МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.
-Татварын багц хуулийн төсөлд бизнес эрхлэгчдийг дэмжсэн заалтууд багагүй туссан гэж дуулдсан. Энэ удаагийн багц хуулийн онцлогоос ярилцлагаа эхэлье?
-Энэ удаагийн багц хуулийн гол онцлог бол эдийн засагт өсөлт авчирна. Нөгөө талаас татварын эрх зүй гэж бий. Шударга ёсны хэмжүүр эрх зүйгээр л илэрдэг. Шүүх засаглал, хүчний байгууллагууд татварын багц хуулийн эрх зүйг ашиглаж шударга ёсны хэмжүүрийг гаргаж ирэх ёстой. Нөгөө талаар зах зээлийн шударга ёс гэж байна. Монголд бий болж буй баялгийг хамтран бүтээлцэх, баялгийн хуваарилалтаас тодорхой хэмжээний үе шаттайгаар хүртээмжтэй байх тухай асуудал бий. 27 жил үйлчилсэн татварын системийн үндсэн үүргийг харахаар аж ахуйн нэгжид маш их ачаалал өгсөөр ирсэн. Ийм шалтгаанаар бүртгэлийн ажиллагаа, санхүүгийн тайлангуудын ажиллагааг хялбаршуулж, энгийн болгох тал руу нь хандуулж байна. Энэ бол татварын багц хуулийн хоёр дахь онцлог. Гурав дахь онцлог нь компаниудад өсч дэвжих боломж олгохыг зорьсон явдал.
Оюу толгой, MCS, ТҮЦ гурав ижил гараанаас эхэлдэг. Ийм тохиолдолд компани өсч дэвжих боломжгүй. Монголын 157 мянган компанийн 90 хувь нь өнөөдөр 1-9 хүнтэй байна. 27 жилийн процессийг харахад компани өсдөггүй, өндийдөггүй орчинд бид амьдарч байна. Багц хуулийн дараагийн онцлог нь татварын процесс. Татвар хэдийгээр бага ч татвар авч буй процесс, үүнийг дараа нь ашигладаг үйл явц маш хүнд байдаг.
-Дараа нь ашиглаж байгаа үйл явц гэдгээ тодруулаач?
-Товчхондоо дарамтлах гэж хэлж болно.
-Компаниудад томрох боломж олгохгүй байна гэж та сая ярилаа. Компаниуд жижгэрсэн шалтгаан нь юундаа байна?
-Татварын хуульд янз бүрийн тоо оруулж ирээд компаниудаа жижиглэчихсэн юм. Өмнө нь НӨАТ 10 саяын босготой байсан. 10 саяын босгон доогуур нь орох гэж Монголын хэдэн мянган компани жижгэрсэн. 50 саяын босго тогтоож НӨАТ-ыг үндсэн философиор нь ажиллуулаад хоёр жил л болж байна. Өнөөдрийн байдлаар 88000 цэгт НӨАТ бүртгэж байгаа. 1700 байсан цэг ингэж огцом өссөн. Өөрөөр хэлбэл орлогын эх үүсвэрүүдээ бүгдийг нь бүртгэж эхэлсэн гэсэн үг. НӨАТ бол зөвхөн бүртгэлийн систем. Ирэх өдрүүдийн тухайд 88000 бүртгэлийн цэг дээр Аж ахуйн нэгжийн болон Хувь хүний орлогын албан татварын хуулиараа дараагийн симфонийг тоглоно. Ингэж тоглохдоо иргэдийнхээ аж ахуй эрхлэх эрхийг нь аль болох хамгаална. Татварт хамаардаггүй маш олон бүлэг бий. Жишээ нь малчид. 600-700 тэрбум төгрөгийн махны бэлтгэл, ноос ноолуурын худалдаа байна. Дараагийн үе шатандаа очихдоо хүртэл татварт хамаардаггүй. Татварт хамрагдахгүй явдаг үйл явц маш их байна. Үүнд анхаарах цаг болсон. 2016 онд НӨАТ-аар 207 сая талон хэвлэгдэж 35 их наяд төгрөг тэмдэглэгдсэн. 2017 онд 247 сая талон хэвлэгдэж, 56 их наяд төгрөг тэмдэглэгдлээ. Ганцхан жилийн дотор НӨАТ-ын тэмдэглэсэн мөнгө 20 гаруй их наяд давсан байгаа биз. 20 их наяд гэдэг бол асар том мөнгө. Шинэ системд орох цаг болсныг энэ тооноос харж болно. Технологийн хувьд ч том дэвшил гарсан. Ухаалаг утас хэрэглэдэг хүний тоо бараг 1.8 сая байна.
-Компаниудыг өсч томрохыг дэмжсэн ямар заалтууд багц хуулийн төсөлд туссан бэ?
-Жилийн 50 саяын орлоготой компани жилдээ нэг удаа тайлан гаргаж орлогынхоо нэг хувийг л татварт өгч болно. 50 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой бол жилд хоёр удаа тайлан гаргаж өгсөн татварынхаа 90 хувийг буцаагаад авах юм. НӨАТ-ын хувь буцааж авдагтай яг адилхан механизм. Ямар ч хүнд сурталгүй. 1.5 тэрбумын орлоготой гэж үзэхэд нийт компанийн 90-ээд хувь хамрагдана. Хөдөлмөрийн зах зээлийн хувьд 600 мянган хүний ажлын байрыг энэ компаниуд гаргадаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2006 оны хуулиар гурван тэрбумаас дээш орлоготой бол 25 хувийн татвартай байсан. Сангийн яам зургаан тэрбум төгрөг болгож Засгийн газар, УИХ руу орууллаа. МҮХАҮТ-ын хувьд хоёр, гурван жилийн өмнөөс арван тэрбум гэж яриад байгаа. Хэдээр яаж тогтоох нь УИХ-ын мэдэх хэрэг л дээ. Гэхдээ 2006 оны гурван тэрбум төгрөг чанараараа бол өнөөдрийн 10 тэрбумаас ч үнэтэй. Инфляциас болж өндөр татвар төлнө гэдэг гамшиг. Баялаг их бүтээгээд өндөр татвар төлж байвал өөр хэрэг. Гэтэл мөнгөний ханш 2012 оноос хойш бараг хоёр дахин уначихсан. Үүнээс болж гурван тэрбумаар босго давсан компанийн бүтээмж сайжраагүй. Өөрөөр хэлбэл мөнгөний ханшийн уналтаас болж өндөр татвар руу орж байна.
-Компаниуд руу чиглэсэн анхаарал татахаар өөр ямар өөрчлөлт төсөлд суусан бол?
-Татварын процесс дээр сайн ажилласан. Өмнө нь татвар төлөгч, татвар авагч хоёрын дунд хүндрэл байсан. Хүндрэл гарахад Маргаан таслах зөвлөлөөр явдаг. Сүүлд Зөрчлийн хууль батлагдсаны дараа энэ хүндрэл бүр ихэссэн. Тийм учраас аливаа маргааныг татварын систем дотроо шийдье гэж зорилоо. Хоёр шаттай маргаан таслах зөвлөлийг нэг шаттай болгож, Захиргааны хэргээрээ яваад шийддэг механизмыг суулгаж өгсөн. Зөрчлийн хуулийн санкциар явбал хэцүү байна.
-Зөрчлийн хууль татвар талд ямар хүндрэл үүсгээд байна?
-Он гараад сөрөг тал нь мэдрэгдээд эхэлчихсэн. Хоёрдугаар сарын 15-наас хойш X тайлантай компаниуд хүртэл тайлан гаргаж өгөх ёстой болж байна. Тайлангаа гаргаж өгөөгүй бол Зөрчлийн хуулийн дагуу 1.5 сая төгрөгөөр торгуулна. Ямар ч орлогогүй учраас тайлан гаргаагүй хүнээс тайлангаа гаргаж өгсөнгүй гэж 1.5 сая төгрөг авна гээд бод доо. Энэ мэт хүндрэлтэй асуудал олон байна. Шийдэхгүй бол прокурор хянадаг болсон. Тийм учраас татварын асуудал дээр прокуророор биш, Захиргааны хэргийн шүүхээр явдаг болъё гэж байгаа. Маргаан таслах зөвлөл яваандаа Татварын шүүх болох ёстой. Татвар бол нийгмийн маш эмзэг харилцаа. Захиргааны хэргийн шүүх, прокуроор яваад шийдэх нь маш олон асуудал дагуулдаг.
-Та ярилцлагын эхлэлд татварын багц хуулийн өөрчлөлт эдийн засагт өсөлт авчирна гэсэн. Энэ талаараа тодруулж яриач?
-Эдийн засгийн өсөлт ойрын хоёр жилдээ тогтвортой, цаашдаа өснө гэсэн зурагтай байна. Энэ ашгийг иргэн, аж ахуйн нэгж бүрд хүртээмжтэй байлгах ёстой. Татварын багц хуулийн энэ удаагийн өөрчлөлтийн нэг том чиг нь энэ л дээ. Эдийн засаг 17 хувь өссөн түүх бидэнд бий. Тэр өсөлтөө бид микро эдийн засаг руу шингээж чадаагүй. Учир нь банк, татварын системээ өөрчилж чадаагүй юм. Өнгөрсөн өвөл банкны багц хууль батлагдсан. Одоо Татварын багц хууль батлагдчихвал эдийн засгийн өсөлт айл бүрийн хаалгаар орж эерэг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл бид эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт хүргэнэ.
-Хууль батлагдсаны дараа гарч болох хүндрэл гэвэл юуг онцлох вэ?
-Хуулийн дараа 40 журам батлагдана. Өнгөрсөн түүхийг харахад татварын процесс их хүнд санагддаг. Шалтгаан нь 40 журамдаа байдаг. Хуулиа баталсны дараа журмуудаа гаргахад дөрвөөс таван сар хэрэгтэй. Татвар өгөгч, авагч, иргэдэд таниулах сургалтууд болно. Энэ маш хүнд процесс. Хугацаа шаардана. Журмуудаа даруйхан батлахгүй бол 2019 оны төсөв үйлчилж байгаа хуулийнхаа хүрээнд боогдоод ороод ирэх эрсдэлтэй.
-Хувьдаа мөнгө хийх сонирхолтой байцаагчид компаниудад өндөр дүнтэй акт тавьж дарамталдаг гэх мэт асуудлууд бий. Хуулиа сайжруулсан ч хэрэгжүүлэгчид нь ийм хандлагатай байхаар үр дүн гарах уу?
-Ч.Сайханбилэг, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар гурвуулаа татварын системээс дарамтын систем рүү оруулахгүйн төлөө явсан, явж байгаа. Багц хуулиудын дараа Татварын ерөнхий хууль гэж гол хууль батлагдана. Татварын институцийг дотор нь авч үзнэ. Аль ч компанийн татварын тайланг нягтлан нь хийдэг. Нийгмийн даатгал, татвар, гааль руу өгөх ёстой мөнгийг нь өгдөг. Нэг нягтлан гурван үйлдэл хийдэг юм. Ганцхан сангийн байцаагчтай болчихъё, төртэй нэг л байцаагчаар дамжуулан харилцъя гэсэн саналыг компаниудын зүгээс тавьдаг. Энэ талд анхаарч байгаа. НӨАТ-ын систем дээр өндөр технологи ашиглаж эхэллээ. Хүнээс хамаардаг юм улам багасч байна. Блокчейн ороод ирвэл татварын байцаагчаас хамаардаг зүйл бүр багасна. Хоёрдугаар сарын 1-нд 650 мянган иргэн рүү яг нэг өдөр 78 тэрбум төгрөг шилжүүлсэн. Ямар ч хүнд сурталгүй өгчихсөн. Татвар авдаг, өгдөг системийг яг ингэж хялбаршуулна. Үүнийгээ дагаад татварын үндсэн институци өөрчлөгдөнө.
-Байцаагч нарын тоо 1000 хол давчихсан. Байцаагчдыг цөөлөх талд та ямар бодолтой явдаг вэ, энэ талаар багц хуульд тодорхой заалт, зохицуулалт туссан уу?
-Миний тооцоогоор бол байцаагчдыг маш их гэж боддог. Илүү нарийн ширийнийг хууль батлагдсаны дараа яривал зүгээр байх.
-Бизнес эрхлэгчдэд хэрэгтэй, УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр битгий унагачихаасай гэсэн заалтыг онцлооч?
-Сангийн яам хоёр сарын турш маш өргөн хэлэлцүүлэг өрнүүллээ. Хуулийн төсөл ийм өргөн хэлэлцүүлэгт орсон удааг санахгүй байна. Хэлэлцүүлгийн явцад багц хуулийн төслийн ус нэлээд шавхагдсан. Хоёрдугаарт, хэлэлцүүлгийн явцад лобби оруулаагүй. Танхим ийм зарчмыг анхнаас нь барьсан. Эдийн засагт нөлөөтэй салбарын лоббиг хэт оруулах нь утгагүй байдаг юм. Лобби орж ирвэл систем бүхэлдээ нурах эрсдэлтэй. Зөв суурь тавьж байгаа гэдэг утгаараа лоббиноос аль болох зай барьсан. Ний нуугүй хэлэхэд Сангийн яаманд ирсэн 5400 саналаас лоббитойг нь хассан. Үүн дээр Сангийн яам сайн ажилласан. Тийм учраас танхимын лобби тэр нь шүү гэдэг байдлаар ямар нэг заалтыг онцолмооргүй байна. Товчхондоо орлого олж байгаа бол татвараа төл, татвараа төлсөн бол зах зээлийн эзэн бай гэсэн гол зарчим л үйлчилнэ.
-Нэг бизнесээс нөгөө бизнес рүү шилжих явц их байгаа нь компаниудад томрох бололцоо өгөхгүй байна гэж та ярьсан. Энэ үзэгдлийг хуулиар зохицуулах боломжтой юу?
-Монголчууд байгалийн болон газар дээр байгаа баялгаараа ойрын үед нэлээд том эргэлт рүү орох бололцоо бий. Гэхдээ өмнөх нийтийн баялгаас ашиг олсон нөхөд хуушуурын бизнес рүү орж ирж эвддэг үйл явц их байдаг. Хуушуурын бизнес гэж нийтийн үйлчилгээний бизнесийг хэлдэг л дээ. Татварын хуулиас гадна аж ахуй эрхлэх лицензийн эрхийг хуулийн сайн зохицуулалттай болгох хэрэгтэй. Уул уурхай эрхэлж байгаа бол тэндээ л ашгаа хийгээд хөрөнгө оруулалтаа шингээх учиртай. Хямралын үеэр уул уурхайнхан үйлчилгээний бизнес рүү хэдэн сая доллар оруулж дөнгөж хөл дээрээ зогсч байсан компаниудыг үүдээ барихад хүргэсэн. Ийм үзэгдэл ажиглагдсан шүү. Төр гэж байгаа бол авсан эрхийнх нь хүрээнд бизнесийг нь хийлгэх цаг ирсэн. Татварын хуулийн дагуу энэ асуудлыг хөндөнө. Танхим судалгааны ажил руу нь орсон. Татвараа өгсөн хүмүүс төрөөс зах зээлээ хамгаалуулахыг л хүсдэг. Төр татвар, лиценз хоёроор л эдийн засаг руу орж ирдэг юм. Гурав дахь гол зүйл нь мөнгөний бодлого. Дөрөв дэх нь улсын төсөв. Улсын төсөв батлах үйл явц нь эдийн засгийн том тоглолт болдог. Энэ дөрвийг л онолын дагуу хязгаартай болгох ёстой.
-Ирэх өдрүүдэд танхимаас бодлогын түвшинд ямар санаа оноо, судалгаа санал болгох вэ?
-Тендерийн худалдан авалтын хууль хэлэлцэгдэж байна. Тендерийн хуульд танхимаас нэг зарчим барьж байна. Бид нийтийн мөнгийг цуглуулах үйл явцад идэвхтэй оролцож байгаа. Цуглуулаад өгчихсөн нийтийн мөнгийг эргүүлээд нийтэд зарцуулж чадаж байна уу гэдэг асуудал нь Тендерийн худалдан авалтын хууль. Тийм учраас танхимаас оролцоотой ажиллана. Бид саналаа хэлж байгаа. Мөнгөө ч цуглуулж авдаг, буцаагаад шударга хуваарилалт хийж чаддаг байвал нийгэм зөв явна. Үндсэн хуульд бид өөрсдийн концепцоо хэлж байна. Үндсэн хуульд нийтийн санхүү гэсэн ойлголт байдаггүй. Нийтийн санхүүгийн зохицуулалтыг УИХ-ын онцгой эрх рүү өгчихсөн. Төсөв, санхүү, мөнгөний бодлогыг нийтийн санхүү гэдэг. Үүнийг анхааралтай ажиглаж байна. Энэ бүхэн тусч байж Үндсэн хууль эдийн засагжина. Манай Үндсэн хууль эдийн засагжаагүй. Тийм учраас нийтийн санхүү, төрийн нийтийн хамааралтай өмч гэх мэт гол зүйлүүдийн хяналт төр гэсэн ганцхан нэрийн дор нуугдчихаад байна. Төр улс төрийн намаар дамжуулж нийтийн гэх энэ том өмчин дээр эзэн суух гэж их оролддог. Үүнээс болж эдийн засаг унадаг.