Categories
мэдээ цаг-үе

Б.Маналсүрэн: Эрхүүгийн монголчууд л хөдөө тосгодоор явж наймаа хийж чаддаг

ОХУ-ын Эрхүү хотод суугаа МҮХАҮТ-ын төлөөлөгч Б.Маналсүрэнтэй ярилцлаа.

-Таныг Эрхүүд 30 гаруй жил амьдарч байгаа гэж дууллаа. Бараг албан бусаар тэнд Монголыг төлөөлдөг гэж сонслоо л доо?

-Би Төмөр замын Удирдах газарт олон жил болсон. Ахлах инженерийн цалинтай болохоор амьдрал ахуй минь их боломжийн байсан л даа. Эрхүү рүү яагаад явсан юм бэ гэхээр тэр үед Гадаадын техник мэргэжлийн сургуульд манайхан очиж сурдаг байсан юм. Би хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод Эрхүү рүү, Гадаадын техник мэргэжлийн сургуульд багшаар очсон. Тэгэхэд манай хүүхдүүд нялх байсныг ч хэлэх үү. Намын төв хороо, Засгийн газар, Дээд, тусгай, дунд мэргэжлийн тусгай хороо гэсэн олон шатны шүүлтүүрээр орж байж явсан л даа.

-Хэдэн оны үе юм?

-1981 он. Тэгэхээр би үндсэндээ 37 жил Эрхүүд амьдарч байгаа гэсэн үг. Би чинь насныхаа ихэнх хугацаанд нь Эрхүүд амьдарч байна. Миний гурван хүүхэд унаган орос хэлтэй болж өсч хүмүүжсэн. Хүүхдүүдийнхээ ирээдүйд хийсэн том хөрөнгө оруулалт минь энэ. Надад өөр газарт очих боломж байсан ч Эрхүүгээс цааш мэдэхгүй учир тэндээ үлдсэн дээ.

-Тэгэхээр та Гадаадын техник мэргэжлийн сургуульд насаараа багшилж дээ, тийм ээ?

-Гадаадын техник мэргэжлийн сургуульд ахлах багшаар явсан юм. Тэнд өмнө ч байгаагүй, хойно ч байхгүй тийм мэргэжилтэн бэлтгэсэн юм, төрийн бодлогоор. Тэр нь Мал аж ахуйн фермийн механикжуулагч гэдэг мэргэжил. 100 гаруй ийм мэргэжилтэй хүмүүсийг бэлтгээд эх орон руугаа явуулсан. Харин тэр бэлтгэсэн залуусыг минь Улаанбаатар хотод суулгахгүйгээр аймаг, сумд руу тараагаад явуулчихсан юм. Тэгэхээр нь би тэр хүүхдүүдийг Гачууртын үнээний ферм, Партизаны 400 үнээний ферм рүү илгээсэн. Тэр үед би Хөдөө аж ахуйн сайд дээр гурван асуудалтай ороод гурвууланг нь шийдүүлээд гарч ирж байлаа.

-Ямар асуудал вэ. Хэн гэдэг сайдын үед вэ?

-Содномдорж сайд л даа. Намайг ажлын цаг тарсны дараа хүлээж аваад асуудлыг минь шийдэж өгсөн юм. Би “Сайд аа ийм ховор мэргэжилтэй 100 гаруй хүүхдийг бүгдийг нь хөдөө явуулчихлаа. Энэ хүүхдүүдийг фермерийн аж ахуйд зориулж төрийн бодлогоор бэлдсэн. Одоо эд нарыг тэр очих ёстой фермүүд рүү нь явуулъя” гэж саналаа хэлж билээ. Ингээд хүүхдүүдийг дээр дурдсан хоёр фермд хуваарилж өгч байсан юм. Тэр үед бид төрийн бодлогоор ажлаа ингэж л явуулдаг байлаа шүү дээ. Ардчилал гараад тэр фермүүд үгүй болсон, өнөөх бэлтгэсэн хүүхдүүд минь ч амьдралаа бодоод зүг зүг рүү тараад явчихсан.

Эрхүүд сурч байсан тэдгээр хүүхдүүдийн дадлага хийдэг байсан сургуулийн дэргэдэх 1200 үнээний ферм нь одоо ч байгаа. Хүүхдүүд маань өдөр нь тэндээ дадлага хийчихээд л орой нь манайд гурван литрийн хувинтай сүү барьцгаагаад л орж ирдэг байж билээ.

-1200 үнээний ферм гэхээр маш том үйлдвэрлэл байна шүү?

-Нэг үнээнээс 20-30 литр сүү саадаг байсан, өдөрт. Одоо тэр фермээр орохоор их гоё. Үнээ бүрийн сүүний үзүүлэлтийг тус бүрт нь дэлгэцэнд харуулдаг швейцарийн төхөөрөмжтэй. Нэг дугаартай үнээнээс өнөөдөр 26.1 литр сүү гарсан гээд тооцоолоод нарийн гаргаад ирдэг юм билээ.

Эрхүүд хоногт 1000 литр сүү боловсруулдаг төхөөрөмж байдаг. Энэ бол 300 орчим сая төгрөгийн үнэтэй. Нэг жийп машины үнэ л дээ. Тэр төхөөрөмж өглөө бүр 300-400 ширхэг сүүг савлаад гаргана. Нэг удаагийн аяганд тараг хийж гаргана. Бяслаг хийнэ. Сүүлд нь шар сүүг нь гаргана. Ийм ашигтай төхөөрөмж байна, тэнд. Жийп машин худалдаж авсан хүн тэрийгээ хөдөлгөх гэж өдөр бүр шатахуун худалдаж авна. Байнгын зарлагатай, орлогогүй. Харин нэг тийм төхөөрөмжтэй болчихвол өдөр бүр 1000 литр сүү боловсруулаад өдөр болгон орлоготой сууна. Гоё байгаа биз. Бас хоногт 600 кг мах боловсруулдаг төхөөрөмж байна. Ийм нэг машин нэг аймгийн төв дээр байхад л тэр аймгийн иргэдийг өглөө бүр шинэ махаар хангана. Эмнэлэг, сургуульд нь жижиглэсэн махаа нийлүүлчихнэ. Ийм ийм ашигтай юм бидний хойно л байж байхад манайхан далай дээгүүр нисээд л Америк, Канадад юу байна вэ, тэр рүү явна. Тэгээд тэндээсээ өндөр үнэтэй юм авчирна. Олон жил Орост байсан учраас би тэндхийн бүх юмыг сайн мэднэ шүү дээ. Оросын комбайн, трактор бидний мэддэг байсан үеийнхээс огт өөр болчихсон. Америк, Канадаас авчраад байгаа комбайн чинь сайн. Дэлхийн шилдэг юмнуудыг хэрэглэж байна. Гэвч нэг юм нь эвдрэхээр нэг машины үнээр засдаг. Оросууд тэр техник төхөөрөмжүүдийг чинь дуурайгаад хийчихсэн. Канад, америкчууд хүртэл тэрнээс нь авдаг болчихсон. Гурав дахин хямд. Ингээд Оросын талаар ярихаар л манайхан чинь өвчин ярьж байгаа юм шиг л байдаг. Оросоос салаад явчихсан юм шиг.

-Та 1981 онд Эрхүүд очихоосоо өмнө ОХУ-д сурч байсан байлгүй?

-Сурч байсаан.

-Тэгэхээр чинь та…?

-Тэгэхээр чинь би насныхаа ихэнхийг Орост өнгөрөөж байна.

-Оросууд монголчуудыг ер нь хэр хүлээж авдаг вэ. 1990 оноос хойш байдал нь өөрчлөгдсөн үү?

-Эрхүүд 1938 онд Ю.Цэдэнбал Санхүүгийн дээд сургуулийг төгссөн. Базарын Ширэндэв Эрхүүгийн Багшийн дээд сургуулийг 1941 онд төгссөн. Тэр хоёроос хойш хичнээн монгол хүн Эрхүүд сурсан гэж бодож байна. Хэн гэдэг хүн ямар мэргэжлээр хэдэн онд Эрхүүд сурч төгссөн талаарх ном нь надад бий. 4600 гаруй монгол хүн Эрхүүгийн их, дээд сургуулийг төгссөн байдаг юм.

Тэндхийнхэн монголчуудад их дуртай. Тэнд хүүхдүүдийг толгой нүцгэн явахад эмээ, өвөө нар хараад “Яагаад толгой нүцгэн яваад байна вэ. Малгай өмс” гэж өөрийнхөө хүүхэд шигээ загнадаг байлаа. Одоо хятадууд толгой нүцгэн л явна. Тэд өмнө зүгт дулаахан оронд амьдардаг болохоор малгай өмсч байсан биш. Тэнд очоод өвөө эмээ нараар загнуулцгаана.

Тэнд чинь хятадын зах гэж бий. Хятадуудыг бөөгнүүлээд шалгаад барина. Тэрэн дунд нь нэг монгол явж байвал “Энийг яах гэж авчирсан юм” гээд явуулчих жишээний. Дээр үеэсээ дотно байсан, эртнээс монголчуудыг мэддэг байсан болохоор их дотночилно. Эрхүүг чинь “Монголын алтан хаалга” гэдэг байсан шүү дээ. Тийм сайхан үе нь одоо болтол мартагдаагүй.

-Эрхүү, Улаан-Үдээс ирэхэд автобус, галт тэргэнд монгол, оросын ялгаа гараад байдаг нь ямар учиртай юм бол оо?

-Улаанбаатар-Эрхүү чиглэлд долоо хоногт гурван удаа хурдан галт тэрэг явахаар болжээ. Оросын хоёр галт тэрэг Эрхүү рүү нэг хоноод очдог. Энэ нь сайхан. Гэтэл би өөрөө төмөр замын хүн, галт тэрэгний жолооч байсан хүн. Төмөр замын Удирдах газарт 18 жил ажилласан хүн болохоор вагоноо мэднэ. Энэ гурван галт тэрэг ирэх 12 дугаар сараас явж эхлэх юм байна. Эндээс явахад 157 мянган төгрөгөөр явна. Энэ бол болж байна. Эрхүү рүү нэг хоноод л оччих юм чинь. Гэтэл эргээд Монголын вагон наашаа явах гэхээр нэг ч хүн суухгүй. Би тэрийг мэдэж байна.

-Яагаад?

-Би энэ хооронд дөчөөд жил явж байгаа хүн. Яагаад суухгүй гэхээр билет бичдэг хүмүүс нь “Монголын вагонд билет байхгүй” гэдэг юм. Монголын вагонд билет бичдэггүй юм. Тэгсэн хэрнээ оросынхоо вагонд бичнэ. Ингээд Монголын вагон хоосон гардаг. Ийм нэг юм байдаг.

Би МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр Эрхүүд 20 жил ажиллаж байна. Тэтгэврийн хүн учраас “Аэро Монголия”-гийн Эрхүү-Улаанбаатарын нислэгээр ирээд буцаад нисэхэд 327 мянган төгрөг зарцуулна. Гэтэл Эрхүүгээс Улаанбаатар хүртэл вагоны тасалбар бичүүлэхэд 7500 рубль буюу 315 мянган төгрөг болно. Хэн ийм өндөр зардлаар нэг талдаа явахыг хүсэх юм бэ. Хувь хүмүүс ийм өндөр үнэ төлөхийг хүсэхгүй. Гэтэл би Эрхүү-Наушка-Улаанбаатарын вагонд оройн 20 цагт суугаад өглөө нь Улаан-Үдэд ирнэ. Үүнд 1100 рубль л төлнө. Тэндээс өглөө 07 цагт Хиагт руу микро автобус явдаг. Тэрэнд нь 400 рублийг нь төлөөд суучихна. Хил дээр ирээд 100 рублиэр Алтанбулаг орчихно. Алтанбулагаас арван хэдэн мянган төгрөгөөр л Улаанбаатар руу ороод ирж байгаа байхгүй юу. Бүх зардалд 70 гаруй мянган төгрөг зарцуулна. Би яг энэ асуудлаар Төмөр замын даргатай уулзах гээд явж байгаа юм.

Би чинь төмөр замаар явах дуртай. Бага байхаасаа л галт тэргээр явлаа шүү дээ. Хэдий дуртай ч би тийм өндөр үнэ төлөхийг хүсэхгүй биз дээ.

-Тан шиг ингэж ирж очдог, тэндээ амьдардаг монголчууд хэр их байдаг вэ. Олон уу?

-Одоо бол цөөрчихсөн. Гэхдээ буцаж ирээд байна. Нэг рубль дөчин төгрөг гараад явчихлаа. Хуучин бол нэг рубль хорин хэдэн төгрөг байсан болохоор наймаа нь ашигтай байсан.

-Тэнд байдаг монголчууд маань голдуу юу хийж амьдарч байна вэ?

-Наймаа ашиггүй болчихоор өөрсдийнхөө машинаар хөдөө тосгодоор явж наймаа хийж байна. Тэр ажлыг монголчууд л хийнэ. Хятадууд тэр ажлыг хийж чадахгүй. Өөр хүмүүс тэгж явж чаддаггүй. Тэглээ ч тэндхийнхэн чинь монголчуудад дасчихсан.

-Эрхүүгийн хаагуур амьдарч байна вэ?

-Би чинь тэндээ олон жил болчихсон, үр хүүхдүүдийнхээ ажил амьдрал бүх учрыг нь олчихсон болохоор хөгшинтэйгөө хоёулаа амьдарч байна. Тэндхийн хоол хүнсэнд нь дасчихсан. Цэвэр хүнс иднэ. Цаг агаар нь гоё. Салхигүй. Өвөл утаагүй. Дандаа газаар бүх юмаа халаана. Нүүрс түлдэггүй. Мод нь бэлэн. Ангар мөрөн хөлдөхгүй. Дээр нь усан цахилгаан станцтай. Гоё гоё юмнууд тэнд байна шүү дээ.

-ОХУ руу визгүй зорчдог болсноос хойш монголчууд Улаан-Үд, Эрхүү рүү явдаг болсон. Эрхүүд монголчууд их очиж байна уу?

-Манайхан Итгэлт хамбыг үзнэ гэдэг нэрээр Улаан-Үдэд ирээд годон гутал авчихаад л буцаад явчихаж байна. Үнэндээ Эрхүүгээс цааш явж байж Орос гэж ярихаас биш Буриад чинь орос ч юм уу, монгол ч юм уу шүү дээ.

-Өвөлдөө хэр хүйтэн бэ?

-Хүйтэн ч гэсэн эндхийг бодвол салхигүй учраас их өнтэй. Эрхүү чинь модон дунд байдаг. Газар нутгийн 75 хувь нь мод, бас нэлээд их хувь нь ус. Малын бэлчээрийн газар байдаггүй юм шүү дээ.

-Та Эрхүүд олон жил амьдарч, Эрхүү хотод суугаа МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа хүний хувьд эх орноо гаднаас нь харахад ямар сэтгэгдэл төрдөг вэ. Хөндлөнгийн хүний нүдээр анзаарахад Монгол Улс минь яаж байна, бид юун дээрээ анхаарвал зүйтэй байна вэ?

-Монголд ирээд телевиз үзэхээр нэг л биш ээ. Дандаа улс төр ярьсан хүмүүс, улс төрийн хүмүүсийнхээ уг гарвал, сурвалжийг их сайн мэдэж энэ тэрний хамаатан, тэр тэрний хамаатан гэж их ярих юм. Монголд нууц юм гэж алга.

Монголын малын тоо 60, 70 сая хүрчихжээ. Малчин байхгүй. Мал нь эзэнгүйдчихсэн. Мал нь банкны зээлэнд барьцаалагдчихсан. Хэдэн хөгшчүүл л байна. Залуус нь төвөө бараадаад алга болчихсон. Малын эмч гэж алга. Мал нь өсөөд байдаг эмч нь, эзэн нь алга. Хүүхдүүд нь жилд хэдэн малаар сурч байгаа юм бэ дээ. Малыг 50 мянган төгрөг гэж үзэхэд тэр хүүхэд нь таван жилд ойролцоогоор 200 малаар сураад төгсөөд гарч ирдэг. Харамсалтай нь дутуу бүтээгдэхүүн болж гарч ирж байна. Ажил дээр гараад юм хийх гэхээр ажил нь байхгүй. Эмэгтэй нь худалдагч хийнэ. Эрэгтэй нь мэргэжлийн ажлаа хийх гэхээр мэдэх юм байхгүй. Тэгээд том юм хийнэ гээд л дипломоо бариад яваад байдаг. Тэгтэл дээр үед чинь тэр Гадаадын техник мэргэжлийн сургуульд ч гадаадад байхгүй мэргэжлийг манай залуус эзэмшээд ирдэг байлаа шүү дээ. Тэрийг ярихаар “Өө манайд тийм мэргэжилтэй хүн байгаа” гээд л томорно.

-Одоо тэгээд бид яах болж байна, таныхаар?

-За мал нь эзэнгүй байж. Гэтэл хүмүүс нь яаж байна. Багш нар яаж ийм цалингаар амьдрах юм. Багш нар байхгүй болж байна гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүд яах вэ. Орост 20 мянган рублийн цалин өгье гэхэд тэр ажилд нь очих багш олдохгүй шүү. Мал нь эмчгүй, хүүхдүүд нь багшгүй болно гэсэн үг. Хүний тоо өсөөд байдаг эмч нь олдохгүй боллоо. Өвчин гараад байдаг эмч нь байдаггүй. Ингэхээр мал, хүн нь эзэнгүй болж байна.

Монгол чинь уг нь энэ бөмбөрцгийн орой дээр нь байдаг, хоёр туйлын мөс хайлаад ус үерлэлээ гэхэд үлдэх л хувь заяатай улс. Мал нь үржээд л байдаг, газар тариалан нь ургаад л байдаг. Ийм ургаад үржээд байдаг юм бүгддээ ерөөсөө анхаарал тавихгүй байна. Төрөөс төрсөн тэрбумтангууд нь газрын доорх баялгийн төлөө дайтаж байна ш дээ. Тэр дороос гарах юмыг нь Монголын ард түмэн харахгүй байна. Гаргаж байгаа юмыг нь бүртгэхгүй байна. Алт, зэс нь гараад байдаг. Ийм хариуцлагагүй нийгэм бий болчихжээ.

-Та энд Монголд болж байгаа үйл явдлыг мэдээллийн ямар хэрэгслээр олж авдаг вэ?

-Сонин л харна шүү дээ. Залуус, хүүхдүүд бол интернэтээс бүх мэдээллээ олоод авчихаж байна. Бид чинь анхнаасаа л юм бичиж, сонин уншдаг байсан. Тэр хэв маягаа одоо ч алдаагүй л явна.

-Та аль аймгийнх вэ?

-Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумынх. Нутгаа их санана аа. Ямар ч байсан нутагтаа жил бүр очиж Хужиртын рашаандаа амардаг юм. Ирэх сард дахин нутагтаа ирнэ дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *