Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Тэтгэвэр тэтгэмж нэмэх байгаа санхүүгийн боломж байгаа юу?
– 2020-2021 дамжаад ковидын нөхцөл байдалтай уялдуулж халамжийн бодлогыг нэлээдгүй тэлсэн. Ковидоос өмнө бол тэтгэвэр тэтгэмжийг жилийн инфляцтай уялдуулж найман хувиар жил болгон нэмдэг байсан бол 2020, 2021 онд нэмээгүй. Учир нь ковидтой холбоотой бусад халамжууд найм байтугай 20, 30 хувиар нэмэгдсэн. Хүүхдийн мөнгө болон бусад олон төрлийг татварын бодлогоор дамжаад нэмсэн. Тийм учраас 2020, 2021 онд тэтгэврийн хэмжээ нэмэгдээгүй. Цаашдаа ковидын дараах нөхцөл байдал буюу хэрвээ халамж, хүүхдийн мөнгө зогсвол нөхөөд тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудал зайлшгүй тавигдах учиртай. Тэтгэвэр тэтгэмж нэмнэ гэдэг бол мөнхийн сэдэв. Өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. Цаашдаа ч судална, цаашдаа ч энэ чигээрээ яригдана. Ялангуяа тэтгэврийн зөрүүг арилгах, жил болгон инфляцитайгаа уялдуулж нэмэх, мөн нийгмийн даатгал тэтгэврийн багц хууль яригдаж байна. Энэ дээр реформ, шинэчлэлийн бодлого хийгдэх ёстой.
-Инфляци 14,8 хувьд хүрчихлээ…?
-Ковидын нөхцөл байдлаас болж сүүлийн хоёр жилд дэлхий нийтээр нэг улс болжээ. Монгол, Орос, Хятад улсын инфляци гэж байдаггүй, дэлхий нийтээрээ нэг инфляцитай болжээ. Бид гаднаас инфляци шингэсэн бараа авч байна. Тийм учраас одоо ерөөсөө үүнийг давж туулах асуудал, ковидыг бид даван туулж хэвийн амьдралынхаа нөхцөл байдал руу шилжвэл энэ хамгийн том богино хугацаанд эдгэлт өгөх зүйл. Энэ хугацааг наашлуулахын тулд зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг засгийн газраас боломжийнхоо хэрээр л авч байна. Биднээс шалтгаалж байгаа зүйл ч байна, шалтгаалахгүй зүйл ч байна. Ямар ч байсан экспортолж байгаа түүхий эдүүдийн хэмжээ 11, 12 дугаар сараас ямар ч байсан муудсангүй. Их бага гардгаараа гарч л байна. Замын-Үүд дээрээс өнгөрсөн долоо хоногоос эхлээд бага ч гэсэн бараа тавааруудаа татаад ингээд эхэллээ. Одоо тэгээд олимп бушуухан дуусаасай. Урд хил бусад нөхцөл байдлууд маань хэвийн байдалд ороосой гэж харж байна. Нөгөө талдаа бидний түүхий эдүүдийн үнэ харьцангуй таатай байна. Энэ хэвээрээ байх болов уу гэсэн прогнозтой бий. Тэгэхдээ бид үүнд дулдуйдаж найдах шаардлага байхгүй.