Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д анхны айлчлалаа хийсэн. Тус айлчлалд 60 шахам компаний төлөөлөл орж цөөнгүй гэрээ хэлцэл байгуулжээ. Энэ талаар МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.
-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж эдийн засгийн уулзалтад оролцсон. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсоноосоо хойш анхны гадаад айлчлалаа БНСУ-аас эхэлсэн. Өнөөдөр энэ улсад манай 44 мянган иргэн ажиллаж, амьдарч байна. Энэ утгаараа манайх энэ улстай эдийн засгийн томоохон харилцаатай гэж үздэг. Сүүлийн жилүүдэд болсон эдийн засгийн хямрал энэ тоог эрс өсгөсөн. Мөн энэ үеэр Солонгос Монголын форум болсон. Форумын үеэр өмнө нь гэрээ хийчихээд аваагүй байсан 200 сая ам.долларын зээлийн асуудлыг шийдсэн. Дээр нь БНСУ-аас нэмж 500 сая ам.доллар зээлэх гэрээ байгуулсан.
-Энэ ямар хүү, хугацаатай зээл вэ?
-Энэ зээл 30 жилийн хугацаатай жилийн 0.2 хувийн хүүтэй.
-Яагаад гэнэт ийм бага хүүтэй зээл бүтчихэв?
-Солонгос Монголын форум гэж бий. Хоёр талаас 15 хүн байдаг. Монгол Солонгосын худалдаа аж үйлдвэрийн танхимууд мөн Солонгосын парламент дахь Солонгос Монголын лобби бүлэг энэ зээлийг авахад бэлтгэл ажлыг маш сайн хангасан. Гэхдээ энэ гэрээнд ОУВС баталгаа гаргасан учраас л маш хурдан бүтсэн юм шүү.
-Өмнө нь гэрээ байгуулсан 200 ам.долларын зээлийг яагаад өнөөг хүртэл аваагүй юм бэ?
-2011 онд 300 сая долларын 30 жилийн хугацаатай, жилийн 0.2 хувийн байгуулсан юм билээ. Төслийн ТЭЗҮ дээрээ тохироогүйгээс өнөөг хүртэл аваагүй байсан. Аль аль талдаа асуудал гарсан байдаг. ТЭЗҮ-г өндрөөр хийгээд ашгаа авах сонирхол хөрөнгө оруулагчдад байдаг. Харин манайх бэлэн төсөлгүй болохоор өндөр үнэтэй ТЭЗҮ-г хүлээн зөвшөөрөөгүй гэдэг. Харин сая харилцан ойлголцоод зээлээ өгөхөөр болсон.
-Зээлийг юунд зарах вэ?
-Өмнө аваагүй байсан 200 сая ам.долларыг арван аймагт дулааны цахилгаан станц шинээр байгуулахад зарцуулна. Яригдаж байгаа төслүүд бол гуравдугаар эмнэлгийн зүрхний эмнэлгийг байгуулах. Мөн МУИС-ийн төв байрнаас бусад байруудыг шинэчлэхэд 130-140 сая доллар хэрэгтэй. Тийм төслүүд яригдаж байсан.
-Том компаниуд юу сонирхож байна?
-Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орохтой холбоотойгоор авиа компаниуд, бас ахуйн хэрэглээнд хий үйлдвэрлэдэг хийн компаниуд нэлээд сонирхож байсан. Ерөнхийдөө өмнөхийг бодвол нэлээд том төслүүд яригдаж эхэлсэн.
-БНСУ-тай стратегийн гэрээ байгуулах тухай яриа байна.
-Солонгос энэ тал дээр маш шургуу ажиллаж байгаа. Япон Солонгос улсууд өрсөлдөгч нар. Гэтэл нэг нь манайхтай наймаа хийхдээ татваргүй бол нөгөөхийнх нь өрсөлдөх чадвар буурна. Тийм учраас БНСУ манайхтай түншлэлийн гэрээ байгуулах сонирхол маш их бий.
-Ерөнхий сайд Солонгосын бизнесменүүдэд юу амлав?
-Амлах юу байхав. Өнөөгийн байдлаа тайлбарласан. Сүүлийн нэг жилийн эдийн засгийн сэргэлт бол эдийн засагт “шар тос” гэсэн үг шүү дээ. Нөгөө талаас компаниуд нэг тайлантай болсон. 33 мянган компани нэг тайлантай болсон учраас гадны компаниудын хөрөнгө оруулах итгэл нэмэгдэж байгаа юм. Орой нь зангиагүй уулзалт дээр бүр их мэдээлэл өгсөн. Солонгосууд шал өөр хандлагатай болсон байсан.
-Солонгосчууд юу сонирхож байна?
-Тэд түншлэлийн гэрээнд маш их ач холбогдол өгч байгаа нь анзаарагдсан. Ер нь бол том төслүүдийг сонирхож байгаа юм.
-Ямар том төслүүд?
-Төмөр зам, цахилгаан, дулааны станц гэх мэт төслүүд. Дээр нь том барилгын коропрациудын сүлжээ орж ирэх байх.
-Манай компаниудад ямар боломж байна?
-Би МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч болоод компаниудад “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг уриаг хэрэгжүүлж ирсэн.
–Яаж?
-Компаниуд нэг тайлантай байх ёстой. Өмчийн засаглал зөв болох хэрэгтэй. Үүний үр дүнд 33 мянган компани 17 их наяд төгрөгийн бараа үйлчилгээг ил гаргасан. Энэ бол манай компаниуд арван тэрбум долларыг хүлээн авах чадамжтай болсон гэсэн үг. Одоо компаниуд банкинд өгдөг тайлангаа үзүүлдэг болсон. Хөрөнгө оруулагчид гарч явсан гол шалтгаан бол манай компаниудын тайланд итгэхгүй байсных.
-Компаниудын засаглал сайжирснаар ямар өөрчлөлт гарах вэ?
-Өмнө нь жижиг компаниуд л орж ирдэг байсан. Одоо бол том компаниуд Монголыг сонирхоод зогсохгүй хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдсэн.
-Айлчлалаас танай танхим ямар ашигтай ирэв?
-Танхим ашигтай гэхээсээ илүү компаниуд ямар ашигтай ирэв гэдэг нь чухал. Нийт 60 компани Ерөнхий сайдтай хамт явсан. Аливаа төрийн тэргүүнийг дагаж яваа компани тухайн оронд итгэл төрүүлэх боломж нээгддэг. Нэр хүнд нь өсдөг. Гэрээ байгуулах боломж нэмэгддэг.
-Манай компаниуд гэрээ байгуулсан уу?
-Би бүгдийг мэдэхгүй. Миний мэдэж байгаагаар нэг балетын сургуультай эмэгтэй ижил төрлийн байгууллагатай холбоо тогтоогоод жил бүр арван хүүхэд, харилцан солилцож, сургахаар болсон гэсэн. Нөгөө талаас манай жижиг компаниуд Солонгос Монголын форумыг сайн ашиглах хэрэгтэй.
-Хөрөнгө оруулагчид хэзээнээс Монгол руу ирэх бол?
-Эхнээсээ ирж байна. Намайг ирсэнээс хойш гурав хоногийн дараа манай форумаар дамжуулаад Солонгосын том хөрөнгө оруулагч ирсэн. Бас нэг бизнесийн сургуулийнхан ирж “Бид олон улсад үйл ажиллагаа явуулдаг. Монголоос ганц хоёр биш. Хэдэн зуун хүүхэд сургамаар байна” гэсэн. Солонгост олимп болох хойд аймгийн дарга ирж уулзсан. Аялал жуулчлал хөгжүүлэх бас тэнд монголчууд ажиллах боломж их гэж ярьсан. Ерөнхий сайдын айлчлал богино хугацаанд маш их үр дүнтэй болсон.
-Стратегийн гэрээ хийчихвэл ямар ашиг гарах бол?
-БНСУ жижиг, дунд үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна. Энэ үйлдвэрүүдийн технологи орж ирнэ. Манайхан энэ технологи дээр ажиллаад сурчихсан. Компаниудад маш том боломж нээгдэнэ. Өмнөх хэл аманд орчихоод байгаа БНСУ-ын ерөнхийлөгч эмэгтэй АСЕМ-ийн үеэр ирэхдээ түншлэлийн гэрээг эрчимжүүлэх үүргийг өгч байсан. Гэхдээ аль аль талдаа засаг солигдсон учраас жаахан асуудал гарсан байх. Одоо хоёр талаасаа эрчимжүүлээд удахгүй гэрээ байгуулагдах байх гэж харж байгаа.
-Ерөнхий сайд Солонгост айлчилсан нь зээлээс өөр ямар ашигтай вэ?
-Манай 44 мянган хүн ирсэн байгаа улсад айлчлах мэдээж тэдэнд нааштай хандлага төрүүлнэ. Дээр нь гаднаас хувь хүмүүсийн оруулж байгаа 220 сая ам.долларын ихэнх нь Солонгосоос ирж байна. Гэтэл бид олон жил энэ улсад төрийн томоохон айлчлал хийгээгүй байна. Түншлэлийн гэрээний сургаар солонгосын компаниуд Монголыг мэдээж илүү сонирхож эхэлнэ.
-Томчуул Солонгос явлаа гэж дуулддаг.
-Томчуул амралт, эмчилгээний журмаар их явдаг байж магадгүй. Тэрийг тооцох юм бол их байж магадгүй. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын төрийн айлчлал бол өөр л дөө.
-Ерөнхий сайд гитар тоглож, дуу дуулж баярласнаа илэрхийлээ юу?
-Үгүй, үгүй. Харин солонгосчуудад “Энэ үед 40 гаруй мянган иргэнийг ажлын байраар хангаж байгаад маш их баярлалаа” гэж хэлсэн. Энэ бол маш том улс төрийн соёл. Солонгосчуудад их гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн.
-Яагаад ийм бага хүүтэй зээл олдов?
-Ер нь зээлийн олон хэлбэр байдаг. Улс төрийн, стратегийн арилжааны гэх мэт. Хаанаас ямар хүүтэй олох нь эрх баригчдын овсгооноос л хамаардаг.
-Дотоодын банкны зээлийн хүүг буулгах ямар арга байна?
-Банкууд төрөлжих хэрэгтэй барилгын, хөдөө аж ахуйн гэх мэт чиглэлээр.
-Монголд орж ирэх 5.5 тэрбум долларын сургаар гадны хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож эхэллээ. Дотоодын компаниуд ямар бэлтгэл хангах ёстой вэ?
-Татварыг буцаагаад буулгасан. Ер нь дарга нар очиж мөнгө шийдэх нь удаан үргэлжлэх сайн арга биш. Банк, компаниудаа дэмжих хэрэгтэй.
-Одоогийн хямрал юунаас эхтэй вэ?
-2013-2014 онд бэлэн төсөл хөтөлбөр байхгүйгээр их мөнгө оруулж ирсэн. Түүнийгээ замбараагүй зарсан. Харин одоо энэ алдааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх давтах эрх байхгүй. Тийм учраас ОУВС энэ мөнгийг хянана. Судалгаагүй хөрөнгө оруулалт хямралыг төрүүлсэн байхгүй юу.
-Судалгаагүй гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Монголд дөрвөн цементийн үйлдвэр барьчихлаа. 16 махны үйлдвэрүүд байна. Бүгд ажиллаад эхэлбэл тал нь дампуурна.
-Дахиад татвар нэмэгдэх болов уу?
-Татвар 2016 онд 500 тэрбум, 2017 онд 1.3 их наядаар давсан. Энэ тохиолдолд татвар нэмэх шаардлагагүй.
-Юунаас болж татварын орлого нэмэгдэв?
-НӨАТ. Дахиад ч нэмэгдэнэ.
-Мэргэжлийн улсуудыг халсан гэсэн.
-Мэргэжлийн бус улсууд тавиад НӨАТ зогсонги байдалд орсон. Одоо хуучин ажиллаж байсан мэргэжилтнүүд буцаад ажилдаа орсон. Азаар тэр залуус Монголоос гараад явчихаагүй байсан. Одоо улирал болгон урамшуулал олгоно.
Х.БАТТӨГС