Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: Эдийн засаг дөнгөж сэргэж байхад татвараар дарамталбал бүр дордоно

Гэрэл зургийг Ц.БАЗАРРАГЧАА

Сүүлийн өдрүүдэд цалингийн татвар нэмэгдсэнтэй холбогдуулан багагүй шүүмжлэл гарч байна. Харин МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважавын үзэж буйгаар татварыг нэмэх асуудал эдийн засаг хүнд үеийн хэлэлцээрээр шийдсэн. Өнөөдөр тухайн үеэс байдал дээрдсэн тул цалингийн татвар нэмэхгүй байх боломж бий. Энэ бүхнийг ОУВС-д ойлгуулж чадвал цалингийн татварыг нэмэхгүй байх боломжтой. Харин бензиний үнийн хувьд ам.долларын ханшаас хамаарч татвар төлөгчдийн мөнгөөр хуурамчаар тогтоосон тул бодит хөрсөн дээр буулгах нь зөв гэж үзэж байна.


ТАТВАР НЭМЭХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ

-Цалингийн татвар нэмсэн нь цөөнгүй хүнийг бухимдуулж байна. Үнэхээр нэмэх шаардлага байсан уу?

-Татвар нэмэх шийдвэр 2017 оны дөрөвдүгээр сард шийдэгдсэн. Тухайн үед бид УИХ-ын даргад шаардлага тавьж байсан. Шийдвэр гаргах үед эхний дөрвөн сард татвар 400 гаруй тэрбумаар давж биелсэн байсан. Оны эцсээр бүр ихээр давна гэж УИХ-ын даргад хэлж байсан. Бидний тооцоолж байснаар өнгөрсөн онд татвар 1.3 их наяд төгрөгөөр давсан. Буунаас бусад бүх төрлийн татварын орлого давж биелээд байхад татварыг нэмнэ гэдэг нь маш утгагүй асуудал болсон. Өнөөдөр иргэд бухимдаж байна. Бид тэр үед хэвлэлийн бага хурал хийж энэ байдлыг мэдээлж байхад иргэд анзааргагүй хандсан.

-Сангийн сайд юу гэж тайлбарлах бол?

-Сангийн сайдын ОУВС-тай хэлэлцээр хийж байсан үе өөр. 2016 оны 6-7 сард ДНБ хасах нэгтэй гарч байсан. Тиймээс Сангийн сайд ОУВС-тай гэрээ хийсэн. Тухайн үеийн барометрүүдийг аваад үзэхээр татварыг нэмж байж л жаахан орлого нэмэгдэхээр харагдаж байсныг л Б.Чойжилсүрэн сайд байнга тийм байх мэтээр сэтгэсэн байх. ОУВС манайхан макро эдийн засаг дээр ажиллахаас микро эдийн засгийн тухай ойлголт байхгүй шүү дээ. Гэтэл бид 2015 онд НӨАТ-ын тухай хуулийг баталсан. Үүнийхээ үр дүнг ОУВС-нд тооцож, ойлгуулж, чадаагүй. Хүнд ойлгуулах нь бүү хэл өөрсдөө сайн ойлгоогүй байсан.

-Тэр чухал хуулийг Сангийн сайд ойлгоогүй гэж үү?

-2017 онд 1700 байсан кассын машин өнөөдөр 63 мянга болсон.

-Үр дүн нь?

-Ингэснээр татвар авдаггүй байсан хэсгээс татвар авдаг болсон. Татварын суурь тэлсэн. Татварын төлөвлөгөө 1.3 их наяд төгрөгөөр давж биелсэн.

-Өнөөдөр эдийн засаг сэргэсэн гэж үзэж болох уу?

-Нааштай үзүүлэлт гарсан. Гэхдээ энэ үзүүлэлт өмнөх алдаатай бодлогыг засаад эсвэл эрх баригчид гэнэт эдийн засгийн шинэчилсэн бодлого хэрэгжүүлснээс үр дүнд хүрч байгаа биш. Санхүү, бизнесийн орчин сайжирсан гэвэл бүр худлаа.

-Цалингийн татварын нэмэгдлээс хэдэн төгрөг олох вэ?

-50 тэрбум төгрөг олно гэж яриад байгаа. Би үүнийг бүтэхгүй гэж бодож байна.

-Яагаад?

-Өмнө нь бид ил тодын хуулийг хоёр удаа гаргасан. Ингээд компаниуд хоёр тайлантай байснаа нэг тайлантай болсон. Өөрөөр хэлбэл татвар төлөхөөс зайлсхийж орлогоо нуухын тулд хуурамч тайлан гаргадаг үзэгдэл зогссон. Гэтэл одоо цалингийн татвар нэмэгдэхээр ажилчдынхаа гар дээр ахиу мөнгө тавихын тулд дахин хуурамч тайлан гаргаж эхэлнэ.

-Өндөр орлоготой цөөн тооны хүн л хамрагдана гэж яриад байна…

-Өндөр орлоготой хүмүүс бол ганц хоёр сая төгрөгийн цалин авдаггүй. Өндөр орлоготой хүмүүс гэж компанитай хүмүүсийг хэлдэг байхгүй юу. Тэд компаний татвар төлнө. 1.5 сая төгрөг авч байгаа иргэдийг өндөр орлоготой гэж үзэж болохгүй. Тэд бол өндөр мэргэжлийн ажилчид байдаг. Байдал цаашид хэвээр үргэлжилбэл компаниуд эсвэл хуурамч тайлан гаргаж өндөр мэргэжлийн ажилчдаа авч үлдэх эсвэл ажилчдаа алдах эрсдэл үүснэ.

ӨНДӨР ТАТВАРААС БАГА, БАГА ТАТВАРААС ИХ ОРЛОГО ОЛДОГ

-Цалингийн татварыг нэмэхийг зогсоосноор ямар үр дүн гарах вэ?

-Өмнө бас орлогын шатлалтай татвар байсан. Манайхан дөрвөн арвын бодлого нэртэй дөрвөн татварыг арван хувь болгосноор татвар төлөлт маш ихээр нэмэгдсэн.

-Татварыг бууруулах тусам татварын орлого нэмэгдэнэ гэсэн үг үү?

-Тийм. Өндөр татвараас бага орлого олдог гэдгийг 1992-2006 онд үзсэн. Дараа нь 2007 оноос хойш бага татвараар өндөр орлого олохыг үзлээ.

-Төлөвлөөгүй 1.3 их наяд төгрөг олсон байхад 50 тэрбум төгрөг олох гээд цалин нэмсэн хэрэг үү?

-Тэгээд байна. Тийм учраас бид “Энэ жил түүнээс дутахгүй орлого олно. ОУВС-тай дахин тохир” гэж Засгийн газарт хэлээд байгаа юм. Энэ их орлого олохыг ойлгоогүй байснаа ОУВС-гийн өмнө хүлээх хэрэгтэй. Тухайн үедээ бид сөрөг хүчин байсан. “Сүлжээ бол гоё” гэхээс өөр үг хэлж чадахгүй байсан.

-Яагаад?

-Сөрөг хүчин эрх баригчдыг өндөр орлого олсон гэж магтаад байвал өөрсдөө баларна биз дээ. Жаахан улс төр орсон гэсэн үг. Одоо бүх зүйл батлагдсан. Ойлгомжтой болсон учраас байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй. Бид дөрвөн жилийн хямралын дараа нар үзэх гэж байна. Малчин айл зудны дараа хүндхэн байдалд байдаг. Манай эдийн засаг яг тийм байдалд байна. Тэгээд жаахан нар ээж, өвс ногоо цухуйж байхад нь дахиад зуд болбол хэцүүднэ. Энэ үед татвар нэмчихвэл буцаад хуурамч балансад шилжинэ. Юун орлого нэмэх, бүр буурна. Ил тод байдлын хуулиар 33 мянган компани нэг тайлантай болсон. Өнөөгийн эдийн засгийн үзүүлэлт үүнтэй ч холбоотой.

-ОУВС-тай тохироод татварын нэмэлтийг зогсоовол төсвийн орлого буурах уу?

-Орлого буурахгүй.

-Яагаад?

-2017 онд олсон 1.3 их наяд төгрөг цаашдаа байнга орж ирнэ.

-Татвар нэмэхгүйгээр төсвийн орлогыг нэмэгдүүлэх өөр боломж бий юу?

-Байна. Нийслэлийн нийт бизнесийн 70 шахам хувь нь үйлчилгээний бизнес байдаг. НӨАТ бол зөвхөн бүртгэлийн систем. Анх тооцохдоо 70 орчим мянган машин байхад хяналтын цэг болох байх гэж тооцож байсан. Энэ 70 мянгаа тогтоож аваад бусад салбарт орно гэж тооцсон. Танхим энэ бүхнийг яаж тооцох талаар эрдэмтэдтэй нийлээд татварын оновчлол гэсэн ном гаргах гэж байна.

-Энэ оновчлолыг эрх баригчид ойлгох болов уу, ойлгоод хэрэгжүүлээд, ямар үр дүн гарах вэ?

-Энэ оновчлолоор төсөв хамгийн багаар яаж тооцох, төсвийн зардлыг яаж бууруулахыг шууд тооцох программ бэлэн болсон. Энэ программаар сүүлийн арван жилийн тооцоог хийсэн байгаа.

-Өмнө нь ийм татварын оновчлол байгаагүй юу?

-Манайд хаана ч байгаагүй. Иймд бид программаа гаргаад ОУВС-тай тулгая гэж байгаа юм. Энэ оновчлолыг ашигласнаар аль татварыг бууруулж болох, алийг нь нэмэх, ингэснээр ямар орлого олох гэдэг нь тодорхой болно. Нийтийн санхүү буюу төсөв, нийгмийн даатгал ил тод болно. Бидний өнөөг хүрсэн алдаа бол төсөв санхүү дээр иргэд хяналт тавиагүйгээс болсон.

11 САЯ МАЛЫН БОРЛУУЛАЛТААС ТАТВАР АВЧ БОЛНО

-Тамгагүй Ерөнхий сайд гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Аргаа бараад гаргасан нэр томьёо. Манай санхүүг Монголын Ерөнхий сайд биш, ОУВС-гийн төлөөлөгч удирдаж байгаа. Түүнийг бид тамгагүй Ерөнхий сайд гэж ёжилж нэрлээд байгаа юм.

-Тусгаар улс ийм байж болох уу?

-Болохгүй гээд өөр зам байхгүй. 2012-2013 онд орж ирсэн тэр их мөнгийг манай дарга нар замбараагүй зарцуулсан. Түүний горыг бид амсч байгаа юм. Харин ОУВС өнөөдрийн санхүүгийн менежментийг л хийж байгаа юм шүү дээ. Нийтийн том мөнгөний менежментийг ОУВС хийж байгаа учраас манай дарга нар нийгмийг тайван амгалан байлгахад л болно.

-Цалингийн татвар төсөвт нөлөөлөх хэмжээний биш байхад заавал нэмэх шаардлага байна уу?

-Төсөвт нөлөөлөх нь бүү хэл нэг ч төгрөг төсөвт орохгүй.

-Яагаад?

-2007 оноос хүн амын орлогын албан татвар орон нутгийн орлого гэж тооцогддог болсон.

-Бензиний үнэ нэмэгдэхэд Ерөнхий сайд зах зээлийн зарчмаар явна гэж байна…

-2013 онд Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж хэрэгжүүлээд хэдэн төрлийн бүтээгдэхүүнд төрөөс мөнгө өгсөн. Энэ ажиллагаанд 2.7 их наяд төгрөг хэвлэж тараасан. Гэтэл үнийг дарга нар тогтоож болдоггүй. Эрэлт, нийлүүлэлтээрээ тогтдог хуультай. Үнийг дарга нар хүчээр барьж, татаас өгсөөр өнөөг хүрсэн. Өгөх мөнгөгүй болчихоор нөгөө үнэ хоёр дахин нэмэгдэнэ. Мөнх татаас өгч чадахгүй биз дээ.

-Татаас өгөөд байгаа юм уу?

-Тэр бүү хэл доллар 2000 хүрчихээд байхад 1470 төгрөгөөр хэдэн жил өгсөн. Одоогийн түлшний үнэ зохиомол үнэ байхгүй юу. Энэ үнэ хөрсөн дээрээ буухгүй бол гэнэт дэлбэрэлт үүснэ. Жишээлбэл, манай гурил үйлдвэрлэгч нар саяхан надтай уулзсан. Улаан буудайн импортын квотын дайн болж байна. Манай үйлдвэрлэгч нар улаан буудайг үнээр нь авах санал тавьж байна. Гэтэл оросууд өгөх нэрээр өөрсдийн техникийг хамт шахах гэж байна. Үнэн хэрэгтээ тэдний үнэгүй өгсөн буудай чанаргүй байна. Түүнээс олигтой гурил гарахгүй. Муу нэрийг үйлдвэрүүд зүүнэ. Дээр одоо хаана ч ашиглахгүй байгаа техникээ шахна. Сайн буудайг үнээр авах санал тавьж байгаа. Бидний гаргасан программаар ойрын хоёр жилд татаасыг 80 шахам хувиар бууруулах боломж гарч ирж байгаа юм.

-Цалингийн татварыг өөр хэлбэрт шилжүүлж болно гэсэн зүйлийг та ярьсан?

-Тавьж байгаа хэмжээгээ нэг хүнд биш өрхийн гишүүнд тавьж болно.

-Яаж?

-Жишээлбэл өрхийн гишүүн бүрт 1.5 сая төгрөг ноогдож байвал гэх мэтээр. Ийм жишиг олон улсад байдаг. Одоо иргэдийн эмзэглэж байгааг буруутгах аргагүй. Нэг өрхийг ганц гайгүй цалинтай нь тэжээх тохиолдол байна. Нөхөр нь 1.5 сая төгрөгийн орлоготой ч, эхнэр нь ажилгүй хоёр хүүхэдтэйгээ гэртээ сууж байх жишээтэй. Ийм нөхцөлд татвар нэмэх нь иргэдийг улам л бухимдуулна. Түүний оронд татвар төлөх бааз сууриа тэлэх хэрэгтэй.

-Тийм боломж байгаа юу?

-Жишээлбэл энэ жил бид 11 сая мал нядалсан. Энэ бүхний борлуулалтаас татвар авч болно. Суманд түрүүлсэн морь 20 сая төгрөгийн үнэ хүрдэг гэсэн. Харин хурдан удмын морь 200-300 сая хүрдэг эндээс жаахан татвар авчихад л багагүй орлого олно. Зах зээлийг жинхэнэ зарчмаар ажиллуулж чадвал маш их орлого олох боломж Засгийн газарт бий. Орлого олох арга нь татвар нэмэх байж болохгүй. Тэр тусмаа цалингийн татварыг нэмэх нь сайн зүйл биш.

Х.БАТТӨГС


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *