Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: 95 мянган аж ахуйн нэгжийн зогсолтын саармаг үе үргэлжилж байна

МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважавтай ярилцлаа.

-Танхим байгуулагдсанаасаа хойших хугацаанд үүргээ хэр гүйцэтгэсэн гэж та бодож байна?

– 55 жил гэдэг бол бараг нэг жаран. Хүнээр бол гурван үе солигдохоор хугацаа. МҮХАҮТ-ын хувьд нийгэм, эдийн засгийн загвар солигдох үед үүргээ гүйцэтгээд явсан газар. Танхим байгуулагдсан өдөр нь 1960 оны долдугаар сарын 2. Сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагдах тэр цаг социализмын оргил үе л дээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татсан цаг. Импорт, экспортыг эрчимтэйгээр хийж эхэлсэн учраас худалдааны танхим байгуулсан хэрэг. Ерээд онд монголчууд социалист өмчийн зах зээлээс татгалзаж хувийн өмчин дээр суурилсан чөлөөт зах зээл рүү орсон. Тэр үед танхим дахин шинэчлэгдэж, өөрийн хуультай болж, төрийн бус байгууллагуудын нэг болсон. Өнөөдрийн хувьд өөрийн гэсэн орон зайтай институт болж чадсан нь танхимын гол онцлог. Энэ дашрамд МҮХАҮТ-ын 55 жилийн ойг тохиолдуулан танхимд ажиллаж байсан хүмүүс, үе үеийн удирдлагууд, гишүүддээ баярын мэнд хүргэе.

-Монголд бизнес эрхлэх таатай орчин бүрдэж чадсан уу?

-95 мянган аж ахуйн нэгж бий болсон нь сүүлийн 25 жилийн хамгийн том олз. Аж ахуй эрхлэх, өмчтэй байх эрх бол Үндсэн хуулиар олгогдсон онцгой эрх. Энэ эрхээ чөлөөтэй эдэлж чадаж байна уу гэдэг том асуудал. Компани байгуулж, аж ахуй эрхэлж буй хүмүүс тийм зөв замаар явсан уу, энэ замыг сонгосон улс байнга цэнгэлийн манлайд хүрсэн үү гэвэл тийм биш. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд компаниудыг чөлөөтэй явуулсан гэж үзвэл байгалийнхаа жамаар шалгараад явах байсан. Гэхдээ эдийн засагт өмч гол нөлөө үзүүлдэг. Улсын төсөв, газрын хэвлийн баялаг, бэлчээр усыг ашиглах гээд нийтийн том өмчүүд бий. Нийтийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад ямар улс давуу эрхтэй тоглов гэдэг асуултад хариу хайхаар их сонин дүр зураг харагддаг. Жамаараа явж буй бизнес эрхлэгчдийн хажуугаар албан тушаал, улс төрийн эрх мэдлээ ашиглаж томорсон бизнесменүүд их байдаг. Жам ёсоороо яваад хорин жил болчихсон хүмүүсийг төсвөөс мөнгө хулгайлсан ч юм уу, лицензээ хууль бусаар зараад хөрөнгөтэй болсон хэсэг нь хайр найргүй устгадаг.

-Ийм байдлаас гарахын тулд яах ёстой вэ?

-Зах зээлийг шударга байлгах хэрэгтэй. Татвар төлдөг хүмүүс л зах зээл дээр оршин тогтнох орчныг бүрдүүлэх учиртай. Буруу гараар хөрөнгөжсөн улс зах зээлийг эвдээд байна л даа. Хувийн жижиг аж ахуйн өмчийг бий болгосны хажуугаар өмч томорч эхэлсэн. Хэдэн их наядаар үнэлэгдэх газрын хэвлийн баялаг гэх мэт хөрөнгүүд гарч ирлээ. Энэ хөрөнгийг хөдөлгөх ухаан, хүч бизнесийн салбарынханд хэрэгтэй. Том хөрөнгөн дээр тоглоход биднээс дэлхийн хэмжээний ухаан шаардаад байна. Ядаж хөрөнгөө эргэлтэд оруулах ухааныг нэхэж эхэллээ. 600 сая тонн нүүрсээ барьцаалж биржээс хөрөнгө босгодог болооч гээд байна. Улсаараа зүтгээд тэнд нь зургаахан компани бүртгэлтэй байх жишээний. Тэгсэн хэрнээ манай баялгууд өөр замаар эргэлтэд ороод байдаг. Өрсөлдөөн нь зах зээлийнхээ жамаар байхыг цаг үе шаардаж байна л даа.

-Улстөрчдөд эрх нь байгаа том өмчүүдээ зөв хөдөлгөхийн тулд яах ёстой вэ?

-Ер нь эдийн засаг өмчөө дагаж явдаг. Хамгийн том өмч гэхээр яах аргагүй төрийнх болчихоод байна л даа. Газар, газрын хэвлий, ой мод, дагалдах баялаг гээд бүгд л төрийнх. Гэтэл өнөөг хүртэл энэ том өмчийнхөө хуулийг гаргаагүй. Өмчийн хуулиа гаргах хэрэгтэй. Бид хамгийн том өмчөө Иргэний хуульдаа, Төр ба орон нутгийн өмчийн хуульдаа ч тусгаагүй. Эзэнгүй том өмч гараад ирсэн гэсэн үг. Энэ өмчин дээр зөвхөн УИХ-аар дамжуулж эзэн суудаг. Хямралыг өдөөж байгаа хамгийн том хүчин зүйл нь яг нарийндаа энэ. Өөрөөр хэлбэл энэ том өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах харилцааг зохицуулаагүй учраас Засгийн газрын эрх авсан намын гишүүн Таван толгой дээр очиж байна. Хамгийн том өмч рүү орох хаалга улстөрчдөд л нээлттэй байна.

-Улстөрчид боломжоо алдахгүйн тулд Өмчийн хуулийг хэлэлцэж батлахыг хүсэхгүй юм биш үү?

-Ерөнхийлөгч санаачилж өргөн барина гэсэн амжаагүй байна. Таг байлгаад байгаа нь улстөр талын нөлөө байхыг үгүйсгэхгүй. Мэдээгүй тал ч бий болов уу.

-Уг нь хангалттай л ярьдаг сэдэв шүү дээ. Өмнө нь Өмчийн тухай хуулийн төсөл яригдаж л байсан…?

-2011 онд Өмчийн тухай хуулийн төслийг оруулж байсан. Тэр нь УИХ-ын архивт бий. Өмчийн хуулийг батлахаас өмнө төрийн нийтийн хамааралтай өмчөө аль нэг хуульд тусгах хэрэгтэй. Иргэний, Төр ба орон нутгийн өмчийн хуульдаа ч юм уу. Мөн Эрүүгийн хуульд хүртэл хамгаалалт хийж өгөх ёстой. Эрүүгийн хуулиар өмчийг хамгаалдаггүй. Хамгийн том өмч нь эрх зүйн зохицуулалтгүй, хамгаалалтгүй учраас улстөрчид тоглоод байна.

-Хямралаас гарахын тулд төрийн цаг алдалгүй гаргах шийдвэр юу вэ?

– 2009 онд хасахтай байсан эдийн засаг хоёр жилийн дотор 17 хувь болсон. Ийм амжилтад хүрсэн хамгийн гол бодлого нь 2006, 2009 оны хуулиуд. Татвар багасгасан, бизнес эрхлэгчдээ өршөөсөн шийдвэрийг хэлээд байна л даа. 2009 оны хямралын өмнө Өршөөлийн хууль батлагдангуут 5.6 их наяд төгрөгтэй тэнцэх буюу дөрвөн тэрбум ам.доллартай дүйцэх орлого ил гарсан. Яг Оюу толгойн оруулсан хөрөнгө оруулалттай тэнцүү орлого эдийн засагт орсон гэсэн үг. Энэ найман их наяд төгрөг манай эдийн засгийг 17 хувиар өсгөсөн. Өнгөрсөн жилээс хойш хоёр Засгийн газар дамнуулж нэг л юм хүсч байгаа. Эдийн засгийн ил тод байдлын хуулиа батлаад өгөөч гэж хүссээр өнөөдрийг хүрсэн.

-Хууль батлагдлаа гэхэд шууд гарах үр өгөөжийг нь та яаж харж байна?

– Компанийн засаглалыг сайжруулах гээд байгаа юм. Компанийн хөрөнгө оруулалт, менежментийг шинээр хийх асуудал байгаа. Нэг хүнтэй компаниуд мөхлийнхөө эцсийн цэг дээр оччихсон. Нийт компанийн бараг жаран хувь нь нэг хүнтэй гэж явдаг. Нэг хүнтэй гэж явдаг ч тэр компаниудыг нэг хэсэг хүмүүс бий болгосон. Компаниа дахин шинэчилмээр байдаг ч хуурамч тайлан баланс зэрэг янз бүрийн шалтгаанаас болоод тухайн компанийн санхүү, бүртгэл хуучнаараа яваад байдаг. Хууль батлагдвал энэ компаниуд томорно. Эдийн засагт тэр хэрээр их мөнгө ил гарч ирнэ. Эрүүгийн хуульд нэг айхавтар заалт бий. 20 сая төгрөгөнд л таван жил шоронд явдаг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 11240 компанийн захирал энэ заалтаас болж цагдаад байцаагдсан. Бидний урд ямар харанхуй зам байгааг баталсан тоо. Эдийн засгийг зохицуулж байгаа Эрүүгийн хуулийн ганцхан заалт ийм гайг ардаа чирч байна. Тийм учраас компаниудад засаглалаа, санхүүгээ дахин шинэчлэх шаардлага тулгараад байгаа юм. Татвар төлдөг нь зах зээлээ эзэгнэе гэсэн зарчим үйлчлэх цаг болсон.

Нөгөө талаас нийтийн мөнгөний дахин хуваарилалт дээр маш том хяналт тавих цаг ирсэн. Хоёр том бондын хуваарилалтаас болж компаниуд ажил хийхээ байчихсан. Хялбархан хөрөнгө оруулалт засгаас хүлээгээд. Ийм компаниудын ихэнх нь алдагдалд орсон. Мөнгө өгчихөөд араас нь төгрөгийн ханшийг нь 40 хувиар унагачихсан. Жинхэнэ хорлон сүйтгэх ажиллагаа. Компаниуд төрөөс авсан мөнгөнийхөө үнийн зөрүүнээс болоод асуудалд орчихсон. Нэг хэсэг гайгүй явж байсан компаниудыг цагдаа, сэргийлэхээр айлгаад ажлыг нь зогсоочихсон. 95 мянган аж ахуйн нэгжийн зогсолтын саармаг үе үргэлжилж байна. Энэ байдалд орсон компаниудыг буцаагаад улстөрийн шахаанд оруулж байна л даа. Яг нарийндаа банкнаас 17 хувийн хүүтэй зээл авснаас Засгийн газрын нөхөдтэй уулзаад зургаан хувийн зээл авсан нь дээр байна. Үүнийг засах гол гарц нь Эдийн засгийн ил тод байдлын, өршөөлийн хууль.

-Эдийн засгийн ил тод байдлын хуулийг бараг баталчихаар юм шиг байна. Та юу гэж бодож байна?

-Өргөн барьсан. Энэ долоо хоногт хэлэлцүүлэгт орчих болов уу. Ерөнхий сайдын бизнес эрхлэгчдэдээ барьж байгаа хамгийн том бэлэг гэж үзэж байна. 95 мянган аж ахуйн нэгжийн хувьд зөв таатай нөхцөл бий болж байж эдийн засаг сайжирна.

-МҮХАҮТ-д ам.долларын ханшийн өсөлтөөс болж хэцүү байдалд орсон компаниуд хандаад эхэлчихсэн. Танайд хандсан компаниудын ихэнх нь үндэсний томчуул гэл үү?

-Компаниудын нууц болохоор нэрийг нь хэлэх боломжгүй. Ер нь компаниуд эдийн засаг, улстөрийн нөхцөлөөс болж алдагдалд орлоо гэсэн гэрчилгээг манайхаас авдаг юм. Нөгөө талтай хийсэн гэрээнүүддээ хэрэглэдэг л дээ. Ийм шалтгаанаар алдагдал хүлээсэн гэдгээ харилцан ойлголцох нэг хэлбэр гээд ойлгочиход болно.

-Танхимд хандсан компаниудын дийлэнх нь яг ямар шалтгаан хэлж байх юм?

-560 тэрбумын улсын төсвийн ажлыг сүүлийн хоёр, гурван жилд хийчихсэн компаниуд олноороо хандаж байна. Мөнгөө аваагүй компаниуд үнэхээр туйлдаж байна. Сая би Увс руу явж баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцоод ирлээ. Дөрвөн тэрбумын стадион барьсан залуу байна. Хоёр тэрбумыг нь төсвөөс өгчихсөн. Үлдсэн хоёр тэрбумыг нь байдгаа барьцаалж зээл аваад бариад дууссан юм билээ. Энэ жил улсын төсөвт суусан хэр нь өнөө мөнгө нь одоо хүртэл ороогүй. Тэр компанийн захирал хоёр тэрбумын хүүгээр хохирч байна. Нийтийн хөрөнгөөр юм хийсэн хүн хохирч болохгүй. Эдийн засаг хүнд үед компаниуд жижигрээд компани үнэгүйдэх аюул байна. Нэрийг нь дурдаад яахав. Зэсийн том ордод нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад явж байгаа компани хүнд байдлаас болж хөрөнгө оруулалт нь зогсох, оруулсан 500 сая ам.доллар нь хэрэггүй болох аюул бий болоод байна. Уг нь төр тэр компанийн үнэ цэнийг унагахгүйгээр мөнгө өгч авч үлдэх учиртай.

-Монголд хөрөнгөө оруулсан эрхмүүд дунд Улаанбаатараас гарах эрхгүй өчнөөн бизнесмен бий. Бүр Hotel Mongo­lia гэсэн таагүй нэршил дэлхийгээр тарчихсан. Үүнийг шийдэх гарц байна уу?

-Хүний хөрөнгийг оруулж ирчихээд мөнгөө хийсэн хүнийг буцаагаад бүх шатандаа тамлан зовоох ажил хийвэл хэцүү. Бидний хувьд энэ хүмүүсийг Эрүүгийн хуулиар айлгах ч юм уу, нэг газрын зөвшөөрлөөр барьцаалаад байдаг. Уг нь тэр хүн хөрөнгөө л үржүүлэх гэж орж ирсэн болохоос тусламж өгөх гэж ирээгүй. Тийм учраас хөрөнгө оруулагчийг тосч авдаг системээ сайн цэгцлэх ёстой. Гадны хөрөнгө оруулалтыг шингээдэг зүйл нь ганцхан компани. Түүнээс биш дарга нарын авлигын халаас биш. Тэр хөрөнгийг авах гэж байгаа 95 мянган аж ахуйн нэгж нь ил тод байх ёстой. Ил тод биш бол хөрөнгө оруулагч зугтана шүү дээ. Манай компаниудын тайлангийн бараг 99 хувь нь хуурамч учраас юун хөрөнгө оруулагч, бараг өөрсдөдөө гаргаж өгөхөөс айдаг болчихоод байна. Нөгөө талаас хөрөнгөө оруулаад ирсний дараа төр нь ямар ч тохиолдолд хамгаалах уу гэдгийг харна. Төр шүүхээрээ л хамгаална. Ийм олон юм бүрдэж байж хөрөнгө оруулах нөхцөл нь бүрдэнэ.

Ярианыхаа төгсгөлд нэг зүйлийг онцолмоор байна. Сая Сэлэнгэ рүү яваад ирлээ. Хойшоо улаан ган байна. Онцгой байдал зарламаар санагдсан. Төрийнхөн эндээ хэрэлдэж суухын оронд Төв, Сэлэнгэ рүү анхаараач, малчдыг нь нүүлгэхгүй бол горьгүй болж. Тариалан хэцүү байна. Цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол өвөл хэцүүдэхээр байна. Цаад утгаараа баялаг бүтээгчдийнхээ хийснийг үнэлэх хэрэгтэй. Өнгөрсөн жил өчнөөн тонн будаагаа талбай дээр асгаад хэрэлдээд байсан. Өнөөдөр буудай авахад маш хэцүү дүр зураг харагдаж байна. Том мөнгө, том бизнестээ анхаарах нь ойлгомжтой. Гэхдээ Монголчуудын амьдралыг яг авч явдаг салбаруудаа жигд харах хэрэгтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *