Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: Орчин үеийн улстөрчийн хамгийн том шалгуур бол нийтийн мөнгийг нийтэд зарцуулж байгаа эсэх

Түрүүч нь №224(6067) дугаарт


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа нийтийн мөнгө хяналтгүйгээс улстөрчид тэрбум тэрбумаар нь авсан, мөн төсөв хэрхэн батлагдсан талаар МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Саяхан төсөв батлагдсан. Хэр төсөв болсон гэж үзэж байна?

-Төсөв батлахад энэ удаа ахиц гарсан. Үндсэндээ Засгийн газраас оруулсан төсвийг нэг их өөрчлөлтгүй баталлаа. Өмнө нь УИХ, Засгийн газраас оруулсан төсвийн төслийг танигдахын аргагүй болгодог байсан. Сангийн яамнаас оруулсан орлого, зарлагын хэмжээнд төсөв батлагдсан нь төсөв сайжрахын эхний алхам.

-Эдийн засаг сайжирсан гэж үзэж байна уу?

-Би гишүүдэд хэлдэг. Эдийн засаг өмнөх дөрвөн жилтэй харьцуулахад харьцангуй сайжирсан болохоос эрсдэл өндөр хэвээрээ л байгаа. Тийм учраас зардлаа нэмэхгүй байх хэрэгтэй. Болж л өгвөл өнгөрсөн жилийн зардлаа өсгөхгүй байх нь зөв. Энэ жилийн төсвийн зардал өнгөрсөн жилийнхээсээ нэмэгдээгүй батлагдсан. Энэ жил төсөв батлахад гарсан томоохон алдаа бол өнгөрсөн жил 400 тэрбум байсан төсвийн хөрөнгө оруулалтыг 1.4 их наяд төгрөг болж нэмэгдүүлсэн.

-Таныхаар бол яах ёстой вэ?

-Өнгөрсөн жилийнхтэй адил хөрөнгө оруулалтыг 400 тэрбум төгрөгт бариад энэ жил нэмэгдүүлсэн нэг их наяд төгрөгөөр төсвийн алдагдлыг бууруулах байсан. Гэхдээ төсвийн алдагдлыг нэг их буруутгаж болохгүй л дээ. Зарим нь шоу хийх гээд үзээд байх шиг байгаа юм. Энэ бол 2012-2016 онд төсвөөс гадуур байсан мөнгөнөөс эх үүсвэртэй л дээ.

-Яагаад?

-УИХ-аас гадуур баахан мөнгө эдийн засагт орчихсон. Тэр мөнгийг оруулж ирэхэд гурван их наяд төгрөгийн алдагдал орж ирсэн. Одоо буураад 1.8 их наяд төгрөг болж байгаа. Энэ бол нааштай үзүүлэлт.

-Дахиад л нөгөө АН-аа буруутгах уу?

-Гэхдээ би Монголбанк, Сангийн яамныханд хэлдэг. АН-ын эрх барьж байсан үетэй өнөөдрийн эдийн засгийг харьцуулж болохгүй. Тэр үед уул уурхайн эрдэсийн үнэ уначихсан. Гадны хөрөнгө оруулалт байхгүй. Валютын нөөц шавхагдсан. Орлогогүй, хүнд үе байсан. Мөнгө хэвлэх, гаднаас зээл авах чинь энэ хүндрэлийг давахын тулд хийсэн менежмэнт байхгүй юу. Өнөөдөр Засгийн газар 5.2 тэрбум долларын орлоготой. Зэс, нүүрснээс дөрвөн тэрбум, алтнаас 800 сая доллар, татварын илүү төлөлт бараг хоёр их наяд төгрөг орж ирж байгаа. Ийм үед тэр хоосон байсан үеийн менежмэнттэй барьцах хэрэггүй л байхгүй юу. Ямар ч тохиолдолд ойрын хоёр жилдээ хэмнэлтийн горим барих хэрэгтэй. Бид сүүлийн 20 тендерээ хянаж чадаагүй. Том тендерийг хянах арга бий. Тэр тендерийн зардлыг НӨАТ-ын баримтаар баталгаажуулах хэрэгтэй. Хүсвэл ямар ч том тендерийг хянах боломжтой.

-Зөвхөн НӨАТ-аар хянах боломжтой юу?

-Манайхны бас алдаа байдаг. Томоохон тендерт хяналтын зардал тавьж өгдөггүй. Энэ зардал олон улсын жишигт тендерийн 10-15 хувьтай тэнцэх хөрөнгө байдаг.

-Тэмээн дээр ямааны гарз гэдэг болохгүй юу?

-Механизм нь зөв бол энэ зардал тендерийг чанартай эцэст асуудал үүсвэл хариуцах эзэнтэй болгож байгаа юм. Нийтийн мөнгөөр хийсэн бүхэн чанаргүй байна. Нэг зам тавьчихаад л жил болоод засвар хийх шаардлага гарна.

-Жишээ байна уу?

-Төв аймгийн Өнжүүл, Эрдэнэсант суманд уурын зуухыг маш сайн менежмэнтээр ажиллуулж байна. Жишээлбэл, уурын зуухыг тэрбум төгрөгөөр барихад тодорхой хэмжээний мөнгийг төр гаргана. Үлдсэнийг нь хувь хүн гаргана. Хувь хүн уурыг зуухыг ажиллуулаад өөрийн оруулсан хөрөнгөө гаргаад авчихна. Тэр уурын зуухнуудад очиж үзсэн. Маш цэмцгэр. Тэр хүмүүс зардлаа олж авахын тулд чанаргүй барилга, тоног төхөөрөмж шахахгүй биз дээ. Энэ бол саяны “ЖДҮ-ийн жимс”-тэй харьцуулахад арай том хөрөнгийг хянах тухай ойлголт. Төсвийн зардал, концесс гэдэг илүү том жимснүүд бий. Концесс нэртэй ирээдүйн татвар төлөгч нарын мөнгийг үгүй хийдэг арга гарсан.

-Концесс гэж юу гэсэн үг вэ?

-Мөнгөтэй хүнээр сургууль бариулчихаад үнийг нь төсвийн мөнгөнөөс өгнө. Энэ жилийн татвар дээр 400-гаад тэрбум төгрөг суусан байна. Үүнийг дөрвөн жилийн өмнө бидэнд мэдэгдэлгүй хийсэн. Харин өнөөдөр бид төлөх болж байгаа юм. Бид тэр концессийн гэрээ ашигтай юу, зөв үнэлгээтэй юу гэдгийг мэдэхгүй. Гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс л мэднэ. Одоо энэ яригдаж байгаа том төслүүдийн төлбөр бидний хойч үеийн нуруун дээр бууна. Концессийг хатуу хяналттай байлгах хэрэгтэй. Гэрээнд гарын үсэг зурж байгаа хүн бол ирээдүйн эрсдэлийг тооцохгүй. Хүн, хүний мөнгөөр хүнд юм авч өгөхдөө үнэ, чанарыг тоодоггүй.

-Үүнийг яаж хянах вэ?

-Сонгогчид нэг юмыг сайн ойлгох хэрэгтэй. Орчин үеийн улстөрчийн хамгийн том шалгуур бол нийтийн мөнгийг нийтэд зарцуулж байгаа эсэх. Хятадад албан тушаалтнууд цайллага дайллагад оролцохыг хориглосон. Өндөр хөгжилтэй орнуудад албаны унааг хувийн хэрэгцээндээ ашиглахыг хориглодог. Тэнд иргэд нь хянаад сонголтоо хийж чадаж байгаа болохоор манай улстөрчид шиг тэрбум тэрбумаар хусдаггүй байхгүй. Манайхан сургууль, цэцэрлэгийн зардалд хяналт тавьж чадаж байна. Гэхдээ энэ нь нийтийн мөнгөнд маш бага хувь эзэлдэг л дээ. Том жимсийг л хянаж чадахгүй байгаа юм. Энэ бол маш ноцтой асуудал.

-Багануурын цахилгаан станцын гэрээнд гарын үсэг зурсан мэдээ бий. Одоо манайх гэрээнээсээ буцвал 500 сая доллар төлөх сураг байна.

-Дахиад л нийтийн мөнгө хяналтгүй байгаагийн нэг хэлбэр. Жишээлбэл, тэр гэрээнд хэнд, хэзээ гарын үсэг зурах, ямар ашигтай, гэрээнд тусгасан үнэ тухайн станцын бодит ханш мөн эсэх мэдээлэл хэр байна. Одоогоор хэнд ч алга. 5-10 жилийн дараа өр төлж эхэллээ гэж бодъё. Энэ тухай ямар ч мэдээлэлгүй хүмүүс тус станцаас ашиг хүртэж, амьдралаа дээшлүүлсний төлөө бус гэрээнд тусгасан үнийг л мухар сохроор төлөхөөс өөр замгүй болно. Эрдэнэтийн 49 хувийг төр авчихлаа. Оросууд худалдааны гэрээ хийхдээ 49 хувийг гуравдагч этгээдэд шилжүүлбэл гэрээний 400 сая доллар дээр нэмж 100 сая доллар төлнө гээд заачихсан. Энэ мөнгийг татвар төлөгчид л төлнө. Өмнө нь бас манай олон улсын арбитраж дээр 100 шахам сая долларын өрөнд унаж байсан. Өнөөдөр ч Эрдэнэтийн 100 гаруй сая долларын тухай яригдаж байгаа. Энэ их өр чинь биднээс л гарна. Гэхдээ улстөрчдөөс биш. Сонгогчдоос гарна. Зүй нь иргэдийн татвараар энэ өрийг дарж байснаас цэцэрлэг, сургууль, эмнэлэг барьж, эмч, багш нарынхаа цалинг нэмэх хүсэлтэй байгаа биз дээ. Ийм учраас нийтийн албанд байгаа нийтийн мөнгө зардаг улсуудыг хатуу хянаж, өндөр шаардлага тавих ёстой.

-Гадныхан өр нэхээд ирэхээр хил гаалиа хаагаад суучихаж болохгүй юу?

-Өнөөгийн даяаршсан ертөнцөд тэгэх боломж байхгүй. Өмнө нь социалист капиталист систем гэж байхад улс төрийн зорилгоор орогносон хүмүүсийг тийм аргаар хамгаалж болдог байсан. Одоо бол олон улсын дүрмээр тоглохоос өөр аргагүй. Жишээлбэл, бид энэ онд 30 гаруй сая тонн нүүрс зарсан гэдэг. Хулхидах, хулгайлах гэдэг чинь манай дотоодод л байгаа болохоос олон улсын хэмжээнд бол болохгүй. Гэрээ хийсэн л бол тэр хэмжээндээ хариуцлага хүлээхээс өөр гарцгүй.

-Дэлхийн зах зээлтэй бид хэр их холбогдсон бэ?

-Нүүрс, зэс, төмрийн хүдэр их хэмжээгээр гаргаж байна. Цаашдаа зөв менежмэнт хийж чадвал уран, ноолуур, занараар дэлхийн хэмжээний тоглогч болох боломжтой.

-Ямар зам байна?

-Сарын өмнө би Өвөр Монголын цөлийг ой болгосон бүсэд очсон. Тэнд нүүрснээс бордоо гаргадаг үйлдвэр байна. Өмнө нь Монголоос авдаг байсан. Монгол нүүрс илчлэг өндөртэй учраас Ордосоос авдаг болсон. Тэд нүүрснээс бас нефтийн шаарнаас гардаг синтетик даавуу гаргаж авч байна. Тэр даавуу, бордоо хоёр тэндхийн томоохон санхүүгийн эх үүсвэр болчихсон.

-Тэнд нүүрсийг томоохон санхүүгийн эх үүсвэр болгочихсон байхад манай том компаниуд мөнгө хулгайлаад байгаа улстөрчидтэй дайн зарлахгүй байна?

-Манай топ 100 компани нийт татварын 93 хувийг бүрдүүлж байна. Харин 1-9 хүнтэй компани нийт компанийн 90 хувийг эзэлдэг. Энэ жижиг компаниуд 800 мянган иргэнийг ажлын байраар хангаж байна. Нийт хөдөлмөрийн зах зээлд 1.2 сая хүн ажилладаг. Жижиг компаниуд нийт татварын хоёр хүрэхгүй хувийг бүрдүүлдэг. Төр энэ жижиг компаниудыг 800 мянган ажлын байр гаргасны төлөө сөгдөж мөргөх ёстой. Гэтэл яг тэдэнд зориулсан мөнгийг сөгдөх ёстой хүмүүс нь хулгайлчихаар ямар хэрэг байх вэ дээ.

-Ил тод байдлын хуулиар хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж та ярьж байсан.

-Тэр хуулиар манай компаниуд зөв голдрилд орсон. Өмнө нь манайд тэрбум доллартай орж ирсэн хүн дарга нартай уулздаг байсан. Одоо их хэмжээний мөнгө шингээх чадвартай хэдэн томоохон компанитай болсон. Энэ бол манай эдийн засгийн ирээдүй, үнэ цэнэ шүү.

-Улсын үйлдвэрийн газруудыг авлигын голомт гэж ярьдаг.

-Өнөөдөр төрийн мэдлийн 93 үйлдвэр Монголын эдийн засгийн 50 хувийг эзэлж байна. Энэ үйлдвэрүүдийн захирлыг ялсан нам тавьдаг. Өөрөөр хэлбэл, улстөрчид үйлдвэрүүдэд очоод суучихдаг. Захирлууд тэр суудалд очихдоо үйлдвэрийн ашиг орлогын өмнө биш, намынхаа өмнө хариуцлага хүлээнэ. Энэ тохиолдолд тэдэнд бизнесийн чадвар ч байхгүй. Эдийн засгийн хариуцлагын тогтолцоо ч байхгүй.

-Саяхан “Жаст”-ын үйл явдлаас харахад Эрдэнэтийн зэс худалдах гэрээ гэж ашигтай бизнес байдаг нь илэрсэн. Энэ гэрээг хэн хийдэг юм бол?

-Сүүлийн 20 жилд улстөрчдийн шунал тачаалыг хөдөлгөдөг том бизнес бол Эрдэнэтийн зэс худалдах гэрээ. Үүнийг Ерөнхийлөгч таван хүн, Ерөнхий сайд байсан 17 хүнээс асуух хэрэгтэй. Гэхдээ Эрдэнэтийн зэсийг худалдах гэрээг Ш.Батхүү арван жил хийсэн мэдээ байдаг. Мэдээж энэ бол өндөр ашигтай гэрээ. Өнөөдөр зэс боловсруулах үйлдвэр барихгүй байгаа нь ч тэр баяжмал худалдах эрхтэй хүмүүстэй холбоотой байж магадгүй.

-Нийтийн мөнгөтэй холбоотой бас нэг асуудал байна. Японууд нефтийн үйлдвэр барьж өгөх гээд байхад заавал Энэтхэгээс тэрбум доллар зээлж үйлдвэр барина гэж байна. Та энэ тухай мэдэх үү?

-Намжим гуай бурхан болохоосоо өмнө надтай ирж уулзсан. “Би энэ үйлдвэрийг бүтээх гэж арваад жил явлаа. Бүтсэнгүй. Чи хөөцөлдөхгүй юу” гэж ярьж байсан. Бичиг баримтуудаа үзүүлж байсан. Одоо яамны яриад байгаа үйлдвэр тэр бичиг баримтын хүрээнд явж байгаа юм шиг байна. Олон Засгийн газар “барина, барихгүй” гэж тэр хүнээр тохуурхсан юм билээ.

-Яагаад зөвшөөрөл өгөөгүй юм бол?

-Зэсийн баяжмал, нефть, цахилгаан, нүүрс бол стратегийн бүтээгдэхүүн. Дээр нь энэ зах зээлийг том улстөрчид атгасан байгаа. Тэд зүгээр л энэ зах зээлдээ дурын нэг тоглогчийг оруулах сонирхолгүй л байхгүй юу.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *