Түрүүч нь №240(5807), 241(5808) дугаарт
-ЦАГДАА НАР ЭНЭ ХЭРЭГ ДЭЭР ХЭРХЭН АЖИЛЛАХААС ШАЛТГААЛЖ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ДҮНГЭЭ ТАВИУЛНА-
Алга болсон Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа эгч Д.Ариунзаяа
Замын-Үүдээс манай сонины тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатар, гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн нар мэдээлж байна.
Тэр өдөр аймгийн төв рүү нөхөртэйгөө хамт яваагүй байсан бол охин минь ор сураггүй алга болохгүй байсан. Гэртээ инээгээд ороод ирэх юм шиг л санагдаад байх юм. Охиноо амьд мэнд олчих юмсан. Алга болсноос нь хойш энд тэндгүй л хайж байна. Одоо хөдөө байдаг айлуудаар хайгаад л явж байна. Гэсэн ч сураг гарахгүй байсаар найм хоночихлоо. Арван сар тээж гаргасан яс махны тасархай нялх охин минь юм шүү дээ. Төрүүлсэн үрээ яасан нь мэдэгдэхгүй алдчихаад сууж байна гэдэг амьдын там байдаг юм байна даа. Уйлахаас өөр юу ч хийж чадахгүй байгаа юм шиг санагдаад заримдаа бачуурах юм” хэмээн Замын-Үүд сумаас энэ сарын 2-ны өдөр ор сураггүй алга болсон Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа бидэнд ярьсан юм. Д.Сэржмядаг охины аав, ээж, ах дүү хамаатан садангууд Замын-Үүд сумын ойр хавийн малчин айлуудаар орж эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна. Алдсан хүн арван тамтай гэдэг шиг гэмт хэрэгтэн найман настай алдрай бяцхан охиныг нь хөдөө хээр аваачаад хаячихсан юм биш байгаа гэх бодлын үзүүрээр эрж байгаа гэдгээ бидэнд хэлж байсан юм. Энэ талаар Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаатай ярилцлаа.
-Цагдаа нар та бүхэнд охиных нь талаар ямар нэгэн сураг чиг гарсан гэх мэдээлэл өгсөн үү. Алга болоод найм хонож байна шүү дээ?
-Цагдаа нар “Бид хэргийг шалгаж байгаа. Эрлийн ажиллагаа хийгдэж байна” гэсэн мэдээлэл л бидэнд өгсөн. Мөн Улаанбаатар хотоос их олон цагдаа ирсэн.
Хэргийг мөрдөн шалгаж байгаа гэсэн. Одоогоор бидэнд хэргийн талаар ямар ч мэдээлэл алга байна. Хүүхдээ л эсэн мэнд олчих юмсан гэж итгэл алдрахгүй хүлээлт л байна. Хүмүүс янз бүрийн зүйлс бидэнд хэлж байна. “Хүний наймаачид аваад явсан байх. Одоо аль хэдийнэ хилээр гараад явчихсан.
Ийм олон хонож байгаа юм чинь амьд олдохгүй байх” гээд л ярьж байна. Охиноо хаана, юу хийж байгаа бол. Хэн нэгэн охиныг минь тамалж, зовоож байх вий дээ гэж бодохоор зүрх зүсэгдэх шиг болж, сэтгэл санаа хямраад хэцүү байна.
-Охин алга болдог өдөр та хоёр ямар ажлаар аймгийн төв орсон юм бэ. Охиныг ганцааранг нь үлдээх болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд өгөх нь зүйтэй болов уу?
-Одоо хүртэл яах гэж Сайншанд руу охиноо үлдээгээд явав даа гэж харамсаад барахгүй байна. Хэрэв охиноо ганцааранг нь үлдээгээгүй байсан бол өдийд алга болохгүй байсан даа гэж өөрийгөө буруутгаж сууна даа. Тэр өдөр нөхөр бид хоёр Сайншанд сумын цагдаагийн хэлтэс рүү явсан юм. Арваннэгдүгээр сарын 2-ны өглөө 07:30 өнгөрөөд бага хүү, дунд охин нөхөр бид дөрөв гэрээсээ гарсан. Бага хүүгээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд охиноо эмнэлгийн үүдэнд буулгаж үлдээсэн юм. Миний охины бие өвдөөд байсан учир сумын эмнэлэгт өөрөө үзүүлчих гэж хэлээд үлдээсэн.
Миний охин Д.Сэржмядаг гэртээ унтаад л үлдсэн. Тэр өдөр яагаад аймгийн төв рүү явсан юм бэ гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Манай нөхрийн ах Дашдэлэг гэх хүн согтуурсан үедээ зөрчил гаргасан. Үүнээс болоод аймгийн төвийн цагдан хорих төвд хоёр сарын хугацаатай хоригдож байгаа. Бид хэргийг нь шалгаж байсан н.Төгөлдөр гэх байцаагчаас уулзах зөвшөөрлийн бичиг авах гэж л аймгийн төв явсан. Бидэнд нуугаад байх зүйл байхгүй, ийм л ажилтай аймгийн төв явсан. Ингээд цагдаагийн хэлтэс дээр мөрдөн байцаагчийг хоёр цаг гаруй хугацаанд хүлээсэн. 11:00 цагт уулзалтын зөвшөөрлийн бичгээ аваад эргээд Замын-Үүд рүү гарсан. Аймгийн төвөөс гараад удаагүй байхад буюу 12:20 цагийн үед охины утаснаас надад дуудлага ирсэн. Миний утас цэнэг нь дуусаад унтарсан. Аавынх нь утаснаас эргүүлээд залгасан. Холбогдох боломжгүй болчихсон байсан. Тухайн үед хичээлдээ явахдаа залгаж байна даа гэж бодож байснаас ингээд алга болчихно гэж бодоогүй. (Уйлав) Бид 16:30 цагийн орчимд Замын-Үүд сумын тэмээтэй хаалганы тэнд явж байсан. Тэгсэн охин Д.Ариунзаяа утсаар залгаж “Ээжээ дүү алга болчихсон байна. Сургууль дээрээ очоогүй гэнэ. Гэртээ алга байна” гээд л уйлсан. Би тэр даруйд охиныхоо ангийн багш руу залгасан юм. Багш нь надад өнөөдөр хичээлдээ ирээгүй гэдгийг хэлсэн. Ингээд шууд гэртээ ирсэн. Охин байгаагүй. Дунд охин Д.Ариунзаяа маань дүүгийнхээ байж болох газар болгонд очсон байсан. Цэцэрлэгийн тоглоомын талбай дээр хүртэл очиж үзсэн байдаг. Бид тэр даруйд нь цагдаад мэдэгдсэн. Ингээд эрлийн ажил эхэлсэн.
-Таныг болон нөхрийг тань цагдаа нар шалгаж байгаа гэсэн. Та охиныг нь хулгайлсан байж магадгүй гээд сэжиглэж байгаа хүмүүсийн талаар мэдээлэл өгсөн үү?
-Биднээс цагдаа нар яагаад охиноо ганцаараа нь орхиод явсан. Өмнө нь хэн нэгэнд охиноо үлдээгээд явна гэдгээ хэлсэн үү гээд л маш олон асуулт асууж байна. Зарим асуулт нь арай ч дээ гэмээр гомдохоор асуулт байсан. Гэхдээ олон сэжүүрийг хумьж нэг тийш нь болгож, хэрэг илрүүлэхэд дөхөм болно гэсэн болохоор асуусан бүх асуултад нь хариулсан. Мөн охиныг нь хулгайлсан байж болзошгүй гэх хүмүүсийн талаар ч хэлсэн. Энэ дагуу хяналт шалгалт хийж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна.
-Мэргэч төлөгч нарт үзүүлсэн үү?
-Үзүүлсэн. Маш олон хүн бидэнд хандаж “Тэнд байна. Тийм газар байна” гээд ярьж хэлсэн. Гэмт хэрэгтэн тийм ч сорвитой гэдэг ч юм уу янз бүрээр л хэлсэн. Бид хэлж заасан газар болгон руу явж хайсан. Даанч олдохгүй юм. Мэргэлдэг хүмүүс маш олон таамаг хэлж байна лээ. Тэд ямар ч байсан байршлаа солиод байна. Тиймээс яг хаана байгааг бүрэн хэлж чадахгүй байна гэсэн зүйлс ярьсан. Бид цагдаа нарыг охиныг минь хурдан олоод өгнө гэж итгэж байна гэв.
Д.ОЮУНХҮҮ: ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ, УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙГ АНХААРЛАА ХАНДУУЛАХЫГ ХҮСЧ БАЙНА
Төрүүлсэн энхрий бяцхан үрээ алга болсноос хойш сэтгэл санааны хэцүү байдалд орсон ээжээс нь үүнээс өөр зүйлийг асууж зүрхэлсэнгүй. Охины аав Д.Дашдулам бидэнд ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэдгээ хэлж байсан юм. Харин түүний эгч Д.Оюунхүү Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ирсэн байв. Тэрбээр “Найман настай охин алга болчихоод байна шүү дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, УИХ-ын эмэгтэй гишүүдийг энэ хэрэгт анхаарлаа хандуулж, хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлж өгөхийг хүсч байна. Найман настай охин алга болоод найм хонож байна шүү дээ. Яагаад үүнд анхаарлаа хандуулахгүй байна вэ. Ерөнхий сайд нь ууланд төөрөхөөр хоёр, гурваар нь онгоц нисгээд, хэдэн зуун алба хаагч дайчилдаг юм байна лээ. жирийн ядарсан айлын хүүхдийг алга болохоор Монгол төр засаг чимээгүй байгаад байгааг ойлгохгүй байна. Энэ хэргийг хурдан илрүүлэхгүй бол маш олон хүн айдас түгшүүрт автаад байна шүү дээ” гэв.
СУМЫН ИРГЭД ХИЛИЙН ХЯНАЛТАД ИТГЭЛ АЛДАРСАН ГЭДГЭЭ ХЭЛЭВ
Замын-Үүд суманд онц байдал зарлаад байна. Хил гаалийнхан хяналт шалгалтаа сайжруулж, ачаа барааг сайтар шалгаж байгаа гэнэ. Аймгийн Засаг даргын захирамжаар Замын-Үүд суманд архи, согтууруулах ундааны зүйлс худалдан борлуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Охиныг эрэн хайх ажил үргэлжилж байгаа. Одоогоор хэргийг шалгаж байгаа цагдаа нарт ямар нэгэн сэжүүр олдоогүй байгаа гэдгийг онцолж байсан. Онцгой байдлын алба хаагч нартай хамтран Замын-Үүд сумын айл, албан газруудад үзлэг хяналт хийх ажил үргэлжилж байгаа. Найман настай охин алга болсон хэрэгтэй холбоотойгоор Дорноговь аймгийн нутгийн зөвлөл хуралджээ. Хэргийн талаар үнэн зөв бодит мэдээлэл өгсөн хүнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 50 сая төгрөг өгөхөө өчигдөр мэдэгдээд байна. Найман настай охин алга болсон хэргийн талаар Замын-Үүд сумынхан янз бүрийн зүйл ярьж байна. Тэр дундаа “Хилийн хяналтынхан ажлаа тааруу хийдэг. Охин хилээр гарлаа гэхэд ямар ч саадгүй нэвтрэх бүрэн боломжтой” гэдгийг хэлж байсан юм. Иргэд хил гаалийнханд итгэл алдарсан байдал нь хоёр жилийн өмнө ачааны галт тэргэнд хоёр хөл нь гозойсон цогцос гарч байхад манай улсын хил гаалийнхан огт мэдээгүй гаргаж байсан. Мөн Хятадын хилээр хөргөгчний цаасан хайрцагт орсон иргэн хилээр гарсан. Гэвч Монголын хилийн мэргэжлийн хяналт,гаалийнхан огт мэдэлгүй хилээр нэвтрүүлсэн. Нөгөө хүн нь агаар дутагдснаас болж машины тэвшин дээр амьсгал хураасан. Монголын хилээр амьтны эд эрхтэн дүүртэл ачсан чингэлэг хэдэн арваараа гарч байхад анзаарч, мэдэлгүй гаргадаг. Мөн тарбазор батаарын яс хүртэл хэдэн арваараа гарсан. Энэ бүгдийг илрүүлж чадаагүй болохоор найман настай охин хилээр гарахад анзааралгүй гаргачихна. Гааль, мэргэжлийн хяналтынхан иргэдээс мөнгө авахаас өөр ажил хийдэггүй гэх мэдээллийг бидэнд өгч байсан юм.
НАЙМАН НАСТАЙ ОХИН АЛГА БОЛОХ НЬ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДАРГА НАРТ ХАМААГҮЙ ЮУ
Бидэнтэй уулзсан Замын-Үүд сумын олон иргэн “Манай сумынхан айдаст автаад байна. Сумандаа амар тайван амьдарч чадахгүй нөхцөл байдал бий болж байх шиг байна. Монголын цагдаа нар хэрхэн ажиллаж байгааг улс даяар харж байна. Монголын шилдэг мөрдөн байцаагчид энэ хэрэг дээр ажиллаж байгаа гэх мэдээлэл тарсан. Тэгэхээр Монголын цагдаа нар ард түмэнд ямар түвшинд ажиллах хүч боломжтой вэ гэдгээ харуулж, дүнгээ тавиулж байна” хэмээн ярьж байна лээ. Мөн найман настай эмэгтэй хүүхэд алга болчихоод байхад Дорноговь аймгийнхан “Иргэний хамгаалалт” нэрийн дор аймгийн төв дээрээ жагсаал хийж, Онцгой байдлын дарга түүнийг нь шалгаж байна. Хүүхэд алга болчихоод байгааг Замын-Үүд сумын дарга нар огт тоохгүй байна. Тэд нэр төр олж авахын тулд аймгийн төв рүү бүгд явцгаасан. Замын-Үүд суманд Засаг даргын орлогчоос өөр ямар ч удирдах албан тушаалтан байхгүй байна гэв.
Түүнчлэн өчигдөр онцгой байдал, цагдаа нарын хамтарсан 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг төмөр зам дагуух 18 километрт самналт хийсэн ч сэжигтэй зүйл таараагүй гэнэ. Үүнээс гадна Улаанбаатар хотоос ЦЕГ-ын даргын тушаалаар Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхнээс бүрдсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй баг Замын-Үүд рүү гарсан гэх мэдээлэл ирсэн юм.
“ӨДРИЙН СОНИН”-Ы СУРВАЛЖЛАХ БАГ
Үргэлжлэл бий