Бидний эргэн тойронд нар мэт үргэлж гэрэл гэгээ түгээж байдаг хүмүүс олон бий. Тэдгээр эрдэнэсийн дотоод сэтгэлээр нь аялах адтай хүсэл намайг үргэлжид хэмлэсээр байдаг юм. Та бүхэнд тэрхүү хүмүүний дотоод сэтгэлээс дээжлэн энэхүү ярилцлагыг хүргэж байна. Бид дахин уулзаж, түүний хэлж амжаагүй, миний асууж чадаагүй олон асуултыг мэрж суух цаг удахгүй гэж найднам. Монголын үлгэр жишээ спортын холбоо болох Монголын Хөлбөмбөгийн холбооны Тэмцээн зохион байгуулах хэлтсийн мэргэжилтэн, Олон улсын Хөлбөмбөгийн холбооны шүүгч, Монголын Хөлбөмбөгийн холбооны нэгдүгээр зэрэглэлтэй шүүгч Болдын Хаш-Эрдэнэтэй ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. Б.Хаш-Эрдэнэ нь 11 жил МХБХ-нд шүүгчээр ажиллахдаа Монголын Хөлбөмбөгийн Дээд лигийн 176 тоглолтыг шүүгээд буй юм. Тэрээр одоо Азийн элитийн шүүгчийн шалгалтыг өгч байгаа билээ.
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та Монголоос анх удаа Азийн элит шүүгчийн шалгалт өгч байгаа, энэ сэдвээр яриагаа эхлэх үү?
Энэ шалгалт өнгөрсөн жилийн 10-р сараас эхэлсэн. Эхлээд Малайзад очиж дүрмийн мэдлэг, англи хэл, фитнесс тест, бие бялдрын бэлтгэлжилт, хүмүүстэй харилцах чадварын шалгалтуудыг өгсөн л дөө. Би Малайзад өгсөн шалгалтандаа тэнцсэн. Дараагийн шат нь Азийн Хөлбөмбөгийн холбооноос томилогдсон хянагч гурван удаа Монголд ирж дотоодынхоо лигийн тоглолтыг хэрхэн шүүж байгааг шалгах ёстой байдаг юм билээ. Эхнийх дээр нь 4-р сарын 23-нд Солонгосын хянагч шүүгч ирж ажиллаад явсан. Хоёр дахь нь өнгөрсөн бүтэн сайн өдөр Хонгконгийн хянагч шүүгч ирж шалгасан. Хэрвээ тэнцвэл ирэх7—р сарын 20-нд гаргаад гурав дахь шалгалтаа авна. Бүх шалгалт 7-р сарын 31-ний дотор дууссан байх ёстой.
Шүүгч хүний баримтлах ёстой хамгийн чухал зүйл юу вэ?
Шүүгч хүний хувьд хамгийн чухал зүйл бол шударга байх. Дараагийн чухал зүйл нь ажлаа чанартай хийх ёстой. Гүйцэтгэлээ сайн хийж өөртөө итгэлтэй байж чадвал бусад зүйл хамаагүй.
Зарим тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид шүүгчийн эсрэг “бүүлэх” тохиолдол бий. Та хөгжөөн дэмжигчдээс ирдэг дайралтуудад хэрхэн өөрийгөө бэлддэг вэ?
Монголд болж байгаа тоглолтуудыг дээд тал нь 100, 200 хүн л үздэг. Олон улсын том тоглолтуудын хувьд эзэн баг хожигдож байвал хэдэн мянган хүн бүүлнэ. Шүүгч хүн хөгжөөн дэмжигчдээс ирэх дайралтуудад сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой. Хөлбөмбөг өндөр хөгжсөн орнууд хүүхдүүдэд багаас нь шүүгчийг хүндлэх ёстой гэж зааж өгдөг. Одоогоор Монголд ийм дэг сургууль хараахан нэвтрээгүй байна. Манайхан шүүгчтэй зүгээр л энгийн үзэгч шиг харьцаад байдаг. Гэхдээ зарим хүмүүс шүүгчийг хүндлэх ёстой гэдгийг ойлгож эхэлж буйд талархаж байгаа.
Та хэд хэдэн удаа гадаадын улс орнуудад очиж шүүгчийн сургалтанд сууж байсан. Тэдгээр улсууд хөлбөмбөгтөө хэрхэн ач холбогдол өгч байна вэ?
Хөлбөмбөг өндөр хөгжсөн улсууд эхлээд хүүхдийн хөлбөмбөг рүүгээ анхаардаг. Хүүхдүүдийг багаас нь эхлүүлээд алалцуулаад, өрсөлдүүлээд байхдаа гол нь биш. Хүүхдийг 10 нас хүрэхээс нь өмнө хамгийн анхан шатны техникүүдийг сургадаг. Амралтын өдрүүдээр бүх хүүхдийг хөлбөмбөгийн талбайд тоглуулах нь чухал байдаг. Тэдгээр улс орнуудад хүүхдүүд ямар нэгэн тэмцээнд оролцохдоо гол нь биш. Харин хүүхэд бүр хөлбөмбөг тоглож байх нь л хамгийн чухал юм билээ.
ХҮҮХДЭЭ ХӨЛБӨМБӨГ ТОГЛУУЛЖ БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАРТ СУРАЛЦУУЛААСАЙ ГЭЖ ЭЦЭГ ЭХЧҮҮДДЭЭ УРИАЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
Хөлбөмбөг хүүхдүүдэд сайн хүн болоход дөхөмтэй онцгой чадваруудыг суулгаж өгдөг. Хамгийн гол нь багаар ажиллах чадварыг хүүхдүүдэд төлөвшүүлдэг шүү дээ?
Бид нийлж байгаад энэ зүйлийг хийх ёстой гэдэг сэтгэлгээг хөлбөмбөг хүүхдүүдэдсуулгадаг. Хүүхдээ заавал хөлбөмбөгчин болгох албагүй. Гэхдээ хүүхдээ хөлбөмбөг тоглуулж багаар ажиллах чадварт суралцуулаасай гэж эцэг эхчүүддээ уриалахыг хүсэж байна. Аливаа зүйлийг ганцаараа хийх биш олуулаа хамтраад хийвэл илүү том зүйлд хүрч болох юм байна гэдгийг хөлбөмбөг хүүхдүүдэд ойлгуулдаг.
Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс эхлэн “VAR”системийг хөлбөмбөгт нэвтрүүлж эхэлсэн. Технологийн дэвшлүүдийг хөлбөмбөгт ашиглахыг та дэмждэг үү?
Хөлбөмбөг эрс өөрчлөгдөж байгаа. Бичлэг ухрааж үзэхээс эхлээд электрон хөлбөмбөгт ихээр нэвтэрч байна. Цаашдаа юу гарч ирэхийг хэлж мэдэхгүй. Энэ цаг үеэс өмнө хөлбөмбөг амьд спорт байлаа. Тухайн шүүгч өөрийнхөө мэдрэмжээр, заримдаа тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргадаг байсан бол одоо энэ зүйл боломжгүй болсон. Бичлэг ухрааж үзэх болсноор нэг талаараа шүүгчийн шийдвэр илүү шударга болж байгаа, нөгөө талаараа энэ спорт маань илүү технологи руу шилжиж байна. Гэхдээ би “VAR” системийг ашиглаж байгаад баяртай байдаг. Хоёр баг ч хохирохгүй, шүүгчид ч робот биш учраас алдаа гаргаж болно. Гэхдээ алдаагаа тэр дор нь залруулах боломжтой болсонд баяртай байгаа. Ямар нэгэн баг хохиролгүй үлдэх нь л хамгийн чухал шүү дээ.
Та том шийдвэр гаргах үедээ өөртөө эргэлздэг үү?
Эргэлзвэл том шийдвэр гаргадаггүй. Жаахан л эргэлзэж байвал би шүглээ үлээдэггүй. Миний шүгэлдсэн болгон ямар ч эргэлзээгүй байсан гэж ойлгож болно.
Зарим хөгжөөн дэмжигчид хөлбөмбөгийн дүрэм мэдэхгүй хэрнээ шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн хараалын үгс хашгирах тохиолдол олон бий. Хөлбөмбөг үздэг хүмүүсийн дүрмийн мэдлэг хэр байгаа вэ?
Хэдхэн жилийн өмнө үзэгчид ч шүүгчид ч хөлбөмбөгийн боловсрол муу байсан. Одоо бол бүх зүйл өөрчлөгдөж байна. Хөлбөмбөг Монголд хөгжихийн хэрээр үзэгчдийн боловсрол нэмэгдэж байгаа.
Шүүгчийн хэлтсийн зүгээс бодлого боловсруулж,томоохон үр дүнд хүрсэн ажлуудаа дурдвал?
Шүүгчийн хэлтэс системтэйгээр жил бүр өөр өөр ажлуудыг хийж байгаа. Хэдэн жилийн өмнө бидэнд хүн хүч хэрэгтэй байсан. Бид цөөхүүлээ учраас олон шүүгчтэй болох хэрэгтэй юм байна. Тэдэн дотроос сайн шүүгчид гарч ирнэ гэдэг тал дээр шүүгчийн хэлтэс маань бодлого боловсруулж ажиллаж байлаа. Одоо манайх 50 орчим шүүгчтэй болсон. Бидний гол зорилго бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ирээдүйн сайн шүүгчдийг бэлтгэх юм. Азийн хөлбөмбөгийн холбооны академид хоёр шүүгч маань суралцаж байна. Дараа дараагийн залуус маань насанд хүрээд энэ академи руу явах байх. ФИФА-д данстай талбайн хөлбөмбөгийн таван шүүгч, Футзалны хөлбөмбөгийн нэг шүүгч байгаа. Энэ тоог бид нэмэгдүүлэхийг хүсэж буй. Би анх удаагаа Азийн элит шүүгч болохоор зорьж шалгуулж байна. Миний араас Азийн хөлбөмбөгийн холбооны тэмцээнүүдийг тогтмол дэнслэх шүүгчид олон гарч ирэх байх гэж бодож байгаа шүү.
Сүүлийн үед шүүгчид алдаа гаргах нь багасч байгаа гэж бодогддог юм?
Сүүлийн жилүүдэд шүүгчдийн алдаа гаргах нь огцом буурч байгаа. Алдаа гаргахгүй байгаа гэж хэлэхгүй гэхдээ алдааны давтамж багассан. Хамгийн гол нь алдаагаа давтахгүй байхыг л гол баримтлалаа болгож байгаа.
Таны мөрөөдөл юу вэ, нууц биш бол?
Миний ойрын мөрөөдөл Азийн Хөлбөмбөгийн холбооны элит шүүгч болох. Үүний дараа илүү том том мөрөөдлүүд маань биелэх боломж үүсэх байх.
Та Монголын шүүгч ДАШТ-ийг дэнслэх хугацааг хэр ойрхон гэж боддог вэ?
Манай шигшээ багийн Дэлхийн аваргад тоглох хугацааг хэлэхэд маш хэцүү. Харин Монгол хүн ДАШТ-ийг шүүх цаг хугацааг ойрхон байгаа гэж боддог.Энэ бол тавь эсвэл зуун жилийн дараах хол мөрөөдөл биш байх. Магадгүй 10 гаруй жилийн дараа биелж болохоор мөрөөдөл болов уу.
ХӨЛБӨМБӨГ МИНИЙ ХУВЬД ЯГ Л ХАР ТАМХИ ШИГ ЗҮЙЛ БОЛЧИХСОН БАЙЛАА
Өмнөх үеийн шүүгчдийн алдаа юу байв, таны бодлоор?
Алдаа гэхээсээ илүү бидэнд болон биднээс өмнөх үеийнхэнд маань сургах багш байгаагүй. Өмнөх үеийнхэн маань шүүгчээрээ тууштай явж чадаагүй болохоор дараа үеийнхэндээ зааж сургаагүй л дээ. Тэр тал дээр бид маш их цаг хугацаа алдсан. Өөрсдөө эхлээд шүүгч болж туршлага хуримтлуулж байж сургагч багш болоход бид бүтэн нэг үеийг алгассан байгаа. 2000-аад оны эхэн үед багуудад дасгалжуулагчийн хомсдол их байсан. Тухайн үед шүүгчдийн сургагч багшийн орон тоо гэж байгаагүй.
ДАШТ-ийг дэнслэх шүүгчдийг хэрхэн сонгон шалгаруулдаг юм бэ?
Тив тивийн хөлбөмбөгийн холбоодод хуваарь өгдөг. Тухайн тивийнхээ холбооны шилдэг арав дотор багтаж байх ёстой. Тэгэхээр тивийнхээ холбоонд үнэлэгдэх шаардлагатай гэсэн үг. Манайхан Азийн хөлбөмбөгийн холбоондоо шилдэг аравт багтдаг шүүгчтэй болох ёстой. Тэгж байж л ДАШТ-ийг шүүх боломжтой болно.
Таны шүүсэн хамгийн том олон улсын тоглолт ямар тоглолт байсан бэ?
Зүүн Азийн Аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатны хүрээнд Хонгконгд явагдсан Хойд Солонгос болон Гуамын тоглолт байсан. Тухайн багуудын хувьд хэсгээсээ шалгарахын төлөөх маш чухал тоглолт байсан юм. Тоглолтыг Монголын шүүгч шүүж байна гэдэг Монгол улсын нэр гарч байгаа гэсэн үг. Тиймээс хариуцлага өндөртэй байх ёстой. Энэ тоглолт хоёр улсын хооронд явагдаж байгаа гэдэг утгаараа мөн тухайн тоглолтыг 10 гаруй мянган хүн үзэж байсан учраас маш их хариуцлага шаардаж байсан. Гуам биеийн хүчний тоглолт ихтэй, харин Хойд Солонгосын баг илүү хурдтай учраас их өрсөлдөөнтэй, ширүүн тоглолт болсон.
Одоогийн баримталж буй хөлбөмбөгийн дүрэм мэдрэмжин дээр илүү суурилсан юм шиг санагддаг. Жишээ нь бөмбөгөнд гар хүрсэн эсэхийг дэнслэхдээ арван тохиолдлыг авч үздэг. Тэгэхээр шүүгчээс онцгой мэдрэмжийг шаарддаг байх?
Мэдрэмж хамгийн чухал. Заримдаа бид буруу шийдвэр гаргаж байгаагаа мэддэг ч цааш нь үргэлжлүүлж мэдрэмжээрээ тоглолтыг удирддаг. Дүрмээрээ бол шар хуудас өгөх шаардлагагүй үед шар хуудас өгөх тохиолдол ч бий. Энэ нь тоглолтын уур амьсгалыг намжаах, зарим нэг тоглогчийг хяналтандаа байлгах арга юм. Заримдаа хуудас өгөх ёстой зүйл дээр сануулаад өнгөрдөг. Энэ бол мэдрэмжийн л асуудал. Шүүгч шийдвэр гаргахдаа дээд зэргийн мэдрэмжтэй байж гэмээнэ л үзэгчид, дасгалжуулагчид, тоглогчид болон тоглолтыг удирдана гэсэн үг. Яг дүрмийн дагуу шийдвэр гаргаад тоглолтоо удирдана гэвэл бас хэцүү л дээ. Хөлбөмбөг бол амьдрал гэж үг байдаг. Үүн шиг хөлбөмбөг бол мэдрэмж юм.
Та өөрөө хөлбөмбөг тоглодог байсан уу?
Анх 2007 онд Дээд лигт тоглож байлаа. Тухайн үед УБ Юнайтед гэдэг баг байсан. Тэр багт нэг жил л тоглосон доо. Тэрнээс өмнө сонирхогчдын тэмцээнд оролцож байсан. Шүүгч болохоор шийдээд олон тэмцээнд тоглохоо больсон.
Хөлбөмбөг таны амьдралд хэр том орон зайг эзэлдэг вэ?
Би 14, 15 настайгаасаа эхэлж хөлбөмбөгийг сонирхож байлаа. 17, 18 настай байхдаа хөлбөмбөгт донтчихсон байсан. Тэр үед хөлбөмбөг миний хувьд яг л хар тамхи шиг зүйл болчихсон байлаа. Хөлбөмбөгийн цагаан солио тусчихсан мэт хэдэн жилийг үдсэн. Харин нас биед хүрээд хөлбөмбөгийг ажил мэргэжлээ болгох хэрэгтэй юм байна, зөвхөн энэ замаар явах ёстой юм байна гэдгээ ойлгосон доо. Тэр цагаас хойш илүү мэргэшиж эхэлсэн. Хөлбөмбөг бол миний амьдралын хамгийн том хэсгүүдийн нэг.Тоглолт шүүж байх үед тань хөгжилтэй явдлууд олон тохиолддог байх?
Зөндөө тохиолддог шүү. Нэг удаа завсарлагаанаар өрөөндөө орж амраад, ус ууж сэрүүцчихээд буцаж гараад тоглолтынхоо хоёрдугаар үеийг эхлүүлэх гэсэн чинь өрөөнийхөө ширээн дээр шүглээ мартчихсан байсан. Тэгээд буцаж орж шүглээ аваад буцаж гараад тоглолтоо эхлүүлсэн. Тэр хооронд хоёр багийн тоглогчид бэлэн болчихсон талбай дээр хүлээгээд л байсан даа /инээв/.
Та долоо хоногт хэдэн удаа бэлтгэл хийдэг вэ?
Тэмцээнтэй үед долоо хоногт 2-4 удаа бэлтгэл хийдэг. Гэхдээ дунд нь амралт хэрэгтэй. Тэмцээнгүй үед нэг өнжөөд л бэлтгэл хийнэ.
Ярилцсанд баярлалаа.
У.ЧИНЗОРИГ