Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: НӨАТ-ын хуримтлагдсан дата санг хадгалах асуудал ноцтой байдалд байна, ҮАБЗ-д хандана

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай өнөөгийн эдийн засгийн талаар ярилцлаа. Тэрээр хэд хэдэн шинэ ноцтой асуудал дэлгэж байна. НӨАТ-ын дата баазын сан ноцтой байдалд орсон, нефтийн компаниуд машины моторт хөнөөл учруулах бодис түлшиндээ хольж байгаа тухай, төсвийн зарлагыг бууруулах боломжийн тухай асуудал дэвшүүлж байна.

МАНАЙ ДНБ 21 БИШ, 35-40 ИХ НАЯД ТӨГРӨГ

-Өнөөгийн эдийн засгийг хэрхэн харж байна?

-Хямрал 3-4 жил үргэлжилж байна. Хэдийгээр тоон үзүүлэлтүүд нааштай байгаа ч энэ үзүүлэлтийг дахиад л буруу ашиглах вий гэсэн болгоомжлол төрж байна. Эийн засгийн жолоог ОУВС атгаж байна. Энэ жил эдийн засгийн өсөлт 5.3 хувь болсон, ирэх жил 4.2 хувийн өсөлттэй гэж тооцоолсон. Татварын орлого төлөвлөснөөс нэг их наяд төгрөгөөр давсан. Гэхдээ ОУВС, манай макро түвшинд бодлого тодорхойлогчид алдаа гаргах магадлал өндөр байна.

-Ямар алдаа гаргах гээд байна?

-Макро эдийн засагт гарсан нааштай үзүүлэлтүүд микро эдийн засагт буухгүй байна. Өнгөрсөн жилийн турш МУИС-ийн дөрвөн доктортой хамтарч манай танхим судалгаа хийлээ. Энэ судалгааны үнэлгээгээр микро эдийн засгийн орчин дунджаас дээш гарахгүй байгаа. Энэ нь макро эдийн засгийн нааштай үзүүлэлтүүд, микро эдийн засгийн түвшинд байхгүй гэсэн үг.

-Юунаас болоод микро түвшинд нааштай үр дүн гарахгүй байна?

-Төрийн байгууллагуудын ажлын уялдаа муу, дээр нь төрийн байгууллагуудад ажиллаж байгаа албан хаагчдын чадамжгүй байдал гол нь нөлөөлж байна. Энэ нь эдийн засагт хамгийн их хохирол учруулж байгаа юм.

-Жишээлбэл?

-Төрийн байгууллагуудын уялдаа муу байна гэдэг асуулт дээр нэмээд 20 хувь нь авилга байна гэж хариулж байна. Өмнөх Засгийн газрууд асуудлыг том мөнгөөр шийдэх гэж оролдоод бүтэлгүйтсэн. Тэр алдаа өнөөдөр ч үргэлжилж байна.

-Эдийн засаг өссөн гэсэн тоо гараад байгаа шүү дээ.

-Манай танхимаас Ил тод байдлын хууль, НӨАТ-ын системийг шургуу хөөцөлдөж байж хэрэгжүүлсэн. Жил хагасын өмнө 1700 байсан НӨАТ-ын кассын машин өнөөдөр 53 мянгад хүрсэн. Өмнө татвар авдаггүй байсан хэсгээс татвар аваад ирэхээр татварын орлого чинь нэг их наядаар нэмэгдсэн байхгүй юу. Түүнээс биш нэг их гайхамшигтай бодлого хэрэгжүүлээд, толгойтой хүн гарч ирээд эдийн засаг сэргээд, татвар нэмэгдээд байгаа юм биш. Өмнө нь далд байсан зүйл ил гарч ирж байгаа юм.

-Тийм их татвар нуугдмал байсан юм уу?

-Бидний судалгаагаар бүтээмж, компаниудын орлого өсөөгүй. Татвар төлөхгүй байсан үйлчилгээний хэмжээ л хагас хугас ил гарсан.

-Яагаад хагас хугас гэж?

-Бидний тооцоогоор нийт зах зээлийн 60 хувиас нь татвар авч чадахгүй байгаа юм.

-НӨАТ-ын бүртгэлийн системийн үр дүнд одоо нийт зах зээлийн хэдэн хувиас татвар авч чадаж байна?

-Одоо 60 хувиас нь авч байна.

-Дахиад 40 хувь нь далд үлдсэн үү?

-Тийм. НӨАТ-ын систем л далд хэсгийг гаргаж ирнэ. Касснаас авч байгаа талон бүр далд эдийн засгийг ил болгоно. Хэн нэгэн ухаантай татварын байцаагч, дарга, АТГ далд эдийн засгийг ил болгож чадахгүй л дээ.

Төр ДНБ худлаа тооцдог гэсэн үг үү?

-Би хувьдаа манай ДНБ багаар тооцоход 35-40 их наяд төгрөг гэж боддог. Гэтэл өнөөдөр төр 21 их наяд гэж тооцдог. Том зураг нь буруу болохоор доошоо бүх шийдвэр худлаа болчихдог.

НБ-ий тухай таамгаа батлах боломжтой юу?

-Батлагдчихсан. 2016 онд НӨАТ-ын 203 сая талон бүртгэгдсэн. Мөнгөн дүн нь 36 их наяд төгрөг. Одоо УИХ-ын даргатай ярилцах ёстой. Яагаад татварын орлого хангалттай нэмэгдээд байхад, татвар нэмэх тухай яриад байна. Энэ системийн анализ хийж чадахгүй байна гэсэн үг байхгүй юу.

ТӨСВИЙН ЦЭЭЖНИЙ БАН, СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР БИШ, ТОМЬЁОГООР ЗОХИОХ ПРОГРАММТАЙ БОЛСОН

-Төсөв хэлэлцэж байхдаа энэ алдааг засах боломжтой юу?

-Төсвийг нэг төгрөг хүртэл бүртгэдэг байсан социализмын үеийн тогтолцоо 1990 онд байхгүй болсон. Одоо баталж байгаа төсвийн есөн их наяд төгрөг бол манай зах зээлийн 30 хувь. Шийдвэр гаргагчид 30 их наяд төгрөгөөр тооцож шийдвэрээ гаргах ёстой. Есөн их наяд төгрөгийг төсөв гэж баталчихаад түүн дээрээ тоглох, дахин хуваарилах юм явагдаад байгаа юм. Бид УИХ, Засгийн газраас 30 их наяд төгрөгөөр тооцсон мөнгөний, татварын бодлого гаргаж өгөөч гэж хүсээд байгаа юм.

-Та нар ийм шийдвэр гаргуулахын тулд юу хийж байна?

-Манай танхим жилийн турш МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтраад нэг бодлого бодсон. Төсвийн орлого, зарлагын хамгийн бага байх томьёоллыг гаргаж ирсэн. Төсөв үндсэндээ долоон гол татвараас бүрддэг. Долоон гол зардал байдаг. Үүнийг хамгийн бага байлгах боломжийг гаргаж ирсэн.

-Хаана хэрэглэдэг онол вэ?

-Дэлхий дээр анх удаа энэ онолыг /багцын онол/ төсөвт хэрэглэж байна гэж ойлгож болно. Дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд энэ онолыг маш их хэрэглэдэг. Математик загварыг нь гаргачихсан. Программууд бэлэн болсон.

-Энэ программыг ашигласнаар төсөвт ямар эерэг үзүүлэлт гарах вэ?

-Энэ программаар төсвийг шинжсэнээр хаана, юуг бууруулж, хаана юуг нэмэх ёстой гэдэг нь харагдана.

-Та нар туршиж үзсэн үү?

-Сүүлийн арван жилийн төсөв дээр туршиж үзсэн. Зарим татваруудыг бууруулах, заримыг нэмэх үзүүлэлтүүд гарч ирж байгаа. Дотаци нэртэй төрөөс олгодог мөнгө байдаг. Энэ томьёогоор үүнийг ойрын хугацаанд 77 хувиар бууруулах ёстой гэж гарч ирсэн.

Томьёогоо УИХ-ын 76 гишүүнд яаж ойлгуулах вэ?

-Энэ жилийн төсвийн хувьд бол оройтсон. Гэхдээ ийм загвар, томьёололтой болно гэдэг нь хэн нэгэн лидер, улстөрч цээжний бан, сэтгэлийн хөөрлөөр биш, бодит байдал, шинжлэх ухааны үндэслэлтэй төсөв хийх боломж олгож байгаа юм. Одоо би Сангийн сайдад нэг л зөвлөгөө өгнө. Их мөнгөтэй болохоороо төсвөө данхайлгадаг өмнөх Засгийн газруудын өвчинг битгий давтаасай гэж хүсээд байгаа юм. Татварын орлого нэмэгдэхээр зардлаа нэмдэг өвчин 2010-2011 онд хэрээс хэтэрсэн шүү дээ. Төсвийн зардлыг хоёр дахин бууруулах хэрэгтэй. Жижиг тойргийн гай байдаг. Тойрог руугаа амбаар савны мөнгө чирээд төсвөө баллаад хаячихдаг.

-Төсвийн зардлыг хоёр дахин бууруулах боломжтой юу?

-Бондын өрийг дарсан гэсэн юм яриад популизм хийх хэрэг байхгүй. Өрийг өрөөр хааж, хугацааг л хойшлуулсан байхгүй юу. Тийм учраас байдал хүнд байгаа. Он гараад бид 1.1 их наяд төгрөгийн өр дарах гээд байна шүү дээ.

-Төсвөөс танах өөр ямар зардал байна?

-Сүүлийн зургаан жил дарга нарын эгнээ 40 мянгаар нэмэгдэж 76 мянга болсон. Ядахнаа арван мянгаар цөөлөөч гэж хэлээд байгаа юм.

-Хэр их мөнгө хэмнэх бол?

-Манай төсвийн 30 хувь нь цалин явдаг болохоор багагүй мөнгө хэмнэнэ. Нийт 183 мянган төрийн албан хаагч байдаг. Үүнээс 110 мянга нь үйлчилгээнийх. 73 мянган дарга байна. Би бол 30 мянган даргыг халчихмаар байгаа юм.

-Ажилгүйчүүдийн тоо нэмэгдэх үү?

-Тэд ажилгүй болно гэж байхгүй ээ. Манай хувийн хэвшлийнхэнд ч ажиллах хүчин хэрэгтэй байгаа. Судалгаагаар бизнесийнхэн хамгийн их дарамт болж байгаа нь төрийн ажилтны ажлын чадваргүй байдал гэж байгаа. Чадваргүй том армийг тэжээх гэж бизнесийнхэн тарчилж байгаа байхгүй юу. 200 мянган хүн хилийн чанадад ажиллаж байна. Дотоодын хөдөлмөрийн зах руу арван мянган даргыг л туучих гээд байгаа.

-Дарга хийнэ гээд хувийн хэвшлийг баллаад хаячихгүй юу?

-Бүгд юу гэж тэгэхэв дээ.

НӨАТ-ЫН МЭДЭЭЛЭЛ АЛАГДАХ АЮУЛ НҮҮРЛЭЖ БАЙНА

-Улсын үйлдвэрийн газрууд гэж идээ, ундааны газар байна.

-Манайд 143 мянган компани бүртгэлтэй. Үүнээс 93 төрийн өмчит компани. Тоо цөөн боловч эдийн засагт бараг 50 хувийн нөлөөлөлтэй. Тэднийг хувьчлах шаардлага тавьж байсан. Харин одоо хувьчилдаггүй юм гэхэд хувьцаат компани болгохыг шаардаж байгаа юм.

-Эрдэнэтийн байдал ямар байгаа бол?

-Надад ирсэн мэдээллээр энэ жил Эрдэнэт үйлдвэр 500 шахам нээлттэй тендер зарласан байна. Өнгөрсөн жил ганцхан нээлттэй тендер зарласан байдаг. Жилд 500 орчим тендер зарладаг юм байна. Энэ жил анх удаа бүх тендер нээлттэй явсны хүчинд өмнөх хаалттай тендерт зарснаасаа 17 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Ер нь Эрдэнэтийг шалгах улстөрийн шийдвэр хэрэгтэй байгаа юм. Бас нэг баярлах юм бол 2011 онд зэсийн үнэ маш өндөр байсан. Харин өнөөдөр нэг тн баяжмал олборлох зардал тэр үеийнхээс бага байна. Үнэндээ оросууд Эрдэнэт үйлдвэрт хяналт тавьж чадахгүй, авах ёстой юмаа авч чадахгүй болоод л нэг компанид хувиа зарсан шүү дээ.

-Төрийн өмчийн том компаниудын НӨАТ-ын мэдээг ил болгож болох уу, танд НӨАТ-ын дата баазын мэдээлэл алдагдсан тухай мэдээ ирсэн гэсэн үнэн үү?

-НӨАТ-ын системийг босгож ирсэн гурван залууг улстөрийн шалтгаанаар ажлаас нь халсан байна. Оронд нь IT мэдэхгүй санхүүгийн хүмүүс тавьсан. Үүнийг далимдуулж мэдээлэл алдагдах аюул гарна.

-Энэ тийм чухал мэдээлэл үү?

-НӨАТ-ын мэдээллийг хадгалдаг дата бааз алдагдах маш том аюул дагуулна. Хуулиараа НӨАТ-ын мэдээг Статистикийн үндэсний хороо, Татварын ерөнхий газар үйлчлүүлэгч өөрөө л мэдэх эрхтэй өөр хэн ч энэ мэдээллийг үзэхийг хуулиар хориглосон. Мэдээлэл алдагдсан сураг байна. Хилийн чанадад эсвэл дотоодод ямар нэгэн зорилгоор мэдээлэл алдагдсан бол энэ систем нурах аюултай.

-Ямар аюул гарах вэ?

-Байгууллагуудын санхүүгийн гүйлгээг хулгайлсантай адил. Хэдэн их наядаар нэмэгдэж болох далд эдийн засгийг илрүүлэх ажил зогсоно. 50 гаруй мянган аж ахуйн орлого биш мянга гаруй аж ахуйн нэгжийн орлогыг бүртгэх болно. Яг жил хагасын өмнөх байдалд орно.

-Энэ аюулаас яаж сэргийлэх вэ?

-Хуучин ажиллаж байсан залуусыг буцааж ажилд нь оруулах хэрэгтэй. Энэ гурван хүнд тэр гавьяат гэдэг юм аа өгчих хэрэгтэй. /Инээв/ Дата баазыг ажиллуулах, хамгаалах ажлыг чинь мэдлэг мэргэжилтэй улсууд хийдэг байхгүй юу. Нэг санхүүч очоод хийдэг ажил биш.

-Төсөв санхүү нь гайгүй байгууллага уу?

-Төсөв нь бас сэжиг төрүүлээд байгаа юм. 60 тэрбум төгрөг суулгаж өгсөн байсан.

-Бага гэсэн үг үү?

-Үгүй ээ. Дэндүү их байгаа юм. Бид энэ системийг хийхэд хоёр тэрбум төгрөгөөр хийсэн. Цалингийн асуудлыг нэмээд дөрвөн тэрбум л болно. Системийг сайжруулах гэсэн юм ярьж байгаа. Нэмэлт дата байрлуулах хэрэгтэй байгаа. Тэрэнд дөрвөн тэрбум төгрөг байхад хангалттай. Юуны 60 тэрбум төгрөг.

-Таны үгийг сонсох болов уу?

-Сонсохгүй бол би ҮАБЗ-д хандана. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд энэ хуулийн учир начрыг нарийн мэддэг хүн. Сангийн сайд НӨАТ-ын системийг ойлгохгүй байсаар байгаад огцорчихлоо. Татвар нэмэх тухай ярихдаа татвар их наядаар нэмэгдэнэ гэдгийг мэдээгүй байсан. ОУВС-д татвар нэмэгдсэн шалтгааныг тайлбарлаж чадаагүй. Макро тоогоо хараад л эдийн засаг сэргэж байна гэж яриад суусан байхгүй юу.

АВТО МАШИНЫ ТҮЛШИНД МОТОР СҮЙТГЭХ БОДИС ХОЛЬЖ БАЙГАА

-Он гараад хадгаламжийн хүүнээс татвар авна. Энэ ямар үр дүн авчрах бол?

-Онолын хувьд зөв л дөө. Өнөөдөр зээлийн хүү 20 хувь байна. Ийм хүүтэй зээлээр жижиг, дунд үйлдвэрлэл явуулна гэж байхгүй. Энэ 20 хувийн 13 нэгж нь хадгаламжийнх, тав нь банкны системд ажиллаж байгаа 18 мянган хүний зардал, үлдсэн гурван нэгж нь банкны жаахан ашиг. Тэгэхээр тэр хадгаламжийн хүү 13-ыг гурван хувь болгочих. Хадгаламж гурван хувь байхад болно биз дээ.

-Хүн амын орлогын татвар бас нэмэгдэнэ

-2.5 саяас дээш бол орлогын татвар тавхан хувь нэмэгдэнэ гэж яриад байгаа юм. Нарийн мэргэжлийн ажилчид гурван сая төгрөг авч байгаа залуусын цалин зах зээлийн цалингаас арав дахин бага шүү дээ. Мэргэжлээр нь ялгах хэрэгтэй байсан байх. Жаахан цалин дээр жаахан татвар нэмэгдэхээр л залуус гадагшаа тэмүүлнэ шүү дээ.

-Нийгмийн даатгалын шимтгэл бас нэмэгдэнэ

-Байгууллагын төлөх шимтгэл нэмэгдэнэ. Уг нь ингэж нэмэх хэрэггүй байсан. Тэр приус машин дээр тавьсан татвараас 34 тэрбум төгрөг орж ирнэ гэж Чойжилсүрэн сайд хэлсэн. Бид НӨАТ-ын машиныг 70 мянгад хүрнэ гэсэн тооцоо хийж байгаа. Машины татварыг нэмэхийн оронд Шар хадны техникийн зах дээр НӨАТ-ын машин тавьчих юм бол хэд дахин илүү орлого олно.

-Таны хүсэл биелбэл орлого хэдээр нэмэгдэх вэ?

-34 тэрбум биш. 700 тэрбум өлхөн орж ирнэ. Бас манай малчид оюутнаа хот руу оруулахдаа 500 тэрбум төгрөг Улаанбаатарт бэлнээр авчирч тушааж байгаа. Үүнээс татварын системээр дамжуулж орлого олж болно. Хэрэв малаас жаахан татвар авдаг байсан бол өнөөгийн худаг, бэлчээрийн асуудлыг шийдчихэж болох л байсан.

-Онцгой татвар нэмэгдэхээр түлшний үнэ нэмэгдэх үү?

-Бензиний үнэд хоёр асуудал байгаа. Үнийг төр бариад байгаа. Харин бидний судалгаагаар бензинд бодис хольж октаныг нэмэх замаар борлуулалт хийгээд байгаа. Эндээс ашгаа олж байгаа. Тэр бодис машины моторт муугаар нөлөөлдөг. Үүнийг иргэд мэдэхгүй байгаа. Өмнө нь маш бага хэмжээгээр хэрэглэдэг байсан бол сүүлийн үед ихээр хэрэглэдэг болчихоод байгаа юм. Энэ бодист бас онцгой татвар тавих хэрэгтэй. Одоо бараг 50-60 сая доллар тэнд эргэлдэж байгаа. Татваргүй учраас их хэмжээгээр орж ирээд байгаа юм.

Х.Баттөгс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *