Сангийн сайд Б.Жавхлантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
– Сүүлийн үед гаднын хэвлэлүүд манай улсыг Шри-Ланкийн араас дампуурлаа зарлах орон гэж цоллох болов. Ингэхэд Монгол Улс өрийн дефолтод орох уу?
– “Өрийн дефолт” гэж аливаа улс орны Засгийн газар өөрийн хүлээсэн өрийн төлбөрийг төлөх чадамжгүй болох тохиолдлыг хэлдэг.
Монгол Улсын нийт өрийн хэмжээ 2021 оны байдлаар 33.8 тэрбум ам.доллар байгаа. Үүний 25 хувь буюу 8.5 тэрбум ам доллар нь Засгийн газрын өр байна, үүний дийлэнх хэсэг буюу 66 хувийг 1991 оноос хойш хуримтлагдсан өр төлбөр эзэлдэг.
Засгийн газраас өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлж, өр төлбөрийг бууруулах чиглэлээр ажиллаж байна.
Тухайлбал. өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ 2016 онд ДНБ-ий 78.8 хувьтай тэнцэж байсан бол 2019 онд 55.1 хувь, 2021 онд 50.8 хувь болтол бууруулсан. Тэгвэл дундаж хүүгийн хэмжээ 2016 онд 5.3 хувь байсныг 2021 онд гурван хувь болтол бууруулж гадаад өрийн зардлыг үе шаттайгаар бууруулсан байгаа.
Товчхондоо, Монгол Улсын Засгийн газар гадаад өрийн төлбөрөө төлөх чадваргүй болох хэмжээнд хэзээ ч хүрч байгаагүй. Цаашид бид төсвийн сахилга бат, өрийн удирдлагын стратегиа баримтлаад явахад өрийн дефолтод орно гэсэн ойлголт байхгүй болохыг үүгээр мэдэгдэхийг хүсэж байна.
– Монгол Улсын гадаад бондын хоёрдогч зах зээлийн хүү өсөж байгаа нь олон улсын санхүүгийн байгууллагуудын манайд үзүүлэх итгэл буурч байгаагийн илрэл гэж ойлгож болох уу?
– Мэдээж сүүлийн үед дэлхий дахинд үүсээд байгаа зарим нөхцөл байдал нь манай улсын гадаад бондын үнэлгээнд сөргөөр нөлөөлж байна.
Тухайлбал, АНУ-ын Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ энэ он гарснаар гурван удаа өсгөж, зорилтот түвшнийг 2.25-2.5 хувь байхаар тогтоогоод байгаа нь 1980-аад оноос хойш тохиолдсон хамгийн огцом өсөлт болж байна. Үүнийг дагаад АНУ-ын Засгийн газрын тав болон арван жилийн хугацаатай бондын өгөөж 2.65-3.01 хувь болж өсөөд байгаа юм.
Энэ нь дэлхийн хамгийн эрсдэлгүй АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн хувь хэмжээг нэмэгдүүлж, цаашлаад дэлхий нийтээр шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх бондын зардлыг нийтээр нь чирч нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Түүнчлэн, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын дефолт болон Шри-Ланка Улсын Засгийн газрын өрийн дефолтоос үүдэн Азийн хөрөнгө оруулагчдын болгоомж нэмэгдэж, энэхүү болгоомжлол нь бусад хөгжиж буй орнуудын гадаад бондын үнэлгээнд дам нөлөөг үзүүлж байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газрын гадаад бондын хоёрдогч зах зээл дэх үнэлгээ нь зээлжих зэрэглэлийн ижил үнэлгээтэй улс орнуудтай харьцуулбал эрсдэл харьцангуй багатай гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.
Өөрөөр хэлбэл, манайтай ойролцоо зээлжих зэрэглэлтэй бусад орнууд болох Пакистан, Камбож, Мальдив, Шинэ Гвиней, Вьетнам зэрэг улсуудтай харьцуулахад манай улсын Засгийн газрын гаргасан бондын үнэлгээ харьцангуй сайн байгаа.
Мөн олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд болох ‘Fitch”, “S&P” зэрэг байгууллагуудын зүгээс Монгол Улсын богино, дунд, урт хугацаанд авч хэрэгжүүлж буй бодлого, төсвийн сахилга бат, өрийн тогтвортой байдал, эдийн засгийн потенциал, түүний өсөлт, гадаад валютын нөөц болон эдгээрийн цаашдын төлөв зэрэг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг үнэлээд 2022 оны 5, 7 дугаар саруудад Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В тогтвортой” хэвээр хадгалсан нь олон улсын санхүүгийн байгууллагууд манай улсад итгэж байгааг илтгэж байна.
– Манай улс ирэх жилүүдэд эдийн засгийн том сорилттой тулгарна. Томоохон өрүүдээ эргэн төлөхөд бэлэн үү?
– Энэ оны хувьд бид зөвхөн “Чингис” бондын үлдэгдэл төлбөр болох 136.8 сая ам.доллартой тэнцэх хэмжээний төлбөрийг төлөх үүрэгтэй. Уг төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх боломжтой.
Энэ нь бидний 2020-2021 онд амжилттай авч хэрэгжүүлсэн “Номад”, “Сенчири” төслийн өрийн зохицуулалтын хүрээнд 2022 онд төлөгдөх хуваарьтай байсан 1.0 тэрбум ам.долларын бондын төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан өрийн удирдлагын арга хэмжээг зөв авч хэрэгжүүлсний үр дүн юм.
2021 оны долдугаар сард Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Сенчири” төслийн хүрээнд түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр буюу зургаан жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй 500 сая ам доллар, 10 жилийн хугацаа тай 4.45 хувийн хүүтэй, 500 сая ам.доллар, нийт 1.0 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлсэн.
Уг төслийн хүрээнд хугацаа нь тулаад байсан 2022 оны 12 дугаар сард төлөгдөх “Чингис” бондын үлдэгдлээс 662 сая ам.долларыг, 2023 онд төлөгдөх хуваарьтай “Гэрэгэ” бондоос 277 сая ам долларыг тус тус төлсөн.
Өөрөөр хэлбэл, бид 2022- 2023 онд үүсэх хүндрэлийг урьдчилж харж, өрийн төлбөрийн хувьд ачаалал багатай, зах зээлийн нөхцөл таатай үеийг ашиглан энэхүү зохицуулалтыг хийсэн юм.
Нөгөө талаас “Сенчири”, “Номад” өрийн зохицуулалтыг жилийн өмнө хийгээгүй байсан бол 2022 онд 1 тэрбум ам.долларын гадаад бондын төлбөрийг бүтэн дүнгээр 2022 оны эцсээр төлж, тэр хэмжээгээр гадаад валютын нөөц багасах байлаа.
Түүнчлэн манай Засгийн газрын хувьд 2023 онд төлөгдөх хуваарь бүхий 841 сая ам.долларын гадаад төлбөр хүлээгдэж байна. Үүнээс 2017 онд гаргасан “Гэрэгэ” бондын 533 сая ам.долларын эргэн төлөлт 2023 онд хийгдэхээр байгаа юм. Энэ төлбөрийг бид мөн Засгийн газрын 2023-2025 оны өрийн удирдлагын стратегийн баримт бичгийн дагуу улсын санхүү, төсвийн тогтвортой байдлыг алдагдуулалгүйгээр өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
– Засгийн газар БНХАУ-аас их хэмжээний зээл авна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд их харагдах боллоо. Энэ үнэн үү?
– Баяр наадмын өмнө БНХАУ-аас их хэмжээний зээл авах гэж байна гэсэн буруу мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. Энэ талаарх ташаа мэдээллийг Сангийн яамнаас удаа дараа залруулж олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгсөн байгаа.
БНХАУ-аас их хэмжээний зээл авах яриа хэлцэл хийгдсэн зүйл байхгүй гэдгийг энд дахин хэлмээр байна. Ер нь манай улсын хувьд их хэмжээний гадаад өр авах эсэх асуудлыг Улсын Их Хурал дээр шийддэг.
Манай Улсын Их Хурал олон нийтэд нээлттэй, ил тод байдаг ардчилалтай улс шүү дээ. Ийм асуудлыг Улсын Их Хурал дээр битгий хэл Засгийн газар дээр ч хэлэлцээгүй, тэр ч бүү хэл аль ч яамны түвшинд яригдаагүй асуудал.
– Манай улсын төсвийн орлогын оноогийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Инфляц өсөж, ажилгүйдэл улам хавтгайрч, арилжааны банкууд зээлээ хязгаарлаж байна. Цаашид эдийн засаг улам хүндэрнэ гэж шинжээчид сануулсаар байгаа. Төсвийн тодотгол дахиж хийх үү?
– БНХАУ-ын Засгийн газар 2022 оны эхнээс хэрэгжүүлж байгаа “Тэг Ковид” бодлогынхоо хүрээнд томоохон хогуудад хөл хорио тогтоох, хилийн боомтуудынхаа үйл ажиллагааг хэсэгчлэн болон бүрэн хаах арга хэмжээ авч хэрэгжүүлсний улмаас манай улс 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар cap бүр дунджаар 0.9 сая тонн нүүрс экспортолсон байдаг.
Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, боомтуудын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 5-7 дугаар саруудад нүүрсний экспортын хэмжээг сард дунджаар 2.5 сая тоннд хүргэж ковидын өмнөх хэвийн үеийн хэмжээнд хүргэж чадлаа.
Ингэснээр эхний долоон сарын байдлаар нийт 11.0 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар, 856.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 14.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.
Эхний хагас жилийн байдлаар төсвийн нийт орлогын төлөвлөгөө 99 хувьтай биелж, 8,001.5 тэрбум төгрөгт хүрч жилийн төлөвлөгөөний 50 хувьтай тэнцэж байгаа бөгөөд энэ нь 2021 оны мөн үеэс 12.6 хувь, 2020 оны мөн үеэс 83.6 хувь, 2019 оны мөн үеэс 44.2 хувиар тус тус өссөн байна.
Төсвийн орлогын хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрсэн тул төсвийн тодотгол хийх шаардлага үүсэхээргүй байна.
Төсвийн орлого бүрдүүлэлт ийнхүү биелснээр улсын төсвөөс бүх төрлийн төсвийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь бүрэн санхүүжүүлж байна. Энэ нь эдийн засгийг тогтвортой байлгах төсвийн бодлогын нэг хэрэгжилт юм.
Ярилцсан: М.Мөнхцэцэг