Нийгэмд хүлээлт үүсгэсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан билээ. Энэ талаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.
-Бизнес эрхлэгчдийг өршөөлд хамруулах, тэдний нуугдмал хөрөнгийг ил болгох хуулиудыг өмнөх парламентын үед ч баталж, мөрдөж байсан. Тухайн үед уг хуулийг сурталчилж байсан хүний нэг бол та. Тэдгээр төслийн хэрэгжилт ямар байсан талаар яриагаа эхэлье гэж бодлоо?
-1992 онд манай улс чөлөөт зах зээлийг сонгож иргэд маань өмчтэй болсон. Хувиараа аж ахуй эрхлэхийг Үндсэн хуулиараа олж авсан. Компани байгуулах, өмчөө захиран зарцуулах эрхтэй болсон. Энэ бол Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд тусгагдсан хамгийн нандин чухал эрхүүд юм. Энэ эрхийг баталгаажуулах зүйл нь иргэний өмчөө төрд бүртгүүлдэг явдал байв. Төрөөр өмчөө хамгаалуулах анхны хэлбэр нь энэ юм. Дараа нь бизнес эрхлэх чөлөөтэй эрх олж авсан боловч төртэй татварын системээр холбогддог. Тэгэхээр татварын систем, бодлогын үндсэн үүрэг нь тэр иргэний аж ахуй эрхлэх эрхийг тасралтгүй хамгаалах, өмчөө захиран зарцуулах эрхийг нь хамгаалахын төлөө ажиллаж байх ёстой. Үүн рүү бид явж чадаагүй учраас байнга Өршөөлийн хууль ч юм уу, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн механизмыг хэрэглэх гээд байгаа нэг оролдлогууд бий. Энэ алдааг одоо харж байгаа юм биш. 2005 оноос хойш болохгүй байна гэдгийг нь мэдээд 2006 оны зургадугаар сарын 19-нд “4:10”-ын бодлогоор бүх татваруудаа баталсан. Тэр үед аж ахуйн нэгжүүд 45 хувийн татвар төлдөг байлаа. Тэрийг дээрх бодлогын хүрээнд 25, 10 хувь болгоод бүх шатлалыг нь багасгасан.
-Тэр үед аж ахуйн нэгжүүд нуун дарагдуулсан хөрөнгөө ил болговол хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн түгшүүртэй байсан байх аа?
-Тухайн үед манай улсад 43 мянган аж ахуйн нэгж байсан. Нийтдээ 750-иад мянган иргэн аливаа нэг хэлбэрийн татвар төлдөг байв. Гэтэл үүнийг хаа, хаанаа сурталчлаагүй. Өөрсдөдөө ашигтай зүйл хийж байна гэсэн хар төрүүлсэн. Энэ механизмыг зөв явуулаагүйн тод жишээ бол зургаан сарын хугацаанд хэрэгжих хууль батлагдсан байхад дөрвөн сар 13 хоногийн дараа Сангийн яам, Татварын ерөнхий газар тэр хуулийг яаж хэрэглэх тухай журам гаргасан. Тэгээд дараа нь сар гаруйхан хугацаа үлдсэн байв. Миний хувьд хуулийн талаар сурталчилгаа хийж байхад 2200 иргэн, 2800-гаад компани хамрагдсан. Тэд дөрвөн тэрбум ам.долларыг ил болгосон. Ингэж 18 жил явсан буруу бүртгэл, буруу тооцоо, буруу хяналт, хар зах зээлийг ил болгосон юм. Тэгээд татвар төлдөг үндсэн 2000 гаруй компани ашиглаж чадсан. Цаана нь 41 мянган компани бараг ашиглаж чадаагүй. Тэрийгээ тайлбарлахдаа шударга улсууд нь ашиглаж чадаагүй гэдэг. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Гол нь айдастай, мэдээлэлгүй байсан. Төр өөрөө буруу сурталчилгаа явуулсан. Тухайн үеийн Сангийн яам, Татварын ерөнхий газар “Энэ бол түр зуурын хууль шүү. Шинэ гарч ирсэн Засгийн газар албаар орлогыг чинь мэдэж авчихаад нөхөн татвар тавих гэж байгаа” гэж эсрэг сурталчилгаа хийгээд сууж байсан. Үүнээс болж айдаст автсан хэрэг. Социализмын үед иргэд маш их өмчөө хураалгаж байсан. Тэр үед татварын системийн үндсэн үүрэг нь хүнийг өмчгүй байлгахын төлөө байв. Тиймээс иргэдийн тэр их айдас хүлээс нь 2008 онд ч хэвээр байсан. Хуулиар нөхцөл бололцоог нь олгочихоод байхад ашиглаж чадаагүй. Ингээд 2008 оны нэгдүгээр сарын 21-нд Татварын өршөөлийн хууль гарсан. Өршөөлийн хууль гэдэг бол Их хурлын онцгой эрхэнд өршөөл үзүүлэх юм. Шүүхээр шийдэгдчихсэн эсвэл эрх бүхий байгууллагаас ял зэм авчихсан ийм улсуудыг өршөөж байгаа. Нөгөөдөх нь аливаа тэр процесс нь хүчний байгууллага юм уу хяналтын байгууллагаар илрээгүй тийм хөрөнгөө ил гаргасанд хамааралтай. Тиймээс өнөөдөр хоёр хууль дахиад яригдаад байгаа юм.
-Одоо яригдаад байгаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлахгүй удсанаар манай эдийн засаг туйлдаа хүрсэн гэх юм. Эдгээр хууль хэрэгжиж эхэлбэл үр өгөөж нь ямар байх вэ?
-Өнөөдрийн хувьд ямар үр дүн гарсан бэ гэхээр 2008 оны хуулийг хоёрхон хувьд нь хэрэглэснээс хуулийн тэгш бус үйлчилгээ гараад ирсэн. Нөгөө талаас манай эдийн засаг 17 хувь өслөө. Тэр өсөлтөд нөлөөлсөн зүйл бол “4:10”-ын бодлого, өмнө гарсан хоёр хууль байсан юм. Дээр нь ашигт малтмалын үнэ нэмэгдсэн. Манайхан зөвхөн ашигт малтмалын ханш өссөнтэй холбоод байдаг. Цаана нь бол Оюу толгой дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байх үед яг дотоодын хөрөнгө оруулалтаас ийм хэмжээний ам.доллар ил гарч байсан. Энэ найман тэрбум ам.доллар чинь манай эдийн засгийн хөгжилд маш нөлөө үзүүлсэн. Тэр үеийн 17 хувь хүрчихсэн эдийн засгийг микро эдийн засаг руу шингээх гээд буцаагаад алдчихсан. Дараа нь 2013, 2014 онд төрийн сангийн бодлогыг хойш нь тавиад төрийн мөнгөний бодлогыг оролдоод үзье гээд Д.Алтанхуягийн Засгийн газар Монголбанктай нийлж байгаад Үнэ тогтворжуулах хөтөлбөр, УИХ-аас эрх аваад бондын мөнгө гаргалаа шүү дээ. Зах зээл рүү бараг таван тэрбум ам.долларын мөнгө орж ирсэн. Гэтэл энэ мөнгө буцаад микро эдийн засаг руу шингэдэггүй. Эдийн засгийн 17 хувийн өндөр өсөлттэй макро эдийн засгийн үед ч гэсэн мөнгөний бодлогоор зах зээл рүү их хэмжээний мөнгө оруулсан ч гэсэн микро руу шингэхгүй байна гэдэг бол аж ахуйн нэгж иргэдийн санхүү бүртгэлтэй холбоотой. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд маань 1999 оны хуурамч тайлантай, 2-3 баланстай явж ирсэн учраас саяын хоёр ололт шингэхгүй гадуур нь урсчихаад байгаа юм. Тиймээс үүнийг шингээхийн тулд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль ерөөсөө хөрөнгө бүртгэл, тайлан балансыг шинээр эхэлье гэж том түвшинд харж байгаа юм. Бид шударга ёс гэхээс илүү эдийн засгийн үр дүнг хараад байгаа юм. Статистикийн мэдээгээр 32-34 хувь нь хар зах зээлд мөнгө эргэлдэж, манай эдийн засгийн тооцоо бүртгэлд орохгүй байна.
-Энэ хууль батлагдсанаар бизнес эрхлэгчид жижиг, том гэлтгүй бүгд нэг гараанаас эхлэх боломж бүрдэнэ гэж яригдаад байгаа. Санхүү бүртгэлийн системд орох өөрчлөлтийг нь хэлээд байна уу?
-НӨАТ-ын шинэчилсэн найруулга батлагдчихлаа. Дараа нь манай бүх татвартай холбоотой хуулиуд өөрчлөгдөнө. Татварын ерөнхий хуульд ч өөрчлөлт орно. Дахиад бид дүрмээ шинээр эхэлж байгаа юм. Дүрэм шинэчлэгдэж байгаа болохоор гарааг шинээр эхэлнэ. Нөгөө талаас нэгэнт эдийн засаг уналттай байгаа энэ үед шинэчлэлт хийх бололцоо гарч ирдэг. Монгол Улсын нийгмийг бүх хүн, жижиг том гэлтгүй компаниуд бүрдүүлж байгаа.Тэгэхээр тэдэнд нэг удаа санхүүгийн эрх чөлөөг нь олгочихъё. Бүх бүртгэлийг шинээр хийчихье. Монгол Улсад сүүлийн 25 жилд маш их баялаг бий болсон. Хувь хүний өмч, аж ахуйн нэгжийн өмч. Энэ баялгийн хуваарилалтаа хийж чадахгүй байгаа юм. Нэгэнт тайлан нь тав, арван жилийн өмнөөс худлаа явчихсан бол үндсэн том хөрөнгө нь бүртгэгдэхгүй байгаа юм. Тэгэхээр ДНБ-ий тооцоо буруу гардаг гэсэн үг. Бүгдийг бүртгэчихвэл 22 их наяд төгрөгийн мөнгө эргүүлж байгаа бол бүртгэлийн дараа 7-8 их наяд бараг гарна. 30 их наяд болчихвол бид шал өөр тооцоо хийх бололцоо гараад ирж байгаа юм. Дүрэм эхэлбэл 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ гараагаар явна.
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль одоо ч эсэргүүцэлтэй тулгарч, хаврын чуулганаар хэлэлцэх явцад нь МАН завсарлага авсан…
-Энэ хуулийг эсэргүүцэж байгаа хоёр том субъект бий. 2008 онд дөрвөн тэрбум ам.долларыг ил болгож байсан. Бүхэл бүтэн төрийн механизмыг ашиглаж тийм их хөрөнгийг нууж чадаж байсан. Энд төр хамжилцсан. Тэрнээс хувь хүн, компани чадахгүй. Тэр хөрөнгийг ил болгосноор эдийн засаг 17 хувьд хүрэхэд тэдгээр компаниудын орлого 3-5 дахин нэмэгдсэн. Энэ бол маш сайн. Харин ашиглаж чадаагүй нь доошоо орсон. Тэгэхээр хуулийн төслийг эхний эсэргүүцэж байгаа нь энэ давуу, монополь байдлаа авч үлдэхийн тулд зах зээл рүү өөр этгээдүүдийг оруулж ирэхийг хүсэхгүй байна.
Өнөөдөр Монгол Улсад 95 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй. Хууль батлагдсан тэд бүгд шинэ тайлан баланстай ороод ирнэ. Тэгэх юм бол зах зээл дээр 95 мянган шинэ тоглогч гараад ирж байгаа юм. Өнөө 2800 тоглогч дээр 95 мянган шинэ тоглогч нэмэгдэхээр сандарна даа. Үүнээс айж байгаа юм. Нөгөө нэг хэсэг нь хуулийн аливаа нэг доголдлыг ашиглаж, хүч хэрэглэдэг бүхэл бүтэн систем бий болчихсон. Тэд энэ хоёр хуулиас айгаад байгаа юм. Дахиж тэдний дарамтад нь орох, шантаажид нь орох, авлига өгөх хүн байхгүй болчихно. Бүх юм ил болно. Сүүлийн гурван жилд 11240 компанийн захирал, нягтлангууд цагдаад очиж байцаагдсан. Тэд зөвхөн Эрүүгийн хуулийн 166-аар байцаагдаж байгаа юм. Манай үндсэн татвар төлж байгаа компани 10 мянга л байдаг. Өнөөдөр эрүүгийн хуулийн ганц заалтыг тодорхой бишээс болоод манай бүх аж ахуйн нэгжийг, баялаг бүтээдэг хүнийг дарамталдаг гол хэрэгсэл болсон. Үүндээ хүчний байгууллагыг ашигладаг. Зах зээлд ширүүн өрсөлдөөн байдаг. Тэр өрсөлдөөнийг буруу талаар ашиглаж, өрсөлдөгчөө дарахын тулд хүчний байгууллагад матаас бичдэг ажилтай болжээ. Нөгөө талаар арав гаруй мянган аж ахуйн нэгж цагдаад дуудагдсан шалтгаан бол 2008 онд гарсан хуулийг таатай ашиглаж чадаагүйгээс хэлмэгдсэн юм. Жишээлбэл, гурван жилийн өмнөх татвар дээр акт тавьдаг. Татвараа төлж чадаагүй бол хүү, алданги тавьдаг.
-Тэгвэл хууль батлагдсанаар энэ нь яаж өөрчлөгдөх юм бэ?
-Ногоо тарьж байгаа хүн нягтлан бодох бүртгэл хийнэ гэж байхгүй. Тэгэхээр жижиг аж ахуйн нэгжүүд тусгай тайлан гаргадаг санхүүгийн компаниудаар тайлангаа гаргуулж байх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд санхүүгийн ажилтанд жилдээ 10 сая төгрөгийн цалин өгч байна. Тэрний оронд жилдээ нэг сая төгрөг төлөөд санхүүгийн компаниудад даатгачих хэрэгтэй. Хялбаршуулсан системд оруулна гэсэн үг. Энэ бол Америкт ч, Солонгост ч хэрэгжээд явж байгаа практик. Аль болох санхүү бүртгэлийг хялбаршуулсан маягаар өгөөд нөгөө бизнес хийж байгаа өсөх процессыг гаргаж өгөх ёстой. Өнөөдөр манайд 23 мянган нягтлан байдгийн дийлэнх нь хуурамч тайлан гаргаж байна. Монголын асар том оюуны бүтээл хэрэггүй цаас болж хувирч байгаа. Одоо энэ санхүү бүртгэлийг тусд нь гаргаад энэ 23 мянган нягтлан цэвэр мэргэжлийн нягтлан бүртгэлийн компани байгуулчих хэрэгтэй. Монголд 300-400 компани байгуулчихаж болж байна. Харин том компаниуд нь санхүүтэйгээ явж байна биз. Үндсэн хуульд Монгол Улсын иргэд татвар төлөх журамт үүрэгтэй. Хувь хүний орлогын албан татвар татварын үндсэн суурь байх ёстой.
-Үүнийг хянах механизмыг нь яаж зохицуулж байгаа юм бол?
-НӨАТ-ын хоёр хувьд буюу тухайн татварын 20 хувийг буцааж өгнө гэж байгаа. Энэ нь хоёр янзын системтэй. Нэг нь карт уншуулах юм. Банкныхаа картыг уншуулаад талх авахдаа ч НӨАТ төлж байгаа шүү дээ. Тэгвэл үүний 20 хувь нь таны данс руу буцаад орно. Тэгэхээр бүх үйлчилгээндээ карт уншуулах болно. Энэ бололцоо нь манайд байгаа. Техникийн талаас асуудалгүй. Үүнийг хэрэгжүүлэх алхмуудыг Татварын ерөнхий газраас хийгээд эхэлсэн. Карт уншдаггүй газар талоноо уншуулна. Талоноор улс даяар том лото явах юм. Тэгэхээр хүн бүр талон аваад сурчихна. Харин талон өгдөггүй газар аяндаа зах зээлээс гарна. Сонгодог утгаар татвар төлж байгаа нь татварыг хянаж чаддаг. Энэ цагираг битүү болж эхэлнэ. Үр дүн нь 2017 оноос гарна. Тиймээс УИХ-ын 76 маань энэ долоо хоногт хуулиудаа батлаад өгөөсэй гэж хүсч байна. Тэгэхгүй бол бид хохирч үлдэнэ.
-Татварын өртэй компаниудыг Өршөөлийн хуульд хамруулаагүй нь нэг талдаа шүүмжлэл дагуулсан. Тэднийг өршөөх нь зөв үү гэдэг асуудалтай ч тулгарсан. Таны байр суурийг сонирхъё?
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн хуулийн голоор нэг хэсэг этгээд алга болчихлоо гэдгийг МАН-ын зүгээс тавьж байгаа нь зөв юм. Акт тавиулсан хүмүүсийг хуульд хамруулаагүй. Онолынхоо хувьд Өршөөлийн хуулиар орчихно гэтэл Татварын ерөнхий хуулийн 73 дугаар заалтыг оруулаагүй байна лээ. Тэгэхээр тэд хэлмэгдчихэж байгаа юм. Тэр улсуудыг энэ хоёр хуульд хамруулахгүй бол яриад байгаа сөрөг үр дагавар болно. Сайн ч муу ч татвартай харьцаж байгаа улсуудаа жагсаалын гадна гаргах гээд байна. Төслийг хэлэлцэх явцад засах болов уу.
М.МӨНХЦЭЦЭГ