-ЭРТХЭН ШИГ ОУВС-ГИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ-
Эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.
– Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
– Бид оны өмнө эдийн засгаа 4-5 хувьтай хэмээн нэлээд өөдрөг төсөөлсөн.
Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдлаа төсөөлөхдөө нэгдүгээрт, ОХУ болон Украины хооронд дайн гарахыг төсөөлөөгүй, хоёрдугаарт, цар тахлыг амжилттай даван туулна гэж бодсон. Энэхүү хоёр эрсдэлийг багаар тооцоолохоос гадна асуудал тулгарсан ч шийдчихнэ гэж төсөөлсөн. Харамсалтай нь он гараад найман сарын хугацаа өнгөрсний дараа эргээд харахад манай улсын эдийн засаг улам хүндэрсээр байна.
Орос, Украины дайны нөхцөл байдал хүндэрсэн, мөн цар тахлын нөхцөл байдал сайжраагүйтэй холбоотойгоор БНХАУ дотоодын халдварын тоо хэмжээг багасгахын тулд хилээ хааж, томоохон хотууддаа хөл хорио тогтоож байгаа нь манай улсын эдийн засгийн өсөлт саарч байна. Бид 2021 онд эдийн засгаа төсөөлөхдөө дайн, цар тахалтай холбоотой эрсдэлийг сайтар тооцоолж чадаагүй ч хоёр том фактыг олж харах ёстой байсан.
Нэгдүгээрт, энэ оны хоёрдугаар сард зохиогдсон Өвлийн олимп болон ирэх 10, 11 дүгээр сард зохиогдох Комминуст намын хурал болох учраас үүнээс үүдэн манайд учирч болох эрсдэлүүдийг хангалттай хэмжээнд тооцоолж чадсангүй. Учир нь уг хоёр үйл явдал Монгол Улсад байнга эрсдэл дагуулсаар ирсэн. БНХАУ-д олимпын наадам зохиогдохоос нэг сарын өмнө байнга хилээ хаадаг. Тухайлбал, 2008 оны зуны олимпын үеэр БНХАУ мөн л хилээ хааж байсан. Ялангуяа энэ жил цар тахалтай холбоотойгоор өмнөхөөсөө ч удаан хугацаанд хил хаалттай байсан шүү дээ. Мөн БНХАУ болон Тайваний хооронд үүссэн маргаан хурцадмал байдалд шилжвэл хил хаагдах нь наад захын асуудал. Цаашид томоохон эрсдэлүүд ар араасаа үүсэж мэдэхээр байна.
– Сүүлийн хэдэн жил цар тахалтай байсан хэдий ч энэ жил анх удаа 18 их наядын төсөв баталж, эдийн засгаа тэлсэн. Ийм амаргүй цаг үед эдийн засгаа тэлэх нь хэр оновчтой шийдэл юм бол?
– Төсвийн бодлогын тухайд сөрсөн бодлого баримтлах нь зөв байдаг. Эдийн засаг сайн байх үед хуримтлал үүсгээд өсөлт нь саарсан үед үүсгэсэн хуримтлалаараа эдийн засгаа тэлж, дэмжих бодлого баримтлах ёстой. Харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзвэл манай улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь хангалттай түвшинд байхгүй учраас жил бүр эдийн засгаа автоматаар тэлэх бодлого барьж ирсэн.
Эдийн засаг хүндэрсэн үед төсвөө тэлэх нь нэг талаасаа зөв боловч манайд эдийн засгаа тэлэх нөөц боломж нь хязгаарлагдмал байна. Манай улсын тухайд төсвөө байнга алдагдалтай батлахаас гадна эдийн засгийн өсөлт нь саарсан, ямар ч хуримтлалгүйгээс гадна гадаадын өрийн хэмжээ өндөр байгаа ийм үед эдийн засгаа тэлэх бодлого баримтлах нь хэр оновчтой вэ гэдэг нь том асуудал болоод байна.
– Манай улс үйлдвэрлэгч биш, хэрэглэгч орон. Түүнчлэн нүүрс, зэс, төмрийн хүдэр гэх мэт уул уурхайгаасаа орлогынхоо ихэнх хувийг бүрдүүлдэг. Тиймээс олж байгаа багахан орлогоо зөв захиран зарцуулах нь зүйтэй байх. Гэтэл манайд төсвийн үрэлгэн зардлууд байсаар л байна шүү дээ?
– Энэ жилийн тухайд төсөвтэй холбоотой нэг ажиглалт бол өмнө нь байдаг л байсан төсөв явсан. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр урт хугацаандаа эдийн засгийн бүтцээ сайжруулах, дэмжих дэд бүтцийг бий болгоход анхаарч ажиллах ёстой байсан ч чадаагүй. Өнөөх уулын мухарт, алслагдсан аймаг хотуудад шавар зуурдаг, цемент цутгадаг төсөв хэвээр л байна.
Өнөөдөр соёлын төв барьснаараа хэчнээн хүн ажилтай, орлоготой болох юм бэ. Төсвийн зарлага гэдэг эргээд орлого олдог байх ёстой. Төсөв мөнгө зарлагадаж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээр ажлын байр бий болгодог байхаас гадна зарцуулсан зарлагаа нөхөж олдог байх учиртай. Гэтэл сум болгонд баригдаж байгаа Соёлын төвийн барилгууд орлогоороо зарлагаа нөхөх нь бүү хэл урсгал зардлаа ч олж чадахгүй төсөв дээр дарамт учруулдаг. Энэ мэт маш олон зардал байгаа шүү дээ. Уг нь энэ жил төсөв батлахдаа өмнөх жилүүдээсээ хангалттай сургамж авчихсан байх ёстой.
Манай эдийн засаг хангалттай хэмжээнд төрөлжөөгүй, импортын бараа бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай байгаа нь нэгэнт тодорхой учраас хамгийн гол нь эдийн засгаа төрөлжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, импортын бүтээгдэхүүнийг орлох үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд анхаарах ёстой байсан. Гэтэл улс орны эдийн засагт нэмэр бус нэрмээс болох төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлсээр л байна.
– Засгийн газраас эдийн засгаа сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч олон тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, түүнийгээ ихээхэн үр дүнтэй байгаа хэмээ танилцуулсан. Гэтэл бодит байдал дээр ажилгүйдэл, ядуурал, үнийн өсөлт улам л нэмэгдэж байгаа энэ үеийг хэрхэн хохирол багатай даван туулах вэ?
– Манай суурь нөхцөл байдлыг аваад үзэхээр эдийн засгийн өсөлт саарчихсан, төрөлжөөгүй, өрийн хэмжээ өндөр, мөнгөний ханш суларсан, валютын үнэ өссөн гэх мэт маш ярвигтай нөхцөл байдалд орчихлоо. Эдийн засаг ийм эмзэг байгаа үед шулуухан хэлэхэд эртхэн шиг ОУВС-тай хамтарч ажиллаад, төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлчихсэн нь зүйтэй байх гэж харж байна. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр төсөвт тодорхой хэмжээний хяналт тавигдана. Зарим нь үүнийг гаднын хяналт гэж хэт өрөөсгөл ханддаг. Үнэндээ манай улсад төсвийн сахилга бат бий болгоход хяналт зайлшгүй хэрэгтэй байгаа.
Хоёрдугаарт, эдийн засгийн хүндрэлээ даван туулахын тулд төр, хувийн хэвшил, өрх гэрийн хэмжээнд нэн шаардлагатай бус зардлуудаа танах л хэрэгтэй байна. Цаашид БНХАУ, Тайваний асуудал улам хурцдаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл түүнээс үүдэн гарах хүндрэл хамгийн багадаа 1-2 жил үргэлжилнэ. Хэрэв манай улсын хил ийм удаан хугацаагаар хаалттай байвал бид элгээрээ хэвтэнэ. Энэ мэтчилэн бодит эрсдэл, бодит үнэнтэйгээ хүссэн ч, эс хүссэн ч одоо нүүр тулахаас өөр аргагүй. Тиймээс одоо хаана юуг хэмнэж, нөөц хуримтлал үүсгэхэд анхаарах ёстой.
Манай улс 1990 онтой харьцуулшгүй хүнд нөхцөлтэй нүүр тулах гэж байна. Өмнө нь манай улс дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэсэн он жилүүдэд ОУВС-гийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснээр асуудлыг харьцангуй хохирол багатай гэх үү, азтай гэх үү даван туулчихдаг байсан.
Үнэндээ бид өнгөрснөөсөө огтхон ч сургамж авахгүй байна. Өнгөрсөн зуунд хамгийн их дайн тулаантай байсан Герман улсыг аваад үзэхэд улс даяараа олохынхоо хэрээр үрдэг биш, олохынхоо хэрээр хуримтлуулж, хэмнэж ирсэн учраас Европын холбооны хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болж чадсан. Харин манайх жаахан орлого олохоороо үрэлгэн зан гаргаж баруун солгойгүй цацдагаас болж олон хүндрэлтэй нүүр тулж байна. Цаашид энэ байдлаасаа сургамж авч, алдаагаа давтахгүй байх нь чухал.
– Эдийн засагчид манай улсын гадаад ор дефолт зарлах хэмжээнд хүрчихсэн гэдгийг хэлж байгаа ч Сангийн сайдаасаа авхуулаад тус мэдээллийг үгүйсгэж байгаа. Ер нь гадаад өрийн хэмжээ өндөр, өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрсэн улс орныг ямар хувь заяа хүлээж байдаг юм бол?
– Гадаад өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрсэн улс орнууд дефолт зарлах буюу төлбөрийн чадваргүй болдог. Төлбөрийн чадваргүй болж төлөх ёстой өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрснээр олон улсын зах зээл дээрээс мөнгө босгох эрх нь хаагдана. Нэгэнт энэ эрхээ алдчихвал дахиж сэргээхийн тулд багадаа 8-10 жил зарцуулдаг. Ерөөсөө л гадаадын хөрөнгө оруулалт бүрэн зогсоно. Хамгийн ойрхноор нь жишээ татахад Венесуэл улс байна. Тус улсад инфляцын хэмжээ хэдэн мянга хүртэл өсөж сарын цалингаараа ганц талх, килограмм мах л авч байна. Манай улс хэдийгээр дефолт зарлах хэмжээнд хүрчхээгүй байгаа ч ирээдүйд ийм хувь заяанд оччихгүйн тулд эртнээс зөв зүйтэй арга хэмжээ авч, гэрийн даалгавраа хариуцлагатай гүйцэтгэх ёстой. Дараа жил бид төлөх ёстой гадаад өрөө төлж чадахгүй гэдэг нь нэгэнт ойлгомжтой болчихлоо.
– Бид өнгөрсөн хугацаанд гадаадын улс орнуудаас авсан зээл тусламж, бондоо үр өгөөжтэй зарцуулахад хэрхэн яаж анхаарсан юм бол. Та олон жил эдийн засагчаар ажиллаж байгаа хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
– Шулуухан хэлэхэд, гаднаас зээлсэн мөнгөө үр өгөөжтэй зарцуулж чадаагүй. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг бол өрийг өрөөр дарна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд ийм л байдлаар явж ирсэн. Үүнээс бид урт хугацаандаа эдийн засгаа төсөөлж, тооцоолж, удирдаж авч явж чадахгүй байгаа нь харагдаж байна.
Хамгийн анх Чингис бондын зээлийг 2013 онд авч байсан. Гэтэл 10 жилийн хугацаанд уг бондын өрийг төлж чадахгүй хоёр дахь удаагаа өрийг өрөөр төлж байгаа нь эмгэнэл. Энэ хугацаанд бид хүүгийн төлбөрийг төлж ирсэн. Бүхэл бүтэн 10 жил хүүгийн төлбөр төлөхөөр анх авсан зээлээсээ хүүгийн төлбөр нь давчихсан ч байж магадгүй. Энэ мөнгөөр бид юу хийх боломжтой байсан бэ. Алдагдсан боломж юу байв гэдэг асуулт гарна. Цаашлаад зээл авахдаа төр засгийн удирдлагууд бага хүүтэй авчихлаа, таван хувь гэдэг. Гэтэл тухайн зээлийг ам.доллароор авсан. Доллароор төлнө. Гэтэл төгрөг долларын харьцаа өнгөрсөн 10 жилд яаж өөрчлөгдөв гэдгийг бодож үзэх л ёстой.
– Улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд олон сорилт тулгарч байгаа энэ үед асуудлыг том зургаар нь харж чаддаг, түүнийг шийдэх гарц гаргалгааг эрэлхийлдэг, зөв бодлого тодорхойлох Засгийн газрын удирдлагын чадамж чухлаар тавигдах байх. Манай дээдсүүдэд ийм чадамж байна уу?
– Манай төрийн чадавх, хүний нөөцийн чадамж, удирдлага, манлайлал жилээс жилд суларч байгаа гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд хэлж, анхааруулсаар байгаа. Ташрамд хэлэхэд хэн нэгэн хүн гаднаас дарга болоод ороод ирэхээр манайхан салбарын хүн биш гээд шүүмжлээд байдаг. Заавал салбарын хүн байх нь чухал биш. Харин асуудлаа мэддэг, сайн менежер л байх ёстой. Үүний үр дүнд зөв бодлого, зөв менежмент явна. Та бод доо.
Мэргэжлээрээ хамгийн шилдэг эмч эмнэлгийн дарга болчихоор эмнэлгийн үйл ажиллагаа сайжирдаггүй олон жишээ манайд байгаа. Ерөөсөө хамгийн зөө менежментийг богино хугацаанд, үр дүнтэй шийдэх гарц гаргалгаа л олдог, боловсруулдаг байх нь чухал. Төрийн албаны сахилга батад анхаарч, уялдаа холбоог нь маш сайн хангаж өгмөөр байна. Манайхан төрийн албанд орохоороо, ямар нэг сайд дарга болчихоороо толгой нь өөр зүйлд ажиллаад эхэлдэг. “Би энэ ажлыг хэрхэн сайжруулах вэ” гэж бодохоосоо өмнө “Энэ албан тушаалыг яаж өөртөө ашигтайгаар ашиглах вэ” гэж боддогт л асуудлын гогцоо зангилаа бий.
Нэмж хэлэхэд, иргэд мэдлэг, мэдээлэл дутуу байгаагаас болж байна уу УИХ-ын гишүүдийг СӨХ-ны дарга шиг хараад байна. Сүүлдээ гишүүд нь ч өөрсдийгөө СӨХ-ны дарга шиг төсөөлөөд байна. Тухайлбал, тухайн хороо, дүүргийн зам засах. байшингийн дээвэр солилоо ч гэж байх шиг. Уучлаарай, энэ чинь маш инээдтэй бас эмгэнэлтэй дур зураг.
УИХ улс орны бодлого боловсруулдаг, хууль тогтоох байгууллага. Гишүүд хууль санаачлах, боловсруулах, батлах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ умартчихаад зам тавих, барилга барих. дээвэр засах ажил хийсээр сүүлдээ иргэд нь “Манай гэрийг цэвэрлэж өг” гэх нь холгүй болчихлоо. Бүр цаашлаад СӨХ-ны даргын ажил хийчхээд түүгээрээ сонгуулийн сурталчилгаагаа хийж дахин УИХ-д сонгогддог тогтолцооны уршиг төсвийн үрэлгэн зардлаар илэрдэг.
– Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зарласан нь төрийн албаны шат шатны сайд дарга нарыг ганц сайн ярих сэдэвтэй болголоо. Асуудал ярихаар “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжсэнээр амьдрал сайхан болно л гэх юм. Эдийн засаг амаргүй, гадаад дотоод байдал хурцадмал энэ үед тус бодлогын хэрэгжилт бодит байх боломжтой юу?
– Шинэ сэргэлтийн бодлогыг хэзээ боловсруулж, олон нийтэд танилцуулсан бэ гэхээр дайн гарахаас өмнө танилцуулсан.
Нэгдүгээрт, дайн гарахыг тооцоолоогүй. Хоёрдугаарт, БНХАУ, Тайванийн эрсдэлийг бүр ч тооцоолоогүй. Тийм учраас одоогийнхоо эдийн засгийг бодитоор үнэлээд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эргэж харах шаардлагатай байх.
Хоёрдугаарт, тус бодлогын хүрээнд 98 мега төсөлд хөрөнгө оруулалт татах асуудал яригдаж байгаа гэж ойлгосон. Энэ бол том тоо. Уучлаарай, үнэнийг хэлэхэд ардчилсан нийгэмд шилжсэн 30 жилийн хугацаанд манай улс хэчнээн мега төслүүд амжилттай хэрэгжүүлсэн юм бэ. Тавдугаар цахилгаан станцаа барьж чадсан бил үү. Өнөөдөр ч эрчим хүчний дутагдалтай хэвээр байна. Сүүлдээ нурж унахад ойрхон цахилгаан станцуудаа өргөтгөх талаар үлгэр яриад дуусаж байна.
Гуравдугаарт, Шинэ сэргэлтийн бодлого дотор тавдугаар цахилгаан станцтай ижил 10 гаруй жилийн өмнө яригдаж байсан төслүүд багтсан харагдана лээ. Үүнээс харахад өнөөх хэрэгжүүлэлт, менежмент байхгүй, бодиттой хэрэгждэг бус зүгээр ярьдаг, мөрөөдлийн жагсаалт болоод хувирчих вий гэж санаа зовж байна. Хөрөнгө оруулагчид ороод ирэхэд эдгээр 98 төслийн хэд нь ТЭЗҮ нь хийгдчихсэн байгаа бол. Мөрөөдлийн жагсаалт гаргаад төсөөллийн тоо тавьчихсан инээдтэй л юм харагдаж байна. Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг дахиад хэдэн жил ярих вэ. Ер нь бол нам засаг, хүн нь солигдож болно. Төрийн бодлогын залгамж халаа гэж байх ёстой. Эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэхгүй бүхнийг дахин эхлүүлдэг нь улс орны хөгжилд саад болж байна.
Дөрөвдүгээрт, эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь хамгийн чухал.Тэгвэл Гадаад хөрөнгө оруулалтын газар гэж байна уу. Гадаад хөрөнгө оруулалтын газар нь аль хэдийнээ дампуурчихсан. Бид гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээчихсэн. Тухайлбал, 10 жилийн өмнө манай улсын эдийн засаг багахан өсөөд эхлэх үед гадаадын хөрөнгө оруулагчид манайхыг их сонирхож, хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Тэр үед манайхан хамраа сөхчихсөн л байсан. Гэтэл өнөөдөр манайд хөрөнгө оруулах хүсэлтэй хүн хэд байна. Одоо ганц амжилттай хэрэгжиж байгаа нь Оюу толгой л байна. Гэхдээ байн байн гэрээнээсээ эргэж буцаад байх нь манайхыг олон улсад муухай харагдуулж байна.
Эцэст нь нэг жишээ хэлэхэд 2012-2016 онд Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдсан. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулагч тус яамтай хамтарч ажиллахаар гэрээгээ байгуулчхаад нутаг руугаа явчхаад эргээд ирсэн чинь яам нь татан буугдчихсан учраас гэрээ нь цуцлагдсан гэдэг. Яам нь татан буугдсан ч гэрээг нь үргэлжлүүлэх чадамж манайд байдаггүй. Энэ бол бодлогын хамгийн том алдаа. Яг ийм жишээ өөрт нь тохиолдох вий гэдгээс гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн их айдаг. Ялангуяа томоохон мега төслүүд амжилттай хэрэгжихийн тулд хамгийн багадаа 8-10 жилийн хугацаа шаардана. Энэ хугацаанд бодлого, хууль эрх зүйн орчин нь тогтвортой байх нь хамгийн чухал шүү дээ.
Ярилцсан: П.Батзаяа