь угаасаа сайн харилцаатай, хамтын ажиллагаатай түнш Европын холбоотой, манай чухал “гуравдагч хөрш”-тэй бид харилцан ойлголцож, хамтран ажиллаж чадна гэдэгт оршиж байгаа.

Монгол Улс 2011 онд Гадаад бодлогын үзэл баримтлалдаа Европын Холбоог “гуравдагч хөрш” хэмээн тунхагласан.

Иймээс бид Европын Холбоо, түүний гишүүн улстай харилцаа, хамтын ажиллагааг боломжтой бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж ирсэн, Европын Холбооны 10 гаруй улсад манай улсын ЭСЯ-д ажиллаж байна. 2017 онд л гэхэд энэ хамтын ажиллагаанд ахиц, амжилт гарсан.

Улаанбаатар хотод Европын холбооны ЭСЯ нээгдсэн, 2013 онд гарын үсэг зурсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”саяхан хүчин төгөлдөр болсон.

-“Хар жагсаалтаас” Монгол Улс гарахын тулд ямар ажлууд хийгдэх ёстой вэ?

-Таны асуултанд хариулахад манай улсын Засгийн газар өчигдрөөс энэ ажлыг эхлүүлсэн, Засгийн газрын зохих шийдвэр гарч буй талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан. Тэрбээр мэдээлэхдээ Европын холбоо болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) санаачилсан“Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”, “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх”-ийн эсрэг хөтөлбөрт тус тус нэгдэх, зарим олон талт хэлэлцээрт нэгдэн орох, банк-санхүүгийн байгууллагын харилцагчдын мэдээллийг зөвхөн татварын зорилгоор мэдээлэл харилцан солилцох эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг ажлууд хийгдэх учиртайг дурдсан. Монгол Улсын Сангийн яам, Засгийн газраас авч хэрэгжүүлэх энэ ажлуудыг Европын холбоонд болон гишүүн орнуудад мэдээлэх, зөв тайлбарлан ойлгуулах зэргээс миний ажил эхэлнэ дээ. Гадаад харилцааны яаман дээр мөн ажлын хэсэг байгуулагдаж нарийвчилсан төлөвлөгөөний дагуу бид ажиллах болно. Энэ ажлын хэсэгт Европын Холбооны улсуудад суугаа манай Элчин сайд нар орж байгаа. Тэднийхээ саналыг бас авна.

-Манай улсыг Европын холбоо “хар жагсаалтандаа” яагаад оруулсан бэ? Сангийн дэд сайд Х.Булгантуяа захидал бичснээс болсон гэж эрх бүхий албан тушаалтан мэдээлж байсан. Ер нь нийт хичнээн орон энэ жагсаалтанд орсон бэ?

-Европын холбоо анх удаа ийм “хар жагсаалт” гаргасан юм байна лээ. Урьд нь гишүүн орнууд тус тусдаа ийм жагсаалт хөтөлдөг байсан бололтой юм. Европын холбооны Зөвлөлийн дэргэдэх гишүүн орнуудын татварын мэргэжилтнүүдээс бүрдсэн Ёс зүйн дүрмийн /Бизнест албан татвар ноогдуулах/ бүлэг нь гуравдагч орнуудыг татварын тогтолцоонд үнэлгээ хийхэд манайх тавигдсан шалгуурыг хангаагүй гэсэн дүн авсан. Эдгээр шалгуур нь “Татварын асуудлаарх ил тод байдал болон мэдээлэл солилцооны тухай Дэлхийн форумд” нэгдэж орох, “ЭЗХАХБ-ын Татварын асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай олон талт конвенцид” нэгдэн орох, “ЭЗХАХБ-ын Base erosion and profit shifting /BEPS/ (“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр”-ийн)стандартуудыг хангах зэрэг гурван шалгуурыг хөгжиж буй орны хувьд 2019 онд багтаан хангах үүрэг манай улс хүлээх ёстой байжээ. Дэд сайд Х.Булгантуяагийн захидлын талаар би ямар нэгэн тайлбар хэлмээргүй байна. Уучлаарай. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаашид Европын холбооны шалгууруудыг манай улс хангах чиглэлээр хэрхэн ажиллах гэж байгаа талаар өчигдөр мэдэгдсэнийг танд түрүүн хэлсэн.

Европын холбоо ны “хар жагсаалтанд” нийт 17 орон орсон. Манай улсаас гадна Өмнөд Солонгос, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Тунис, Намиби, Панам болон бусад.

-Энэ “хар жагсаалт” манайд ямар сөрөг үр дагавартай вэ?

-Манай улсын гадаад нэр хүндэд таагүй нөлөөлж буй нь ойлгомжтой. Эдийн засаг, санхүүгийн үр дагаврын хувьд энэ “хар жагсаалт”-аас болж European Fund for Sustain­able Development (EFSD), the European Fund for Strate­gic Investment (EFSI), Exter­nal Lending Mandate (ELM) зэрэг Европын Холбооны сангуудын санхүүжилтийг авах боломж хаагдаж буй. Түүнчлэн Европын Комиссын зүгээс гишүүн орнуудыг уг жагсаалтад багтсан орнуудын эсрэг үндэснийхээ хэмжээнд тодорхой арга хэмжээ авахыг уриалсан байна лээ. Тухайлбал гишүүн орнууд жагсаалтад багтсан орнуудтай харилцахдаа татварын асуудлаарх мониторинг, аудитын шалгалт, татварын баримт бичгийн хяналтыг чангатгах юм шиг байна лээ.Харин энэ “хар жагсаалт” хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт буюу манай улсад хэрэгжүүлж буй хөгжлийн хамтын ажиллагааны төслийн санхүүжилтэд шууд нөлөөлөхгүй.Зарчмын хувьд энэ “хар жагсаалт”-аас эртхэн гарах нь зөв юм.

-Ямар хугацаанд Монгол Улс “хар жагсаалт”-аас гарч чадах бол?

-Бид аль болох богино хугацаанд л “хар жагсаалт”-аас гарахыг эрмэлзэж ажиллана. Гадаад харилцааны яамны Ажлын хэсэг Сангийн яамтай хүчээ нийлүүлж, бид зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *