Categories
мэдээ цаг-үе

Б.Жүрмэд: Тамирчдын олон улсад амжилт гаргахгүй байгаа шалтгаан нь хангамж болон бассейнтэй холбоотой

“Сэлэм загас” клубийн тамирчин, усан сэлэлтийн спортын мастер Б.Жүрмэдтэй ярилцлаа.


-Та Монгол Улсын усан сэлэлтийн спортын хичнээн рекордыг эзэмшдэг вэ?

-25 метрийн урттай усан бассейны 1500 метрийн өврөөр даллах сэлэлт, 200 метрийн далайн гахай сэлэлт, 400 метрийн холимог сэлэлтийн рекордыг эзэмдэг. Харин 50 метрийн урттай усан бассейнд 1500 метрийн өврөөр даллах сэлэлт, 200 метрийн далайн гахай сэлэлт, 400 метрийн холимог сэлэлт, 4Х100 метрийн холимог сэлэлт, 4Х100 метрийн өврөөр даллах сэлэлтийн рекордыг эзэмшиж байгаа.

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд хэрхэн оролцож байв?

-Өсвөр үе, идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс нийтдээ 32 алтан медаль, 16 мөнгөн медаль, хоёр хүрэл медаль аваад байна. Харин насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 12 алтан медаль, 20 мөнгөн медаль, дөрвөн хүрэл медаль аваад буй.

-Усан сэлэлтээр хэдэн настайгаасаа хичээллэж эхэлсэн бэ?

-Аав маань тамирчин. Бага байхаас минь эхлээд л спортоор хичээллүүлсэн. Анх шатраар хичээллэж байгаад бокс, чөлөөт бөх гэхчлэн биеийн хүчний спортоор хичээллэсэн юм. Маш олон спортын төрлүүдээр хичээллэснийхээ дараа 12 настайгаасаа Сонгинохайрхан усан спорт сургалтын төвд хичээллэх болсон. Сэлж сураад таван сарын дараа анхны тэмцээндээ орж байлаа.

-Аав тань ямар спортын тамирчин бэ?

-Чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан ч гараа хугалснаас болоод карьераа өндөрлүүлсэн.

-Багадаа хичэллэж байсан спортын төрлүүдээрээ ямар амжилтыг гаргаж байв?

-Хамгийн өндөр амжилт гаргасан нь шатраар юм даа. Шатрын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж байсан. Ер нь шатраар хичээллэдэг байхдаа нэлээн хэдэн тэмцээнд оролцож байлаа. Харин бусад спортын төрлүүдээр хичээллэж байх үедээ тэмцээн уралдаанд бараг оролцоогүй дээ. Одоо бол хааяа чөлөөт цагаараа шатар нүүдэг.

-Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

-Долоо хоногийн зургаан өдөрт нь бэлтгэл хийдэг. Нэг өдөр бүтэн амарна. Хичээл амарсан тохиолдолд өглөө оройдоо гээд өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг. Тиймээс 12 бэлтгэлийнхээ тавд нь хуурай бэлтгэл, долоод нь усанд бэлтгэл хийдэг дээ.

-Усанд сэлж сурахын тулд ямар чанарыг эзэмшсэн байх хэрэгтэй вэ?

-Миний бодлоор уян хатан чанартай, ямар нэгэн дасгал хөдөлгөөн байнга хийдэг, мөн айдасгүй байх хэрэгтэй. Би усанд сэлэхдээ айгаад байдаггүй, биеэ сул тавьчихдаг. Ер нь усан дотор хөвөгчтэй байгаа тохиолдолд живэхгүй дээ. Хүмүүс айхаараа биеэ бариад дасгал хөдөлгөөн хийж чадахгүй болчихдог. Зарим хүн ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийдэггүй болохоор уян хатан биш улмаар үндсэн дасгалуудыг хийж чадахгүй байх тохиолдол бий.

-Усанд сэлж сурахын тулд ямар дарааллаар сэлэлтийн техникийг эзэмших ёстой юм бол?

-Эхлээд хөвөгчтөйгөө усанд дасах хэрэгтэй. Үүний дараа амьсгалын дасгал хийнэ. Тэгээд хөлний болоод гарны дасгалуудыг хийж гэмээнэ л сэлж сурна даа.


-Усанд сэлэх үед хүний биеийн бүх булчин ажилладаг. Өөр ямар ач тустай вэ?

-Нурууны суулттай хүмүүсийг усан сэлэлтээр хичээллэхийг зөвлөдөг. Усанд сэлэх үед хэвтээ байрлалд шилжиж ямар ч даралт авдаггүй болохоор хүний биед зөвөөр нөлөөлдөг гэж үздэг.

-Бас сэлж сурах нь амьд байх нэг арга шүү дээ?

-Тийм ээ. Эрсдэлээс урьдчилан сэргийлдэг.

-Усанд сэлж байхдаа анхаарлаа хэрхэн төвлөрүүлдэг вэ?

-Ер нь энгийн үед сэлж байхад анхаарал нэг их төвлөрүүлээд байдаггүй дээ. Харин бэлтгэлийн үед бол яалт ч үгүй төвлөрнө. Усанд сэлэх үед стресс тайлагддаг.

-Тэмцээний үеэр хажуу замд уралдаж буй тамирчнаа хардаг уу?

-Усанд үсэрч ороод эхний эргэлтийн дараа хоёр тал руугаа байнга хардаг. Уралдаж байх явцад хажуу замын тамирчны гарын таталт болон усны хөөсрөлт харагддаг. Ус их хөөсөрвөл тухайн тамирчин хурд хийж байгаа гэсэн үг.

-Ер нь нэг гараанд уралдаж буй бүх тамирчдаа харж чаддаг уу?

-Тийм ээ. Нүдний үзүүрт нэг гараанд уралдаж буй тамирчдын хаана яваа нь харагддаг юм.

-Үзэгчдийн суудлаас хүмүүсийн орилж байгаа нь усан дотор сонсогддог уу?

-Хүмүүс тэмцээний дараа “Би орилсон шүү дээ” гэдэг. Яг үнэндээ уралдааны гараа руу алхаад явж байхад орчноосоо тасарчихсан “ганцаараа байгаа юм шиг” мэдрэмжид автдаг юм. Ус руу үсэрч ороод нэг гараанд уралдаж буй тамирчдаа л анзаардаг. Харин хэчнээн үзэгч үзэж буйг ч анзаардаггүй. Усан дотор юу ч сонсдоггүй.

-Та Монгол Улсын хамгийн залуу усан спортын мастер хэмээх рекордыг эзэмшдэг байх аа?

-Тиймээ. Спортын мастер цолны болзолоо 2018 онд “Энгүй тал” тэмцээний үеэр 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд нэг минут 6.68 секундын амжилтаар биелүүлж байсан. Барианд орж ирээд цаг руу харахад “нүднээс нулимс гарчих гээд” гоё мэдрэмж байдаг юм билээ.

-Монголд усан спорт хэр хөгжиж байгаа вэ?

-Ер нь бол нэлээд доогуур хөгжилтэй байгаа. Усан спорт бол өндөр өртөгтэй спорт. Тиймээс дундаж айлын хүүхэд хичээллэхэд төвөгтэй. Уг спортоор хичээллэхэд бассейны төлбөр болон багшийн төлбөр өндөр байдаг. Усан спортын холбооноос тамирчдаа дэмждэггүй. Олимпийн хорооноос усан спортын холбоог дэмждэггүй. Тийм болохоор гадаадын улс орнууд руу тэмцээн уралдаанд явахад хэцүү байдаг. Сайн тамирчин байлаа ч гадаадын улс орнууд руу тэмцээнд явах боломж төдийлөн олддоггүй. Ямар нэгэн санхүүгийн тусламж, дэмжлэг байхгүй. Тухайн тамирчин тэмцээнд явахдаа өөрөө л бүх зардлаа хариуцдаг. Манай гэр бүлийн хувьд жилд нэг л олон улсын тэмцээн сонгож явдаг. Олон тэмцээнд оролцох гэхээр зардлыг нь дийлэхгүй шүү дээ.

-Тамирчдыг хариуцаж тэмцээнд явах багшийн зардлын асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Тухайн багш өөрөөсөө зардлаа даана. Шавь нарынх нь эцэг эхчүүд заримдаа тухайн багшид тусалдаг.

-Олон Улсын нэг тэмцээнд оролцоход дунджаар хэдий хэмжээний өртөг шаардлагатай байдаг вэ?

-Буудлын мөнгө өдрийн 100-150 доллар байдаг. Тэмцээнд оролцох хугацаанд нийтдээ буудлын мөнгөнд 1000 гаруй доллар зарцуулна. Онгоцны зардал, Азийн улс орнууд руу явбал 800 орчим доллар, Европын улс орнууд руу явах бол 900 орчим доллар шаардлагатай. Тэгэхээр нэг тэмцээнд дунджаар таван сая орчим төгрөгийн зардал шаардлагатай болно. Олон улсын усан сэлэлтийн холбооноос зааж өгсөн буудалд нь буухгүй бол автобусны ч юм уу ямар нэгэн нэмэлт үйлчилгээ авах боломжгүй байдаг болохоор заавал тухайн буудалд байрладаг. Олон улсын усан сэлэлтийн холбоо ихэвчлэн таван одтой зочид буудалд л байрлуулдаг даа.

-Монголд стандартын бассейн бий юү?

-Усан спортод хоёр төрлийн стандартын бассейн байдаг. Дэлхийн стандартын бассейн 25 метрийн урттай, 10 замтай. Харин олимпийн стандартын бассейн 50 метрийн урттай, 10 замтай байдаг. Монголд байгаа хамгийн том нь Төв бассейн. 25 метрийн урттай, зургаан замтай. Харин 50 метрийн урттай ганцхан бассейн байдаг. Виста клубийн бассейн 50 метрийн урттай, гурван замтай. Яг стандартын бассейн Монголд байхгүй. Тамирчдын олон улсад амжилт гаргахгүй байгаа шалтгаан нь хангамж болон бассейнтэй холбоотой. Монголд олон бассейн бий л дээ. Гэхдээ тэдгээр бассейнүүдийн урт 25 метр хүрэхгүй. Тэдгээр бассейнд бэлтгэл хийж буй хүүхдүүд тэмцээнд оролцохоороо бассейний урт нь 25 метр болчихоор бие нь цуцаж, ядардаг. Эргэлт болгондоо амралт авч байдаг болохоор бассейнийх нь урт нэмэгдчихээр ачаалал нь мөн нэмэгдээд ядралт авдаг юм.

-Эрдэнэтийн бассейн ямар стандарттай вэ?

-25 метрийн урттай, таван замтай.

-Усанд сэлж байхдаа ямар мэдрэмжийг мэдэрдэг вэ?

-Аль болох л тайвшралыг мэдэрдэг. Заримдаа хичээлээсээ шалтгаалан оройтоод усанд сэлж чадаагүй үед дутуугийн мэдрэмжид автчихдаг юм.

-Олон Улсын тэмцээнд хэр олон удаа оролцож байв?

-2017 онд анх Узбекистанд Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Тухайн тэмцээний финальд шалгарч 50 метр, 100 метр болон 200 метрийн мэлхий сэлэлтээр долдугаар байрт орж байлаа. Тухайн амжилтаараа усан сэлэлтийн олон улсын тэмцээний финальд шалгарсан анхны монгол тамирчин болсон. Дараа нь 2018 онд Тайландын өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд мөнгөн медаль авч байлаа. Энэ амжилтаараа олон улсын тэмцээнд усан спортоор медаль авсан анхны монгол тамирчин болсон юм. Мөн 2018 онд Азийн зуны спортын XVIII их наадамд амжилттай оролцсон.

-Зорилго тань юу вэ?

-Олимпийн эрх авах. Монгол Улс олимпийн наадамд усан сэлэлтийн спортоор дандаа цагаан хуудсаар оролцдог. Олимпийн эрх авчихвал дараагийн зорилго нь олимпийн наадмын финальд шалгарах юм даа.

-Ямар сургуульд суралцдаг вэ?

-Номун бүрэн дунд сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Сургуулиа төгсөөд программ хангамжийн инженерээр сурах бодолтой байгаа.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *