Categories
мэдээ цаг-үе

Б.Лакшми: Эдийн засагт Оюутолгойгоос гадна АСЕМ эерэг нөлөө үзүүлнэ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.

-Энэ онд эдийн засаг хичнээн хувь өсөх бол, танай төвийн гаргасан таамгийг сонирхмоор байна?

-Сүүлийн үед эдийн засгийн таамаг гаргадаг Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд прогнозоо ойр ойрхон өөрчлөөд байгаа. Нөлөөлж буй хүчин зүйлүүдийг нь урьдчилж таамаглахад хүнд болчихоод байгаа хэрэг л дээ. Энэ онд эдийн засгийн өсөлт 3-4.5 хувийн хооронд байх болов уу.
-Эдийн засагт эерэгээр нөлөөлөх шалтгааны нэгдүгээрт Оюу толгой бичигдэж таарна. Таныхаар өөр ямар эерэг нөлөөлөл бий гэж харж байгаа вэ?
-Оюу толгойн гүний уурхайн санхүүжилт оны өмнө шийдэгдсэн нь мэдээж эерэг нөлөө үзүүлнэ. Энэ том төслийн бүтээн байгуулалт үргэлжиллээ гэсэн мэдээ олон улсад эерэг дохио болж байгаа. Өнгөрсөн хугацаанд Оюу толгойн нөхцөл байдал олон улсын хөрөнгө оруулагчдад тодорхой бус байдал үүсгэж байсан. АСЕМ-ийн хурлууд эерэг нөлөө үзүүлэх байх. Аялал жуулчлалын салбарт багагүй хэмжээний мөнгө орж ирнэ.
-Сөрөг нөлөөлөл гэвэл…?
-Энэ жил УИХ-ын сонгууль болно. Ер нь сонгуулийн жилүүдэд гадны хөрөнгө оруулагчид хүлээцтэй ханддаг. Тэд сонгуулийн үр дүнгээс хамаарч шийдвэрээ гаргадаг. Өөр нэг сөрөг нөлөө гэвэл өрийн дарамт. Монгол Улс ирэх жил бондын анхны төлбөрийг төлж эхэлнэ. Санхүүгийн салбарын нөхцөл байдал ч сайнгүй байна. Орон сууцны зээл зогсонги байгаатай холбоотойгоор барилгын салбар хүндхэн байгаа.
-2016 оны хувьд дотоод, гадаад гэсэн хоёр талаас нь харвал ямар зураг харагдаж байна вэ. Гадаад талдаа гэхээр баялгаа экспортолдог Хятадын эдийн засаг лав сайнгүй үргэлжлэх юм шиг байна?
-Гадаад хүчин зүйл гэдэг талаас нь харвал таатай зүйл ажиглагдахгүй байна. Ганц Хятад ч биш манай хойд хөршийн эдийн засаг ч таагүй байхаар дүр зураг харагдаж байна. Хятадын хөрөнгийн зах зээл гэхэд л уналттай байгаа. Хоёр ч удаа худалдаа, арилжаагаа зогсоолоо. ОХУ-ын эдийн засаг сэргэж амжаагүй хэвээр байна.
-Сүүлийн үед орон сууцны зээлийн найман хувийг буулгах асуудал хүчтэй яригдаж байна. Эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Эрсдэл нь өснө гэж ойлгох хэрэгтэй л дээ. Эрсдэлийг хэн даах вэ гэдэг хамгийн чухал асуудал. Банкууд даах юм уу, эсвэл төр үү гэдэг асуудал бий.
-Инфляци өнөөдрийнхөөс хамаагүй өндөр байхад найман хувь болгосон юм чинь одоо таван хувь болгоход асуудалгүй гэсэн тайлбар бас бий…?
-Өнөөгийн нөхцөл байдалтай холбож ярихад төсвийн орлого тасарчихсан. Чанаргүй зээлийн хэмжээ өсчихсөн. Ийм үед санхүүжилт хаанаас гарах нь анхаарал татаж байгаа. Гаднаас мөнгө босгох замаар шийдэж болох юм. Гэхдээ ингэж шийднэ гэхээр төгрөг суларсан өнөөдрийн хувьд эрсдэлтэй. Ханшийн эрсдэл гэж том зүйл тулгарна.
Нөгөө талаас манай улс маш их хэмжээний өрийн дарамтад байгаа учраас гаднаас орж ирэх эх үүсвэр хямд байж чадахгүй. Өөрөөр хэлбэл бидэнд хямд эх үүсвэр олдохгүй. Таван хувиасаа давсан эх үүсвэр олдохоор харагдаад байгаа.
-Манай улсын экспортолдог эрдэс баялгийн үнэ энэ жил яах бол, ямартай ч зэсийн хувьд нүүрс шиг уруудахгүй гэсэн таамаг гарсан харагдсан…?
-Зэсийн хувьд яваандаа өсөх хандлагатай байгаа. Нүүрсний хувьд маш хүнд байдалтай байх нь ойлгомжтой. Ойрын дөрөв, таван жилдээ өөдрөг зүйл ажиглагдахгүй болов уу. Нүүрсийг ерээд онд бүр авахаа больсон байсан. Нүүрсний зах зээл сэргэлээ гэхэд Монголын нүүрсний эрэлт хэрэгцээ хэр байх вэ гэдэг эргэж харахаар асуудал. Нүүрсний үнэ өссөн 2011, 2012 онуудад дэлхийн нүүрсний үнэ өссөн гэхээс илүүтэй Австралийн үер гэсэн том шалтгаан байсан. Австралиас Хятадад нийлүүлдэг нүүрс боломжгүй болоод Монголоос их хэмжээгээр дажгүй үнээр авсан юм.
-Эдийн засгаа уруудуулчихгүй тогтоож барья гэвэл бидний өөрсдийнхөө зүгээс шийдчих боломжтой ямар гарцууд байна?
-Эдийн засгаа төрөлжүүлнэ гэж маш олон жил ярьсан. Экспортолж буй бүтээгдэхүүнүүдээ харахаар түүхий эдээс өөр бүтээгдэхүүн бараг л алга байна. Тэгэхээр аль болох дотоод бизнес, үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Нөгөө талаас Хятад, Орос зэрэг гадны улсуудын дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн дээр анхаарал хандуулаад нэмэртэй юм болохгүй. Учир нь бид тухайн бүтээгдэхүүнийг тэднээс хямд үйлдвэрлэнэ гэж байхгүй. Тэгэхээр хоёр гол зах зээл дээрээ эрэлт ихтэй байхуйц бүтээгдэхүүн экспортлох бодлого барих хэрэгтэй. Дэлхийн нэмэгдсэн өртгийн сүлжээнүүд гэж бий. Ийм сүлжээнд нэгдвэл илүү амжилт олно.
-Дэлхийн нэмэгдсэн өртгийн сүлжээнд нэгдсэнээр их мөнгө олох боломж нээгдэнэ гэсэн үг үү?
-Монголын ноолуур гадагшаа гарч байгаа. Нэмэгдсэн өртгийн сүлжээнд нэгдвэл монгол ноолуур дэлхийн зах зээлд танигдсан шошготойгоор зарагдана гэсэн үг. Ийм тохиолдолд монгол ноолууран бүтээгдэхүүн илүү хурдан хугацаанд дажгүй үнээр зарагдах боломж нээгдэх юм.
Дэлхийн том компаниуд зах зээлээ хуваагаад авчихсан ийм нөхцөлд монгол компанийн нэр, шошготойгоор дэлхийд танигдаж бүтээгдэхүүнээ борлуулахад урт хугацаа орно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *